Friday, July 27, 2012

Амьдралаасаа Бурханы алдрыг олж нээ!



Аксел Фишер Пастор (урсгал чиглэлгүй Христитгэлийн хөдөлгөөн)
Алдрыг олохгүйн цөхрөл
Бүх хүн төрөлхтний хамгийн ихээр хүсэн тэмүүлж байдаг зүйлсийн нэг нь байгалийн дагуух өөрсдийн хязгаарлагдмал байдлаа даван гарч, ер бусын байдлаар Бурхантай уулзан, зах хязгааргүй амгалан далай болоод баяр хөөр, нарны туяанд тэврүүлэн, тэнгэрт хүрч Бурханы алдрын дотор оршин байх гэдэг нь дамжиггүй.
Гэвч Адам, Ева хоёр Еден цэцэрлэгийг орхин явах шаардлагатай болсноос хойш, хүмүүс Бурханаас тусгаарлагдаж, хүн төрөлхтөн урьдын тэр байдалдаа буцан орохыг хичээсээр ирсэн билээ.
Хэд хэдэн сонгогдсон хүмүүс Бурханы алдрыг хэрхэн бүдэг бадагхан  харсан тухай олон түүхүүд Хуучин Гэрээнд байдаг. Гэвч, хүмүүс Бурханы алдрыг хэрхэвч тэвчиж чаддаггүй. Тэр нь дэндүү дарамттай байсан учир бүр Израилийн эргэн тойрон дахь улсууд хүртэл Бурханы алдар үзэгдэх үед айн чичирч байв.
Өнөө үед ч, бүх дэлхий даяар, ямар ч шашинд, алдар эсвэл дотоод амар тайван, үүрд мөнхийн тухай ер бусын мэдрэмжийг хүмүүс хүсэж байдаг. Хачирхалтай ёслол үйлдэх, залбирал, бясалгал зэрэг янз бүрийн оролдлогыг тэд хийдэг. Бүр христэд итгэгчид хүртэл заримдаа илүү гарамгай, илүү ариун болж, Бурханы алдраас зуурахын тулд өөрийгөө хүчилж байдаг.
Иймэрхүү оролдлогууд ихэнхдээ бүтэлгүйтэн, бүр цаашлаад цөхөрсөн сэтгэлийг бий болгодог. Тиймээс бид энэхүү дотоод хоосролоо өөр зүйлээр дүүргэхийг хичээдэг. Бид оюун санааны хувьд тоглоом, харилцаа эсвэл эд материаллаг зүйлсээр дүүргэж, сүнсээ бүхий л төрлийн ёслолоор тайтгаруулахыг хичээдэг. Гэхдээ бидний дотоодод ямар нэгэн зүйлийг зайлшгүй шаардаж байдаг хоосон “би”-гийн цурхирах дуу хэвээр үлдсэн байдаг нь гарцаагүй үнэн билээ.
Алдрын ялгаатай талууд   
Библид өөр хоорондоо ялгаатай хоёр өөр алдрын талаар өгүүлдэг. Нэг нь хуучин гэрээний алдар ба нөгөөх нь шинэ гэрээний алдар. Бид хуучин гэрээг уншин судлах үедээ Мосе болон бусад эш үзүүлэгчдийн амьдралаас тод харагдах гайхамшиг болоод алдрын тухай уншиж, тэдгээр нь шинэ гэрээнийхээс ч илүү хүчтэй, хүнд зүйл байсан гэдгийг мэдэрдэг. Есүс ч бас эдгэрэл, гайхамшгуудыг үйлдэж байсан нь мэдээж боловч, Түүнийг гаднаас нь харахад дэндүү энгийн харагддаг байв. Зарим нэг зураачдын дүрслэн зурснаас ялгаатай нь, Түүний толгойг  тойрсон гэрэл ч байхгүй, түүний хөлийн мөрөнд алтан цацраг ч байдаггүй, Түүний байсан газарт солонго татаж, хурц гэрэл гардаггүй байсан. Дагалдагчид ч бас адилхан. Хэдий тэд Бурханы хүчээр үйлчлэн, өвчтэй хүмүүсийг эдгээж, дагалдах гайхамшиг тэмдгүүдээр сайн мэдээг тунхаглаж байсан боловч дэндүү эгэл жирийн хүмүүс байсан гэдгийг бид библиэс уншдаг. Тэд гадаад байдлаараа эргэн тойрондоо байгаа бусад хүмүүсээс ялгарах зүйлгүй байсан. Бүр цаашилбал, дотооддоо ч бас хувь хүний зан чанарын асуудал, айдас, нүглээсээ болон зовж байлаа.
Хэрэв хадан дээр үсгээр сийлэгдсэн үхлийн үйлчлэл ч гэсэн алдартайгаар ирж, Израилийн хөвгүүд Мосегийн нүүрэн дэх түр зуурын цог жавхлангийн улмаас түүний царайг харж чадахгүй байсан юм бол, Сүнсний үйлчлэл нь илүү алдартай байх бус уу? Учир нь хэрэв ял зэмлэлийн үйлчлэл нь алдартай байх аваас зөвт байдлын үйлчлэл нь алдар дотор үлэмж их бялхсан байна. Учир нь урьд алдартай байсан зүйл нь давамгай алдраас болж хэдийн алдаргүй болжээ.  Хэрэв түр зуурынх нь алдартай байсан бол мөнх үлдэх нь үлэмж их алдартай байна. Иймээс бид тийм найдвартай байж, үнэнхүү зоригтойгоор хэлдэг. Бид Мосе шиг биш юм. Аажимдаа байхгүй болох зүйлийнхээ төгсгөлийг Израилийн хөвгүүдэд харуулахгүйн тулд тэр нүүрээ бүтээлгээр халхалсан. (2Коринт 3:7-13).   
Үхлийн үйлчлэл, тэнд тийм агуу алдар байгаа юм бол яагаад үхэхэд хүрдэг вэ? Мосегийн уулан дээр хүлээн авсан чулуун дээр үсэг сийлсэн байсан нь хууль байсан. Тэр Бурханы үг байсан боловч авралын хүчгүй байсан. Тэр нь зөвхөн Бурханы түвшинг тодорхойлж, нүгэл болон түүнд оноох шийтгэлийг тод харуулсан хууль байсан. Тиймээс түүний үр дүнд хүмүүс хуулиар буруутгагдан, үхэхэд хүрсэн. Гэвч хүмүүс энэ хууль нь Бурханаас, уулан дээр болон Мосегийн царайнаас гэрэлтэн харагдаж буй алдраас өгөгдсөн гэдгийг холоос ч атугай харсан. Тэр алдар нь Мосед ч тэр удаан хадгалагдсаар байгаагүйд гол асуудал оршиж байгаа юм.
Үхлийн үйлчлэл буюу хуулиар буруушаасан үйлчлэлийг Есүс Христийн доторх амийн хууль болох Ариун Сүнсний үйлчлэлтэй Паул харьцуулсан байна (Ром 8:2). Энэхүү үйлчлэл нь бүр илүү хүчтэй. Хуучин гэрээнд Ариун Сүнсийг хараахан бүх махан биед цутган өгөөгүй байсан. Ариун Сүнс зөвхөн сүмийн байранд оршиж, Бурханы хүсэл биелэгдсэн байхын тулд хэд хэдэн тохиолдолд хэдэн хүн дээр буух төдийгөөр хязгаарлагдаж байв. Харин Есүс Христээр дамжуулан бидэнд аврал өгөгдсөн билээ. Тэрбээр Өөрийн махан биеэр үхлийн хуулийг гүйцэлдүүлж, Түүгээр дамжуулан бид Түүний Ариун Сүнсээр, амийн хуулиар амьдрах боломжтой болсон. Нүглийг шийтгэн, үхэлд хүргэдэг хуулийн үйлчлэл биелэгдэхгүй, Бурханы алдар бөхөн, дахин дахин бөхөхөд хүрсээр байлаа. Гэвч Есүс хуулийг хэрэгжүүлэхийн тулд ирсэн хэмээн хэлсэн байдаг. Тэр хүмүүсийн дунд зөвхөн сайныг үйлдсэнээр бус, үхлийн төлөөс болгож хууль үхлийг шаардаж байдгийн дагуу Өөрийн амийг өгснөөр бидний төлөө хуулийг биелүүлсэн билээ. Тийнхүү Тэрээр Ариун Сүнсний шинэ улирлыг бий болгож, Бурханы алдрыг үүрд мөнх байх болгосон ажээ.
Энэхүү аврал нь итгэхийн аргагүй хүчтэй зүйл байдаг. Энэ аврал нь бидний зүүдэндээ ч харж чадахааргүй байр сууринд биднийг өргөн тавьж, гайхалтай алдрын учир өөрийн нүүрийг халхлахаас өөр аргагүй байсан Мосетой өөрсдийгөө харьцуулах урам зоригийг бидэнд өгдөг. Гэхдээ Ариун Сүнс болон алдар биднийг орхин хаяхгүй учир бид заавал тэгэх шаардлагагүй (Матай 28:20).
Харин Израилийн тухайд тэдний зүрх сэтгэл хатуурсан хэмээн бичигдсэнчлэн би өнөөдөр өөрсдийнхөө төлөө санаа зовниж байна. Биднийг  үүрд орхидоггүй илүү агуу алдар бидэнд бий. Бид ч бас зүрх сэтгэлдээ хатуурч, сүнсний нүд маань дахин бүтээлгээр бүтээгдээд урьдахаа харж чадахгүй байгаа юм биш байгаа? Энэ нь та бүхнийг шүүн буруутгах гэсний учир биш, та бүхний тэр бүтээлгийг авч хаяхын тулд юм. Сүмийн хөшиг урагдсан ба Бурханы алдар цаашид дахин биднийг орхихгүй байх болно хэмээн бичигдсэн байдаг. Энэ хөшгийг зөвхөн Христийн хүчээр л зайлуулж чадна. Христ ганц удаагаар бүх зүйлийг хэрэгжүүлсэн. Гэвч өөрийн нүднээс энэ хөшгийг зайлуулахын тулд Христ үхлийн хуулийг бүрэн хэрэгжүүлсэн гэдэг үнэнийг ойлгох хэрэгтэй. Энэ нь бид цаашид буруутгагдахгүй, Ариун Сүнсээр амьдрах боломжтой болсон гэсэн утгатай. Бид үүнийг зөвхөн итгэлээр хүлээн авч чадна. Өөрөөр хэлбэл, бид Түүнийг ойлгож ч чадахгүй, басхүү тийм эрхгүй байлаа ч итгэлээр тэрхүү үнэнийг ухаарч чадна. Энэ үнэнээр дамжуулан бид Ариун Сүнсээр удирдуулж, үхэл буруутгалын хуулиас чөлөөлөгдөн, нигүүлслээр аврагдан, Бурханы оршихуй, алдрын дотор амьдрах болдог. Олон хүмүүс хийгээд христэд итгэгчид энэ үнэнийг мэддэг хэдий ч урьдынхаараа л Бурханы алдар дутагдсаар байгааг мэдэрч байдаг. Би ч бас энэ үнэнийг сайн мэднэ. Учир нь би ч бас тийм л байсан, үргэлжлүүлэн Бурханы үнэнээс зуурсаар байх хэрэгтэй болохоор тэр билээ. Тиймийн учир дараагийн шат та бүхэнд ч бас туслах болно.
Нуугдмал алдрыг ил гаргах нь     
Хүчний давамгайлал нь биднээс биш, харин Бурханых байхын тулд бид энэхүү баялгийг шавар савнуудад тээдэг. (2Кор 4:7)
Бид амьдрал дээр Есүсийн дагалдагчидтай төстэй байдалтай тулгардаг. Бид энэхүү агуу Есүсийг дагахыг хүсдэг хэдий ч, өдөр тутмын амьдралын талбар дээр зовон шаналж байдаг. Энэ нь үнэхээр үргэлж тийм алдартай харагддаггүй. Гэхдээ харин энэ зүйл л хамгийн том асуудал байдаг. Бид Бурханы байр сууринаас үнэн, бодитой зүйлд анхаарлаа төвлөрүүлэхийн оронд өөрсдийнхөө мэдэрч буй зүйл, сонссон зүйл, харагдаж буй зүйл дээр аяндаа л анхаарлаа төвлөрүүлдэг. Бид одоо ч тэр, нэг их алдартай харагдаад байдаггүй, дотор нь эрдэнэ хийснээрээ л өөр болохоос шавар мэт хялбархан хагарах махан биедээ байсаар байгаа билээ. Бид тэр шавар саваа хардаг уу? Эсвэл дотор нь байгаа эрдэнээ хардаг уу? Аль нь илүү бодитой оршин байгаа вэ? Хоёулаа. Гэвч тэрхүү эрдэнэ бидэнд үнэ цэнэ, хүч чадлыг өгдөг. Тйимээс бид өөрсдийн дотор буй эрдэнэд  анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Тэр үнэхээр үнэн эсэх нь гаднаас харагдахгүй – Есүсийн биеэс ч бас харагдаж байгаагүй. Гэхдээ Есүсийн дотор байсан Ариун Сүнс Түүнд Ариун Эцэг Бурханыхаа  алдрыг харуулах эрх мэдэл, хайр, бүх зүйлийг өгсөн. Үүгээрээ хүмүүсийн найдаж байснаас өөр байсан. Тэд урьдны хуучин гэрээний ойлголтууд дотроо байсаар байсанд  гол учир нь оршиж байгаа юм. Хүмүүс гадна илрэн харагдах алдрыг хүсэмжилж байсан учир үзэгч болж, сэтгэл хөөрлийг улайран хөөцөлдөж, сүүлд нь алдрыг орхисон эмгэнэлтэй байдалд орсон. Өнөөгийн бид ч бас ийм сэтгэлгээний бүтцээс болоод олонтаа халтирч унадаг. Гэвч Есүсийн бидэнд зориулан бэлтгэсэн зүйл ийм биш. Есүс Ариун Сүнсээрээ тэдэнтэй үргэлж хамт байгаа гэдгийг мэдэх хүртэл, басхүү ийм арга замаар Есүс болоод Ариун Эцэг Бурханы алдар бидний дотор, биднээр дамжин энэ дэлхийд харагдаж байдаг гэдгийг ойлготлоо дагалдагчид их цаг алдсан билээ. Энэ зүйл л Паулын хэлээд байгаа зүйл ажээ. 
Өөрийнхөө дотор буй алдрыг олж хараарай          
Харин бид бүгд бүтээлэггүй нүүрээр Эзэний алдрын тусгалыг хардаг. Бид энэхүү Түүний дүрд алдраас алдарт өөрчлөгддөг. Энэ нь Эзэний Сүнсээр болдог (2Коринт 3:18).
Тиймээс бид Христийн илчлэлтээр дамжуулан бүтээлгээ авч хаясан учир Бурхан бидний хооронд юу ч байхгүй. Энэ нь Бурханы гэрэл, алдар нь халхлагдалгүй бидэн дээр тусдаг гэсэн утгатай. Бид Есүс Христийн талаар илүү их мэдэх тусам өөрсдийнхөө тухай ихийг мэддэг. Бид Түүний агуу байдлыг олж нээсний адил, өөрсдийнхөө агуу гэдгийг ч бас олж хардаг. Бид Түүний мутраар бүтээгдсэн бүтээл. Бурхан үнэхээр агуу оршихуйг бүтээсэн. Харин бид хөшгийн доор байсан учир гэрлийг олж харалгүй, үхлийн хуулийн дор, харанхуйд байсан ба бидний дотор буй агуу байдлыг олж харж чадалгүй харин ч буруутгал, эсэргүүцлийг олж хардаг байсан. Гэхдээ одоо бол Бурханы бүтээл болох өөрсдийгөө хичнээн агуу вэ гэдгээ мэднэ. Тэр биднийг хүүхдээ болгон, бас Өөрийн хаанчлалын элчин сайдууд болгон дуудсан. Бурхан биднийг цорын ганц байхаар, Бурханы алдар болоод гоо үзэсгэлэнг тод харуулж байхаар бидний хүн нэг бүрийг бүтээсэн. Бид Бурханы өмнө өөрсдийн бүтээлгээ авч хаясан учир ичгүүр, хуурмаг байдалгүй гэрлийн дотор байгаа юм. Бид алдраас алдарт, үүрд улам бүр нэмэгдсээр байх алдрын дотор өсөн, хөгжих болно. Итгэж чадахгүй нь ээ гэж үү? Гэвч энэ бол үнэн. Бас та бүхэн энэ илчлэлтийг ухаарсан шиг огт найдаж байгаагүй газраасаа  Бурханы алдрыг олж харан гайхах болно. Ердөө л бүдэг бадагхан харагдаж байсан зүйлүүдийн дотроос та бүхэн гайхалтай өнгө будгийг олж харах болно. Өвчинд шаналж байсан газраас эдгэрлийг олж харах болно. Уурлан хилэгнэж, гомдоллож байсан зүйлсээсээ та бүхэн Бурханд талархаж, хүндэтгэх шалтгааныг олж харах болно. Бүх зүйл утгагүй, асуудлаар дүүрэн харагдаж байсан газраас та бүхэн боломж, найдварыг олж харах болно. Хуулийн буруутгалыг л мэдэрч байсан тэр газраасаа та бүхэн нигүүслийн авралыг олж харах болно. Бүтэлгүйтэл, сул дорой байдлаа харж байсан тэр газраасаа тэвчээр, хүчийг олж харах болно. Эдгээр бүх зүйлс нь Христ бидний бүтээлгийг авч хаясны учир боломжтой билээ. Христ та бүхний дотор үүрд мөнх, хязгааргүй оршин байж, Түүнийг алдаршуулсан тэрхүү алдраа та бүхэнд өгсөөр байна. Амен.    

No comments:

Post a Comment