- Ну У Ху Пастор (Шарон чуулган, Езра хаусын захирал)
Бид библи судлах
явцдаа үүнтэй зэрэгцүүлэн судлах хэрэгтэй хоёр зүйл байдаг. Энэ нь түүх болоод
шинжлэх ухаан юм. Бид зөв мэргэн ухаан хийгээд мэдлэг эзэмшихийг хүсэж байвал
библи, түүх, шинжлэх ухааныг зохих хэмжээнд нь судлах хэрэгтэй байдаг.
Библийн агуулгууд
Библид ерөнхийдөө
долоон зүйлийг багтаасан байдаг.
Нэгдүгээрт, библид
түүх байдаг. Библийн үнэн нь түүхэн үнэн байдаг учир олон түүхийн номуудыг
өөртөө багтааж байдаг. Иошуа, Шүүгчид, Рут, 1,2Самуел, Хаадын Дээд, Дэд,
Шастирын Дээд, Дэд, Езра, Нехемиа, Естер эдгээр номууд нь бүгд түүхийн номууд
билээ. Басхүү библид түүхийн номоос гадна Эхлэл номонд эхлэлийн түүх, Еврейн
овгийн түүх, Хуулийн таван номонд Египетээс гарсан тухай түүх гардаг. Тиймээс библийн
харьцангуй олон зүйл нь түүхтэй холбоотой байдаг. Тиймээс бид библи дотроос
түүхийг харж мэддэг байх хэрэгтэй.
Хоёрдугаарт, библид
Бурханы амлалт байдаг. Бид библийг Хуучин, Шинэ Гэрээ гэж нэрлэдэг ба энэ нь
шинэ амлалт, хуучин амлалт гэсэн утгатай. Библи бол Бурхан бидний хоорондын
амлалт учир маш нандин зүйл билээ. Тиймээс бид библи уншихдаа ухаан сэргэг байн
тэнд Бурханы ямар амлалт байна вэ гэдгийг сайтар ажиглан харах хэрэгтэй.
Гуравдугаарт,
библид Бурханы тушаал байдаг. Бурханы бидэнд “хий” гэсэн болон “хийж болохгүй”
хэмээсэн тушаалууд байдаг. Иудейчүүдийн Хуулийн ном хэмээн нэрлэдэг номууд
болох Эхлэл, Египетээс гарсан нь, Левит, Тооллого, Дэд Хууль зэрэг эдгээр таван
ном нь ихэвчлэн тушаалуудаас бүрдсэн
байдаг. Энэхүү Хуулийн номонд идэвхтэй “хий” хэмээн тушаасан 248 зүйл, басхүү
“хийж болохгүй” хэмээн тушаасан 365 зүйл, нийт 613 тушаал өгөгджээ. Эдгээр
тушаалуудын дотроос өнөөгийн бидэнтэй холбоогүй, сахих хэрэггүй зүйлс олон
байдаг ч дэлхийн төгсгөл хүртэл
үргэлжлүүлэн биелүүлсээр байх зүйлс ч бас маш олон байдаг. Бид зайлшгүй
хэрэгжүүлбэл зохих Бурханы тушаалуудыг библиэс олж, тэдгээрийг сахин
биелүүлэхийг хүсдэг зүрх сэтгэлтэй байх
хэрэгтэй.
Дөрөвдүгээрт,
библид эш үзүүллэг байдаг. Библийн дийлэнх хэсэг нь эш үзүүллэгээс бүрдсэн
байдаг. Зарим нэг эш үзүүллэг нь түүнийг бичиж байх үед эш үзүүллэг байсан
боловч аль хэдийн биелэгдэн түүх болсон нь ч бий. Гэвч библид одоо ч
биелэгдээгүй эш үзүүллэгүүд олон бий. Библид бичигдсэн Бурханы эш үзүүллэг
гарцаагүй биелэгдэх болно. Тиймээс бид тэрхүү эш үзүүллэгүүдийн талаар сайн
мэддэг байх хэрэгтэй.
Тавдугаарт, библид
мэргэн ухаан байдаг. Библи сайн судалбал мэргэн ухаантай болдог. Мэргэн ухааныг
хүсэж байгаа хүн библи уншаарай. Тэнд мэргэн ухаан бий. Библи уншдаг ч үгүй
байж Бурханаас мэргэн ухаан өгөөч гэж гуйх нь зөв биш. Бурхан бидэнд хэрэгтэй
мэргэн ухааныг библи дээр аль хэдийн бүгдийг нь бичиж үлдээсэн. Библи бол бүх
хүмүүст зөвшөөрөгдсөн мэргэн ухаан юм. Библиэс мэргэн ухааныг хайгаарай.
Бурханы үгэнд нэвтэрхий болбол мэргэн ухаантай болно. Библид сайхан амьдрах
мэргэн ухаан, мөнгө олох мэргэн ухаан, эрүүл байх мэргэн ухаан, амжилтанд хүрэх
мэргэн ухаан зэрэг олон талын мэргэн ухаан бүгд байдаг.
Зургадугаарт,
библид сургамж бий. Асар их үнэ цэнийг төлөн байж үлдээсэн амьдралын үнэн сургамжууд тэнд
байдаг. Библид бичигдсэн сургамж нь дараа үед нь амьдарч буй бидэнд зориулсан
сургамж билээ. Библид зөвхөн амжилттай үр дүнд хүргэх сургамжууд төдийгүй эцэс
төгсгөлгүй бүтэлгүйтлээр дамжуулан олж авсан сургамжууд ч бас бий.
Төгсгөлд нь долдугаарт,
библид магтаал бий. Библид олон тооны магтаалууд гардаг. Давидаас эхлээд Бурханд
магтаалыг өргөсөн олон хүмүүсийн магтаал бичигдсэн байдаг.
Ийнхүү библид түүх,
амлалт, тушаал, эш үзүүллэг, мэргэн ухаан, сургамж, магтаал багтсан байдаг.
Эдгээрийг зүрх сэтгэлдээ сайтар сийлэн, өөртөө хэрэгжүүлэх нь чухал.
Левит номын чухал шинж
За, одоо Хуучин
Гэрээний хоорондын уялдаа холбооны талаар авч үзэцгээе. Хуучин Гэрээг мэдэхгүй
бол Шинэ Гэрээг ойлгож чадахгүй. Зарим хүн “Пастор аа, би Шинэ Гэрээг бага
зэрэг мэднэ, Хуучин Гэрээ дэндүү хэцүү юм аа” гэж хэлдэг. Тэгэхэд нь би “ингэж
хэлж байгаа хүн Шинэ Гэрээг ч мэдэхгүй
дээ” гэж боддог. Библи үндсэндээ Хуучин Гэрээг мэдэж байж л Шинэ Гэрээг мэдэж
чадахаар байдаг.
Басхүү зөвхөн
агуулгаар нь авч үзвэл Хуучин Гэрээ бус харин Шинэ Гэрээ илүү хэцүү. Шинэ Гэрээ
нь түвшний хувьд бус харин гарал үүслийн хувьд өөр байдаг. Хуучин Гэрээ бол уншаад
байхад ямартай ч ойлгож болохоор агуулгатай. Гэхдээ зөвхөн уншиж чаддаггүй
болохоор хэцүү, уншиж үздэггүй болохоор хэцүү, ном нь зузаан болохоор л хэцүү санагдах
төдий байгаа юм. Үнэндээ агуулгын хувьд хэцүү зүйл огтхон ч байхгүй.
Бидний Хуучин Гэрээ
гэж нэрлээд байгаа зүйл нь “Урьдны гэрээ” учраас тийм байдаг хэрэг. Тэдгээрийн
дотор Адамд өгсөн гэрээ, Ноад өгсөн солонгын тухай гэрээ, Абрахамд өгсөн
нигүүлслийн гэрээ, Мосегоор зуучлуулан өгсөн Синай уулын гэрээ зэрэг байдаг. Ер
нь энэхүү Синай уулын гэрээг “Левит” гэж нэрлэдэг. Үргэлжлүүлээд дараагийн үе
удмын ургийн холбоо, Давидын үр удамд Мессиа ирэх болно гэсэн Давидын гэрээ,
цаг нь ирэхэд Израилийн гэр болон Иудагийн гэрээр дамжуулан шинэ гэрээг
байгуулах болно гэсэн Бурханы амлалт, түүнчлэн Израилийн ард түмнийг бүх дэлхий
даяар тархаагаад түүхийн төгсгөлд хүрэхэд зайлшгүй дахин цуглуулж төрсөн нутагт
нь эргүүлэн авчирна гэсэн амлалт ч бас бий.
Ийнхүү Хуучин
Гэрээнд олон олон гэрээ, амлалтууд
байдаг ч гэлээ ерөнхийдөө “Хуучин Гэрээ” гэдэг нь “Левит” номыг хэлж байгаа
хэрэг. Израилийн ард түмний Синай ууланд Бурхантай байгуулсан гэрээ бол Левит. Бид
Хуучин Гэрээ гэж бүхэлд нь ярих үедээ Эхлэлээс Малахи хүртэлх номуудыг багтаан
хэлдэг боловч нарийн яривал Хуучин Гэрээ нь “Левит” юм. Бид “Хуучин Гэрээ бол
хууль” гэж ярих нь байдаг ба тэрхүү хууль нь Левит ном билээ.
Левит ном Хуучин
Гэрээний номуудаас хамгийн эхэнд бичигдсэн ном. Эхлэл ном биш Левит ном хамгийн
эхэнд бичигдсэн. Израиль Синай ууланд барагцаалбал жил орчим байрласан ба тэр 1
жилийн хугацаанд Левит ном бичигдсэн
байна. Левит номыг бүгдийг нь бичээд, Майхан сүмийг барьж дуусгах үедээ
Израильчууд Майхан Сүмийн ёслолд зориулсан өргөлийг өргөснийхөө дараа Синай
уулыг орхин явдаг.
Левит номын гол сэдэв: Би
Ариун учир та нар ч бас ариун бай
Израильчууд Египетэд
амьдарч байх үедээ 400 жилийн турш яг л египетчүүд шиг амьдарч байлаа. Тэд
египетчүүдийн адил идэж, египетчүүдийн адил өмсөж, египетчүүдийн шүтдэг бурхдыг
шүтэж амьдарч байв. Гэвч Синай ууланд Бурхантай гэрээ байгуулсан тэр цагаас
хойш Египетийн нутагт амьдарч байсан аргаараа амьдарч болохгүйд хүрч, дараа нь
орох канаан нутгийнхантай адил амьдарч болохгүй болсон. Тэд өөр бусад
үндэстнээс огт өөрөөр, зөвхөн Бурханы өгсөн тушаалуудыг дагаж амьдрах хэрэгтэй
болсон. Ийнхүү Бурханы тушаал, үгийг дагаж, бусад үндэстнээс өөр, ялгаатай
амьдрах нь “ариун” гэдэг үгийн утга юм.
Тиймээс Левит номын
гол сэдэв нь “Би ариун учир та нар
ариун байх ёстой." (Левит 11:45, 19:2, 20:26).
Бид Есүст итгэдэг хүмүүсийг “ариун хүмүүс” (итгэгч хүмүүсийг
нэрлэдэг солонгос үгийн утга-орч) гэж нэрлэдэг. Энэхүү “ариун хүмүүс” гэдэг үг
нь олон ариун хүн гэсэн утгатай. Тиймээс Есүст итгэдэг ариун хүмүүс бид ариун
амьдрах хэрэгтэй.
Иудейчүүд хонь, ямаа, эсвэл тугалын цусаар нүглээ угаан
цэвэрлэдэг хүмүүс. Бурхан тэдэнд ариун бай гэж хэлсэн. Гэтэл Есүст итгэдэг
христитгэлт хүмүүс бид Бурханы Хүүгийн цусаар нүглээ угаалгасан хүмүүс билээ.
Тэгвэл бид иудейчүүдээс хамаагүй илүү ариун байх хэрэгтэй.
Бид дэлхийн хүмүүсээс өөр байх хэрэгтэй. Хэрхэн өөр байх вэ?
Идэж байгаа хоол нь ч өөр, өмссөн хувцас нь ч өөр, дуулдаг дуу нь ч өөр, улс
төр нь ч өөр, тариа тарих арга нь ч өөр, наймаа хийх арга нь ч өөр, боловсрол
нь ч өөр, бүх зүйлээрээ өөр байх хэрэгтэй.
Гэтэл өнөөгийн христэд итгэгчдийн амьдралыг харахад ямар
байна вэ? Огтхон ч ялгарах зүйлгүй байдаг биш гэж үү? Чөтгөр хараад ч ялган
таньж чадахгүйд хүртэл дэлхийн хүмүүстэй адилхан болсон байна. Есүст итгэсэн ч амьдралд нь ямар ч
өөрчлөлт гарахгүй, харин ч дэлхийн хүмүүсээс илүү бузар байж, бүхий л төрлийн
бузар муу үйлсийг хамаа намаагүй үйлддэг биш гэж үү? Тийм болохоор хэн нэгнийг
Есүст итгэдэг гэсэн ч чөтгөр нэг их тоохоо больсон бололтой. Есүст итгэдэг
хүмүүсийг чөтгөр ганц сориод үзье гэсэн ч дэлхийн хүмүүстэй дэндүү адилхан
болохоор сорих зүйлгүй байх хэмжээнд хүрчээ.
Чуулган яагаад ийм болоход хүрэв? Энэ нь Левит номоос
суралцаагүй, Левит номоор дамжуулан Бурханы хүсэлд суралцаагүйтэй холбоотой.
Хэрэв христэд итгэгчид Левит номыг уншсан байсансан бол өнөөгийнх шиг дэлхийн
хүмүүстэй адилхан идэж, адилхан амьдрахгүй байх байсан. Итгэгчид Левит номыг
уншихгүй байж, зөвхөн “Есүст итгэвэл тэнгэрийн хаанчлалд орно шүү” гэж ярьж байгаа
учир ийнхүү бузартахад хүрчээ.
Левит
ном болон Хуулийн таван номын холбоо
Левит ном бол Хуулийн таван номын төв нь бөгөөд
Хуучин Гэрээний цөм нь гэдгийг бид заавал санаж байх хэрэгтэй. Хуучин Гэрээний дотроос Левит ном хамгийн
эхэнд бичигдсэн. Бурхантай гэрээ байгуулсан ард түмэн одооноос “египетчүүд
эсвэл канаанчууд шиг амьдарч болохгүй харин ингэж амьдрах хэрэгтэй” хэмээгээд
Левит номыг бичсэн хэрэг билээ.
Тийнхүү Левит
номоор амьдрах дасгал хийж байгааг “Тооллого” ном гэдэг. Цөлд зөвхөн өөрсдөө
байх үедээ, Бурханы ард түмэн болохын хувьд “Левитийн хуулийн дагуу амьдарч
үзэцгээе” хэмээн Бурханы ард түмэн болох дасгалжуулалтыг хийж буй нь Левит ном
юм. Цөлд Бурханы ард түмэн болж хэрхэн дасгалжуулагдаж байгааг тэмдэглэн бичсэн
ном нь Тооллого ном аж.
Түүний дараа,
дасгалжуулалт бүрэн дууссаны дараа, төгсөлтийн баяраа хийдэг. Тэрхүү төгсөлтийн
баярын номлолыг Мосе хийдэг ба Мосе Левит номыг сургаалийнхаа гол ишлэл болгон
сургаалаа заадаг. Мосе Левит номыг дахин тайлбарлаж, сургаалаа айлдсан ном бол
“Дэд Хууль” ном билээ.
Мосе 40 жилийн турш
хамт байсан Израилийн ард түмнээс салахын өмнө айлдаж буй “салах ёс гүйцэтгэх
сургаал”-ийн ном бол Дэд Хууль юм. Тиймээс Мосегийн салах ёс гүйцэтгэх сургаал
нь сургаалийн үндсэн хэлбэр бөгөөд сургаалийн эх загвар гэж хэлж болно.
Тэгвэл Египетээс
гарсан нь ном ямар ном бэ? Египетээс гарсан нь ном нь Израилийн ард түмэн
Бурхантай “Левит”-ийн гэрээг байгуулах хүртэлх түүхэн үйл явцыг бичсэн ном
ажээ. Израилийн ард түмэн Синай ууланд Бурхантай “Левит”-ийн гэрээг байгуулах
хүртэл ямар зорилго, ямар сэтгэхүй, ямар үйл явцыг туулсан бэ гэдгийг тэмдэглэн
бичсэн хэрэг.
Өөрөөр хэлбэл, Израильчууд
Египетэд шороогоор тоосго хийн боолчлогдон амьдарч байхдаа тэр зовлонгоосоо
болж Бурханыг хашгиран дууддаг. Бурхан Мосе, Аарон нарыг явуулж Өөрийн хүчит
мутраар тэднийг фараоны дарлалаас чөлөөлдөг. Тэгээд тэднийг Синай уулын бэлд
хүрэх үед нь Бурхан уулын оройд галан дунд оршихуйгаараа байсан ба Мосе Бурхан
болоод Израильчуудын дунд ирж очин байхдаа энэхүү ариун “Левитийн гэрээ”-г
байгуулсан хэрэг юм. Египетээс гарсан нь ном нь ийм түүхэн үйл явцыг бичсэн ном
аж.
Эхлэл ном ямар ном
бэ? Эхлэл номонд “бидэнтэй гэрээ байгуулсан Бурхан ямар Бурхан бэ?” гэдгийг
тайлбарласан байдаг. Тэр бол эхэнд тэнгэр газрыг бүтээсэн Нэгэн, сайн мууг
мэдүүлэгч модны жимсийг авч идсэнээр хүн гэрээгээ зөрчих үед Еден цэцэрлэгийн
амийн мод руу явах замыг галт сэлмээр
хаасан Нэгэн, завхарсан хүмүүсийн нүгэл дэлхийд дүүрэхэд үер буулган шүүсэн Нэгэн, тэрхүү уур хилэн дотроо ч энэрэл
нигүүлслээ марталгүй, Ноагийн гэр бүлийн найман хүний амийг хамгаалан үлдэж,
Ноагаар дамжуулан шинэ түүхийг эхлүүлсэн Нэгэн, Ноагийн үр удам дахин Бурханд
итгэлгүй Түүнийг эсэргүүцэн Бабелийн цамхгийг барих үед тэдний хэлийг
самууруулан тэднийг бүх дэлхий даяар тараасан Нэгэн, тэдгээр тарж явсан
хүмүүсийн дотроос хамгийн итгэмжтэй Абрахамыг сонгон дуудсан Нэгэн, Исаакийг
ерөөж, Иаковыг хамгаалсан Нэгэн, Иосефийг удирдан бүгдийн амийг аварч, түүнийг дагуулан
Израилийг Египет рүү удирдсан Нэгэн гэсэн үг. Тийнхүү түүний хойч үеийнхэн
Египетээс аврагдан гарч, Бурхантай гэрээ байгуулсан гэдгийг тайлбарласан нь
“Эхлэл” ном юм. Эхлэл нь Левитийн гэрээний гол сэдэв болсон Бурхан ямар Нэгэн
бэ гэдгийг танилцуулан өгүүлсэн ном билээ.
Тийм болохоор,
Хуулийн таван номын гол ном нь Левит юм. Хуулийн таван номын гол ном нь Эхлэл
ч, Тооллого ч, Дэд Хууль ч, Египетээс гарсан нь ч биш билээ. Левит бол Хуулийн
таван номын гол ном. Үүнийг мэдэхгүйгээр Хуучин Гэрээг хичнээн уншсан ч ойлгож
чадахгүйд хүрдэг.
Левит ном ба түүхийн номууд
Хуучин Гэрээний
номыг уншиж байхад энэхүү Хуулийн таван ном дуусмагц залгуулаад Иошуа, Шүүгчид,
Рут, 1,2Самуел, Хаадын Дээд, Дэд, Шастирын Дээд, Дэд, Езра, Нехемиа, Естер
гэсэн түүхийн номуудаар үргэлжилдэг ба нийт 12 түүхийн ном байдаг.
Бурхантай гэрээ
байгуулж, Мосегоос тайлбарыг ч бас сонсож, цөлд дасгал хүртэл хийсэн учир одоо
үлдсэн ажил нь амлалтын нутаг Канаанд орох явдал байлаа. Гэхдээ Израилийг
удирдан Канаан руу орох нь Мосегийн үүрэг бус харин Иошуад оногдсон үүрэг
байлаа. Иошуа Канааныг эзлэн орж байгаагаар түүхийн ном эхэлдэг.
Гэвч Израилийн түүх
нь энгийн түүх бус гэрээний түүх юм. Тийм ч учраас бүх анхаарлыг ”Бурхантай
байгуулсан гэрээгээ Израиль биелүүлсэн үү? Эсвэл биелүүлээгүй юу?” гэдэгт
хандуулсан байдаг. Ийм учраас Левитийг мэдэхгүйгээр Израилийн түүхийг зөв
ойлгож чадахгүйд хүрнэ.
Бурхантай
байгуулсан гэрээгээ биелүүлж, Түүний тушаалуудыг сахин, үйлдвэл ерөөгдөх болно
хэмээн Бурхан айлдсан. Хэр их ерөөгдөх вэ гэвэл, орсон ч, гарсан ч ерөөгдөж,
хотод ч, хөдөөд ч ерөөгдөж, малынх нь
төл нь ерөөгдөж, үр хүүхдүүд нь ерөөгдөж, дайсан чинь нэг замаар довтолж,
долоон замаар зугатаж, чи бусдад зээлдүүлэх боловч бусдаас зээлэхгүй, чи бусдын
толгой нь болох ч, сүүл болохгүй хэмээжээ (Дэд Хууль 28:1-14).
Эсрэгээрээ, гэрээг
биелүүлэхгүй Түүний тушаалуудыг сахин биелүүлэхгүй бол зөвхөн ерөөгдөхгүй
төдийгөөр дуусах бус харин хараагдах болно гэжээ. Дэд Хууль 28 бүлгээс харвал,
ерөөлтэй холбоотой 14 ишлэл байгаа бол эсрэгээрээ хараалтай холбоотой нь 15
ишлэлээс эхлээд 68 ишлэл хүртэл 54 ишлэл байна. Бурхан ерөөлөөс илүүгээр
хараалтай холбоотой үгсийг 4 дахин их айлдаж байна.
Бид сайтар анхаарах
хэрэгтэй. Бурхан Өөрийн амлалтыг айдас
төрүүлэм, ягштал биелүүлдэг. Израилийн түүхээс харахад, хэдий төгс төгөлдөр биш
ч гэлээ гэрээг биелүүлж, ариун амьдрахыг хичээж байгаа хүнд Бурхан ерөөлөө буулгадаг
гэдгийг мэдэж чадна. Давид эсвэл Соломоны тохиолдлоос харсан ч мэдэж болохын
адил, тэд төгс төгөлдөр байгаагүй ч гэрээг сахин биелүүлэх гэж хичээх үедээ
агуу ерөөлийг авсан байдаг. Гэвч ихэнх нь Бурханы ерөөлийг авч чадах хэмжээнд
хүртэл гэрээг биелүүлж чадаагүй нь Израилийн түүх билээ.
Левит ном ба яруу найргийн ном
Гэрээг сахиж
Бурханы нигүүлслийг хүртэж, ерөөгдсөн хүмүүс талархахаас өөр аргагүйд хүрдэг.
Тийнхүү тэд талархлаа илэрхийлдэг ба тэр нь шүлэг болж, магтаал болж, сүнслэг
дуу болж, мэргэн ухаан болдог. Эдгээр зүйлсийг цуглуулсаар бүтээгдсэн номуудыг
“яруу найргийн ном” гэж нэрлэдэг ба яруу найргийн номонд Иов, Дуулал, Сургаалт
үгс, Номлогчийн үгс, Соломоны дуун зэрэг номууд багтдаг. Тэгэхээр яруу найргийн
номыг Бурханы гэрээг сахин биелүүлснээр ерөөгдсөн хүмүүсийн бичсэн ном гэж үзэж
болно.
Левит ном ба эш үзүүллэгийн
ном
Гэвч хэрэв гэрээг
сахихгүй бол ерөөгдөхгүйгээр үл барам хараагдах болно гэдэг нь Бурханы айлдсан
үг юм. Харин гэрээг биелүүлэхгүй бол Израиль тэр даруй шийтгэл хүртэнэ гэсэн
бодол төрдөг боловч библиэс сайтар ажиглан харахад Бурхан тийнхүү үйлдээгүй
болохыг мэддэг.
Бурхан гэрээг
биелүүлээгүй Изралийн дээр бүулгах хараалаа бүгдийг нь бэлтгэн тавьсан ч тэдгээрийг
хойшлуулсаар байдаг. Тэгээд Израилийн ард түмэн рүү хүн илгээж “Бурхантай
байгуулсан гэрээгээ яагаад биелүүлэхгүй байна вэ? Одоо ч хамаагүй Бурхан дээр
эргэн ирж гэрээгээ сахиж, ерөөл хүрт” хэмээн хэлүүлдэг. Энэ хүмүүс бол эш
үзүүлэгчид ажээ.
Тэгэхээр эш
үзүүлэгчид нь Израилийг магтахаар ирсэн бус тэднийг зэмлэхээр ирсэн хүмүүс
байв. Гэтэл энэхүү зэмлэлийг сонссон Израилийн дургүй нь хүрч тэдгээр хүмүүсийг
цохин, алж орхидог. Тэгсэн хэдий ч, Бурхан тэднийг үгүйсгэн орхилгүй
үргэлжлүүлэн эш үзүүлэгчдийг явуулсаар байдаг. Бурхан эш үзүүлэгчдээрээ
дамжуулан ийнхүү айлдсаар байдаг: “Би Өөрийн боолуудаа явуулж та нарыг зэмлэсэн
нь та нарыг үзэн ядсанаас бус, харин та нарт хайртай учраас билээ. Та нарын
нүглээс болж хараалыг бэлтгэсэн хэдий ч, дахин нэг удаа гэмших боломж олгохын
тулд Өөрийн боолоо илгээлээ.”
Тэгсэн ч Израиль эш
үзүүлэгчийн үгэнд чихээ хандуулалгүй тэднийг дахин алж орхидог. Бурхан Өөрийн
боолуудыг тасралтгүй илгээсээр сүүлдээ болохгүй нь хэмээн бодоод, Өөрийн Хүүг
илгээдэг. Гэвч Израиль тэр Хүүг нь ч хүртэл загалмай дээр цовдлон алж орхидог.
Энэ бол Израилийн түүх юм.
Ийнхүү үзвэл,
Израилийн түүх нь Левитийн гэрээг сахин биелүүлээгүй түүх гэдэг нь тодорхой
байна. Тийм болохоор Израилийн түүхэнд Бурханаар ерөөгдсөн зүйл бараг байхгүй,
үргэлжилсэн зовиурын түүх, зовлонгийн түүх, гамшгийн түүх, өвчний түүхээр
дүүрэн байгааг олж харах болно.
Библийн 66 номоос Бурханы зүрх
сэтгэлийг мэдрэх хэрэгтэй
Тиймээс бид Хуучин
Гэрээг уншихдаа Бурханы зүрх сэтгэлийг уншиж, Түүнтэй сэтгэлээрээ нэг болох
хэрэгтэй. “Өө, Бурхан минь ээ, Таны зүрх сэтгэл хичнээн их шаналаа вэ?” гэсэн сэтгэлтэй
болох хэрэгтэй гэсэн үг.
Гэтэл өнөө үед
чуулганд тунхаглагдаж буй номлол, судлал эсвэл семинаруудаас харахад Есүст
итгэвэл “сайн сайхан болсон, сайн сайхан болж байгаа, сайн сайхан болох болно”
гэсэн үгсээр дүүрэн байна. Өөдрөг байдлын хүчээр бүх зүйлийг сайн сайхнаар
харах гэж хичээж байна. Нэг үгээр хэлэхэд, библи дээр гарч буй Бурханы зүрх
сэтгэлээс огт өөр үгсийг хэлж байгаа юм. Бурхан эрт цагт Израилийг харан нулимс
урсгаж байсныхаа адил, өнөөдөр ч бас чуулганыг харан нулимсаа урсгаж байхад,
харин чуулган бүжиг бүжиглэн, зөвхөн ерөөл гэж хашгирч байна. Энэ нь библи
уншдаггүй, библийг мэддэггүй, түүхийг мэддэггүйн ичгүүр билээ.
Бид Хуучин Гэрээг
унших явцдаа Бурханы зүрх сэтгэлтэй сайтар нэгдэх хэрэгтэй. Бурханы сэтгэлтэй
нэг болсны дараа л бид Есүс ирснээр нээгдсэн Шинэ Гэрээний шинэ түвшнийг ойлгож
чадах юм.
Хуучин Гэрээг дэндүү мэддэггүй учраас,
Бурханы сэтгэлийг дэндүү мэддэггүй учраас, өнөөгийн чуулганууд зөвхөн “Сайн Бурхан”, “ерөөдөг Бурханы” тухай ярьж
байна. Үүнээс үүдээд, библи дээрх ерөөлтэй холбоотой ишлэлүүдийг сайн мэддэг
хэрнээ Шүүгч Бурхантай холбоотой ишлэлүүдийг сайн мэддэггүй. Үүнийхээ дүнд бид,
Шинэ Гэрээг зөв ойлгож чадахгүйд хүрч, Илчлэлт номыг огтхон ч ойлгохгүйд хүрч
байгаа юм.
Харин библийг
байгаагаар нь сайтар ажиглан харвал, Бурхан “Сайн Бурхан”, “Ерөөдөг Бурхан”
шигээ “Уурлан хилэгнэдэг Бурхан”, “Хутгаа ирлэж буй Бурхан”, “Шүүгч Бурхан”
гэдгийг мэдэж авах болно.
Тиймээс чуулган
болоод итгэгчдийн хийвэл зохих хамгийн чухал зүйл нь эхлээд бүгд өвдөг сөхрөн,
өөрсдийгөө дорд, даруу болгон Бурханы үгийг эхнээс нь дуустал нь уншихдаа
Бурханы зүрх сэтгэлийг ойлгох явдал юм. Нэг удаа хийгээд болохгүй бол хоёр
удаа, хоёр удаа хийгээд болохгүй бол гурван удаа, үргэлжлүүлэн арав, хорин удаа
хичээх хэрэгтэй.
Хүн Бурхантай
нөхөрлөж, Бурхантай харилцан ойлголцож, Бурхантай хүслээ нэгтгэсэн байя гэвэл
эхлээд библийн 66 номыг зүрх сэтгэлдээ тарих хэрэгтэй. Тэгж байж хүн шиг хүн
болж Бурхантай ярилцдаг хүн болох болно. Бүгдээрээ библийн 66 номыг зүрх
сэтгэлдээ зүй ёсоор нь тарьцгаая. Нэмэх ч үгүй, хасах ч үгүй, хольж хутгах ч
үгүй, үгийг зөвхөн байгаа хэвээр нь өөрсдийн сэтгэлдээ тарьцгаая. Тэгвэл
Бурханы сэтгэлтэй ижил сэтгэлийг өвөрлөсөн, Бурханы хүмүүс болох болно.
No comments:
Post a Comment