Saturday, July 28, 2012

Бурханы алдрын төлөө залбирсан Есүсийн залбирал


-       Пастор. Жу Дэ Хи (Ё Ы ДУ Төгс Сайн Мэдээ Чуулганы Илгээлтийн Төв)
 “Ингэж хэлээд, Есүс тэнгэр өөд мэлмий өргөн
-Аав аа, цаг нь ирлээ. Таныг Хүү чинь алдаршуулахын тулд Хүүгээ алдаршуулаач. Таны надад өгсөн бүх хүнд Хүү чинь мөнх амийг өгөхийн тулд бүх махан биеийг захирах Та Надад өгсөн билээ. Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн. Хий гэж Надад өгсөн ажлыг тань гүйцэтгэн Би Таныг газар дээр алдаршуулав. Одоо, Аав аа, ертөнцийг бүтээхээс өмнө Тантай хамт Надад байсан сүр жавхлангаар Та Намайг Өөрийнхөө хамт алдаршуулаач. (Иохан 17:1-5)
1. Есүсийн эхний гуйлт: Бурханы алдар
Есүс загалмай дээр нас барахынхаа өмнө Бурхан Аавдаа хандан залбирсан залбирлын Ариун Бурхан Эцэгийнхээ алдар хийгээд Ариун Хүү Бурхан болох Өөрийнхөө алдрын төлөө залбирч байгаа талаар Иохан 17:1-5 ишлэлд гардаг. 
Есүс Ариун Эцэг Бурхандаа залбирах үедээ хамгийн түрүүнд юун талаар гуйсан бэ гэдгийг мэдэх нь маш чухал. Эзэн 1 ишлэлд “Аав аа” хэмээн дуудаад “цаг нь ирлээ. Таныг Хүү чинь алдаршуулахын тулд Хүүгээ алдаршуулаач” гэсэн үгсээр залбирлаа үргэлжлүүлж байна.
17:1 ишлэлд “Хүүгээ алдаршуулаач” гэж гуйжээ. Түүнчлэн 5 ишлэлд “Аав аа” хэмээн дуудаж, “ертөнцийг бүтээхээс өмнө Тантай хамт Надад байсан сүр жавхлангаар Та Намайг Өөрийнхөө хамт алдаршуулаач” гэж залбирч байна. 1 ишлэлийн залбирлаас  Есүсийг алдаршуулах нь Түүний Эцэгийг алдаршуулж байгаа хэрэг гэдгийг харж болохоор байна. Түүнчлэн 5 ишлэл дээрх залбиралд Есүсийн хүсэж буй алдар нь юу болох талаар тодорхой өгүүлсэн байгаа юм.
Ариун Хүү болох Есүс энэ ертөнцийг бүтээхээс ч өмнө Өөрийн Ариун Эцэг Бурханы хамт эдэлж байсан тэрхүү алдраа бүгдийг нь буулган тавьж, жинхэнэ хүний төрхийг өмсөн, бүхий л талаар дорд үзэгдэн хараагдсан билээ. Алдрыг авах зохистой Бурхан бол Тэр гэдгийг хэн ч мэдээгүй учир хүртвэл зохих магтаал, алдрыг нь Түүнд өргөөгүй. Ийм үед загалмайг үүрэх цаг нь ойртож байгааг Тэр мэдэж байлаа. Энэ нь 17:1 ишлэлд “цаг нь ирлээ” хэмээн хэлсэн үгнээс нь тодорхой харагдаж байна. Есүс энэ  загалмайгаар дамжуулан Эцгийнхээ хамт хүртэж байсан тэрхүү алдраа дахин Түүнтэй хамт хүртэхийг хүсэж байлаа.
Гэвч Есүс Өөрийн дахин хүртэх гэж буй тэр алдрыг ганцаархнаа хүртэхийг хүсэхгүй байлаа. Өөрийн Эцэг Бурханы өгсөн хүмүүсийн хамт тэр алдрыг хүртэхийг хүсэж байв. Тиймээс 17:2 ишлэлд “ Таны Надад өгсөн бүх хүнд Хүү чинь мөнх амийг өгөхийн тулд бүх махан биеийг захирах эрхийг Та Надад өгсөн билээ” хэмээн өгүүлжээ. Өөрт нь Эцэгийнхээ өгсөн ард түмний хамт “мөнх амь” буюу “Бурханы хаанчлалд Түүний  алдрыг хүртэх амьдрал”-д Есүс найдвараа тавьж байлаа. 
Гэвч Ариун Хүү Бурхан болох Есүс Өөрийн хүмүүсийн хамт Бурханы хаанчлалд орохын тулд загалмай хэмээх хаалгаар зайлшгүй орох хэрэгтэй байв. Загалмайн үхлээр Өөрийн ард түмнийг дуудан цуглуулж Бурханы алдарт оруулах Түүний ажил нь Эцэг Бурханых нь Түүнд даалган өгсөн дуудлага байсан юм. Энэ талаар Есүс 17:4 ишлэлд “Хий гэж Надад өгсөн ажил” гэсэн үгсээр илэрхийлсэн байна.
Есүс Өөрийн ард түмний хамт Бурханы алдарт орох болно гэдгийг Хуучин Гэрээний Исаиа эш үзүүлэгч урьдаас зөгнөн хэлсэн байдаг билээ. Исаиа 53:10-11 ишлэлийг харцгаая.
“Гэвч Түүнийг няцалж, өвтгөх нь ЭЗЭНий таалал байв.
Хэрэв Тэр Өөрийгөө нүглийн төлөөх тахил болгон өргөвөл,
Тэр үр удмаа үзэж, Өөрийн өдрүүдийг уртасган,
ЭЗЭНий хүсэл нь Түүний гарт цэцэглэх болно.
Түүний сэтгэлийн шаналлын үр дүнд Тэр харж,
сэтгэл нь ханах болно.
Миний Боол, Зөв шударга Нэгэн Өөрийнхөө мэдлэгээр олныг зөвтгөж,
тэдний нүглийг нь үүрэх болно.
Эш үзүүлэгч Исаиагийн хэлсэн үгсийн дотор “Миний зөвт шударга боол няцлагдан өвдөж, Тэр Өөрийгөө нүглийн төлөөх тахил болгон өргөвөл” гэсэн үгс нь Есүсийн загалмай дээрх үхлийг зөгнөсөн хэрэг юм. Түүний үр дүнд “үр удмаа үзнэ” хэмээн хэлсэн нь Түүний үхлээр дамжуулан авралд хүрэх Бурханы ард түмэн бий болно гэдгийг  эш үзүүлсэн хэрэг билээ.     
Нэгтгэн дүгнэхэд, Есүсийн цаг нь болсон учир загалмайг үүрэх ёстой болсон ба энэ зүйл яагаад зайлшгүй тохиолдох ёстой, юуны төлөө гэдгийг Тэрээр маш сайн мэдэж байсан гэсэн үг. Есүсийн загалмай нь “Эцэгийн Хүүдээ өгсөн бүх хүмүүст мөнх амийг өгөхийн тулд” хэрэгтэй байсан (Иохан 17:2).
Түүнчлэн загалмайн үр дүнд авралд хүрэх хүмүүс бий болсноор эцэст нь Эцэгийнх нь хүсэл биелэгдэх болно гэдгийг Есүс мэдэж байсан юм.  Ийнхүү Бурханы төлөвлөсөн хүсэл биелэгдсэнээр Эцэг, Хүү хоёр хамтдаа алдаршуулагдах юм. Тиймээс эндээс тодорхой ойлгож болох зүйл бол Есүсийг зөвхөн загалмайг үүрэх үед ч бус, хүний биеийг өмссөн тэр үеэс, басхүү энэ дэлхий дээр амьдарч байсан хором мөч бүрт нь Түүний бодол санаа, мэдрэхүйг захирч байсан хамгийн дээд зорилго бол “Бурханы алдар” байсан юм.  
2. “Бурханы алдар” гэж юу вэ?
“Бурханы алдар” гэдэг нь Есүсийн амьдралын хамгийн онцгой, чухал зүйл нь байсан бөгөөд Түүнд тайтгарал, баяр хөөрийг өгч, дэндүү зовлонтой загалмайг үүрч чадах хүч нь болж байсан. Тэгсэн хэдий ч, өнөөгийн христэд итгэгчид хийгээд чуулганууд энэхүү “алдар” гэдэг үгийн утгыг хангалттай сайн ойлгож чадахгүй байгаа бөгөөд зарим үед энэ үгийг буруу ойлгож түүний “найдвар” болоод “хүч чадлыг” алдагдуулж байгаа билээ. Тиймээс “Бурханы алдар” гэдэг үг чухамхүү ямар утгатай болохыг зөв ойлгох нь маш чухал. Энэ талаар би “Жонатан Эдвардс”-ийн үгээс иш татан тайлбарлахыг хүсэж байна.  
А. “Бурханы алдар” гэдэг нь Бурханы дотоод онцгой, агуу байдлыг илэрхийлсэн үг юм.
Бурханы алдар гэдэг нь Бурханд Өөрт нь байдаг Түүний дотоод онцгой, агуу байдал гэж хэлж болно. Энэхүү дотоод мөн чанар нь магтаал, хүндлэлийг авах зохистой онцгой, агуу байдлыг хэлж байгаа юм. Энэ талаас нь авч үзвэл энэ ертөнцийн Бүтээгч Эзэн болох Бурханаас илүү алдрыг авах Нэгэн байхгүй. Учир нь бүх зүйл Түүний бүтээл байдаг.
Алдар гэдэг еврей үгийн утга нь “хүнд” гэсэн утгыг илэрхийлдэг. “Хүнд” гэснээр асар үнэ цэнэтэй гэдгийг хэлж байгаа хэрэг. Эсрэгээрээ “хөнгөн” гэдэг үг нь ямар ч үнэ цэнэгүй, хэрэггүй, жигшим зүйлийг онцлон хэлдэг үг байдаг. Тиймээс “Бурханд алдрыг өргөнө” гэдэг нь Бурханы агуу, онцгой, магтаал хүндлэлийг хүлээн авах зохистой Нэгэн гэдгийг хүлээн зөвшөөрч, Түүнийг өргөмжилнө гэсэн утгатай.
Б. “Бурханы алдар” гэдэг нь Бурханы дотоод онцгой, агуу байдал гадагш гэрэлтэх гэсэн утгыг илэрхийлдэг.
“Бурханы алдар” гэдэг үгийн хоёр дахь утга нь Бурханы дотоод онцгой, агуу байдал хүмүүсийг оролцуулаад Түүний бүхий л бүтээлүүд дээр харагдах гэсэн үг бөгөөд үүнийг ихэвчлэн “нигүүлсэл” гэж хэлдэг. Нигүүлсэл гэдэг нь бүтээл нь хэдий Түүнээс ямар нэгэн зүйлийг шаардах эрхгүй боловч Бурхан Өөрийн нинжин сэтгэлээр Өөрийн агуу, онцгой байдлыг хуваалцан өгөхийг хэлдэг.
Ялангуяа, нүгэлт хүмүүсийг аврах үйлсэд энэхүү Бурханы алдар хамгийн гайхалтай тод харагддаг. Сатаны эрх мэдэл хийгээд нүглийн хүлээснээс аврагдах үедээ хүмүүс Бурханы нигүүлслийн амтыг мэдэрч, асар их баяр хөөр, аз жаргалыг мэдэрдэг. Тийнхүү тэдгээр хүмүүсийн баяр хөөр, аз жаргал нь Бурханд яруу алдар нь болдог. Есүсийн энэ дэлхийд хүрч ирээд хийсэн ажил нь энэхүү Бурханы алдар харагдаж хүмүүс аврагдан, баяр хөөр, аз жаргалыг эдлэх явдал байсан билээ.
В. “Бурханы алдар” гэдэг нь Бүтээгч Эзэндээ бүтээлийн өргөж буй алдар хүнд, магтаалыг хэлнэ.   
Бурханы алдар гэдэг нь бүтээлүүдийнх нь Бурханд өргөж буй алдар хүнд, магтаалыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, нигүүлслийг авч, Бурханы авралын амтыг мэдэрч, асар их баяр хөөр, аз жаргалыг эдлэх болсон хүмүүс талархалтайгаар Бурханы нэрийг магтан алдаршуулдаг. Бүтээлийнх нь Бурханд хандан өргөж буй энэхүү баяр хөөр, магтаал нь “Бурханы алдар” юм.
3. Бурханы алдрын гурван хүчин зүйл
Түүнчлэн Бурханы алдар өөрөөр хэлбэл Бурханы дотоод онцгой, агуу байдлыг бид доорх гурван хүчин зүйлээр илэрхийлэн хэлж болох юм. Нэгдүгээрт, Бурханы хязгааргүй мэдлэг, хоёрдугаарт, Бурханы хязгааргүй зөвт, ариун байдал, гуравдугаарт, Бурханы хязгааргүй баяр хөөр хийгээд аз жаргал. Эдгээр гурван “хязгааргүй” гэдэг нь энэ үгээр илэрхийлсэнчлэн үүрд мөнхийн, бүрэн төгс, өчүүхэн ч сул талгүй зүйлүүд байдаг учир алдар гэж хэлж болох юм. Энэхүү алдрын туяа нь Түүний бүтээлүүд болох бидэн дээр хэрхэн тусаж, тэрхүү туяаг хүлээн авсан хүмүүс тэр гэрлээ гэрэлтүүлснээр хэрхэн Бурханд алдрыг өргөдөг талаар авч үзэцгээе.
А. Бурханы хязгааргүй мэдлэг 
Бурханы хязгааргүй мэдлэг хүмүүс дээр тусах үед, тэрхүү мэдлэг нь хамгийн дээд Нэгэн болох Бурханыг мэдэх мэдлэг болдог. Бид энэ тухай Иохан 17:3 ишлэлээс олж харж болно. Есүс “мөнх амь” гэдэг нь цорын ганц үнэн Бурхан болон Түүний илгээсэн Есүс Христийг мэдэх явдал гэж хэлсэн байна.
Бурханыг мэдэх мэдлэгтэй байна уу, үгүй юу гэдэг нь хүний үхэл, амьдралын асуудлыг шийдвэрлэдэг.  Бурхан зарим хүмүүс дээр Өөрийн алдрын туяаг тусгахад тэр хүн тэрхүү алдрын туяаг харж Бурханыг мэдэж, Бурханд итгэдэг.
Б. Бурханы хязгааргүй зөвт (virtue), ариун байдал 
“Зөвт байдал” гэдэг үг өнөө үед нэг л хөндий сонсогддог болсон үг. Зөвт байдал нь эртний грекийн гүн ухаантнуудын судалгааны хамгийн үндсэн ойлголт байжээ. Энэ үг  “ямар нэг эд зүйл эсвэл хүнд байх хамгийн дээд агуу байдал” гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл, ямарваа нэгэн оршихуй өөрийн зорилго, чадвараа хамгийн дээд зэрэгт нь хүртэл хэрэгжүүлж биелүүлсэн байдлыг хэлдэг. Бурхан Өөрийн оршин байгаагийн зорилго, чадварыг хамгийн дээд зэргээр биелүүлэх үе нь  Бурхан Өөрийн хайрыг бидэнд зориулах тэр үе байдаг. Тиймээс “Бурханы зөвт байдал” гэдэг үгийн утга нь “Бурхан Өөрийн хайрыг бидэнд зориулах явдал” гэж хэлж болно.
Гэтэл энэхүү “Бурханы хайр” бидний хайр гэж боддог зүйлээс өөр, ялгаатай байдаг учир “ариун хайр” гэж хэлдэг. “Ариун” гэдэг үгийг Сударт зөвхөн Бурхантай холбоотой үед л хэрэглэдэг. Бүтээгч Эзэн болох Бурханы мөн чанар, хүч чадал, үйл хөдлөл нь бүтээлүүдээс огт өөр байдаг учраас “ариун” гэж хэлж байгаа юм. Бурханы хязгааргүй зөвт хийгээд ариун байдал нь хүмүүст Түүний хайраар дамжин тусгалаа олдог.
В. Бурханы хязгааргүй баяр хөөр хийгээд аз жаргал   
Бурхан Өөрийн Бурханлаг нэгдлийн дотоодод ижил мөн чанар, хүч чадал, мөнхийн чанар бүхий гурвалын Нэгдэл, өөрөөр хэлбэл Ариун Эцэг Бурхан, Ариун Хүү Бурхан, Ариун Сүнс Бурханы нэгдлээр оршин байдаг (In the unity of the Godhead there be three persons, of one substance, power, and eternity: God the Father, God the Son, and God the Holy Ghost). Энэ бол Вестминсторын итгэлийн тунхгаас (Westminster Confession) иш татсан үг. Тухайлбал, гурвал боловч Нэгдмэл Нэг Бурхан өнө эртнээс бие биенийхээ төгс төгөлдөр, өө сэвгүй сайхан байдлыг харж бүрэн төгс аз жаргал, баяр хөөрийг эдэлж байжээ. Тиймээс зөвхөн Бурхан л жинхэнэ баяр хөөр, аз жаргалыг мэддэг Нэгэн бөгөөд басхүү тэдгээрийг өгч чадах Нэгэн билээ. Тэрхүү агуу баяр хөөр, аз жаргал хүмүүст хийгээд Түүний бүтээлүүдийн дээр илэрхийлэгдэн тусаж байгааг  Бурханы алдар гэдэг. Тэгснээр энэхүү гэрлийг хүлээн авч Бурханыг мэдэж, мэдэрсэн хүмүүс Бурханы аз жаргал, баяр хөөрт оролцон, Түүнтэй хамт баярлаж, сэтгэл хангалуун болдог нь ч бас Бурханы алдар байдаг.
Жонатан Эдвардс үүнийг нартай зүйрлүүлэн тайлбарлажээ. Нарны гэрэл туссанаар бид нар байдаг гэдгийг бүр сайн мэддэг ба байгалийн үзэсгэлэн сайхныг тодорхой сайн харж чаддаг. Түүнчлэн бид нарнаас тусах гэрлийн халуун дулааныг мэдэрч, тэрхүү гэрлийн дотроос амийг олж, тайтгарал, баяр хөөрийг эдэлдэг. Үүний адил, Бурхан бидэн дээр гэрлээ тусгах үед, бид Бурханы хайрыг мэдэрч, Түүний хайр дотор амийг, тайтгарлыг, баяр хөөрийг олж авдаг.
4. Жинхэнэ Христитгэл: Бурханыг мэдэж, хайрлаж, Түүнд баярладаг амьдрал    
Тэгвэл эдгээр зүйлсийг өөрсдийн амьдралдаа хэрэгжүүлж үзэцгээе. Бид хэрхэн Бурханыг мэдэх мэдлэгтэй болж чадах вэ? Эхэнд, бид Бурханы Үг хийгээд Есүс Христээр дамжуулан Бурханы тухай мэдлэгийг олж авч чадна. Хоёрдугаарт, Бурхан Өөрийн алдрын гэрлийг бидэн дээр тусгах үед бид Бурханыг мэдэх мэдлэгийг олж авна.
Ийнхүү Бурханыг мэдэх мэдлэгтэй болсон хүмүүс Бурхан Өөрийн цорын ганц Хүүг өгөх хүртлээ биднийг хайрласан гэдэг үнэнийг мэдэж авдаг. Басхүү энэ мэдлэгийг олж, аврал авсан хүн тэр үеэсээ эхлэн Бурханд баярлана гэж юуг хэлдэг болохыг ухааран ойлгож, Бурхан дотор хангалуун байдлыг эдэлж эхэлдэг. Тэрээр, Бурханыг харж, Түүнд баярлана гэдэг нь юу болохыг мэддэг.   
Энэ нь ердийн л нэг библийн мэдлэг нэмэгдсэнээс мэдэрч байдаг сэтгэл санааны баяр хөөр биш байдаг.  Энэ бол Бурхантай хувьчлан уулзсанаар олж авсан баяр хөөр, аз жаргал байдаг. Ийнхүү Бурханыг мэдэрч байж бид сая нэг амьд оршигч Бурхантай нөхөрлөхийн аз жаргалыг амталж мэдэрнэ. Үүнийг нэг үгээр илэрхийлбэл, “Бурханыг мэдэж, хайрлаж, Түүнд баярлах амьдрал гэнэ. Түүнчлэн энэхүү аз жаргал, баяр хөөр нь Бурханд хандсан талархал, магтаалаар бидний амьдрал дээр илэрч байдаг.
Есүс Бурханы алдрыг ширтэн харж баярлан, аз жаргалтай байж чаддаг хүн байсан. Бүх зүйлсээс хамгийн эрхэм зүйл бол Бурханы алдар гэдгийг Тэр мэддэг байсан. Загалмайг үүрэхийнхээ өмнө Бурхан Аавдаа хандан залбирсан Есүсийн залбирал үүнийг харуулж байна. “Та Намайг Өөрийнхөө хамт алдаршуулаач.” (Иохан 17:5).
Христэд итгэх жинхэнэ итгэл нь хүмүүсийг Христтэй адил Бурханы алдрыг эрэлхийлэн залбирахад хүргэдэг. Тиймээс христчин хүний хувьд Бурханы алдар гэдэг нь залбирлынх нь хамгийн эхний сэдэв бөгөөд хамгийн чухал, онцгой залбирлын сэдэв нь байдаг.
Та Бурханыг мэдэх үү? Тэгснээрээ Бурханыг хайрлаж байгаа юу? Тэгснээрээ Бурханд баярлаж байгаа юу? Энэ гурван асуултаас илүү чухал асуулт бидний амьдралд байхгүй билээ. Бурханыг мэдэж байгаагийнхаа хэрээр бид Бурханыг хайрлаж, Бурханыг хайрлаж байгаагийнхаа хэрээр бид Бурханд баярладаг. Түүнчлэн Бурханд баярлаж байгаагийнхаа хэрээр бид Бурханы хүч чадлыг мэдэрч чаддаг. Энэ ивээл бидний бүгдийн маань амьдрал дээр бялхам байгаасай хэмээн хүсэж байна.     

No comments:

Post a Comment