Friday, July 27, 2012

Чуулганы хөгжмийн зорилго: Бурханы алдар


-       Сон Бён Ун Пастор (P.C.K.)
Магтаалтай холбоотой Бурханы зорилгыг бид Хуучин Гэрээ болон Шинэ Гэрээний аль алинаас олж хардаг.
Өөрийнхөө төлөө Миний бий болгосон ард түмэн нь Миний алдрыг тунхаглана. (Исаиа 43:21)
Бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Бурхан магтагдах болтугай. Тэрээр Христ дотор тэнгэрлэг газар дахь алив сүнслэг ерөөлөөр биднийг ерөөсөн. Түүний өмнө биднийг ариун бөгөөд гэм зэмгүй байлгахын тулд Бурхан ертөнцийн сууриас урьд биднийг Түүний дотор сонгосончлон, хайраараа Тэр Өөрийн хүслийн сайн тааллын дагуу, биднийг Есүс Христээр Өөрийнхөө хөвгүүд болгон үрчлэн авахаар урьдаас тогтоожээ. Энэ нь хайрлагдсан Түүний дотор бидэнд соёрхсон Түүний нигүүлслийн алдрыг магтуулахын тулд болой. (Ефес 1:3-6)
Ийнхүү Бурханы бүтээсэн зорилго болоод авралын сайн тааллын дагуу түүхэн дэхь итгэлийн хамт олны магтаалаар дамжуулан Бурханыг магтан дуулсаар ирсэн. Хөгжмийн стиль, дуулах арга, бас хэл яриа хийгээд нөхцөл байдал нь өөр байсан хэдий ч Бурханы алдар, хүч чадал, нигүүлслийг дуулах талаараа адилхан байсан гэдэг нь бодит үнэн билээ. (Ефес 5:19).
Ялангуяа бидний чуулганы хөгжим хэмээн нэрлэдэг тэр хөгжим  хүндэтгэл мөргөлийн дотор ямархуу үнэ цэнэтэйгээр хүлээн авагдаж байдгийг ажиглан харах нь үнэхээр сонирхолтой зүйл байдаг.
Дундад зууны католик чуулганы хувьд чуулганы хөгжим нь сүмийн ёслолын (liturgy) үйл ажиллагаанд орхигдуулж болохооргүй үүргийг гүйцэтгэж байлаа. Тиймээс тэд хөгжмийн сургууль (schola cantorum)-ийг байгуулж  сүмийн санваартнуудаа сургах төдийгүй мэргэжлийн хөгжимчдийг бэлтгэн гаргаж байсан юм.
Харин протестантуудын хувьд үг юу юунаас илүү чухал байв. Тиймээс шинэчлэлийн гол уриа (motto) болсон “зөвхөн үг” нь зөвхөн Лютерийн онцгой баримтлал биш байлаа. Харин ч хүндэтгэл мөргөлийн элемент болох үг (сургаал номлол)-ийн чухал гэдэг үзэл  Лютерээс Кальвин, Кальвинаас Звинглийн үед бүр ч илүү нэмэгдсээр байсан билээ. Тиймээс үгтэй холбогдуулан мөргөлийн хөгжимд хандаж байсан хандлагыг нь харвал Кальвин зөвхөн Дууллын магтаалууд (Женевийн дуулал)-ыг нэг хоолойгоор дуулахыг хязгаарлагдмал хүрээнд зөвшөөрдөг байсан бол Звингли хүндэтгэлийн дотор ямар ч хөгжим хэрэглэхийг зөвшөөрдөггүй байсан байна.
Саяхныг хүртэл иймэрхүү зүйлс нь эсэргүүцэх аргагүй зүйлс байлаа. Тиймээс мөргөл доторх хөгжмийг үг (сургаал)-ийн төлөө үйлчилдэг, мөргөлд бэлтгэх үүрэг гүйцэтгэх төдийхнөөр ойлгодог байв. Гэтэл орчин үед элбэг харагдах болсон мөргөлийн хэлбэр бий болжээ.   Энэ нь мөргөл доторх магтаалын гүйцэтгэх үүрэг, чухал байдал нь өссөн төдийгүй улам бүр нэмэгдсээр байгаа явдал юм. Ялангуяа энэ үзэгдэл мөргөлийн уламжлалт хэлбэрийг баримталдаг чуулганаас илүүтэй орчин үеийн мөргөлийн хэлбэрийг баримталж буй чуулгануудын дунд илүү тод харагдана. Эдгээр чуулгануудын мөргөл нь бодит байдал дээр  хөгжим болон үг гэсэн хоёр том хэсгээс бүрдэж байдаг. Түүнчлэн өөр ямар ч цаг үеэс илүүгээр хөгжмийг удирддаг удирдагчийн гүйцэтгэх үүрэг нэмэгдэж, магтан дууны гүйцэтгэх үүрэг ч нэмэгдэх хандлага харагдаж байгаа юм.
Гэвч харамсалтай үнэн нь, мөргөлийн хөгжмийг хэт онцлон авч үзэх болсноор мөргөлийн элементүүдийн тэнцвэр алдагдаж байгаа явдал бөгөөд дээр нь бас нэгэн чухал теологийн талын шүүмжлэлтэй тулгарч байгаа билээ. Энэ нь чуулганы хөгжим нь хүн төвтэй (man centered) хөгжим гэдэг асуудал юм. Иймэрхүү хөгжим нь үнэхээр сэтгэл хөдөлгөм байдаг гэдгийг Ким Дэ Куон буруушаажээ.
Мөргөлийн сэтгэл догдлом байдлыг ихэвчлэн сэтгэл хөдлөлийн тал дээр төвлөрүүлэн, ийм мэдрэмжийг шаардаж байдаг  уяхан сэтгэлийн (sentimentalism) байдлаас нь гаргах хэрэгтэй. Мэдээж хүндэтгэл мөргөлөөр дамжуулан дотоод сэтгэл хөдлөн догдлох боломжтой хэдий ч зөвхөн үүнийг л зорилгоо болгосон сэтгэл уяран догдлох байдлаас татгалзах хэрэгтэй. Харин ч энэ байдлаасаа гарч, оюун санааны хувьд шинэчлэгдэхийн тулд  (emotional renewal) Ариун Сүнсэн доторх амьдрал болгон холбож өгөх хэрэгтэй.
Хүндэтгэл мөргөлд тоглогдож буй хөгжим баяр ёслолын шинж бүхий сэтгэл догдлол, уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой бол үнэн хэрэгтээ зохих ёсны утга учраа аль хэдийн алдсан байгаа хэрэг. Учир нь мөргөлийн хөгжмийн жинхэнэ үнэ цэнэ нь хүндэтгэл мөргөлд оролцож буй хүн өөрийнх нь хүндэтгэлийг хүлээн авч буй Бурханыг дурсан, санах үйл явц байдагт оршино. Хуучин Гэрээний үеийн Левичүүд Ёхувагийн авдрын өмнө магтан дуулж байсныг библи дээр “Эзэнийг магтан...” (Шастирын Дээд 16:4) гэж хэлсэн байдаг. Энд гарч буй магтах (zakar: дурсамж, бодол, ойлголт) гэдэг үгийн хамт дуу нь зөвхөн гоо зүйн үнэ цэнэ бүхий өргөлийн түвшинд бус харин ч авралын түүхнээс харагдах бүхнийг чадагч Бурхан, түүнчлэн одоо болон ирээдүйд ч хувиршгүйгээр шударга ёс, хайраараа захиран, удирдах Бурханы тухай гүнзгий тунгаан бодож, талархах тухай “дурсгал” гэдгийг онцлон харуулсан хэрэг юм. (Ким Дэ Куон 2008:31-32)        
Абрахам Кайпер (Abraham Kuyper) хэлэхдээ “жинхэнэ шашин нь хүмүүний төлөө хүнийг гол болгосон зүйлд байдаггүй, Бурханы төлөө оршин байна гэсэн Бурханыг голлосон зүйлд байдаг” гэсэн байна. Үүнтэй холбоотойгоор Роберт Веббер (Robert E. Webber) орчин үеийн мөргөлд тулгараад буй гол асуудлуудын нэг нь хүндэтгэл мөргөлийг “аз жаргалтай амьдралын нууцыг хангаж өгөх явдал” болон завхарсан байгааг зэмлээд хүндэтгэл мөргөлийн чиглэл нь хүн төвтэй (anthropocentrism) байдлаасаа бүрмөсөн Бурхан төвтэй (theocentrism) болж өөрчлөгдөх хэрэгтэй хэмээн онцолжээ. Хэрэв ерөөл авах баяр хөөрийн төлөө Бурханы баяр хөөрийг орхино гэвэл энэ нь хүмүүний “би” төвтэй мөргөл (self-centered worship) болохоос өөр аргагүй. (Ким Дэ Куон 2008:24-25).
Мөргөл өргөгчид мөргөлөөр дамжуулан үр дүнд нь өгөгдсөн баяр хөөр, ивээл, сэргэлтийг олж авч болох хэдий ч энэ нь мөргөлийн зорилго байж болохгүй гэдэг үнэнд бид анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ нь зөвхөн хөгжмийн асуудал биш билээ. Гэвч ийм уруу татлага, занганд хялбархан автагдах боломж, сул тал хөгжимд байдаг гэж үзэж байгаа юм. Учир нь хөгжмийн чиг хандлага нь хялбархнаар хүн рүү чиглэсэн байдаг гэдэг үнэнийг үгүйсгэх аргагүй билээ. Тиймээс теологи болон чуулганы хөгжмийн гүн ухааныг агуулаагүй хөгжим нь эцэстээ хүний төлөөх хөгжим болон хувирахад хүрдэг (Амос 6:5)
Судлаач миний  бие дээр дурьдсан хүн төвтэй чуулганы хөгжмийн асуудалд доорх асуултуудыг тавьж түүнд тохирох хариуг олохыг хүсэж байгаа юм. Нэгдүгээрт, чуулганы хөгжмийн зорилго юунд оршдог вэ? Хоёрдугаарт, чуулганы хөгжмийн зөв чиглэл нь юу вэ? Гуравдугаарт, Бурханы алдар хийгээд хүмүүний хариулт хэрхэн зохицож чадах вэ? Дөрөвдүгээрт, Бурханы алдар гэж юу  болох хийгээд мөргөл, магтаал гэж юуг хэлэх вэ? Эцэст нь чуулганы хөгжмийн дотор Бурханы алдар хэрхэн илэрхийлэгдэх хэрэгтэй вэ зэрэг асуулт юм.
Зөвхөн Бурханд алдрыг өргөдөг хөгжим   
"Soli Deo Gloria." Энэ үг бол бидний сайн мэдэх Бах (Johann Sebastian Bach) өөрийн бүх бүтээлдээ бичсэн байдаг үгс. Тэрбээр хөгжмөөр дамжуулан зөвхөн Бурханд үйлчилж байна гэсэн ойлголттой байсан ба “Бурханы алдар”-т анхаарлаа хандуулсан Германы Лютерийн чиглэлийн чуулганы итгэгч байжээ.
Бах судлаач, орган хөгжимчин, эрдэмтэн Альберт Швайзер (Albert Schweizer) “Бах бол хөгжмийн оргил. Хэн ч түүнийг дагуулж чадахгүй бөгөөд зөвхөн түүгээр удирдуулдаг” хэмээн шагшин магтсан байдаг. Бетховен ч (Ludwig Van Beethoven) ч бас түүний талаар горхи (Bach гэдэг нэрийн утга) биш далай тэнгис (Ocean) хэмээн бахдан өгүүлэх хэмжээнд тэрээр өрнийн хөгжмийн ертөнцөд хамгийн чухал хөгжмийн зохиолч гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд Масс (Mass), Зовлонт аялгуу (Passion), Ораторио (Oratorio) зэрэг чуулганы хөгжимд үнэтэй бүтээлүүдийг туурвисан хөгжмийн зохиолч байлаа. Ялангуяа протестант чуулганы хөгжмийн цөм болсон найрал дууны 300 орчим бүтээл туурвиснаас 200 орчим нь үлджээ.
Зохиогч би бээр Бахад анхаарлаа хандуулсны учир нь бидэнд байвал зохих чуулганы хөгжим, бүр явцуу утгаараа хүндэтгэл мөргөлийн хөгжмийн зорилготой холбогдуулан түүнээс суралцах зүйл байна хэмээн үзсэнтэй холбоотой.
Чуулганы хөгжим нь хоёр зүйл дээр зөв байх хэрэгтэй байдаг. Нэг нь хөгжимд агуулагдаж буй үг ба нөгөөх нь үгийг илэрхийлж буй хөгжим. Сайн үгтэй чуулганы хөгжмийг, хөгжмийн талаасаа  сайн болсон гэж үзэх аргагүй бөгөөд яруу сайхан аялгуутай чуулганы хөгжмийн бүтээлүүд нь үгийн талаасаа заавал зөв теологи, зөв итгэлийг илэрхийлдэг хэрэг биш.
Бахын чуулганы хөгжмийн бүтээлүүдийн гайхамшигтай байдаг нь энэ хоёр шаардлагын аль алиныг хангаж байдагт оршино. Тэрбээр зовлонт аялгуу, кантатаг зохиохдоо тогтсон хэвшмэл хэлбэрийг эвдэж, цоо шинэ ертөнцийг нээж өгсөн билээ. Энэ онцлог нь үг хийгээд аялгууны аль алинаас нь харагддаг.
Үгийг байгаагаар нь хэрэглэж байсан хэлбэрийг эвдэж чаддаггүй байсан бол эсрэгээрээ Бах уран зохиолын шинжтэй бөгөөд басхүү теологийн талаас нь харахад христитгэлийн үнэнийг сайтар илэрхийлсэн үгийг авч хэрэглэн чуулганы хөгжмийн бүтээлүүддээ оруулж байлаа.
Бахын энэхүү хувийн үзэл бодол нь түүний кантатад өөр ямар ч бүтээлээс нь илүү тод харагддаг. “Кантата” (cantata) гэдэг үгийг чуулганы пастор, яруу найрагч Эрдан Ноймастер (Erdann Neumeister, 1671~1756) Лютерийн чиглэлийн чуулганы хөгжимтэй холбогдуулан анх хэрэглэсэн ба Бах түүний олон шүлгэнд ая зохиосон билээ. Эдгээр кантата нь ихэвчлэн библийн үгийг байгаагаар нь хэрэглэдэг байсан Шүйцийн (Heinrich Schϋtz, 1585~1672)хөгжим зэрэг анхны Лютерийн чиглэлийн чуулганы хөгжимд цоо шинэ эхлэл болж өгсөн юм. Библээс холдох нь буруу чиглэлд оруулж байгаа мэт харагдаж болох хэдий ч Бах өөрийнхөө кантатад хэрэглэсэн шүлэг нь үнэхээр гайхалтай үгс байсан учир христитгэлийн үнэнийг хөгжмөөр илэрхийлсэн шилдэг бүтээлүүд болж чадсан билээ.
Бах Лютерийн чуулганы уламжлалт найрал дуунуудтай маш ойролцоо үгс, аялгууг бүтээлүүддээ ашигласан учир хэдий сонсогчид хамт оролцоогүй ч кантата бол мөргөл гэсэн ойлголтыг төрүүлж чадаж байсан юм. (Эндрю Вильсон-Диксон, 2001:95).
Түүгээр ч үл барам, Бах хөгжмийн зохиол бүтээлдээ сайхан яруу илэрхийлэл гэхээсээ илүүтэй итгэлийн зорилгод анхаардаг байв. Түүний хэлсэн үгсээс түүний энэхүү хөгжмийн талын үзэл бодлыг олж харж болно.
“Зорилгынхоо төлөө ажиллах, өөрөөр хэлбэл сайтар цэгцлэгдсэн чуулганы хөгжмийг бий болгоё гэвэл,  Бурханы яруу алдрын төлөө...”, “бүхий л хөгжмийн эцсийн шалтгаан, зорилго нь .......Бурханы яруу алдар болоод зүрх сэтгэл шинэчлэгдэн босгогдсон байхад оршино. Ийм зүйл харагдахгүй байвал энэ нь жинхэнэ хөгжим биш, зөвхөн муу сүнсний гоншигонох дуу төдий зүйл гэсэн үг.” (Эндрю Вильсон-Диксон, 2001:95-96).
Бахын энэхүү хөгжимд тавьсан зорилго, ойлголт нь түүний хөгжмийн онцлог болох “бэлгэдлийн уран чадвар” хийгээд “сэтгэл хөдлөлийн уран чадвар”-аас нь тод харагддаг. Ийнхүү сэтгэл санааны байдлыг хөгжмөөр илэрхийлэхийг хөг аялгууны онол гэдэг ба энэ нь эгшиг аялгууг ямар нэгэн үзэл бодлын агуулгатай холбохыг хэлдэг. Тиймээс ийм аялгуу нь бэлгэдлийн шинжийг агуулдаг ба үүнийг  төлөөлж чаддаг.
Бах тухайн үеийнхээ хөгжмийн зохиолчдын нэгэн адил энэхүү онолыг дуртайяа хүлээн авч энэ аргыг өөрийн чуулганы хөгжмийн бүтээлд тохируулан ашиглаж байв. Ялангуяа түүний зовлонт аялгуу болон кантатад энэхүү онцлог нь тод тусгагдсан бөгөөд хөгжим нь үгээ дэмжин тусалж, тухайн үгийг хөгжмийн талаас нь сонсож, харахад хүргэдэг.  
Сэтгэл хөдлөлийн агуулгыг илэрхийлдэг сэтгэл догдлолын онол (Affektenlehre)-ын талаар Бах доорх байдлаар өгүүлж байна. “Баяр хөөр нь бидний амийн сүнс өргөжин тэлж буй хэрэг учир өндөр, өргөжүүлсэн интервалаар (interval) хамгийн сайн илэрхийлж болдог. Нөгөө талаас, уй гуниг гэдэг нь бидний биеийн хамгийн өчүүхэн хэсгүүд ч агшиж байгааг хэлдэг учир хамгийн нарийн интервалыг ашиглан илэрхийлэх нь илүү тохиромжтой гэдгийг хялбархан ойлгож болно.” (Эндрю Вильсон-Диксон, 2001:97).     
Бид чуулганы хөгжмийн асуудлыг авч үзэхдээ, хөгжмийн талын бүхий л элементүүдээр дамжуулан зөвхөн Бурханд алдрыг өргөхийг хичээж байсан Бахын үзэл баримтлалд хөнгөн хуумгай хандаж болохгүй юм.
Контрпункт хөгжмөөс харагдах Бурханы алдар хийгээд хүмүүсийн хариулт  
Бахын хөгжмийн хамгийн гол онцлог нь аялгуунууд хоорондоо эсрэгцэн, ижилсэж, заримдаа уусан нийлж, заримдаа сөргөлдөн мөргөлдөн урсан гарч байдагт оршдог. Ийм хөгжмийг контрпункт  (зэрэгцүүлэн байрлуулах арга, contrafunctus) хөгжим гэж нэрлэдэг. Энэхүү хөгжмийн гарал үүслийг хөөн үзвэл IX зууны үеийн Грегорийн найрал дуу нь тогтсон ая (cantus firmus) болж, үүн дээр нэг хэсэг эсвэл түүнээс олон ая нэмж нийлмэл ая (contrasoggetto) болгон зэрэгцүүлэх хэлбэрээр цааш нь олон янзаар хөгжүүлсэн байна. Удалгүй бароккогийн хөгжмийн үеийг дамжин XVIII зуунд орсноор Бах бүрэлдэхүүнт контрпункт арга болгон өргөжүүлсэн байна.
“Бах фуга (хөгжмийн төрөл-хэд хэдэн хоолойн өнгө давхар гарах ба өнгө тус бүр хатуу тогтсон журмаар үндсэн өнгө эсвэл арай өөр өнгийг давтан гаргадаг) хэлбэрийн төгс байдал дээр бүх л боломжтой контрпунктийг эцэст нь хүртэл гаргаж ирсэн ба контрпункт аргыг хамгийн дээд туйлд нь хүртэл гаргаж чадсан учраас  Бахын бүтээлүүд энэ хэлбэрийн зарчим нь болж өнөөг хүртэл хадгалагдан  уламжилж ирсэн  хэрэг юм.” (хөгжмийн нэвтэрхий толь 1989:256).  
Эндрю Вильсон-Диксон Бахын хөгжмийг “хүний харилцааны тогтворгүй байдал нь Бурханы хаанчлалын амар тайван байдалтай нэгдсэн байхыг хүсэмжилсэн цангааг илэрхийлж байдгийн адил, хэвтээ олон талт аялгууг (олон бүрэлдэхүүнт) босоо нэг талт аялгуу (сайтар бүрэлдсэн өнгө) болгож өгдөг...” хэмээн тодорхой дүгнэсэн байдаг. (Эндрю Вильсон-Диксон 2001:96).
Гайхалтай нэг үнэн нь Дитрих Бонхоффер (Dietrich Bonhoeffer) Христийн тухай онолын мөн чанар буюу христитгэлт амьдралын загварыг олон хөг аялгуут хөгжим (Polyphonie), онцгойлон контрпункт хөгжмөөр дамжуулан сайтар ажиглан урлаж байсан явдал байв.
“...Бурхан болон Түүний үүрд мөнхийн чанарыг чин зүрхнээсээ хайрлахыг хүсэж байна. Энэхүү хайр дээрх зүйлээс болоод дэлхий дээрх хайр хөрөх эсвэл сулрахад хүрэхүйц үр дүнд хүргэдэг бус харин энэ нь амьдралын өөр нэгэн хөг аялгуу болдог учир нийлмэл хөг аялгуутай нийлэн дуугардаг нэг төрлийн “тогтмол аялгуу” (Cantus firmus) (контрпункт аргад хэрэглэдэг, тогтсон хэлбэр бүхий ая) болохын хувьд хайр гэсэн үг юм. Бүрэн бие даасан шинжтэй бөгөөд тогтмол аялгуутай холбоо бүхий нийлмэл аялгууны (тогтмол аялгуун дээр олон өнгө нэмж бий болгосон аялгуу) сэдвүүдийн нэг нь дэлхий дээрх хайр юм....Тогтмол аялгуу нь тод байх үед, нийлмэл аялгуу нь тэр хэмжээгээр хүчтэй гарах болно. Тогтмол аялгуу болоод нийлмэл аялгууг Калькадоны тунхаглалд  хэрэглэсэн үгээс иш татан илэрхийлбэл  Христийн хүмүүний болоод Бурханлаг мөн чанар нь түүнчлэн байдгийн адил “салгах аргагүй боловч бие биеэсээ тусдаа зүйлс” байдаг. Хөгжим дэхь нийлмэл аялгуу нь энэхүү Христийн тухай онолын уг мөн чанарын хөгжмийн талын загвар бөгөөд үүнээс үүдэн бидний христитгэлт амьдралын загвар хүртэл болдог учир бидний хувьд хамгийн ойр дотно, чухал зүйл биш гэж үү?” (Дитрих Бонхоффер 1995:171).   
Бонхоффер тогтмол аялгууг Христийн Бурханлаг чанар буюу Соломоны дуун номонд гардаг Бурханы  хайр гэдгээр ойлгож байсан нь гарцаагүй. Түүнчлэн холимог аялгуу нь Христийн хүмүүний чанар буюу Бурханы хайранд үзүүлсэн Христэд итгэгчдийн итгэл хийгээд хайрын хариу үйлдэл гэж үзэж байв. Христийн Бурханлаг мөн чанар хийгээд хүмүүний мөн чанар нь биеэ даасан боловч салгахын аргагүй зүйлс байдгийн адил холимог аялгуу бүхий хөгжимд тогтмол аялгуу болон нийлмэл аялгуу нь бие даасан шинжтэй хэдий ч бие биенээс нь салгах үед хөгжмийн хувьд утга учир, үнэ цэнээ алддаг болох нь тодорхой байгаа юм. Тиймээс тэрээр шоронд эргэж очсон найздаа ийнхүү зөвлөжээ.  
“Миний чамаас хүсэж байгаа зүйл бол тогтмол аялгууг зөв, тодорхой тоглоосой гэж хүсэж байна. Тэгж байж л сая төгс төгөлдөр аялгуу сонсогдож, нийлмэл аялгууг үргэлж дэмжиж байгаа гэдгээ мэдэж чадах болно...Энэхүү олон аялгуут хөгжмийн дотор байх үед л сая түүний амьдрал төгс төгөлдөр болохын зэрэгцээ тогтмол аялгууг өргөжүүлэн хэвээр нь хадгалж байгаа цагт ямар ч гай гамшиг тохиолдохгүй байх болно гэдгийг эцэст нь мэдэх болно....Басхүү  хэрэв бие биенээсээ салахгүй л бол болохгүй болох тийм өдөр ирлээ ч тэрхүү салалт, эсвэл түүний үр дүнд бий болох бүхий л аюул заналаас айж эмээлгүй, үзэн ядалгүй, тогтмол аялгуунд найдаасай гэж хүсэж байна.” (Дитрих Бонхоффер 1995:172).
Дитрих Бонхоффер тогтмол аялгуугаар дамжуулан, Бурханы хүслийг амьдралдаа тодорхой илтгэн харуулах явдал болон зовлонгоос айх айдсаасаа салж, Бурханд бүрэн найд гэж найздаа зөвлөж буй хэрэг юм.
Эндрю Вильсон-Диксон болон Бонхофферийн үзэл бодол, ажиглалтаас иш татвал контрпункт хөгжим нь энэхүү бичвэрийн гол сэдэв болж буй Бурханы яруу алдартай холбогдуулан хүмүүс (чуулган)-т ашигтай байх харилцааг тодруулан харж чадах сайн спектр нь болж өгөх  юм. Үүнийг чуулганы хөгжмийн зорилго болон чиглэлийг шалгах загвар болгон ашиглаж болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, чуулганы хөгжмийн хэвтээ чиглэл, босоо чиглэлийн алийг нь чиглэн явах вэ гэдэг асуудалтай холбоотой.
Библи бидэнд аль нэг талыг нь онцлон цохож хэлээгүй байдаг. Харин ч хэт туйлширсан хүмүүс түүний тэнцвэрт байдлыг нурааж, туйлшруулан хэрэглэж байгаа төдий л хэрэг юм.
Бурхан Өөрийн алдрыг тогтмол аялгуу байлган, үүнд өгөх хүмүүний хариултыг нийлмэл аялгуу болгохыг хүсэж байдаг. Энэхүү үзэл нь Бурханыг хайрлах хайр, хөршөө хайрлах хайр, тэнгэрт алдар нь, газарт амар тайван нь гэсэн үгсээс нь тод харагдаж байгаа юм.
Тиймээс бидний санаж байвал зохих баттай үнэн нь Бонхофферийн хэлсэнчлэн тогтмол аялгууг зөв, тодорхой тоглож байж л  нийлмэл аялгууг тодорхой сайн дэмжиж чадна гэдэг зүйл юм. Өөрөөр хэлбэл, хэдийгээр хөгжмөөр дамжуулан бидний олж авдаг, мэдэрдэг тэрхүү ашиг тус нь чухал боловч онцгойлон чуулганы хөгжмийн зорилго нь зөвхөн Бурхан Аавдаа алдар, хүндэтгэл, баяр хөөрийг өргөх нь нэн тэргүүний, гол зүйл байх хэрэгтэй.
Библи болон үгийн язгуураас харагдах Бурханы алдар, хүндэтгэл, магтаал     
Бидний хэрэглэдэг “алдар” гэдэг үгийг ерөнхийдөө  баян байх хийгээд эд хөрөнгө, амжилт болон хүч чадлаас үүдэлтэй гялалзсан нэр алдар гэсэн утгатай үг буюу христитгэлд энэ утгаар нь илүү их хэрэглэдэг.  “Алдар” гэдэгтэй ижил утга бүхий еврей хэлний үг нь “хүндийн жин”,  цул” гэсэн утгыг илэрхийлдэг ба Семитик ( Semitic language) хэлнүүдийн хувьд ч хүндийн жин гэсэн үг нь чухал, үнэ цэнэтэй гэсэн утгыг  илэрхийлсэн байдаг. (Христитгэлт үг хэллэгийн нэвтэрхий толь 15-р боть, 1994:398).
Стюарт Сэк ч бас Бурханы алдартай холбогдуулан еврейчүүдийн бичсэн “Кавод” (kavod)-н талаар доорх байдлаар тайлбарлаж байна.
Энэ үгэнд хүнд (heaviness) гэсэн утга агуулагддаг. Бидний энэ цаг үе Бурханы тухай ойлголтыг хүндийн жингүй гэсэн онцлогтой болгосон байна. Иймэрхүү хандлагыг бид хүмүүсийн дуулж байгаа дуу, залбирал, хандлагаас мэдэрч байдаг. Гэвч Израилийн хувьд Бурханы хүндийн жин нь (weightiness) Түүний хийдэг ажил үйлс, Түүний оршин буй бүхий л газарт мэдрэгдэж байдаг. Изралийн Синай ууланд харсан тэрхүү алдар нь (Ег.гарсан нь 24:16) Бурханы бүхий л ертөнцийг дүүргэхэд хангалттай байв. Одоо Бурханы Хүү болох Мессиагаар дамжуулан харагдсан “кабод” (алдар) нь Түүний авралын үйлчлэлд итгэдэг бүх хүмүүсээр дамжуулан ойлгогдох болсон билээ. .......1 зууны үеийн итгэгчдэд тохирч байсан зүйлс өнөө үед ч бас адилхан хэрэглэгдэж байна. Амьдралын хүнд хэцүү байдалтай нүүр тулах үедээ бид алдрын Эзэн дээр төвлөрөх хэрэгтэй. 17 зууны пуритан урсгалын алдарт хүн байсан Жон Овен (John Owen) энэ талаар доорх байдлаар онцолсон байдаг. “Би өөрийн бодит туршлагаар  судалсан зүйлдээ тулгуурлавал, Христийн хүмүүний чанар хийгээд алдрын талаар хэр их тунгаан бодсон гэдгээр нь түүний өсөлт хийгээд алдрын доторх уналтыг таамаглаж болно.” (Стюарт Сэк, 2006:25).
Хүндэтгэл мөргөл (worship) гэдэг үг ч бас хүндэтгэлийг хүлээн авагч Нэгэний үнэ цэнэ (worthiness)-ийг илэхийлж буй хэрэг бөгөөд энэ нь үнэ цэнийг нь мэдэж, хүлээн зөвшөөрч байж л тэрхүү дээд үнэ цэнийг нь Түүнд өргөн, тунхагласнаар Түүнийг хүндэтгэх боломжтой гэсэн утгатай.
Басхүү магтаал гэсэн утга бүхий олон еврей үгнүүдээс ч бас үүний нэгэн адил зарчмуудыг олж харж болно. Эхлээд халлелүяа гэдгээр нь сайн мэдэх болсон “халал” нь магтан сайшаах, бахархах, баяр хүргэх зэрэг утгуудыг агуулсан байдаг. Үүний дараа их хэрэглэдэг үг бол “яда” (yada) ба үгийн язгуур нь “яд” (Yad, гар) гэдэг үгээс үүсэлтэй ба хоёр гараа өргөн хүндэтгэх, хоёр гараа дээш өргөх, Бурханд талархах зэрэг утгатай. Тиймээс заримдаа “талархах” гэдгээр орчуулагддаг. Түүнчлэн “барак” (barak) нь ерөөх, өвдөг сөхрөх, магтан дуулах гэсэн утгыг агуулдаг. Ялангуяа Ким Мён Хуаныхаар барак гэдэг үгийн зөв орчуулга нь “магтаал” гэхээсээ илүүтэй “дуу дуулж ерөөх” гэсэн утга бүхий “ерөөлийн магтаал” хэмээн өгүүлэнгээ энэ үгэнд агуулагдаж буй “өвдөг сөгдөх” гэсэн утга нь магтан дууны гол утгыг илэрхийлдэг хэмээн сургамжилжээ. Үүнээс гадна “шабах” (shabah), “рум” (rum) зэрэг үгнүүд байдаг ба “шабах” нь Ёхувагийн эрх мэдэл, алдар болоод ариун байдлаас эмээн хүндэтгэх сэтгэлийг илэрхийлсэн бичвэрүүдэд хэрэглэгддэг бол “рум” нь өндөр гэсэн утгатай учир магтаалын мөн чанар болох “Бурханыг өргөмжлөх үйл хөдлөл” гэсэн утгыг илэрхийлдэг. (Ким Мён Хуан, 1999:21-27).       
Ийнхүү бидний авч үзсэн “алдар”, “хүндэтгэл” “магтаал” зэрэг үгсээр дамжуулан бид Бурханы оршихуйн үнэ цэнийг зөв ойлгож, тэрхүү үнэ цэнэд нь дүйцэхээр Түүний алдрыг хүндэтгэн, магтах хэрэгтэй гэдэг үнэнийг мэдэж авч чадах юм. Дуулал 96 бүлэг нь дээрх гурван үгийг зөв ойлгоход тусалдаг.
ЭЗЭН аугаа их учир эрхэм дээдээр магтагдах (halal) юм.
Бүх бурхдаас илүүгээр Түүнээс эмээвэл зохино. Учир нь хүмүүсийн бүх бурхад бол хоосон шүтээнүүд, Харин ЭЗЭН тэнгэрүүдийг бүтээсэн. Цог жавхлан ба сүр жавхлан Түүний өмнө, Хүч чадал ба үзэсгэлэн Түүний ариун газарт байдаг. Ард түмнүүдийн ургууд аа, ЭЗЭНд өгөгтүн,ЭЗЭНд алдар
(kavod) ба хүч чадлыг өгөгтүн. ЭЗЭНд нэрийнх нь алдрыг (kavod) өгөгтүн. Өргөл авчирч, Түүний өргөөний хашаанд ирэгтүн. Ариун байдлын гоо үзэсгэлэнгээр ЭЗЭНд мөргөгтүн (histahawah). Бүх дэлхий Түүний өмнө чичрэгтүн. (Дуулал 96:4-9)  
Эндээс “мөргөл өргөх” гэсэн үйл үг нь histatawah  буюу бичгийн хэлэнд өвдөг сөхрөн мөргөх , хүндэтгэл болон үйлчлэл гэсэн утгатай. Дээрх Дуулал номонд гарснаар бидний магтах шалтгаан нь Бурханы алдрын хувьд Түүний алдар, эрх мэдэлд тохирсон үйлчлэлийг мөргөл юм гэж үзэж болно.
Бах болон контрпункт хөгжмөөр гарч байгаа алдар болон үгийн үндэснээс үүссэн дурсгалыг нийлүүлээд дүгнэж хэлбэл дараах хөгжмийн үндсэн зарчим нь тодорхой болно. Дээрх зүйлээс дараах хоёр зарчмын дүгнэлт хийхэд хүрч байна.
1. Эхэнд, босоо чиглэл дэхь зорилго нь доорх зүйлс байх хэрэгтэй.

Нэгдүгээрт, чуулганы хөгжим нь Бурхан төвтэй (God centered) хөгжим байх хэрэгтэй.
Хоёрдугаарт, Бурханы төлөөх (for God) хөгжим байх хэрэгтэй.
Гуравдугаарт, Бурханы тухай (about God) хөгжим байх хэрэгтэй.
2. Басхүү хэвтээ чиглэлд доорх болзлуудыг хангасан байх хэрэгтэй.
Нэгдүгээрт, дэлхийлэг зүйлсийг зорилгоо эсвэл төвөө болгож болохгүй.
Хоёрдугаарт, Есүс Христийн сайн мэдээний агуулгыг гэрчилсэн байх хэрэгтэй.
Гуравдугаарт, христчин хүмүүст хийгээд дэлхийд хандсан эш үзүүллэгийн шинжтэй тунхаглал байх хэрэгтэй.
Бурхан төвтэй хөгжим, эш үзүүллэгийн шинжтэй тунхаглал болох хөгжим
Роберт Веббер (Robert E. Webber) “Хүндэтгэл мөргөлийн цөм нь туршлага, лекц яриа эсвэл шашны баяр хөөр бус харин Есүс Христийн амьдрал, авралын төлөөх үхэл, дахин амилалтанд оршдог” гэж хэлжээ. (Ким Дэ Куон 2008:76). Ялангуяа энэхүү мөргөлийн тухай үзэл бодлын талаар Паул Ефес 1 бүлэгт тод харуулсан байдагчлан Есүс Христийн дотор Бурханы алдрыг магтах ёстой талаар гурван ч удаа давтан онцлон хэлсэнтэй утга нэг юм. Энэ нь л биднийг дуудаж, аварсан Бурханы зорилго байсанд гол учир нь оршино.
Түүнчлэн эдгээр өчил, талархал нь хөгжмөөр дамжин илэрхийлэгдэх боломжтой байдаг хэдий ч мөн чанартаа үгээр дамжуулан нотлогдож байдаг. Тиймээс хүмүүсийн сэтгэл догдлолд нөлөөлдөг хөгжмөөс илүүтэй үгэнд нь гол анхаарлаа хандуулах хэрэгтэй ба үүнийг хөгжмийн хүмүүст заан сургах хэрэгтэй. Пэтрик Каваноф үүнтэй холбогдуулан дараахь үгсийг хэлжээ. “Христчин эгшиг, христчин хэмнэл, христчин хөг аялгуу байдаггүй шиг христчин хөгжим бие даан оршин тогтнож чадахгүй. Зөвхөн цэвэр, энгийн хөгжимтэй нийлсэн христчин шүлэг л оршин  байдаг төдий.”
Энэ цаг үеийн хүндэтгэл мөргөлийн хөгжим нь Бурханы алдарт төвлөрсөн хөгжим байх хэрэгтэй гэсэн Ким Дэ Куоны гол санаа доорх үгсээс нь маш тод харагдаж байна.  
Хэрэв хүндэтгэлд ашиглаж буй хөгжим нь хүний баяр хөөрийн төлөө гэсэн бодлыг төрүүлж байвал энэ нь “шашинлаг зугаа цэнгэл”  (religious entertainment)-ийг л хөгжүүлж байгаа төдий зүйл. Энтертайнмент (entertainment; зугаа цэнгэл, наргиан цэнгээн) нь “өөр зүгт  хандуулах” (divert) эсвэл “зүрх сэтгэл, санаа бодлыг сарниулах” (distract) гэсэн утгатай учир амьдрал дээрх жинхэнэ асуудлуудыг бодол санаанаас нь сатааруулан сарниулах эсвэл сэгсрэн хаяхын тулд түрхэн зуур баяр хөөртэй болгох зорилготой байдаг гэсэн үг. Хүндэтгэл мөргөл гэдэг нь зөвхөн Бурханд баярлан хөөрч, үйлдэхийг хэлдэг. Хэдий мөргөлөөр дамжуулан бий болсон баяр хөөрийг хүн эдэлж болох ч зөвхөн үүнд гол анхаарлаа хандуулж болохгүй тэрхүү мөн чанарыг агуулж байдаг зүйл нь бас л мөргөл байдаг. Мөргөлийн зорилгын эхлэл болоод төгсгөл нь зөвхөн Бурханы алдрын төлөө байдаг учир өөр ямар нэгэн зүйлийг зорилго, найдвар болговол мөргөл болж чадахгүй. Бурханы ашиг тус, Бурханы алдар, Бурханы зорилго, түүнчлэн Бурханы баяр хөөрийн төлөө оршин байх нь христчин хүний туйлын зорилго байдаг учир хүндэтгэл мөргөл нь бүх талаар зөвхөн Бурханыг голлосон байх хэрэгтэй.  (Ким Дэ Куон 2008:178).
Бурханы алдрыг чуулганы дотор эсвэл мөргөлийн дотор хорьж болохгүй гэдэг нь бидний хэрхэвч орхигдуулж болохгүй нэг зүйл билээ. Майкл Прост өөрийн бичсэн <Аюултай чуулган> (Dangerous Memories, Promises, Criticism, Songs) гэдэг номдоо энэ талыг хүчтэй шүүмжлэн, чуулган болон христчид сүүлийн үеийн христитгэлт соёлын дотор илгээлтийн эзэд шиг (living missionally) амьдардаг байх хэрэгтэй хэмээн батлан өгүүлжээ.  
Ялангуяа 4-р бүлэгт аюултай дуу гэдэгт хэт сэтгэл хөдлөлийн шинжтэй, үлбэгэр сул христитгэлт дуунуудыг оруулан, тэдгээрийг хурц шүүмжлээд, Билли Холлидэй (Billy Hollyday) хэмээх эмэгтэйг танилцуулсан байна. Тэрбээр 1930-аад оны сүүл үед, XX  зууны Америкийн хар арьстнуудын нийгмийн зөрчлийг амьд бодитоор дүрсэлсэн, хүчирхийллийг эсэргүүцсэн “хачин жимс” (Strange Fruit) гэдэг дууг дуулсан ба энэ дуу нь өнөөг хүртэл Америкт өөрчлөлтийг авчирсан дууны нэгт тооцогдсоор байгаа тухай өгүүлжээ.
Өмнөдийн моддоос хачин жимс ургадаг гэнэ
Моддын навчин дээр цус, үндсэнд нь ч цус
Хар биес өмнөдийн салхинд ганхана
Улиангарын модонд өлгөгдсөн хачин жимс
(Майкл Прост, 2009:616-617).
Лютерийн анхны магтаал (Choral) нь Нидерландад болсон үйл явдлыг дууны хэлбэрт оруулан дэлхий даяар дамжуулснаас нь үүдэлтэй. Хун Жон Су “Магтан дуу зохиох ажилд тэрээр ханцуй шамлан орох болсны учир нь мөргөлтэй холбоотой шинэ санаанаас нь бус, түүний амьдралд огцом өөрчлөлт гаргасан нэгэн үйл явдалтай холбоотой. Шашны шинэчлэлээс үүдэн шинэ шашныг эсэргүүцэх эсэргүүцэл улам бүр хурцадсанаас эхлэн тэрээр магтаалын дуунуудыг зохиож эхэлсэн байна.”
Энэ үйл явдал 1523 оны 7 сард Лютерийн заасныг нээлттэйгээр шүүмжлэн Нидерландын хоёр ламыг (Энтивинд байдаг Августин хийд) гаж буруу үзэлтэн гэж галд шатааж алжээ.
Лютер “бид шинэ дуугаар дуулна. Биднийг Эзэн захирна” Ein neues Lied Wir heben an, das walt Gott unser Herr)-ийг зохиосон бөгөөд “зарлал” (Flugblatt-реклам) хэлбэрээр тараан түгээсэн учир католикийн бусармаг үйлдлүүдийг дэлхийд таниулж өгсөн юм. Энэ дууны үгээс хэсэгчлэн авч танилцуулбал:
1.    Бид шинэ дуугаар дуулж эхэлнэ, бидний Эзэн Бурхан захирна
Бурханы алдар, магтаалын төлөө Бурханы үйлдсэн зүйлсийг магтахын тулд, Нидерландын Брюссельд хоёр залуугаар дамжуулан
Бурхан Өөрийн агуу хүчийг харуулсан билээ
Бурхан залуустаа баялаг бэлгээ цутгасан юм.
       4. Тэд аргадаж ч, орилж ч олон заль мэх хэрэглэлээ
            Залуус хана мэт ганхахгүй зогсон, гүн ухаантнуудыг зэвүүцнэ.
            Дайснуудын урьдны хүч суларч, тэр дайснууд
            Эдгээр залууст ялагджээ
            Дайсны хилэн бадарч тэднийг шатаахаар зэхэж байна.
       8. Түүдэг гал асаагаад залуусыг авчирлаа.
            Тийм зовлонд дургүйцдэг бүгд гайхан алмайрлаа.
            Залуус Бурханыг магтан дуулж баяртайгаар тэнд очлоо.
            Энэ шинэ үнэний өмнө гүн ухаантнуудын зориг мохож,
            Тэр байдлаа Бурханд харуулж орхилоо.
        9.Тэд өөрсдийн үйлдсэн доромжлолд харамсан засах гэж оролдоно
            Тэд үнэнийг илчлэхийг бус нуухыг хүснэ.
            Ичгүүр тэдний сэтгэлийг хэмлэж, найзууддаа шүүрс алдан хэлжээ.
            Гэвч зүрх сэтгэл нь дуугүй байсангүй.
Абелийн цус урссан нь Каины урвалтаас болсон билээ.
 (Хун Жон Су 2002:277-278)
Бид Майкл Простын онцлон хэлсэнчлэн дэлхий рүү хандан, дэлхийд үйлдсэн Бурханы ажлуудын тухай ярьж, Бурханы алдрыг  харуулах хэрэгтэй. Учир нь Бурханы үгэнд энэ талаар тунхагласан байдаг билээ. 
Би бол ЭЗЭН. Энэ бол Миний нэр. Би Өөрийн алдрыг бусдад, Өөрийн магтаалыг сийлмэл хөргүүдэд өгөхгүй. (Исаиа 42:8)

<Ном зүй>
Ким Дэ Куон, Мөргөл ба хөгжим, Сөүл: Керизим, 2008
Ким Мён Хуан, Магтаалын сүм, Сөүл: Шинэ магтаалын зөвлөл, 1999
Хун Жон Су, Чуулганы хөгжим, мөргөлийн хөгжим, итгэгчдийн магтаал, Сөүл: Просбитериан теологийн сургуулийн хэвлэх үйлдвэр, 2002
Bonhoeffer Dietrich, шоронгийн захидлууд, Сөүл: БНСУ-ын христитгэлт номын зөвлөл, 1995
Frost Michael, Аюултай чуулган, Сөүл: SFC хэвлэх үйлдвэр, 2009
Sacks Stuart, Еврейчүүдийн нүдээр Еврей номыг уншихуй, Сөүл: Христчин хэральд, 2006
Wilson-Dickson Andrew, Чуулганы хөгжимчний гарын авлага, Сөүл: Амийн үг, 2001
Христитгэлт үг хэллэгийн нэвтэрхий толь, 15-р боть, Сөүл: Ариун Бичээс судлалын нийгэмлэг, 1994
Хөгжмийн нэвтэрхий толь, Сөүл: Сэ Гуан хөгжмийн хэвлэх үйлдвэр, 1989.

No comments:

Post a Comment