Иаков Приест (Англиканы Урсгал)
Лютерийн
урсгалын чуулган ил тод байгууллага болон шинээр гарч ирсэн түүх нь Мартин
Лютер(1483-1546)-тэй шууд холбоотой. Тэрбээр Европ чуулганы түүхэнд шашны
шинэчлэлийг эхлүүлсэн гол хүн билээ.
Уулаас хуулийн чиглэлээр суралцаж байсан Лютер Герман дахь католик чуулганы санваартан болсон ба тухайн
үеийнхээ олон хүмүүсийн адил өөрийн авралын асуудалд маш их анхаардаг байсан ба
тамаас айх айдас нь бүр ч илүү байв. Санваартан хүний хувьд Лютер эрдэм мэдлэг
эзэмших талаар дэмжлэг хүлээж байсан ба
библи судлалын хувьд суурь мэдлэгийг гарамгай эзэмшсэн нэгэн байлаа. Библийн
агуулга хийгээд Ромын католик чуулганы өөрт нь
зааж байсан агуулгын хооронд асар их ялгаа байгааг библи унших явцдаа
Лютер олж харсан байна.
Тухайн
үеийн чуулганууд өөрчлөгдөн, чуулгануудад библи тусгалаа олж, тэдний сургаал,
хэвшмэл ёс өөрчлөгдсөн байхыг харах нь Лютерийн хамгийн гол найдвар байсан юм.
1517 оны 10 сарын 31-ний өдөр тэрбээр Виттенбергийн шилтгээн дэх Сүмийн үүдэнд “95 асуулга” гэдгээрээ алдартай уриалга
хуудсыг наажээ. Үүгээрээ Лютер чуулганы удирдагчидтай ярилцан, библийн үнэнийг
тэдэнд ойлгуулахыг хүсэн, тэдэнтэй ярилцахыг хүссэн халуун сэтгэлийнх нь
илэрхийлэл байлаа. Энэхүү “95 асуулга”-ыг удалгүй бүх Европ даяар олшруулан
тараасан байна.
Ромын
католик чуулгантай олон асуудлын талаар хийсэн маргаан эхэлсэн ба тэдгээрээс
хамгийн гол асуудлын нэг нь “нүглээс хэлтрүүлэх бичиг”-ийн заншилтай холбоотой
асуудал байв. Товчхон тайлбарлахад, Ромын католик чуулганд Есүс болоод бусад
бүх гэгээнтнүүдийн зөвт үйлсийн учир чуулганд зөвт үйлсийн сан хөмрөг байдаг ба
басхүү “нүглээс хэлтрүүлэх бичиг”-ийг худалдан авснаар хүмүүсийг ариутгалын
ертөнцөөс гаргахад хэрэглэдэг хэмээн чуулганд заадаг байжээ. (Ромын католик
чуулганы сургаалд үндэслэвэл, ариутгалын ертөнц нь тэнгэрийн хаанчлал ч бус,
там ч бус газар байдаг учир хүмүүс үүрд мөнхийн тэнгэрийн хаанчлалд орохын өмнө
өөрийн нүглийг цэвэршүүлдэг газар байна). Нүглээс хэлтрүүлэх бичгийг өгч, зарж
хүртэл байсан чуулганы хэвшмэл ёс нь библийн ямар нэгэн үндэслэлгүй гэдгийг
Лютер онцолж байсан юм. Түүнчлэн ариусгалын ертөнцөд итгэж байгаа нь ч хүртэл
библийн үндэслэлгүй хэмээн хэлж байлаа.
Лютер
уг нь тухайн үеийн чуулган дахин библитэй нэгдэн, шинэчлэгдсэн байхыг харах
зорилготой байсан бололтой. Гэвч чуулганы удирдагчидтай маргалдаж эхэлснээр
үүнээс ч илүү далд байсан асуудлууд ил
гарч ирсэн юм. Эдгээрээс хамгийн гол асуудал нь “итгэлээр зөвтгөгдөх” онол байсан
юм.
Библийг
унших явцдаа, ялангуяа Галат болон Ром номуудыг уншихдаа хүн Бурханы өмнө
өөрийн үйлдсэн ямар нэгэн гавъяат үйлсээр бус зөвхөн Есүс Христэд итгэх
итгэлээр, өөрөөр хэлбэл Есүс болон Түүний загалмай дээрх үхэлд итгэснээр
зөвтгөгддөг гэдгийг Лютер маш баттай ойлгосон байна. Энэ сургаал нь Лютерийн
бичсэн “Хүсэл тэмүүллийн хүлээсийн тухайд”(1525 он)-аас нь тодорхой
харагддаг. Тэрхүү номдоо тэрбээр зөвтгөл
гэдэг нь зөвхөн ивээлээр, зөвхөн итгэлээр хүлээн авдаг Бурханы бэлэг хэмээн
өгүүлжээ.
Ромын
католик чуулгантай зөрчилдөөн нь улам бүр хурцадсаны улмаас 1521 оны 1 сарын 3-нд Мартин Лютер хөөгдсөн
байна. Германы Вормст болдог шүүх засаглал, улс төрийн хуралдаан болох “Вормсын
парламент”-ад өөрийн биеэр хүрч ирэх тушаалыг тэрбээр хүлээн авчээ. Лютер
өөрийн сургаалийг үгүйсгэн, өргөдлөө буцаах шаардлагыг тэндээс хүлээн авсан
байна. Лютер энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, баривчлагджээ. Тэрбээр
сайхан сэтгэлт нөхдийнхөө тусламжтай нуугдаж чадсан байна. Гэвч нуугдаж байх
үедээ ч тэр зохиол бүтээлээ туурвисаар байсан ба грек хэл дээрх шинэ гэрээг
герман хэлнээ хөрвүүлснээс гадна өөр бусад жижиг эссэ, зохиолуудаа бичжээ. Католикийн
масс бол нэг төрлийн хиймэл шүтээн шүтэх ёслол хэмээн эсэргүүцсэн эссэ бичсэн
ба приестэд нүглээ албан хүчээр өчин улайх
заншлыг болон хийдийн санваартнуудын тангараг өргөх ёсыг ч бас эсэргүүцжээ.
Лютер нуугдаж байх хугацаанд бусад нь чуулганыг шинэчлэх ажлыг үргэлжлүүлсээр
байсан юм. Түүний эхэн үеийн сургаал, номлолуудаар дамжуулан олон хүмүүс
Лютерийн үзлийг дагах болсон бөгөөд 1522 онд тэрбээр Виттенбергт буцан ирснээр
тухайн үеийн засаг захиргаатай хамтран хотынхоо чуулгануудыг өөрчлөх ажлыг хийжээ.
1526 оноос эхлэн Лютер голчлон чуулганыг шинээр зохион байгуулах үйлс болон
агуу бүтээлүүдээ туурвих ажилд ханцуй шамлан орсон байна. Тэр эдгээр
чуулганууддаа зориулан хүндэтгэл мөргөлийн шинэ журмыг герман хэлнээ гаргасан
ба христитгэлийн үндсэн зарчмуудыг тайлбарласан хоёр төрлийн катекизм(онолын
товч асуулт хариулт)-ын номыг бичжээ. 1534 онд Лютер бусдын хамт Хуучин Гэрээг
герман хэлнээ хөрвүүлэх ажлаа дуусгасан байна. Ийнхүү библийг бүхэлд нь эгэл
жирийн хүмүүсийн хэлэнд хөрвүүлжээ.
Энэ
талаасаа шашны шинэчлэл нь зөхөн Мартин Лютер хэмээх хувь хүний тухай түүхээс
илүү өргөн хүрээтэй болж байв. Тэнд Өөрсдийн чуулганаа шинэчлэн, хотыг удирдаж
байсан бусад олон байгууллагууд, удирдагчид байв. Тэд бүх зүйл дээр үргэлж
Лютерийн сургаалтай санал нэг байсангүй. Бид “Лютерийн урсгал”-ын тухай ярих
болсон нь яг эндээс эхлэлтэй. Протестант
чуулгануудын дотроос гол зүйл дээрээ Мартин Лютерийн сургаалыг үргэлжлүүлэн
баримталсаар ирсэн урсгалыг Лютерийн урсгал гэж нэрлэдэг.
Бүхий
л гол гол протестант байгууллагууд шашны
шинэчлэлийн олон чухал онолуудыг хүлээн зөвшөөрч байлаа. Ялангуяа зөвхөн
ивээлээр, зөвхөн итгэлээр аврагддаг болон туйлын эрх мэдэл бол зөвхөн Библи
байдаг ба басхүү аврал зөвхөн Христээр биеллээ олдог зэрэг онолууд байлаа.
Доорх хоёр асуудлаас үүдэн Лютерийн чуулган бусад чуулгануудаас тусгаарлахад
хүрсэн ажээ.
Эдгээр
чухал асуудлын нэг нь ариун зоогийн ёслолтой холбоотой байв. Ромын католик
чуулганд итгэгчид талх идэн, усан үзмийн дарс уун Есүсийн үхлийг дурсах үед
хэдийгээр тэр нь талх, дарс гэж харагддаг, тэр амт нь хэвээр байсан ч талх нь үнэхээр
Христийн бие, дарс нь үнэхээр Христийн цус хэмээн сургадаг байжээ. Энэ нь талх
Христийн бие болон өөрчлөгдөж, дарс нь Христийн цус болон өөрчлөгддөг гэсэн
хувирахуйн онол юм. Мартин Лютер хамтатгахүйн онол хэмээн нэрлэгддэг өөр байр
сууриийг сургадаг байсан байна. Лютер талх хэдий талх боловч үүний зэрэгцээ
Христийн бие бөгөөд дарс хэдий дарс боловч үүний зэрэгцээ Христийн цус гэдэгт итгэдэг байв.
Бусад шинэчлэгчид талх, дарс нь Христийн бие, цусны бэлгэдэл ба ариун зоогийн
ёслол нь Түүнийг дурсан үйлдэх ёслол гэж сургадаг байсан аж.
Өөр
нэг гол асуудал нь хэдий теологийн шинж багатай ч улс төрийн бүтэцтэй холбоотой
чуулганы зохион байгуулалтын асуудал байсан юм. Лютер захирагч удирдагчидтай
хамт үйлчилж, улс төрийн эрх мэдэлтнүүдтэй нэгдэн нийлж ажиллахдаа баяртай
байдаг байсан бол эсрэгээрээ Европын бусад бүс нутгуудад чуулганууд илүү бие
даасан байдалтай байлаа. Үүний дүнд, христитгэл голлох хэлбэр нь болж байсан
улс орнуудад Лютерийн урсгал чуулган болоод засгийн газрын хооронд хүчтэй эв
нэгдлийг бий болгож өгдөг байжээ.
Үүнээс
хойш Лютерийн урсгалын чуулган Германд голлох чуулган болсон ба Дани, Норвеги,
Швед, Финлянд зэрэг улсуудад ч бас голлох нөлөө бүхий чуулган болсон байна.
Норвегид
эзэн хаан 1 Фредерик(1523-33) Лютерийн урсгалын номлогчид болоод шинэчлэгчдийг
эсэргүүцэж байсан боловч түүний хүү 3 Кристиан Лютерийн чуулганы итгэгч байлаа.
Шведийн хаан ширээнээ сонгогдон заларсан эзэн хаан Густав Васаг ах дүү хоёр
Лютерийн итгэлд удирдан оруулсан ба түүний дараагийн жилд нь Швед, Лютерийн
урсгалыг хүчтэй баримтлагч улс болсон байлаа.
1580
он гэхэд Лютерийн урсгалын чуулганууд Лютерийн итгэл гэдэг зүйлээ тодорхой
болгон бусад протестант чиглэлийн итгэл үнэмшлээс ялгаатай 9 баримт бичгийг гаргасан байна. Энэхүү 9
баримт бичигт Төлөөлөгчдийн итгэлийн тунхаг, Никеагийн тунхаг, Атанасийн тунхаг
болон бусад 6 ном болох Аусбургийн итгэлийн өчил(1530), Аусбургийн итгэлийн өчлийг өмгөөлөх нь(1531),
Лютерийн их катекизм(1529), Лютерийн хүүхдэд зориулсан катекизм(1529),
Смалкалдын заалтууд(1537), нэгдсэн үзэл баримтлал(1577) багтсан байв.
7
зууны дунд үед Лютерийн чуулганы итгэгчид Хойд Америкт цагаачлан суурьшиж
эхэлсэн байна. Басхүү 17 зуунд христитгэлийн амьдрал дээрх бодит хэрэгжүүлэлт
болон хувь хүний итгэл бишрэлийн амьдрал түүнчлэн сэтгэл хөдлөлд төвлөрөх
зэргийг онцолдог пиетизм(хэт шашинлаг дүр эсгэх байдал) Лютерийн урсгалд хүчтэй нөлөөлжээ. 18, 19 зуунд Лютерийн
чуулганы итгэгчид улам бүр идэвхтэй болж бусад олон улс оронд Лютерийн
чуулгануудыг байгуулснаар Лютерийн урсгал нь дэлхийг хамарсан чуулган болсон
байна. Түүнчлэн 18 зуунд Лютерийн үзэл баримтлал соён гэгээрүүлэх хөдөлгөөний
хүчтэй нөлөөнд автан лютерийн чуулганы олон тооны итгэгчид илчлэлт хийгээд
библиэс дээгүүр орших оюунлаг байдлыг чухалчлан авч үзэх болсон ба либерал
үзэлд аажмаар шилжин орсон ажээ.
Олон
итгэгчдийн хувьд Лютерийн чуулганы ёслол, сургаалиуд нь хачирхалтай санагдаж ч
болох ба зарим үед тэд ромын католик чуулганы уламжлалт ёслолуудад үнэхээр
дуртай байдаг мэт харагдаж ч болох юм. Лютерийн тухайн үед, зөвхөн библиэс ялгаатай
зүйлсийг шинэчлэхэд тэр бүх анхаарлаа хандуулж байсан. Хэрэв тийм ч чухал
асуудал биш бол Лютер түүнийг өөрчлөх шаардлагатай хэмээн үзээгүй байж таарна.
Энэхүү байр суурийн хувьд өөрсдийн чуулгандаа хүндэтгэл мөргөлийн хэлбэрийг
бүрмөсөн өөрчилсөн бусад шашны шинэчлэгчдээс өөр байв. Үүний улмаас Лютер
өөрийн чуулганы хүндэтгэл мөргөлийн ёслолд маш бага өөрчлөлт хийсэн бөгөөд олон
талаар ромын католик чуулгантай төстэй байлаа.
Дээр
дурьдсанчлан, Лютерийн чуулган болоод бусад протестант чуулгануудын хоорондын
ялгаа нь тэдний ариун ёслолын ойлголтонд байв. Энэ нь Лютерийн чуулганы
баптисмын тухай ойлголтонд ч бас оршин байдаг. Лютерийн чуулганы итгэгчид баптисм бол ариун зоогийн ёслолын адил нэг
төрлийн ариун ёслол бөгөөд түүнийг үйлдэхэд Бурхан нүглээс хэлтрүүлж,
тамгалдаг, Бурханаас өгөгдсөн хууль
хэмээн сургадаг онцлогтой. Лютерийн итгэгчдийн байр сууринаас харвал, хэрэв боломжтой л байвал, аврагдахын тулд
баптисм хүртэх хэрэгтэй байдаг. Лютерийн итгэгчид анх шинээр итгэсэн насанд
хүрэгчдийн нэг адил хүүхдүүдэд ч бас баптисм хүртээдгээрээ баптист
чуулгануудаас ялгаатай.
Дэлхий
дээрх олон том протестант байгууллагуудын адил, Лютерийн чуулган харьцангуй
олон талаар либералчлагдан, библи бол Бурханы онгодоор бичигдсэн Бурханы үг
гэдэгт итгэхгүй буюу заан сургахгүй болоход хүрсэн байна. Энэ нь Европын эсвэл Америкийн
Лютерийн чуулгануудад бүгдэд нь хамаарах үнэн билээ. Үүний улмаас хэд хэдэн улс
оронд хоорондоо ялгаатай Лютерийн урсгалын төрлүүд бий болжээ.
No comments:
Post a Comment