Friday, July 27, 2012

Талархлаар Бурханд алдрыг өргө



Жон Сон Хүн пастор (Тонне төв чуулган)
Иерусалим хүрэх замд нь ийм хэрэг болов. Есүс Самари, Галил нутгийн заагаар явж байжээ. Түүнийг нэгэн гацаанд хүрч ирэх үед зайдуу зогсож байсан уяман өвчтэй арван хүн Түүнтэй уулзлаа. Тэд дуугаа өндөрсгөн -Есүс, Эзэнтэн, биднийг өршөөгөөч! гэв. Есүс тэднийг харуутаа, -Яв, өөрсдийгөө тахилч нарт үзүүл гэжээ. Тэд явах зуураа цэвэршсэн байлаа. Тэдний нэг нь өөрийн эдгэрснийг хараад, буцан ирж, чанга дуугаар Бурханыг алдаршуулан, Есүсийн хөлд нь нүүрээрээ унаж Түүнд талархал өргөв. Тэр Самари хүн байжээ. Есүс -Арван хүн эдгээгдсэн биш үү? Харин бусад ес нь хаана байна? Бурханд алдрыг нь өргөхөөр энэ харь хүнээс өөр хэн ч буцаж ирсэнгүй юу? гээд, Тэр түүнд -Бос, өөрийн замаар яв. Итгэл чинь чамайг эдгээлээ гэв. ( Лук 17:11-19)
Өнөөдрийн ишлэлд гарч буй энэхүү эдгэрлийн үйл явдал нь Есүсийн үйлдэж байсан бусад эдгэрлийн үйлчлэлээс огт өөр байна. Ердийн тохиолдолд Есүсийн өвчтэй хүмүүсийг эдгээж байсан үйл явцыг харвал өвчтөн тус бүртэй нэг бүрчлэн уулзаж, ярилцаж байгаад түүний итгэлийн дагуу өвчнийг нь эдгээж өгдөг байсан. Бас дийлэнх тохиолдолд ганцаарчлан уулзаж, хувьчлан эдгээж өгдөг байсан ба олон өвчтнийг нэг дор эдгээж байсан тохиолдлыг олж харахгүй.
Гэтэл өнөөдрийн тохиолдолд бусад тохиолдлуудаас өөрөөр арван өвчтнийг нэг дор эдгээжээ. Тэр нь бүр эмчилгээгүй өвчин гэж үздэг уяман өвчтэй арван хүнийг нэг цагт, нэг дор, бүгдийг нь эдгээсэн байна.
Ижил төстэй сайн мэдээний номын (synoptic gospel) хаана ч Есүс олон өвчтнийг нэг дор эдгээсэн тохиолдол зөвхөн өнөөдрийн ишлэлээс өөр байхгүй. Энэ нь Эзэн өвчнийг эдгээхдээ зөвхөн хувьчлан эдгээдэг бус олноор нь ч бас эдгээж чаддаг гэдгийг харуулж байгаа юм.
Өнөөдөр, энэ цагт, олон хүмүүсийг зэрэг эдгээж байсан Эзэн энэ цуглаанд хамт байж, та бүхний бүхий л асуудлуудыг Өөрийн биеэр шийдвэрлэн, бүхий л өвчнийг тань эдгээсэн байгаасай хэмээн хүсэж байна.
Өнөөдрийн ишлэлд гарч буй арван уяман өвчтөн бүгд хамтдаа Эзэн дээр ирж, нэг ижил хүслээ нэг дуугаар хашгиран гуйснаар хариултаа авч байна. 12-13 ишлэлийг харцгаая:
Түүнийг нэгэн гацаанд хүрч ирэх үед зайдуу зогсож байсан уяман өвчтэй арван хүн Түүнтэй уулзлаа. Тэд дуугаа өндөрсгөн -Есүс, Эзэнтэн, биднийг өршөөгөөч! гэв.”
Бид ч бас уяман өвчтнүүд шиг нэг дор цугларан нийтийн залбирлын сэдвээр хамт залбирахаас хойш сууж болохгүй. Хоёр, гурван хүн хамт байж, сэтгэлээ нэгтгэн залбирч байгаа газарт бидний Эзэн буун ирж, гайхалтай ажлуудаа үйлддэг Нэгэн учраас тэр билээ.
Өнөөдрийн ишлэлээс бидний харж болох өөр нэг онцлог нь өвчтнүүд байсан тэр газартаа, тэр дороо эдгэрсэн бус Есүсийн үгийг сонсоод явж байх замдаа эдгэрч байгаа явдал юм. Есүс өвчтнийг эдгээж байсан ихэнх тохиолдолд өвчтөнд эдгэрлийг тунхагламагц тэр даруй өвчин нь орхин, өвчтнүүд эдгэрч байсан билээ. Харин өнөөдрийн ишлэлд явж байх замдаа уяман өвчтнүүдийн өвчин нь эдгэрсэн байна. 14 ишлэлийн үгэнд:      
Есүс тэднийг харуутаа, -Яв, өөрсдийгөө тахилч нарт үзүүл гэжээ. Тэд явах зуураа цэвэршсэн байлаа.” 
   Юу гэсэн үг вэ? Есүс биднийг залбирсан дор, тэр даруй хариулах үе байдаг ч, тэгэхгүй байх тохиолдол ч бас байдаг гэсэн үг. Тухайн цагт, тухайн газарт хүч чадлаараа ажиллах үе байдаг ч гэлээ, өөр цагт, өөр газарт Түүний хүч чадал харагдах үе ч байдаг нь үнэн юм. Тиймээс бид Эзэнд хашгиран залбирсан тэр даруй эдгэрэхгүй байна гээд сэтгэлээр унан, урам хугарч болохгүй. Тодорхой хугацаа өнгөрч, газар орон, орчин өөрчлөгдсөн байлаа ч Эзэн амлалтаа заавал биелүүлдэг гэдэгт баттай итгээсэй гэж хүсэж байна. Ямар ч тохиолдолд Эзэн миний энэ асуудлыг шийдвэрлэж өгөх болно гэсэн баттай итгэлээр урагшилдаг итгэгчид байгаасай хэмээн хүсэж байна. Бид хаана ч байсан Эзэн гарцаагүй хариулах болно. Бид гэртээ байна уу, машин дотроо байна уу, замд гараад явж байна уу, ажил дээрээ байна уу, сургууль дээрээ байна уу гэдэг нь ямар ч асуудал биш билээ. Учир нь Эзэн цаг хугацаа, орон зайнаас хамааралгүйгээр бидэнтэй хамт байдаг Бурхан юм.
Ямартай ч, өнөөдөр ч бас Эзэний амлалтанд итгэн явж байх замдаа, та бүхний бүхий л асуудлууд шийдэгдэн, бүх өвчин эдгэрсэн гайхалтай ивээл та бүхэн дээр байгаасай хэмээн хүсэж байна.
Бусад  ес нь хаана байна? 
Өнөөдрийн ишлэлд бусад эдгэрлийн үйл явдлуудын адил, өвчтнүүд эдгэрснээр дуусаагүй. Үргэлжлүүлэн Бурханд алдрыг өргөн эргэж ирсэн самари хүний тухай түүхээр үргэлжилж байна. Тиймээс өнөөдрийн ишлэлд хэлэх гэсэн гол санаа нь “уяман өвчин хэмээх тэр бузар өвчин хэрхэн эдгээгдсэн бэ?” гэдэгт байгаа биш, “бид Эзэний ивээл нигүүлслийг авсныхаа дараа хэрхэн үйлдэх хэрэгтэй вэ?” гэдэгт оршиж байна.
Эзэн нэг хүнийг буцаж ирэх үед ийнхүү айлдсан байна: “Бусад ес нь хаана байна?”
Өөрөөр хэлбэл, тэр есөн хүн ч бас эргэн ирж, Бурханд алдрыг өргөвөл зохих хүмүүс байсан гэсэн үг. Тэр агуу, гайхалтай ивээлийг авч мэдэрсэн учир буцаж ирээд, талархлаа илэрхийлэх нь зүй зохистой, мэдээжийн зүйл биш гэж үү гэсэн үг. Гэтэл “тэд одоо хаана байна?” гэж байгаа хэрэг.
Есүсийн амьдарч байсан үед ч тэр, одоо ч тэр уяман өвчин нь   эмчилгээгүй өвчин болох нь мэдэгдсэн байна. Энэ өвчин хүнийг махан биеийн хувьд, сэтгэл санааны хувьд бүрмөсөн устгаж орхидог нь хамгийн аймшигтай. Энэ өвчин хөршүүдтэйгээ хэвийн харилцаатай байж чадахгүй болгож, хамар, гар, хөл нь тасран унасан ч огт өвдөхгүй, ямар ч мэдрэмжгүй болгож орхидог. Тиймээс энэ өвчин туссан хүн насан туршдаа хараагдсан амьдралаар амьдрах хэрэгтэй болдог. Гэтэл хэн нэгэн хүн энэ өвчнөөс нь аварсан гээд төсөөлөөд үзье л дээ. Тэгвэл би яах байсан бол? Бүх зүйлээ орхиод, түүн дээр гүйн очоод талархахгүй байсан гэж үү? Үгүй ээ, бүх насан туршдаа түүнд талархан амьдрах байсан биш гэж үү?
Гэтэл энэ ишлэлээс харахад, эдгээгдсэн арван хүнээс Есүст талархахаар буцаж ирсэн нь ердөө ганцхан хүн л байлаа. Энэ нь талархдаг хүн цаг ямагт цөөхөн байсаар ирсэн гэдэг үнэнийг бидэнд сургамжилж байна. Хичнээн агуу ивээл авсан ч чин сэтгэлээсээ талархдаг хүн олон байлаа гэхэд аравны нэг төдийд ч хүрдэггүй гэсэн үг юм. Олонх нь өөрийн авсан ивээлээ мартаад бүр эргэн санадаг ч үгүй.
Эргэн ирээгүй есийг Эзэн хүлээсээр л байна. Амь авраач хэмээн тэгтлээ хашгиран, нигүүлсэн өршөөхийг гуйж байсан тэдгээр хүмүүсийг хүлээсээр байна.
Энэ дэлхийд мэдээжийн зүйл гэж байдаггүй. Авсан ивээлдээ талархаарай! 
Энэ ишлэлд талархдаг болон талархдаггүй хүний ялгааг маш тодорхой харуулж өгсөн байна. Эзэний цэвэршүүлсэн арван хүн байсан. Гэвч талархан эргэж ирээд, Эзэнд алдрыг өргөж байгаа нь ганцхан байна.
Бид энэ үйл явдлаар дамжуулан өвчин нь эдгэрч, гайхамшигтай эдгэрлийг авах болон аврагдах нь огт өөр зүйл гэдгийг мэдэж болохоор байна. Уяман өвчин нь эдгэрч бие нь цэвэрших болон сүнс аврагдах нь огт өөр асуудал билээ.
Өвчин нь эдгэрснээр талархан Эзэнд алдрыг өргөж буй самари хүн авралыг ч бас хамт авдаг. Гэвч өвчин нь эдгэрч, тэр чигтээ өөрсдийн замаар явсан есөн хүн аврал авч чадаагүй. Тйимээс итгэлийн амьдралаар хичээнгүйлэн амьдардаг ч талархаж мэддэггүй хүн үнэхээр чухал зүйлийг орхигдуулж байгаа хэрэг. Та бүхэн ямар байна вэ? Та бүхэн Бурханы өмнө эргэн ирээд, авсан ивээлдээ чин сэтгэлээсээ талархаж байна уу? Өвчнөө эдгээлгэж, асуудлаа шийдвэрлүүлэх нь хэзээ ч боломжтой боловч талархалгүйгээр аврагдах боломжгүй гэдгийг сайн тогтоож аваасай хэмээн хүсэж байна.
Та бүхэн итгэлийн амьдралаараа дамжуулан юу олж авахыг хүсдэг вэ? Бурханы хайрыг мэдрэн, Түүний алдарт хамт оролцохыг хүсдэг үү? Эсвэл өвчнөө эдгээлгэх, асуудлаа шийдвэрлүүлэх зэрэг өөрийн хүслээ биелүүлэхийг хүсдэг үү?
Бид Бурханы ивээлийг мэдээжийн авах ёстой зүйл хэмээн хүлээн авч болохгүй. Бурханы ивээлийг мэдээжийн зүйл гэж хүлээн авах үед яг тэндээс бүх бүтэлгүйтэл эхэлдэг. Үнэндээ, энэ дэлхийд мэдээжийн зүйл нэг ч байхгүй. Тэгсэн хэдий ч Бурханы ивээлийг мэдээжийн зүйл гэж боддог хүн Эзэний өмнө талархдаг амьдралаар хэрхэвч амьдарч чадахгүйд хүрдэг.
Бурханы ивээлд мэдрэмжгүй болж, авсан ивээлээ мэдээжийн гэж бодон, талархдаггүй хүн сүнсний хувьд уяман өвчин туссан хүн байдаг. Энэхүү сүнсний уяман өвчин нь махан биеийн уяман өвчнөөс ч илүү аймшигтай өвчин байдаг.
Бид талархвал зохих хүндээ талархаж, талархлаа илэрхийлбэл зохих үедээ талархлын үгс, үйл хөдлөлийг хийдэг байх хэрэгтэй. Бид Бурханы ивээлийг ухааран ойлгох мөчдөө тэр даруй өвдөг сөхрөн талархаж, алдрыг өргөх хэрэгтэй. Үүнийг дараа гэж хойшлуулж болох зүйл огтхон ч биш.
Талархлаар дамжуулан улам баялаг болдог Бурханы ерөөл  
Энэ ишлэлд талархдаг хүнд буулгадаг Бурханы ерөөл юу байдаг талаар өгүүлсэн байна. 19 ишлэлийг уншицгаая: “Тэр түүнд: -Бос, өөрийн замаар яв. Итгэл чинь чамайг эдгээлээ гэв.” Энэ ерөөлтэй үг та бүхний дээр ч бас адилхан буугаасай хэмээн хүсэж байна.
Гэтэл, энэ үгэнд “итгэл чинь” гэсэн нь ямар итгэлийг хэлж байна вэ? Үнэндээ, Есүс дээр хүрч ирээд өрөвдөн өршөөгөөч хэмээн хашгиран дуудаж байсан арван уяман өвчтөн бүгд итгэлтэй байсан. Тэд бүгд цэвэр болсныг сайтар нягтлан харвал энэ нь тэдний итгэлтэй байсантай нь холбоотой. Тэд бүгд өвчнөө эдгээхийг хүссэн итгэлийнхээ дагуу хариултаа авсан хэрэг билээ.
Харин ишлэлийн үгийг сайтар ажиглан харвал, Есүс дээр буцан ирээд талархан, Бурханд алдрыг өргөж буй самари хүний итгэл нь үлдсэн есөн хүний итгэлээс байр суурь, төрлийн хувьд өөр итгэл байсан гэдэг нь харагдаж байна. Есөн хүнд өөрсдийн асуудлыг шийдвэрлүүлэхийг хүссэн итгэл байснаас бус, авралд хүргэх итгэл биш байсан. Эсрэгээрээ, самари хүний итгэл нь талархсан итгэл, өөрийнх нь асуудлыг шийдвэрлэж, өвчнийг нь эдгээж өгсөн Бурханд талархсан итгэл байлаа. Колоссай 2 бүлэг 6-7 ишлэл.
Тиймээс та нар Эзэн Христ Есүсийг хүлээн авсан шигээ Түүн дотор алхахдаа, заалгаж байснаараа Түүн дотор бат үндэслэгдэн, байгуулагдаж, итгэл дотроо баталгаажин, талархлаар бялхагтун.”
Энэ үгэнд, хэрэв бид Есүс Христэд итгэх итгэлдээ зөв үндэслэгдэн байгуулагдсан бол талархлаар бялхдаг гэдгийг харуулж байна. Тиймээс бид Бурханд улам бүр талархахыг хүсдэг байх хэрэгтэй. Ийнхүү талархдаг итгэл нь зөвхөн өөрийн асуудлыг л шийдвэрлэхэд анхаарч байдаг итгэлээс үндсээрээ өөр, хамгийн өндөр түвшний итгэл юм.
Бид Бурханаас авсан ивээлдээ, бас бүх зүйлдээ талархан, Бурханд алдрыг өргөдөг хүн байхыг хичээдэг байх хэрэгтэй. Энэ үедээ бид самари хүний адил “авралд” хангалттай хүрч чадах билээ. 
“Тэр түүнд: -Бос, өөрийн замаар яв. Итгэл чинь чамайг эдгээлээ гэв.” (Лук 17:19).

No comments:

Post a Comment