- Иаков Приест (Англиканы Урсгал)
Тэр бол үл үзэгдэгч
Бурханы дүр мөн бөгөөд бүх бүтээлийн Ууган нь мөн. Учир нь Түүн дотор тэнгэр ба
газар дахь бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд, эсвэл ноёрхлууд,
удирдлагууд, эсвэл эрх мэдлүүд ч бүтээгдсэн. Бүх юмс Түүгээр болон Түүний төлөө
бүтээгдсэн байна. Тэр бүх юмсын урьд байна. Бүх юмс Түүний дотор оршин
тогтнодог. Тэр мөн бие болох чуулганы тэргүүн мөн. Тэр бол эхлэл мөн, үхэгсдээс
анх төрсөн нь мөн. Энэ нь Тэр Өөрөө бүх юмсын тэргүүн болохын тулд юм. Яагаад
гэвэл Бурхан Түүний дотор Өөрийн төгс дүүрэн нь оршдогийг болон Түүний
загалмайн цусаар энх тайвныг тогтоон, Түүгээр дамжуулан газар дээрх, эсвэл
тэнгэр дэх юмсыг, бүх юмсыг Өөртэйгөө эвлэрүүлснийг таалдаг. Хэдийгээр та нар
урьд нь холдуулагдсан бөгөөд бузар үйлсээрээ сэтгэлдээ дайсан болсон байсан
боловч одоо бол Түүний махан биеийн үхлээр эвлэрүүлж, Өөрийнхөө өмнө та нарыг ариун,
өө сэвгүй бөгөөд гэм зэмгүй болгосон. Хэрэв та нар үнэхээр итгэл дотроо
үргэлжид байж, суурилагдсан бөгөөд бат тогтон, өөрсдийн сонссон сайн мэдээний
найдвараас хөдлөхгүй бол тийм байх болно. Энэхүү сайн мэдээ нь тэнгэрийн доорх
бүх бүтээлд тунхаглагдаж, Паул би үүний үйлчлэгч болсон билээ. (Колоссай 1:15-23)
Колоссайчуудад илгээсэн захидлын хэсэгт хүрэх үедээ бид
зүрх сэтгэлээ Есүс дээр төвлөрүүлдгийн учир нь тэнд сайн мэдээний гол агуулга гардагтай
холбоотой. Энэ ишлэлээс бид Паул Колоссай чуулганд захидал бичихдээ өөрийн
бусад олон захидлуудын адил эхэлж байгааг харах болно. Тэр өөрийн биеэр айлчлан
очиж ч байгаагүй, өөрийн байгуулаагүй
чуулгандаа захидал бичиж байна. Энэ чуулган Паулын хамтран зүтгэгч Епафраас
сайн мэдээнд суралцсан болохыг бид 7 ишлэлээс мэдэж болохоор байна. Хэдий Паул
энэ чуулганд очиж байсан удаагүй ч тэдний тухай сонсож бас бусад чуулгануудын
төлөө залбирдаг шигээ тэдний төлөө ч бас залбирч байна. Бид түүний залбирлын
агуулга юу байсан талаар 3 ишлэлээс харж болно:
Бидний Эзэн Есүс Христийн
Эцэг Бурханд бид та нарын төлөө үргэлж залбиран талархал өргөдөг нь бид Христ Есүст итгэх та нарын итгэл
болоод бүх ариун хүний төлөөх та нарын хайрыг сонссоны учир бөгөөд тэнгэрт та нарт зориулж хадгалагдсан
найдварын учир юм. Энэ найдварыг та нар урьд нь сайн мэдээ болох үнэний үгнээс
сонссон (Колоссай 1:3-5).
Итгэл,
найдвар, хайрын сэтгэл нь Паулыг тэдний төлөө залбируулж байсан ба ийнхүү тэр
тэдний төлөө залбирч, талархлыг өргөж байна. Түүний залбирал өөр захидлуудад нь
ч бас адилхан байдаг. Үүний бид 9 ишлэлээс харж болно:
Тиймээс
бид сонссон өдрөөсөө хойш та нарын төлөө зогсолтгүй залбирч, гуйхдаа та нарыг
бүх сүнслэг мэргэн ухаан хийгээд ойлголт дотор Түүний хүслийн жинхэнэ мэдлэгээр
бялхаасай,
мөн та нар Эзэнд зохистойгоор явж, бүх талаар Түүнд таалагдаасай, аливаа сайн үйлсэд үр дүн гарган, Бурханы жинхэнэ мэдлэгээр өсөж, (Колоссай 1:9-10).
мөн та нар Эзэнд зохистойгоор явж, бүх талаар Түүнд таалагдаасай, аливаа сайн үйлсэд үр дүн гарган, Бурханы жинхэнэ мэдлэгээр өсөж, (Колоссай 1:9-10).
Бурханы тухай тэдний мэдлэг
хийгээд хайр өссөн байгаасай, энэ нь тэдний дуудлагад нийцсэн, Христтэй нэгдсэн
амьдралынх нь дотор үр жимстэй байгаасай хэмээн Паул залбирч байна. Паул залбирч
байснаа үргэлжлүүлэн Бурханы үйлдсэн зүйлсийн талаар эргэн дурсаж, Бурхан
Аавдаа талархал өргөж эхэлсэн байна. Яагаад ингэсэн бэ? Бурханы үйлдсэн
ажлуудад үүний учир оршиж байгаа юм:
... гэрэл дотор ариун
хүмүүсийн өвийг хуваалцахад биднийг зохистой болгосон Эцэгт талархал өргөөсэй
хэмээн хүсэж байна. Учир нь Тэр
биднийг харанхуйн эрх мэдлээс авраад, Өөрийн хайрт Хүүгийнхээ хаанчлалд
шилжүүлсэн юм (Колоссай 1:12-13).
Эндээс эхлэн Паул шүлэглэсэн
хэлбэртэй болгон өөрчилсөн байна. Бид энэ бичвэрийг Паул тэр даруй зохион бичсэн
үү эсвэл анхны христэд итгэгчид шүлэглэх юм уу, дуулдаг байсан уу гэдгийг сайн
мэдэхгүй. Гэвч энэ нь Есүсийг гол сэдвээ болгосон богино шүлэг эсвэл дуу байсан ба Христийн алдар,
агуу байдлыг хосгүй тод дүрсэлж чадсан байна. Энэ ишлэл бол өнөөдөр бидний
судлах гэж буй хэсэг юм. Бидний хүндэтгэдэг энэхүү Есүс гэж хэн бэ? Паул 15
ишлэлд ингэж хэлсэн байна: “Тэр бол үл үзэгдэгч Бурханы дүр.”
Бид библийн бусад
ишлэлүүдээс “Бурхан бол сүнс, Түүнд мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр мөргөх
ёстой” (Иохан 4:24) гэдэгт суралцсан байдаг.
Бурхан бидэн шиг махан биетэй Нэгэн биш билээ. Түүнд гэр орон гэж байхгүй учир
бид очоод гэрийнх нь хаалгыг тогших ч аргагүй, Түүнийг газар руу чирэн буулгаж
ч чадахгүй. Тиймээс дараах асуулт библид хаа сайгүй гардаг: “бид хэрхэн
Бурханыг мэдэж чадах вэ? Бурхан нүдэнд харагддаггүй Нэгэн байтлаа юуны учир бидэнд
Өөрийгөө илчилсэн юм бэ?”
Иохан
ном энэ асуултанд хариу өгдөг. Иохан 1:18 ишлэлээс харвал “Бурханыг
хэн ч хэзээ ч хараагүй бөгөөд Эцэгийн өвөр дэх цорын ганц Хүү болох Бурхан нь
Түүнийг таниулсан юм” гэсэн байдаг. Хэн ч Бурханыг харж чаддаггүйн учир нь
Бурхан нүдэнд харагддаггүйд оршдог. Гэвч Бурхан Үг болох Есүс, цор ганц Хүү
Бурхан Бурханы өвөрт байсан ба Тэр
Бурханыг мэдүүлж өгсөн учир бид Есүсийн дотроос нүдэнд харагдахгүй
Бурханыг төрхийг олж хардаг. Еврей 1 бүлгийн 3 ишлэлд “Хүү нь Түүний алдрын
туяа, Түүний мөн чанарын бодит илэрхийлэл” гэсэн байдаг. Хэрэв бид Бурханыг
мэдэхийг хүсэж байвал, хэрэв бид Бурхантай нөхөрлөхийг хүсэж байвал, зөвхөн
Есүсээр л дамжуулах хэрэгтэй. Тэр бол Бурханы цорын ганц, туйлын илчлэлт бөгөөд
Бурхан гэж хэн бэ гэдгийг мэдүүлэгч Нэгэн билээ. Тиймээс Иохан номоос харахад
дагалдагч Филип Есүс дээр хүрч ирээд ийнхүү хэлдэг.
Филип Түүнд:-Эзэн, бидэнд
Эцэгээ харуулаач. Энэ л бидэнд хангалттай гэв. Есүс -Би та нартай ийм удаан хамт байхад, чи Намайг таньсангүй гэж үү, Филип
ээ? Намайг харсан хүн Эцэгийг харсан. Гэтэл "Бидэнд Эцэгээ харуулаач"
гэж чи яаж хэлнэ вэ? (Иохан 14:8-9).
Есүсийг харах нь Бурханыг
харж буй хэрэг. Тиймээс бид Есүс ямар вэ гэдгээр Бурхан ямар Нэгэн бэ гэдгийг эцэст нь
хүртэл мэдэж чадна.
Тиймээс Паул Есүсийг “бүх
бүтээлүүдийн Ууган нь” хэмээн хэлжээ. Үүнийг нь бид “энэ юу гэсэн үг вэ?” хэмээн
гайхдаг. Бид “эхэнд төрсөн Нэгэн” гэж хэлсэн тэр үгийг аяндаа л “эхэнд” болон
“төрсөн Нэгэн” гэсэн хоёр хэсэгт хуваан боддог ба ер нь түрүүнд төрсөн нэгэн
гэж хэлдэг. Хүүхдүүд нэгэн зэрэг төрдөггүй. Хэдий ихэр хүүхдүүд байлаа ч нэг нь
түрүүлж төрдөг. Гэвч библиэс “Ууган”
гэдэг үгийн утга өөрчлөгдөж байгааг бид олж хардаг ба энэ нь бидний хангалттай
ойлгож чадах өөрчлөлт байдаг. Бусад олон нийгмийн адил, библи дэхь нийгэмд ч
бас “эхэнд төрсөн Нэгэн” нь ууган бөгөөд нэн тэргүүний байр суурь, өв
залгамжлалын хамгийн их хувийг хүртдэг. Энэ нь библид давтагдан гарч буй утга
бөгөөд эхэнд төрсөн нь бусдын тэргүүнд байдаг. Бид үүнийг Дуулал 89 бүлгээс
харж чадна. Энд хүүрнэж буй Нэгэн нь Бурхан болохын хувьд Давид хаанд үгээ
айлдаж байгаа юм. Тэрээр ийнхүү айлджээ:
“Би мөн түүнийг ууган хүү, Газар дэлхийн хаадаас хамгийн дээд хаан болгоно.” (Дуулал
89:27).
Энэ нь “эхэнд төрсөн нэгэн”
гэдэг үгийн утгатай яг адилхан үг юм. Давидын удам угсааны дэс дараалалд
өөрчлөлт хийх боломжгүй. Гэвч Бурхан түүнийг дэлхийн хаадаас агуу, дарааллын
хувьд бусад бүх хаадаас тэргүүн нь болгоно гэсэн байна. Колоссай номонд Есүсийн
тухай хэлж буй үгсийн утга нь энэ ажээ. Есүс бол “бүх бүтээлүүдийн эхэнд төрсөн Нэгэн” билээ. Есүс байсан дараа нь бүтээлүүд
бий болсон. Тэр бол бусад бүх бүтээлүүдээс хамгийн Дээд Нэгэн. Тйимээс бусад
бүх оршин буй зүйлс, чуулганы барилга, та бүхний гэр, та бүхний эд хөрөнгө, та
бүхнээс өөрсдөөс чинь ч дээгүүрт Есүс оршин байдаг.
16 ишлэлд Паул үргэлжлүүлэн
үүний учрыг тайлбарлажээ: “бүх юмс Түүгээр бий болжээ.” Оршин байгаа бүхий л
зүйлс зөвхөн Есүсээр, Есүсийн дотор бий болсон ажээ. Энэ нь Паулын хэд хэдэн
ишлэлд хэлсэнчлэн Тэр бүхний түрүүнд оршин байсан гэсэн утгатай. Тэр нь бидний
бодож буй бүх зүйл, бидний эргэцүүлж буй бүх зүйл Есүсийн дотор оршин байдаг
гэсэн утгатай. Тэнгэрийн одод ч Есүс дотор бий болсон, бидний суудаг сандал ч
Есүс дотор бий болсон, бидний үсний ширхгүүд ч хүртэл Есүс дотор бий болсон юм.
Иохан өөрийн сайн мэдээний номынхоо эхэнд үүнтэй ижил үгсийг хэлж байна:
Бүх юм Түүгээр бий болсон.
Бий болсон юмсаас Түүнгүйгээр бий болсон юмс нэг ч байхгүй. (Иохан 1:3).
Энэ нь л Түүний бүх зүйлийн
тэргүүнд байдгийн учир нь билээ. Тэр бас бүх зүйлээс түрүүнд оршин байсан.
Басхүү бүх зүйл Түүгээр бий болсон.
Паул одоо тэдгээрийн
ангиллыг тодорхой өгүүлж байна. “Тэнгэр ба газар дахь бүх юмс” нь “бүх юмс”
буюу тэнгэр болон газар дээрх бүх зүйлсийг
нэрлэдэг еврей хэлний хэллэгийн дүрэм. Түүнчлэн үүнийгээ улам тодотгохын
тулд “үзэгдэх ба үл үзэгдэх юмс”- та бүхний харж чадах зүйлс болоод харагдахгүй
бүх зүйлсийг хэлж байна. Тэдгээр нь юу ч байсан, та бүхний харж чадах байсан ч,
чадахгүй байсан ч, тэдгээр нь бүгд зөвхөн Есүсээр оршин бий болсон гэж библи
хэлж байна. Тиймээс Тэр бүх зүйлсийн тэргүүнд байдаг хэрэг.
Дараа нь Паул үргэлжлүүлэн
“хаан ширээнүүд, эсвэл ноёрхлууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүд”-ийн талаар
дурьдсан байна. Паул энд бас Ефес 6 бүлэг, энэхүү захидлынхаа арай сүүлд зэрэг
хэд хэдэн өөр газарт хэдэн төрлийн сүнслэг хүчнүүдэд анхаарлаа хандуулсан мэт
харагдана. Библид эдгээр зүйлсийн талаар бодитоор бичээгүй боловч нүдэнд
харагдахгүй сүнслэг зүйлс байдаг гэдгийг бидэнд олон удаа тодорхой хэлсэн байдаг (бид тэдгээрийг тэнгэр
элч эсвэл бузартсан тэнгэр элч гэж нэрлэдэг). Тэд хааны эрх, удирдлагын эрх,
захиргаа, эрх мэдэл зэрэг нэг хэлбэрийн дээд захиргааг атгасан буй мэт
санагдана. Үүнийг мэддэг байхыг библи биднээс хүсдэг. Гэвч бидэнд үүнээс илүү зүйлийг хэлж өгөөгүй ба үүний талаар гүнзгий
бодож үзэхийг ч ятгаагүй байдаг. Тэгсэн хэдий ч тэдгээртэй ямар харилцаанд байх
хэрэгтэйг, тэдгээрийг хэрхэн эсэргүүцэх хэрэгтэйг библи бидэнд хэлж өгдөг ба
ялангуяа Колоссайчуудад хэлж өгч байгаа нь тэд эдгээр хүчнүүдийн тухайд гайхан
хачирхаж байсан бололтой. Паул тэд ч бас Христ дотор бүтээгдсэн, тиймээс Христ
бол тэдгээрээс илүү агуу бөгөөд энэхүү сүнслэг хүчнүүдийн тухайд Колоссайчуудад
төрж болох ямар нэгэн санаа зовнилын хувьд ч тэр, Христ бүхний тэргүүн учир
огтхон ч санаа зовох хэрэггүй хэмээн хэлж байгаа юм. Тэрбээр бүх зүйлсийн дээр
оршин байдаг. Түүнчлэн тэд Түүний дотор бүтээгдсэн.
Цааш үргэлжлүүлэн 17 ишлэлд
ингэж хэлжээ: “Тэр бүх юмсын урьд байна. Бүх юмс Түүний дотор оршин тогтнодог.”
Энэ үг нь “эхэнд төрсөн” гэдэг нь яагаад 15 ишлэлийн утга санааг илэрхийлж
байгаагийн учрыг ойлгоход бидэнд тусалж байна. Тэр бол бүх зүйлсийн эхэнд
байдаг Нэгэн-энэ нь Есүс бусад олны дотроос эхнийх нь биш харин бусад бүх
зүйлсээс эхэнд байдаг Нэгэн гэсэн утгатай. Иохан номоос эргэн харвал, хамгийн
эхний ишлэл нь дараах ишлэл байдаг: “Эхэнд Үг байсан.”
Эхэлсэн даруй, үүрд мөнхийг
давсан үүрдийн Эцэг Бурханы хамт Есүс байжээ. Эрт цагт энэ үнэний талаар буруу
ойлгож байсан хэд хэдэн итгэгчид байсан. Тэд Есүс бол хамгийн анх бүтээгдсэн
Нэгэн ба бидэнтэй адилхан бүтээл гэдэгт итгэж байв. Тэдэнтэй адил зүйлийг
заадаг хүмүүс өнөө үед ч байсаар байдаг ба энэ нь “Ёхувагийн гэрч нар” зэрэг
байгууллагууд билээ. Есүс бол өнө мөнхөөс ч урьд оршин байсан Бурхан биш ба
бүтээгдсэн бүтээлийн хувьд цор ганц, онцгой боловч урьдынхаараа л Бурханаар
бүтээгдсэн бүтээл гэдэгт тэд итгэдэг. Гэвч Паул энэ ишлэлд Тэр бол бүхний эхэнд
байсан Нэгэн гэдгийг хэлсэн байна.
Ийнхүү Тэр бол бүхнээс өмнө
оршин байсан Нэгэн, бүх зүйл Түүний дотор бий болгогдсон. Өөрөөр хэлбэл, Есүс
хүсэж байгаа учир бүх зүйлс хором мөч бүрт тасралтгүй оршин тогтносоор байгаа
билээ. Нэг жишээ татъя. Надад нэг ном байна гэж төсөөлье. Би тэр номыг хоосон
агаарт барьж байна. Би түүнийг өндөрт өргөж ч болно. Би тэгэхийг хүсэж байгаа
учраас тэр тэндээ байсаар байгаа хэрэг. Зөвхөн миний тодорхой хүслийн дагуух
хичээл зүтгэл болон тэнд агаарт барьж байж чадах миний биеийн чадлын хүчээр тэр
зүйл тэндээ байсаар байгаа хэрэг. Тэгэхээр энэ нь миний сэтгэлээс шалтгаалж
байгаа юм. За тэгвэл би түүнийг унагаачихвал яах бол? Би гараа тавьсан мөчид
тэр унах болно. Тэр зүйл тогтож байсан агаараасаа унаж, байсан байдлаасаа гарч
холилдсон замбараагүй байдалтай болно. Есүсийн тохиолдолд хичнээн илүү байгаа
бол оо? Бүх зүйл Түүний дотор оршиж байна. Тэрээр Өөрийнхөө хүчээр хйигээд
хүслийнхээ сонголтын хичээл зүтгэлээр тэдгээрийг тулан байгаа юм. Тэнгэрийн
одод, талын амьтад, бидний сууж байгаа сандлууд хүртэл, басхүү бидний зүрх
цохилж буй мөч хором бүр Есүс хүсэж байгаа учраас үргэлжлэн байсаар байгаа
ажээ.
Тэрээр бүх зүйлээс өмнө
оршин байсан, бүхний дээр оршигч, бүхний төвд оршиж, бүх зүйлс Түүгээр, Түүний
дотор бүтээгдсэн. 16 ишлэлийн төгсгөлд харвал, бүх зүйлс “Түүний төлөө”
бүтээгдсэн байна. Энэ нь Есүс бүх зүйлсийн төгсгөлд оршин байдаг гэсэн утгатай.
Дэлхий ертөнц туйлын нэг зорилго, туйлын нэг зорилт, бүх зүйлийн эхлэл, бүхнээс
дээр оршигч, бүхний төв болсон, бүхний төгсгөлд оршин байгч Есүсийн дотроос л
олж болох туйлын нэгэн утга учиртайгаар бүтээгдсэн гэсэн үг юм. Бидний асуудлын
нэг хэсэг нь эхэнд бүх зүйл Есүсийг онцлон харуулж, бүх зүйл Есүс рүү
удирдуулж, бүх зүйл Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнс Бурханы алдар,
хүндэтгэлийн төлөө оршин байдаг гэсэн үг. Тиймээс та бүхэн оддыг ширтэн харах
үедээ Бурхан болох Тэр Нэгэн хичнээн агуу болох талаар эргэцүүлэн бодоход хүрэх
болно. Ойд зугаалан алхах үед тань модод танд Бурханы урлагийн мэдрэмж, гоо
үзэсгэлэн, алдрыг мэдүүлж өгөх болно. Та бүхний сүнс таны дотоодод чичирхийлэн
догдолж, Бурханы үйлдсэн ажлуудад баярласан байж таарна. Гэвч бүх зүйл Есүсийг
харуулдаггүй, бидний сэтгэлийн нүглээс үүдэн эд зүйлс биднийг сорьж байдаг
дэлхийд бид одоо амьдарч байна. Тиймээс хүмүүс оддыг хараад Бурханы алдрыг
бодохын оронд хиймэл шүтээн болгон шүтэж эхэлжээ. Зарим нь оддод шүтэн мөргөж,
зарим нэг нь тэдгээрийг харахдаа чиглүүлэгч, зурхай эсвэл тэдгээртэй адил зүйл
болгон найдвараа тавьж байлаа. Ойд зугаалахаар очоод хараарай. Тэгвэл зарим нэг
нь Бурханы бүтээсэн зүйлсийг хараад Түүнд алдрыг өргөхийн оронд байгалийг ариун
дагшин зүйл гэж үзэн бүтээлд мөргөн тахидаг. Бид хүний биеийн сэтгэл татам
дахин давтагдашгүй байдлыг харахдаа
Бурханы хичнээн хүндэтгэлтэй, агуу гэдгийг боддог байх хэрэгтэй. Тийм хэдий ч
хүмүүс өөрсдийн дурладаг үйл явдал, хүмүүсийн гоо сайхан байдлыг шагшин магтаж,
тэдгээрийг алдаршуулдаг.
Бурхан эхнээс бүх зүйлийг
Христийн дотор, Христээр дамжуулан, Христийн төлөө оршин байхаар бүтээсэн.
Түүгээр ч үл барам, Тэр бол чуулганы эхлэл, чуулганы тэргүүн, шинэ бүтээлийн
тэргүүн нь билээ. Энэ талаар Паул 18 ишлэл болон энэ ишлэлийн хоёрдугаар хэсэгт
ийнхүү хэлсэн байна: “Тэр мөн бие болох чуулганы тэргүүн мөн.”
Бид чуулганаар нэгдэж, бие
биетэйгээ нэгдмэл болж, Есүстэй нэгдсэнээр нэгэн амьд организмын харилцаатай
болдог. Тэр толгой нь гэдэг нь Тэр бидний амь насны үндэс болдог гэсэн утгатай.
Миний толгойг таслаад үз дээ. Тэгвэл би тахиа шиг ийш тийшээгээ явж чадахгүй
болох болно. Би үзэшгүй муухай болж үхэхэд хүрнэ. Учир нь миний биеийн үлдсэн
хэсгүүд толгойтой минь холбоотой байснаар амийг авч байдаг билээ. Есүс бидний
хоорондын харилцаа ч бас яг үүнтэй адилхан байдаг. Бидний амь нас, амьсгалын эх
үүсвэр нь бидний толгой болох Есүс юм. Түүгээр ч зогсохгүй, байрлалын хувьд
толгой бидний биеийн бусад хэсгүүдээс дээр байрладаг. Тэр шилдэг нь байдаг шиг
Есүс ч бас шилдэг. Тэрбээр байр суурь, нэр хүнд, алдрын хувьд биднээс илүү дээр
оршин байдаг. Толгой бидний биеийг, биднийг чиглүүлэн, удирдаж, хянаж байдаг
шиг Тэрбээр биднийг удирдан, биднийг чиглүүлж, бидний урам зоригийг бадрааж,
бидэнд амь насыг өгч байдаг. Яагаад тэгдэг вэ? Учир нь Тэр бол “эхлэл бөгөөд
үхэгсдийн анхны үр жимс” болдог учир тэгдэг хэрэг. Есүс шинэ хүн, шинэ хүмүүсийн оршихуй болон дахин
амилсан анхны үр жимс болохын хувьд шинэ бүтээл ямар байх вэ гэдгийг бидэнд
харуулж өгсөн Нэгэн билээ. Төгсгөлд бүх зүйл сэргээгдэн, Бурхан тэнгэр газар
дахь бүх зүйлсийг өвчин зовлон, уй гуниг, айдасгүй болгон шинэчилж өгөх юм.
Үүний анхны үр жимс нь Есүс билээ. Бид Есүсийн дахин амилалтаас үүнийг олж хардаг
ба энэ нь ижилгүй ганцхан байдаг. Бид Иохан 11 бүлэгт гардаг Лазарын дахин
амилалт зэрэг өөр хүмүүсийн дахин амилалтын талаар ч бас библиэс уншдаг. Лазар
дөрөв хоногийн турш үхсэн байсан. Хүмүүс түүний булшийг тагласан байсан чулууг
өнхрүүлэн зайлуулж Лазар даавуунд ороолттой чигээрээ Египетийн занданшуулсан
шарил шиг хөлөө чирэн гарч ирдэг. Хүмүүс түүний биеийг ороосон даавууг тайлж
авсан. Бид түүний дараа яг юу болсон талаар илүү нарийн мэдэхгүй. Гэхдээ Лазар
өөрийн хэвийн амьдралдаа буцан орсон байж таарна. Үхлийг ойроос мэдэрч үзсэн
бусад хүмүүсийн адил тэр ч бас цоо шинээр амь насыг нь уртасгаж өгсөн гэдгийг
мэдэрсэн байж таарна. Ямартай ч тийм зүйлийг мэдэрсэн хүнд чадахгүй зүйл гэж
байдаггүй. Магадгүй тэр ультра марафон гүйлт (ultra-marathon
running) мэтийн
аз туршсан спортоор (extreme sport) хичээллэж
эхэлсэн байж ч болох юм. Ямар ч зүйл түүнийг сөхрүүлж чадахгүй. Ийнхүү та бүхэн
Лазарыг иудейн гудамжаар, уралдааны талбайгаар 50 км-ийн зайд гүйж байгаагаар
төсөөлөөд үзээрэй. Цаг явж эхэллээ. Нэг л өдөр гараад ирсэн тэрбээр аажуухан алхалж, амьсгал нь
давхцаж байна. Түүний зүүн хөл чимчигнэн чичирч, цээж нь давчдан айдас төрж
байна. Лазар урьд нь өөрийн биеэр үзсэн байсан учраас юу болох гэж байгааг сайн
мэдэж байсан. Гэвч тэрхүү хоёр дахь удаагийн мөчид Лазарыг нэг их айгаагүй
болов уу гэж би бодож байна. Тэр Есүс бол амь ба амилалт гэдгийг, Есүс үхлийг
захирах чадалтай гэдгийг мэдэж байсан. Түүнчлэн Есүс Өөрийн биеэр үхэгсдийн
дундаас дахин амилаад, одоо ч бас амьд гэдэгт би итгэдэг. Хараарай. Лазар
болоод библи дээр гардаг олон хүмүүс энэ амьдралдаа дахин амилсан боловч тэд
дахин үхэхээс өөр аргагүй байсан. Харин Есүс дахин амилсан бөгөөд хэрхэвч дахиж
үхэхгүй. Тэр бол анхны үр жимс бөгөөд үхэгсдийн дотроос эхэнд төрсөн Нэгэн
билээ. Түүнд итгэдэг бид түүний араас залгуулан явах болно. Энд тэрхүү зорилго
буюу Есүс үхэгсдийн анхны үр жимс болсны учир нь “Тэрээр бүх зүйлийн тэргүүн
болохын тулд” байсан юм. Яагаад Есүс энэ дэлхийд ирж бидний төлөө нас барсан
бэ? Тэр яагаад шинэ бүтээлийн анхны үр жимс вэ? Яагаад Бурхан Өөртөө энэ
бүхнийг үүрсэн бэ? Христийг бүхний Тэргүүн болгохын тулд тэр билээ.
Яагаад зөвхөн Есүс бүхний
Тэргүүнд байх хэрэгтэй вэ? Яагаад Тэр бүхний дээр оршин байх хэрэгтэй вэ? 19
ишлэлд ингэж хэлжээ: “Яагаад гэвэл Бурхан Түүний дотор Өөрийн төгс дүүрэн нь
оршдогийг болон”. Есүс дотор Бурханы бүх зүйл махан биеийн төрхөөр оршин
байдаг. Энэ зүйлийг 2 бүлгийн 9 ишлэлд давтан хэлсэн байдаг: “Учир нь Түүн
дотор Бурханы төгс дүүрэн нь бүхлээрээ биетээр оршдог.”
Тийм учраас, Есүсийн дотор Бурхан хүн болсон юм. Бурханы
нэг хэсэг нь бус, Бурханы нэг хэлтэрхий нь бус, Бурхан ердөө л түрхэн зуур бус,
Бурхан бүх зүйлээрээ хүн болсон хэрэг. Энэ нь Тэр Өөрөө тэргүүн нь учир, Тэр
Өөрөө Бурхан учир, Тэр Өөрөө бүх зүйлээс эхэнд оршин байсан учир, бүх зүйлийн
дээр оршин байж, бүх зүйлийн төв нь болдог учир, басхүү бүх зүйлийн төгсгөлд
Тэр байдаг учир хэрэв дэлхий эргэн зөв болъё гэвэл, хэрэв бүх зүйлс зүй
зохистой болъё гэвэл, аврал болоод шинэ бүтээл, бүх зүйлийн эвлэрлийг оруулаад
зөвхөн Тэр л бүх зүйлийн тэргүүн нь болж байж бүх зүйл хэвэндээ орох юм.
Тиймээс 20 ишлэлд ийнхүү хэлсэн байна: “Түүний загалмайн цусаар энх тайвныг тогтоон, Түүгээр дамжуулан газар
дээрх, эсвэл тэнгэр дэх юмсыг, бүх юмсыг Өөртэйгөө эвлэрүүлснийг таалдаг.”
Бурхан эдгээрийг үйлдэхдээ
баярлаж байсанд анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. Хэн ч тэнгэрт гарч
Бурханы гараас зууран “Бурхан минь, та тэнд буун очоод хүмүүсийг аварч, эмх
цэгцэнд нь оруулсан нь дээр байхаа” гэж хэлээгүй. Бурхан Өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ
баяртай байсан. Тэр Өөрөө сонгосон. Түүнийг хэн ч албадаагүй. Тэр заавал үүнийг
хийх шаардлага ч байгаагүй. Энэ бол Түүний хайр, баяр хөөр нь байсан юм. Түүний
хайр, баяр хөөр нь “тэнгэр дээрх, газар дээрх” бүх зүйлсийг Өөртэйгээ дахин
эвлэрүүлэх явдал байсан. Тэр загалмай дээр энэ ажлаа гүйцэлдүүлсэн. Тэр
загалмай дээр урсгасан Өөрийн цусаараа эвлэрүүллийг гүйцэлдүүлдэг. Тиймээс
оршин буй бүхий л зүйлс Бүтээгч Эзэн
болох Бурханы нүүрээ хандуулсан бүх зүйл эргэн сэргээгдэж, Түүнтэй эвлэрсэн
хэрэг. Үүнд нэг хэцүү тал бий. Эндээс сонирхол татаж буй нэг зүйл нь бүхий л
бүтээлүүд гэж хэлж байгаа явдал юм. Бүх хүмүүс Есүст итгэх эсвэл бүх хүмүүс
Түүн рүү эргээгүй байгаа гэдэг үнэнийг болон завхран, эсэргүүцэгч сүнслэг
оршихуйнууд байдаг гэдэг үнэнийг бид сайн мэднэ. Тэд хэрхэн эвлэрэх вэ? Тэд
хэрхэн эвлэрэлд хүрч чадах вэ? Бид
Колоссай 2 бүлгийг бүхэлд нь авч үзсэнээр
энэ асуултын хариуг олж чадах болно.
Та нар гэм нүглүүд болон
махан биеийн хөвч хөндөх ёслолоосоо болж үхсэн байхад Тэр бидний бүх гэм
нүглийг уучлаад, та нарыг Түүнтэй хамт амьд болгосон бөгөөд бидний эсрэг зарлигуудаас бүрдсэн,
бидэнд дайсагнаж байсан өрийн дансыг хүчингүй болгов. Тэр үүнийг загалмайд
хадаж, замаасаа зайлуулжээ. (Колоссай 2:13-14).
Энд Паул биднийг буюу Есүст
итгэдэг хүмүүсийн талаар ярьж байгаа ба та бүхний эсрэг нэхэмжлэх буюу “та
эдгээр хуулиудыг зөрчиж, Бурханы өмнө нүгэл үйлдсэн” гэсэн хуулийн тушаалыг
хүчингүй болгосон гэж хэлж байна. Бурхан та бүхнийг уучилсан. Тэрээр тэдгээрийг
хүчингүй болгосноор, арилгаж өгснөөр, тэрхүү өрийг төлснөөр үүнийг үйлдсэн. Тэр
бас тэдгээрийг загалмай дээр цовдолсон-тэнд энэ бүхэн явагдсан билээ. 15 ишлэлд
ингэж хэлжээ: “Захирагчид болоод эрх баригчдыг зэвсэггүй болгоод, Тэр тэднийг
загалмай дээр ялж, тэднийг нийтэд үзүүлэн болгов.”
Тэд дахин Бурханыг
эсэргүүцэн завхарсан сүнслэг оршихуйнуудын талаар өгүүлж байна. Бурхан тэднийг
зэвсэггүй болгосон. Тэгвэл тэд ямар эрх мэдэлтэй вэ? гэдэгт асуудал оршиж
байна. Сатан болон түүнийг дагалддаг түүний тэнгэр элч нарт бодитоор өгөгдсөн
эрх мэдэл нь юу вэ? Тэдний мэдэл нь зөвхөн сатаны нэрийн утгыг илэрхийлдэг
эдгээр зүйлс байдаг: тэр бол буруутгагч (the
Accuser). Тэр Бурханы оршихуйн өмнө зогсоод Бурханы өмнө биднийг буруутгах
нэгэн. Тэр бидний тухай ийнхүү хэлэх болно: “энэ хүн яаж байсан билээ дээ? Тэр
ийм зүйлсийг үйлдэж, Таныг эсэргүүцэж байсан. Зөв шударгаар шүүгээрэй.” Энэ бол
түүний зэвсэг. Энэ бол түүний гол зэвсэг бөгөөд бодит байдал дээр цорын ганц
зэвсэг нь байдаг. Гэвч Есүс сатаны бүхий л эрх мэдлийг хүчингүй болгосон. Тэр
түүний гараас зэвсгийг нь булаан авч эвлэрүүллийг гүйцэлдүүлсэн. Үүнийг 15
ишлэлийн сүүлийн хэсэгт бичсэн байна. Энд дүрслэн бичсэн зүйл нь ромын эзлэгчид
эсвэл хаад, агуу жанжнуудын нэг нь Ром руу эргэн ирж байгаа байдлыг дүрсэлсэн
хэрэг юм. Тэд ялалтаа тунхаглахын тулд өөрсдийн дийлсэн дайснуудыг жагсаан
үзүүлэн болгож, Ром руу орж ирдэг байжээ. Христ Өөрийн дайснуудаа ялж, тэднийг
үзүүлэн болгосон аж. Тэд эвлэрэлүүллийг хүлээн авсан билээ. Гэвч энэ нь тэдний
хүсээгүй эвлэрүүлэл байлаа. Энэ нь Есүс бол Эзэн гэдгийг албан хүчээр хүлээн
зөвшөөрөгчдийн эвлэрүүлэл байв. Бурхан бүхнийг Түүнтэй эвлэрүүлэх болно. Гэвч
эцсээ хүртэл эсэргүүцэгчдийг шүүлт хийгээд захиргаагаараа эвлэрэхэд хүргэх
болно.
Гэвч Христэд найддаг хүмүүс
тийм байхгүй. Энэ нь эхний бүлгийн сүүлийн гурван ишлэлийн гол агуулга юм.
Христийн энэхүү бүх зүйлийн тэргүүн болсон нь бидэнтэй ямар холбоотой вэ? 21
ишлэлд: “ Хэдийгээр
та нар урьд нь холдуулагдсан бөгөөд бузар үйлсээрээ сэтгэлдээ дайсан болсон
байсан боловч”. Өнгөрсөн өдрүүдэд бид Бурханыг эсэргүүцэн, эвлэрээгүй, холдон
явсан, бидний бодол санаа, үйл хөдлөл, басхүү амьдралын хэв маягаараа Түүний
дайснууд байсан. Гэвч одоо өөрчлөгдсөн. 22 ишлэлийг харцгаая: “одоо бол Түүний
махан биеийн үхлээр эвлэрүүлж, Өөрийнхөө өмнө та нарыг ариун, өө сэвгүй бөгөөд
гэм зэмгүй болгосон”.
Тэр Христийн махан биеийн
үхлээр дамжуулан та бүхэнтэй дахин харилцаагаа тогтоож, эвлэрч, Түүнийг харахад
ариун, өө сэвгүй, гэм зэмгүй буюу ямар ч буруутгах зүйлгүй нэгэн болгон та
бүхнийг босгосон байна. Бурханы зорилго нь Есүсийн үхлээр дамжуулан биднийг
Түүний оршихуйн өмнө ариун, өө сэвгүй, цэвэр, гэм зэмгүй, цайлган, бохир бус,
зөвт, буруутгах ямар ч зүйлгүй болгон зогсоосон хэрэг билээ. Гэвч 23 ишлэлд
болзлыг бичжээ:
Хэрэв та нар үнэхээр итгэл
дотроо үргэлжид байж, суурилагдсан бөгөөд бат тогтон, өөрсдийн сонссон сайн
мэдээний найдвараас хөдлөхгүй бол тийм байх болно. Энэхүү сайн мэдээ нь
тэнгэрийн доорх бүх бүтээлд тунхаглагдаж, Паул би үүний үйлчлэгч болсон билээ. (Колоссай
1:23).
Энэ үг тийм ч гайхалтай зүйл
биш билээ. Паул энгийн зүйлийг өгүүлж байна. “Яавал ийм байж чадах вэ?” Үүний
хариу нь “та нар итгэл дотроо бай”. Бид хэрхэн христэд итгэгч хүний амьдралаа
эхлүүлдэг вэ? Есүст итгээд, Түүний үхлээрээ биелүүлсэн бүхий л зүйл, Тэр
биднийг эвлэрүүлсэн гэдэгт итгэснээр эхэлдэг. Бид хэрхэн итгэгч хүний амьдралаа
үргэлжлүүлдэг вэ? Үүнд ямар нэгэн нууцлаг мэдлэг, нууц эсвэл дээд зэрэглэлийн
үйл явц байхгүй. Зүгээр л Есүсийн үхэл хийгээд Түүний аль хэдийн биелүүлсэн
зүйлсэд үргэлжлүүлэн итгэсээр байхыг хэлнэ. Бид энэ уралдаанаа хэрхэн дуусгадаг
вэ? Бид ижил аргаар буюу Есүсийн үхэл, Түүний үйлдсэн бүхий л үйлсэд итгэснээр
дуусгадаг. Тиймээс бүх зүйлсийн дотроос Тэр Тэргүүн нь болох юм.
Хараарай. Паул бидэнд
зориулан Христ тэргүүн нь болох талаар жагсаан бичжээ: Тэр хэн бэ? Тэр бүх
зүйлийн эхэнд байсан, бүхнээс дээгүүр оршин байдаг, бүхий л бүтээлүүдийн ууган
нь бөгөөд бүх зүйлийн төвд оршин байгч Нэгэн. Бүх сансар огторгуй хором мөч
бүрт тасралтгүй оршин байсаар байгаа нь Христтэй холбоотой. Тэр бүх зүйлийн
төгсгөлд оршин байдаг. Бүх зүйл эргэн сэргээгдэж, эвлэрүүлэгдэж, Есүсийн алдрын
төлөө оршин байх болно. Тиймээс дараачийн асуулт бол, бидний амьдралд, бидний
итгэлд энэ үнэхээр үнэн байна уу? Есүс Тэргүүн
нь учир Тэргүүнд байх хэрэгтэй. Бурханы бүхий л алдар Есүсийн дотор,
Түүний мөнхийн алдар дотор, Түүний загалмай дээр биелүүлсэн зүйлүүдийн алдар
дотор, шинэ бүтээлийн алдар дотор харагддаг. Асуулт маш энгийн – Есүс бидний
амьдралд, бидний зүрх сэтгэлд Тэргүүнд байна уу? Тэр өнө эртнээс үүрд мөнхөд хүртэл
оршин байгч Нэгэн учир, бүхий л түүхийн төв болсон загалмай дээр Түүний
биелүүлсэн ажлуудын учир, бүх бүтээлээс дээгүүр оршигч Тэргүүн нь болох Түүнийг
бид хүндэтгэн, алдаршуулж байна уу? Тэр бидний Тэргүүн мөн үү?
No comments:
Post a Comment