Friday, July 27, 2012

Хүмүүс найдан түшиглэх үед алдаршдаг Бурхан

-       Жонатан Эдвардс Пастор
Жонатан Эдвардс нь пуритан урсгалын теологч, пастор бөгөөд Калвинизмын үзлийг баримтлагч байв. Тэрбээр 18 зууны Америкийн хамгийн нөлөөтэй пастор,   хамгийн гарамгай номлогчдын нэг гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн хүн байжээ. Тэрбээр “их сэргэлтийн хөдөлгөөн”-ий (1 дэх) гол удирдагч нь байсан юм.     
Энэхүү сургаалийг 1731 оны 7 сарын 8-нд Бостон хотод заасан бөгөөд уг сургаалийг сонссон Бостоны хэд хэдэн пасторууд болоод бусад хүмүүсийн хүсэлтээр хэвлүүлжээ. Уг сургаал нь Эдвардс пасторын хэвлүүлсэн сургаалын анхны хувилбар аж.
Бурханы өмнө ямар ч махан биеийг сайрхуулахгүйн тулд болой. Харин та нар Түүнээс болж Христ Есүс дотор байгаа юм. Христ Есүс нь бидний хувьд Бурханаас ирсэн мэргэн ухаан, зөвт байдал, ариусгал ба золилт болсон юм. Ингэсэн нь “Сайрхагч нь Эзэн дотор сайрхаг” гэж бичигдсэнчлэн байхын тулд ажээ. (1коринт 1:29, 30, 31).
Элч Паулаас энэхүү захидлыг хүлээж авсан христэд итгэгчид хүний мэргэн ухааныг ихэд үнэлдэг ертөнцөд амьдарч байв. Тиймээс ч элч 1Коринт 1:22-т “грекчүүд мэргэн ухааныг хайдаг” гэсэн байна. Коринт  хот олон цаг үеийг дамжин гүн ухаан, эрдэм мэдлэгээрээ дэлхийд хамгийн алдартай  байсан Афин хотоос нэг их холгүй байдаг байлаа. Тиймээс Бурхан хэрхэн сайн мэдээгээр хүний мэргэн ухааныг нурааж, хоосруулсныг тэдэнд тэр элч хэлж өгдөг. Эрдэм мэдлэгтэй грекчүүд болон гүн ухаантнууд өөрсдийн мэргэн ухаанаар Бурханыг мэдэж чадаагүй ба бурханлаг зүйлсийн тухай үнэнийг олж чадаагүй аж. Гэвч тэд хэдий өөрсдийн бүхий л хүч чадлаа шавхан дайчилсан ч бүх л зүйлс ямар ч ашиггүй болох тэр үед, эцэст нь Бурхан тэдний мунхаглал хэмээн үзэж байсан сайн мэдээгээр Өөрийгөө илчлэхдээ баярлаж байсан юм. Тэрээр “харин Бурхан мэргэдийг ичээхийн тулд ертөнцийн мунхаг юмсыг сонгож, хүчит юмсыг ичээхийн тулд ертөнцийн мөхөс юмсыг сонгожээ. Бурхан байгсдыг хүчингүй болгохын тулд байгсдыг бус, энэ ертөнцийн шалихгүй, гадуурхагдсан хүмүүсийг сонгосон” гэжээ (27-28 ишлэл). Түүнчлэн тэрхүү элч, Бурхан яагаад ингэх болсон талаар тэдэнд хэлсэн бөгөөд энэ нь Бурханы өмнө ямар ч махан биеийг сайрхуулахгүйн тулд болой хэмээжээ. 
Бид энэ үгнээс доорх үнэнийг олж харах боломжтой.
1. Бурхан авралтай холбоотой зүйлсийг зохицуулан шийдвэрлэх үедээ юуг гол зорилгоо болгож байсан бэ гэдэг асуудал байна. Энэ нь хүн өөрөөрөө сайрхаж болохгүй ба зөвхөн Бурханаар сайрхах хэрэгтэй байдагт оршино. Бурханы өмнө ямар ч махан биеийг сайрхуулахгүйн тулд болой хэмээн бичигдсэнээс харвал, сайрхахдаа Эзэн дотор сайрх гэсэн үг юм (31 ишлэл).   
2. Энэхүү зорилго нь авралын үйлчлэлд хэрхэн хэрэгжиж биеллээ олдог вэ гэдэг асуудал юм. Энэ нь хүмүүс тэрхүү авралын үйлчлэлийн дотор өөрсдийнхөө тусын тулд бүх талаар, тэр даруй  Бурханд түшиглэн найдсанаар хэрэгждэг. Доорх шалтгааны улмаас ийм байх хэрэгтэй байдаг.
Нэгдүгээрт, хүмүүсийн хүртэж болох бүхий л ашиг тус Христийн дотор байдаг ба Христээр дамжуулан өгөгддөг. Тэр бидэнд мэргэн ухаан, зөвтгөл, ариусгал, золилт болсон. Завхарсан, хүлэгдсэн бүтээлийн бүхий л ашиг тус нь эдгээр дөрвөн зүйлтэй холбоотой бөгөөд эдгээрээс илүү сайн байх боломжгүй байдаг ч харин Христ бидний хувьд энэ  дөрвөн зүйл бүгд болж байдаг. Хэрэв бид Түүний дотор л байхгүй бол эдгээрийн алиныг ч авах боломжгүй. Тэрбээр Бурханаас төрсөн учир бидний мэргэн ухаан болдог ба Түүний дотор бүхий л зохистой сайн зүйлс болоод жинхэнэ мэдлэгийн охь нь байдаг. Мэргэн ухаан нь грекчүүдийн хүсэмжилж байсан зүйл байв. Гэвч Христ бол дэлхийн жинхэнэ гэрэл. Жинхэнэ мэргэн ухаан зүрх сэтгэлд дамжуулагдах нь зөвхөн Христээр боломжтой. Бид зөвтгөлийг зөвхөн Христийн дотор, Христээр дамжуулан олж авна. Бид зөвтгөгдөж, нүглээ уучлуулан, зөвт хүн болон Бурханд хүлээн авагдах нь зөвхөн Түүний дотор оршин байх үед л боломжтой байдаг. Бид ариусгалыг зөвхөн Христээр дамжуулан олж авна. Бид Түүний дотроос зөвхөн мэдлэг төдийгүй зүрх сэтгэлийн жинхэнэ онцгой байдлыг олж авдаг.  Тэр бидэнд оноогдон өгөгдсөн зөвтгөл төдийгүй төрөлхийн зөвтгөл болдог. Бид аврал авч, эсвэл бодит байдал дээрх хөөрхийлөлтэй байдлаасаа чөлөөлөгдөн бүхий л аз жаргал, алдрыг хүлээн авсан нь зөвхөн Христээс дамжуулан авсан зүйл билээ. Ийнхүү бид өөрсдийн бүхий л сайн сайхнаа Бурхан болох Есүс Христээр дамжуулан авсан.   
Хоёрдугаарт, бид өөрсдийн тусын тулд Бурханд түшиглэх ёстой бас нэг шалтгаан нь эдгээр сайн зүйлс бидэнд өгөгдөх суваг болсон Христийг бидэнд өгсөн Нэгэн нь Бурхан байсанд оршино. Тэрээр Бурханаас төрсөн ба бидэнд мэргэн ухаан, зөвтгөл зэрэг зүйлс болсон.
Гуравдугаарт, бид Христ Есүсийн дотор байн, Түүний дотроос сайн зүйлсийг олж, бидний бүх зүйл болсон Түүний ерөөлийг авах болсон нь  Бурхан байгаагийн учир билээ. Бидэнд итгэл өгч, зөвхөн тэр итгэлээр дамжуулан биднийг Христтэй нэгтгэдэг Нэгэн бол Бурхан юм.
Тиймээс энэхүү ишлэлд (1Коринт 1:29-31) бидний бүхий л тусын тулд Ариун Гурвалын нэгдлийн тус тусын зан чанараар оршин байдаг Бурханд бид түшиглэн найдах хэрэгтэйн учрыг сайтар тусган харуулжээ. Бид өөрсдийн мэргэн ухаан, зөвтгөл, ариутгал, золилт болсон Ариун Хүү Бурхан болох Есүст түшиглэх хэрэгтэй. Бидэнд Христийг өгч, Түүнийг бидний бүх зүйл болгосон Ариун Эцэг Бурханд бид түшиглэх хэрэгтэй. Биднийг Христ Есүсийн дотор байлгадаг Арин Сүнс Бурханд түшиглэх хэрэгтэй. Ариун Сүнс Бурхан Христ Есүст итгэх итгэлийг өгч, тэрхүү итгэлээр бид Христийг олж, бас Түүнтэй биднийг нэгдүүлж өгсөн Нэгэн билээ.
Итгэлийн зарчим
Аврал авсан хүмүүс туйлаас, бүх талаар Бурханд түшиглэх үед Бурхан Өөрийн авралын үйлчлэлээр алдрыг хүлээн авдаг.
Энд би доорх үнэний талаар хэлэлцэхийг хүсэж байна: Нэгдүгээрт, аврагдсан хүмүүс өөрсдийн тусын тулд туйлаас, бүх талаар Бурханд найдан түшиглэх хэрэгтэй. Хоёрдугаарт, ингэснээр Өөрийн авралын үйлчлэлээр Бурхан хүндлэл, алдрыг хүртдэг.
I. Чөлөөлөгдсөн хүмүүс Бурханд туйлаас, бас бүх талаар найдан түшиглэх хэрэгтэй байдаг.
Бидний хүлээн авсан авралын мөн чанар, төлөвлөгөө нь аврагдсан хүмүүс бүх зүйлд шууд, тэр даруй, басхүү бүх талаар Бурханд найдахыг хэлдэг. Тэд бүх зүйл дээр, бүхий л арга замаар Бурханд түшиглэдэг.  
Хэн нэгэн бодгаль өөрийн тусын тулд өөр нэгэн оршихуйд найдан түшиглэх хэд хэдэн арга зам байдаг.  Есүс Христээс аврал авсан хүмүүс өөрсдийн тусын тулд Бурханд түшиглэх арга зам нь энэ болой. Өөрөөр хэлбэл тэд Бурханаас, Бурханаар, түүнчлэн Бурхан дотор өөрсдийн бүхий л сайн зүйлсээ олж авдаг ба Бурхан тэдний хүлээн авч буй бүх сайн сайхны учир шалтгаан, эх үүсвэр нь болдог. Энэ талаас нь авч үзвэл тэдний авч буй сайн зүйлс нь Бурханаас ирдэг хэрэг. Түүнчлэн Бурхан сайн зүйлсийг өгч, зөөвөрлөдөг зуучлагч нь байдаг. Энэ талаасаа аврал авсан хүмүүс Бурханаар дамжуулан сайн зүйлсийг олж авдаг. Тиймээс Бурхан Өөрөө байгаа тэр хэвээрээ бидэнд өгөгдөж, зөөвөрлөгдөж буй сайн зүйлс юм. Энэ талаасаа сайн сайхан зүйлс Түүний дотор байдаг. Иймд Есүс Христээр дамжуулан аврал авсан хүмүүс энэ бүх талын хувьд өөрсдийн бүхий л зүйл дээр шууд бөгөөд бүх талаар Бурханд найдан түшиглэдэг.     
Нэгдүгээрт, аврал авсан хүмүүс өөрсдийн бүхий л сайн сайхныг Бурханаас хүлээн авдаг.
Бүх сайн сайхныг бүтээсэн агуу Бүтээгч Эзэн бол Бурхан билээ. Тэр бүхий л сайн сайхны хамгийн эхний шалтгаан нь бөгөөд түүгээр ч үл барам Тэр цорын ганц зохистой шалтгаан нь байдаг. Бидэнд аврагч байгаа нь Бурханаас хүлээн авсантай холбоотой. Бидэнд аврагчийг  өгсөн Нэгэн бол Бурхан билээ. Есүс Христ Бурханы цорын ганц Хүү гэсэн байр суурины хувьд Бурханаас ирсэн төдийгүй Тэрээр бидэнтэй харилцдаг зуучлагчийн хувьд, өөрийн гүйцэтгэх үүргийн хувьд ч Бурханаас ирсэн Нэгэн билээ. Тэр бол Бурханы бидэнд өгсөн бэлэг. Бурхан Түүнийг сонгож, тосолсон бөгөөд басхүү Түүнд үйлчлэлээ даатган энэ дэлхий рүү илгээсэн юм. Аврагчийг өгсөн нь Бурхан боловч Аврагчийг хүлээн авагч нь ч бас Бурхан байдаг. Бурхан Аврагчийг өгч, басхүү Аврагчаар дамжуулан аврагдахыг ч бидэнд өгсөн. Христ биднийх болж, бид Түүгээр удирдуулан Түүнтэй нэгдэх нь Бурханаас эхлэлтэй байсан. Бид итгэлийг хүлээн авч Христтэй нэгдэн, Түүнтэй нэгдэж, Түүнтэй харилцаатай болсон маань ч бас Бурханаас эхлэлтэй билээ.
“Учир нь нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш харин Бурханы бэлэг” (Ефес 2:8).
Христийн үнийг нь төлөн худалдан авсан бүх зүйлийн ашиг тусыг хүртэх болсон нь Бурханаас эхлэлтэй. Уучлан өршөөж, зөвтгөсөн Нэгэн нь ч Бурхан бөгөөд тамд унахаас өөр аргагүй байсан биднийг аварсан Нэгэн нь ч бас Бурхан билээ. Тийнхүү аврагдсан хүмүүс Бурханы нигүүлслийн тэвэрт тэврүүлэх үедээ зөвтгөлийг хүлээн авдаг. Тиймээс биднийг нүглийн ноёрхлоос татан гаргаж, бидний бохир зүйлсийг угаан арилгаж, бидний жигшим төрх байдлыг өөрчилж өгсөн Нэгэн бол Бурхан. Аврагдсан хүмүүс өөрсдийн жинхэнэ агуу байдал, мэргэн ухаан, ариун байдлыг олж авах нь Бурханаас эхлэлтэй бөгөөд энэ нь хоёр аргатай байдаг буюу эдгээр нь зөвхөн Ариун Сүнсээр тэр даруй хэрэгждэг ба Ариун Сүнс нь Бурханаас ирсэн, Бурханаас илгээгдсэн Нэгэн. Түүнчлэн Ариун Сүнс Өөрөө ч бас Бурхан. Ариун Сүнсний үйлчлэл, оршихуйгаар Бурханы тухай мэдлэг, бурханлаг үйлс, ариун зан чанар болон бүхий л ивээл өгөгдөж, хадгалагдаж байдаг.
Хэдийгээр хүний сүнсэнд ивээлийг дамжуулан хүргэх олон арга замыг хэрэглэдэг боловч, бид тэрхүү ивээлийн арга замыг олж авах нь ч бас Бурханаас байдаг бөгөөд Бурхан тэрхүү арга замуудыг үр дүнтэй болгодог. Бид библитэй болсон нь ч бас Бурханаас эхлэлтэй бөгөөд библи бол Бурханы үг. Бидэнд хууль тогтоомжууд байгаа нь ч бас Бурханаас эхлэлтэй ба эдгээр хуулийн ач тустай байх нь Ариун Сүнсний шууд нөлөөллөөс шалтгаалдаг. Сайн мэдээний үйлчлэгчид Бурханаас илгээгдсэн байдаг ба тэдний бүхий л хүч Бурханаас гарч байдаг.
“Хүчний давамгайлал нь биднээс биш, харин Бурханых байхын тулд бид энэхүү баялгийг шавар савнуудад тээдэг.”
1. Аврагдсан хүмүүс бүхий л зүйлээ Бурханы ивээлээр олж авдаг.
Бурхан Өөрийн цорын ганц хүүг бидэнд өгсөн нь цэвэр ивээл байсан. Энэхүү ивээл нь хүлээн авсан зүйлийн сайхантай харьцуулахад үнэ цэнэтэй зүйл юм. Энэ бэлэг нь хязгааргүй үнэ цэнэтэй зүйл байсан. Учир нь энэ нь хязгааргүй үнэ цэнэтэй Нэгэн, хязгааргүй алдартай Нэгэнээс гарсан болохоор тэгж байгаа хэрэг. Басхүү тэр цорын ганц Хүү нь Бурхантай хязгааргүй ойрхон  байдаг, хамгийн дотно Нэгэн байдаг болохоор тэр билээ. Бидний тэр цор ганц Хүүгийн дотор хүртдэг ач тусаас ивээл нь илүү үнэ цэнэтэй. Тэр ач тус нь хоёр талаараа хязгааргүй байдаг буюу бид Түүний дотор хязгааргүй үүрдийн эмгэнэлтэй байдлаас аврагдсан ба үүрдийн баяр хөөр, алдрыг хүлээн авсан. Ийм бэлгийг өгсөн ивээл нь тэрхүү бэлгийг авсан бидний үнэ цэнэгүй байдалтай харьцуулахад үнэтэй. Бид ийм бэлгийг авахын оронд Бурханы мутраас хязгааргүй шийтгэлийг хүртэх ёстой хүмүүс байсан. Бэлгийг өгсөн аргаас шалтгаалан ивээл нь үнэ цэнэтэй байдаг ба бид тэр бэлгийг хүлээн авах арга, хэрэгслийн ичгэвтэр байдал болоод хөлстэй нь харьцуулахад үнэ цэнэтэй байдаг. Бурхан Өөрийн цорын ганц Хүүг бидний дунд байлгасан. Бурхан Өөрийн цорын ганц Хүүг бидэнд өгч, бидэнтэй адил мөн чанар бүхий ариун махан биетэй болгосон. Тэр бидэнтэй яг адилхан сул дорой байдалд байсан ч нүгэлгүй байсан. Бурхан Өөрийн цорын ганц Хүүг бидэнд өгч өчүүхэн дорд, зовлонтой байдалд оруулсан. Зөвхөн үүгээр зогсолгүй, Түүнийг үхэлд хүргэн бидний сүнсэнд зориулан найр хурим хийсэн юм.
Энэ бэлгийг өгсөн Бурханы ивээл маш чөлөөтэй зүйл байсан. Бурхан бидэнд ийм бэлгийг өгөх ямар ч үүрэг хүлээгээгүй байсан. Бурхан завхарсан тэнгэр элч нарыг үгүйсгэсэн шигээ завхарсан хүмүүсийг ч бас үгүйсгэх боломжтой байсан. Бид ийм бэлгийг авах ямар ч зүйлийг хийгээгүй. Бид Бурханы дайснууд болсон байхад, биднийг гэмшихээс ч өмнө тэр бэлгийг өгсөн юм. Биднээс Түүний анхаарлыг татахуйц ямар ч сайн зүйлийг олж чадаагүй Бурхан, нөхөн төлбөрийн талаар үүрд мөнх ямар ч найдвар тавилгүйгээр хайрынхаа дагуу өгсөн хэрэг. Христийн ач тус энэ тэр онцгой хүмүүсийн дээр хэрэглэгдэж байгаа нь зөвхөн  Бурханы ивээлээс үүдэлтэй. Дуудлага авч ариун болсон хүмүүс тэрхүү ивээлээ зөвхөн Бурханы зөвт хүслийн дагуу хариулах хэрэгтэй байдаг. Тэд Бурханы зөвт хүслийн дагуу тусгаарлагдсан. Бурханд дээд эрх мэдэл нь байж Тэрээр энэрлээ буулгахыг хүссэн хүн дээрээ энэрлээ буулгадаг.
Завхрахаас өмнөх байдлаасаа ч бүр илүүгээр хүмүүс одоо Бурханы ивээлд түшиглэж байна. Завхрахаас өмнөх байдлаасаа хамаагүй илүүгээр Бурханы чөлөөт, зөвт хүсэлд түшиглэж байна. Тэр үед хүмүүс бүрэн захирагдах үед шагнадаг Бурханы сайхан сэтгэлд түшиглэдэг байв. Учир нь Бурхан тийм шагналыг өгнө хэмээн амалсан эсвэл өгөх албагүй байсантай холбоотой. Гэвч одоо бид Бурханы ивээлд бүр ч илүүгээр түшиглэж байгаа билээ. Бидэнд зөвхөн алдрыг өгөөд зогсохгүй, биднийг там болоод үүрдийн уур хилэнгээс аварсан Бурханы ивээл бидэнд зайлшгүй хэрэгтэй.  Анхны гэрээний доор бид зөвтгөлийн шагналыг өгдөг Бурханы сайн таалалд түшиглэж байсан энэ нь одоо ч бас адилхан. Гэвч одоо бидэнд Түүний зөвтгөлийг өгдөг Бурханы чөлөөт, дээд эрх мэдлээс шалтгаалах ивээл буюу бидний нүглийг уучлан, биднийг нүгэлтэй гэдгээ мэдрэх сэтгэл, хязгааргүй нүглийн шийтгэлээс чөлөөлөх Бурханы дээд эрх мэдлийн нигүүлсэл хэрэгтэй.
Түүнчлэн бид одоо анхны гэрээн доор байснаасаа илүүгээр  Бурханы сайн таалалд түшиглэж буйн адил, илүү агуу, илүү чөлөөтэй, илүү гайхалтай Бурханы таалалд түшиглэж байгаа юм. Бид одоо улам бүр илүүгээр Бурханы сайн дурын шинж бүхий, дээд эрх мэдэлтэй сайн хүсэлд түшиглэж байна. Бид анх бүтээгдэх үеийн байдалдаа ариун байдлын тулд Бурханд түшиглэж байсан. Бид анхны зөвтгөлийг Бурханаас хүлээн авсан. Гэвч тэр үед одоогийнх шиг Бурханы дээд эрх мэдлийн сайн тааллын дагуу ариун байдал өгөгддөгтэй адил аргаар өгөгддөггүй байв. Хүн ариун байхаар бүтээгдсэн. Учир нь Бурхан бүхий л оюун ухаант бүтээлүүдээ ариун байхаар бүтээжээ. Хэрэв Бурхан оюун ухаант бүтээлүүдээ ариун байхгүйгээр бүтээсэн байсан бол тэр нь Бурханы ариун мөн чанарыг үгүйсгэх байсан билээ. Гэвч одоо завхарсан хүн ариун болох арга нь Бурханы цэвэр бөгөөд Түүний тааллын дагуух ивээлээр л боломжтой. Хэрэв Бурхан хүсэх л юм бол,  Өөрөө төгс учир ямар ч хохирол амсалгүй, завхарсан бүтээлүүддээ үүрдийн ариун байдлыг зөвшөөрөхгүй байх ч боломжтой байсан билээ.
Басхүү бид үнэнээр Бурханы ивээлд улам илүү түшиглэхээр үл барам, улам бүр тодорхойгоор түшиглэж байгаа билээ. Учир нь бид нүгэл, эмгэнэлтэй байдалд унахаас өмнөх үеэсээ ч илүү хүчгүй,  сул дорой байх үед завхарсан, сүйрсэн байдал маань илүү тодорхой харагддаг учраас тэр билээ. Бид ариун байхын тулд Бурханд улам илүү түшиглэж байдаг. Учир нь бид эхлээд нүгэлтэй, бүрэн завхарсан байснаа сүүлд нь ариун болсон учраас тэгж байгаа хэрэг. Тйимээс бид завхарлаас үүдсэн үр дүнг мэдэрч, ариун байдал Бурханаас л ирдэг гэдэг үнэнийг улам бүр мэдэрч байгаа билээ. Хэрэв хүн хэзээ ч хувиршгүй ариун байж, басхүү цаг ямагт ариун байдаг байсан бол хүмүүст хүний угийн мөн чанараас хэрхэвч салгах аргагүй байдаг ариун байдал байхгүй гэдэг нь тэгтлээ их тодрон харагдаад байхгүй байх байсан. Тиймээс бид Бурханы сайхан сэтгэлийг хүртэхийн тулд Түүний энэрэл нигүүлсэлд улам бүр илүү түшиглэж буй хэрэг. Бид эхлээд Бурханы уур хилэнг хүртэх хүмүүс байгаад сүүлд нь Бурханы сайхан сэтгэлийг хүртэх болсон учиртай. Бид эхлээд хөөрхийлэлтэй байдалд байснаа сүүлд аз жаргалтай болсон учир бид өөрсдийн аз жаргалын тулд улам бүр баттайгаар Бурханд түшиглэж буй хэрэг. Бидний дотор ямар ч гавъяа байхгүй гэдэг нь бүр ч тодорхой. Учир нь хэрэв бүтээлийн гарамгай  байдлын дотор гавъяа гэж үзэж болохуйц ямар нэгэн зүйл байж болно гэж үзлээ ч, бодит байдал дээр бидэнд гавъяа гэж тооцохоор ямар ч төрлийн гоц гойд зүйл байдаггүй. Басхүү бидэнд ямар нэгэн жинхэнэ онцгой зүйл байдаггүй төдийгүй бид хязгааргүй жигшим зүйлсээр дүүрэн, бүрэн бохирдсон байдаг. Бидэнд байгаа бүхий л сайхан зүйлс Бурханаас ирсэн гэдэг нь бүр ч тодорхой. Учир нь бид эхлээд чармай нүцгэн байсан ба ямар ч сайн зүйлгүй байгаад сүүлд сайн зүйлсийг эзэмших болсон учраас тэр юм.
2. Бид бүхий л зүйлийг Бурханы хүч чадлаар хүлээн авсан.
Хүний  аврал зөвхөн Бурханы ивээлээр төдийгүй заримдаа Бурханы гайхалтай хүч чадлын үйлчлэл хэмээн дурьдагдсан байдаг. Нүгэлтэй хүнийг түүний дорд байдал, нүгэл болоод эмгэнэлтэй байдлын гүн газраас нь татан гаргаж, ариун байдал, аз жаргал зэрэг өндөрт гаргаж тавьснаас    Бурханы агуу хүч чадал харагддаг.
“мөн итгэдэг бидэнд хандсан Түүний хүч чадлын хэмжээлшгүй сүр жавхланг мэдэх болтугай. Энэ хүч нь Түүний чадлын хүчний нөлөө билээ.” (Ефес 1:19).
Бид авралын бүхий л үе шатанд Бурханы хүч чадалд түшиглэж байдаг. Биднийг гэмшүүлэн, Есүс Христийн дотор итгэл болон шинэ мөн чанарыг өгдөг Бурханы хүч чадалд түшиглэж байдаг. Энэ бол бүтээлийн үйлчлэл: “Тиймээс хэрэв хэн нэгэн хүн Христ дотор байвал тэр хүн шинэ бүтээл мөн” (2Коринт 5:17). “Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн, Түүний бүтээл мөн” (Ефес 2:10). Завхарсан бүтээл жинхэнэ ариун байдалд хүрч чадахгүй ба дахин бүтээгдэх хэрэгтэй. Ефес 4:24 ишлэлд: “зөвт байдал болон үнэний ариун байдал дотор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өөртөө өмс” гэсэн байна. Энэ нь үхэгсдээс дахин амилахыг хэлнэ. Колоссай 2:12-13 ишлэлд: “Ингэхдээ та нар баптисм дотор Түүнтэй хамт оршуулагдсан. Түүнийг үхэгсдээс амилуулсан Бурханы үйлсэд итгэсэн итгэлээр баптисм дотор та нар бас Түүнтэй хамт амилуулагдав.” Тийм ээ. Энэ нь жирийн нэг бүтээл эсвэл үхэгсдээс амилуулахаас илүү алдартай үйлчлэл юм. Үүгээр дамжуулан хүрэх үр дүн нь бүр илүү агуу, бүр илүү шилдэг зүйл байдаг. Өөрчлөгдөхөөс өмнөх байдал буюу нүглээсээ болоод үхсэн, мөн чанартаа бүх л талаар завхарсан, гүн гүнзгий эмгэнэлтэй байдалд байсан нь шинээр хүрч чадсан тэр байдлаасаа жирийн л нэг үхэл эсвэл оршин байхгүй байдлаар холдсон гэдгээс ч илүү алс хол байсан хэрэг юм.
Бид ивээл авсан байдалдаа хэвээр байсаар байгаа нь ч бас Бурханы хүч чадал ажээ.
“Эцсийн үед илэрхийлэгдэхэд бэлэн буй аврлын төлөө та нар итгэлээрээ Бурханы хүчээр хамгаалагдсан ажээ.” (1Петр 1:5).
Ивээл эхлээд Бурханаас ирсний адил үргэлжлэн Бурханаас ирсээр Бурханы хүчээр хадгалагдаж байдаг. Энэ нь тэнгэрт гэрэл анх тусан үүр цайх үе эсвэл нар мандахтай адил, өдрийн турш нарнаас ирэх гэрэлтэй адил байдаг.  Хүмүүс Бурханы үйлдсэн бүхий л ивээлийг олж авахын тулд Бурханы хүч чадалд түшиглэн найддаг. Өөрөөр хэлбэл, Бурхан зүрх сэтгэлд нигүүлслээ буулгах үйлчлэлд, нүгэл, завхралыг арилгах үйлсэд, ариун зарчмуудыг нэмэгдүүлэх үед, зөвт үйлсээр үр жимс ургуулах үед Бурханы хүч чадалд найдан түшиглэдэг. Бүрэн төгс байдалд хүргэх ивээлийг авах үед, түүний сүнс Христийн алдартай төрхийг бүрэн дуурайн өөрчлөгдөх хүртэл, түүний сүнсийг хангалуун болгодог баяр хөөр, аз жаргалаар дүүргэгдэх үед, түүний бие дахин амилж, ерөөлтэй, төгс болсон сүнс нь оршин байхад тохиромжтой эрхтэн тогтолцоо болон төгс төгөлдөр байдалд хүрэхийн тулд Бурханы хүч чадалд найдан түшиглэдэг. Эдгээр нь Бурханы хүч чадлын хамгийн яруу алдар бүхий үр дүн нь бөгөөд бүтээлтэй холбоотой Бурханы үйл хөдлөлөөс харагдаж байдаг зүйлсийг хэлнэ.
Хүн анх бүтээгдэх үедээ Бурханы хүч чадалд найдан түшиглэж байсан хэдий ч одоо улам бүр илүүгээр Түүний хүчинд найдаж байна. Хүн илүү ихийг хийхийн тулд Бурханы хүч чадал түүнд хэрэгтэй бөгөөд Бурханы гайхалтай хүч чадлын ажиллагаанд илүү ихээр түшиглэж байна. Эхлээд хүнийг ариун болгох нь Бурханы хүч чадлын үр дүн байсан. Гэвч одоо хүн ариусахад олон эсэргүүцэл, бэрхшээл байдаг учир Бурханы илүү их хүч чадал хэрэгтэй болдог. Завхарч, нүглийн хүлээсэнд  байгаа хүнийг ариун болгох нь урьд нь нүглийн эрхшээлд байгаагүй, эсэргүүцэх хүчний нөлөөгүй байсан хүн ариун байдлыг олж авснаас илүү их алдартай хүч чадлын үр дүн байдаг. Нэг сүнсийг муу сүнсний гар болон харанхуйн хүчний нөлөөнөөс татан гаргаж авралд хүргэх үйлс нь ямар ч хүлээс, эсэргүүцэлгүй газраас ариун байдлыг хүлээн авахаас хамаагүй илүү алдартай хүч чадлын үйлчлэл байдаг.
“Бүрэн зэвсэглэсэн, хүчтэй эр эдлэн газраа хамгаалбал, өмч хөрөнгө нь амар тайван байна. Харин түүнээс илүү хүчтэй нэг нь ирж, түүнийг довтлон дийлэхдээ, өөрийнхөө найдварыг тавьж байсан бүх зэвсгийг нь түүнээс булаан авч, олзоо тараах болно.” (Лук 11:21-22).
Тиймээс хүний дотоодод сатан ямар ч нөлөөгүй байсан анхны байдалд хүнийг завхрахгүй байхаар хамгаалахаас илүүтэй хүний эсэргүүцсэн зүрх сэтгэлийн дотор олон төрлийн нүгэл хэвээр үлдсэн байхад сүнсэнд  нь нигүүлсэл, ариун байдлыг үргэлжлүүлэн хадгалж алдарт хүргэх нь илүү агуу хүч чадал, алдартай үйлчлэл ажээ. Энэхүү шалтгааны улмаас аврагдсан хүмүүс өөрсдийн Бурханаас ирдэг бүхий л сайн сайхныг олж авахын тулд хэрхэн Бурханд найдан түшиглэдэг вэ гэдгийг тайлбарласан билээ. 
Хоёрдугаарт, аврал авсан хүмүүс бүхий л зүйлээ Бурханаас хүлээн авдаг учир бүх зүйл дээрээ Бурханд түшиглэдэг.
Бурхан бол бүх зүйлийг бүтээсэн Бүтээгч Эзэн, эх үүсвэр байдаг төдийгүй зуучлагч нь байдаг. Бидэнд байгаа бүх зүйл буюу мэргэн ухаан, нүглийн уучлал, тамаас аврагдсан аврал, Бурханы сайхан сэтгэлийг хүлээн авсан, нигүүлсэл болоод ариун байдал, жинхэнэ тайвшрал болоод аз жаргал, мөнх амь хийгээд алдар нь бүгд Бурханаас зуучлагчаар дамжуулан бидэнд ирдэг. Энэхүү зуучлагч нь Бурхан. Бид туйлаас найдан түшиглэж байдаг энэхүү зуучлагчаар дамжуулан бүхнийг хүлээж авдаг. Тиймийн учир бид бүх сайн сайхан зүйлсийг хүлээн авахын тулд Бурханд түшиглэх  өөр нэг арга энд байна. Бурхан бидэнд зөвхөн зуучлагчийг өгсөн төдийгүй зуучлагчийн зуучлан гуйлтыг хүлээн авч, зуучлагчийн үнийг нь төлсөн зүйлсийг Түүний хүч чадал, нигүүлслээр бидэнд өгдөг. Гэвч тэр зуучлагч нь Бурхан билээ.
Бидний хүлээн авдаг ивээлүүд бол төлөөсийг нь төлсөн зүйлс байдаг. Тэрхүү төлөөс нь Бурханы хүчээр төлөгдсөн ба төлөөсийг төлсөн ерөөлүүд нь Бурханаас ирсэн бөгөөд басхүү Бурхан бидэнд тэр төлөөсийг төлөх Нэгэнийг өгсөн юм. Түүгээр ч үл барам, Бурхан Өөрөө тэр төлөөсийг төлөгч нь ажээ. Тийм ээ. Бурхан Өөрөө тэр төлөөсийг төлөгч ба тэр төлөөс нь болдгийн учир нь Бурхан болох Христ бидний төлөө, бидний авралын төлөөс болгон Өөрийгөө өргөснөөр эдгээр ерөөлүүдийн үнийг нь төлсөн юм. Христ Өөрийгөө золиосны тахил болгон өргөснөөр мөнх амийн төлөөсийг нь төлсөн.
“Учир нь Тэр Өөрийгөө нэг удаа бүгдийн төлөө тахил болгон өргөхдөө үүнийг хийжээ.” (Еврей 7:27)
 “Харин эдүгээ, үеийн төгсгөлд Өөрийгөө тахил болгон нүглийг зайлуулахын тулд Тэр нэг удаа үзэгдсэн юм.” (Еврей 9:26)
Бодитоор Өөрийгөө золиосны тахил болгон өргөсөн нь Түүний хүмүүнлэг чанар байв. Гэвч Тэрбээр бурханлаг чанарыг ч бас Өөртөө агуулсан Нэгэн байсан. Тиймээс тэрхүү золиосны тахил нь хязгааргүй үнэ цэнийг агуулж байлаа.
Ийнхүү бид бүхий л сайн сайхан зүйлсийг Бурханаар дамжуулан авдаг учир хүн анх бүтээгдэх үед байгаагүй харилцааны дагуу Бурханд түшиглэдэг. Тэр үед хүн өөрийн зөвтгөлөөр дамжуулан мөнх амийг авах хэрэгтэй байсан учир хүн зарим нэг талаар өөрийн дотоод зүйлсэд түшиглэж байсан. Үүний учир нь бид өөрсдийн сайн зүйлсийг олж авах эх үүсвэр төдийгүй тэрхүү сувагт ч бас найддагтай холбоотой. Хэдий тэр үед түшиглэн найдаж байсан хүний зөвтгөл нь үнэхээр Бурханаас ирсэн зүйл мөн байсан ч гэлээ тэр нь түүнийх л байсан бөгөөд түүний хувьд төрөлх зүйл нь байсан болохоор түүний найдвар нь шууд Бурханд хандсан байгаагүй ажээ. Гэвч одоо бидний түшиглэж буй зөвтгөл нь бидний дотор байдаг зүйл бус Бурханы дотор байдаг. Бид Христийн зөвтгөлөөр аврагдсан ба Христ бидний зөвтгөл болсон. Тиймээс Иеремиа 23:6 ишлэлээс харвал "ЭЗЭН бол бидний зөв шударга" гэсэн нэрээр эш үзүүлсэн байна. Эндээс биднийг зөвтгөсөн зөвтгөл нь Христийн зөвтгөл, Бурханы зөвтгөл юм.
“Тэгснээр бид Түүний дотор Бурханы хүртээх зөвт байдал болох юм.” (2Коринт 5:21)
Ийнхүү авралын тухайд бид Бурханаас бүх зүйлийг хүлээн авсан төдийгүй Бурханы хүчээр, Бурханаар дамжуулан бүх зүйлийг хүлээн авсан.
“бидний хувьд ганц Бурхан, Эцэг байна. Бүх юм Түүнээс гарсан бөгөөд бид Түүний төлөө юм. Мөн ганц Эзэн Есүс Христ байна. Бүх юм Түүгээр байгаа бөгөөд бид ч Түүгээр байгаа юм.” (1Коринт 8:6)
Гуравдугаарт, аврагдсан хүмүүст байгаа бүхий л сайн сайхан зүйлс Бурхан дотор байдаг.
Бид тэр сайхан зүйлсийг Бурханаас хүлээн аваад зогсохгүй, Бурханаар дамжуулан хүлээн авдаг ч тэр нь Бурханы дотор байдаг, Тэр бол тэрхүү сайн зүйл Өөрөө билээ. Аврал авсан хүмүүсийн  хүлээн авсан сайн зүйлс нь объектив болон төрөлхийн чанартай байдаг. Объектив талын сайн зүйл гэсэн нь аврал авсан хүмүүс тэр зүйлсийг эдэлж хэрэглэн баярлаж, аз жаргалтай байж чадахад хүргэдэг гадаад хүчин зүйл гэсэн утгатай. Басхүү төрөлхийн сайн зүйлс нь тэрхүү сүнсний дотор байдаг дээд зүйл, баяр хөөрийг хэлдэг. Аврал авсан хүмүүсийн дээрх хоёр төрлийн сайн зүйлс нь бүгд Бурхан дотор байдаг ба Бурхан Өөрөө тэдний бүхий л сайхан зүйлс нь болдог гэдэгтэй ижил утгатай.
1. Аврал авсан хүмүүсийн бүх объектив сайн зүйлс нь Бурхан дотор байдаг.
Тэд аврал авснаар өөртөө эзэмшин, баярлан хэрэглэх болсон агуу сайн нь Бурхан Өөрөө юм. Бурхан бол дээд зэргийн сайн сайхан бөгөөд Христийн үнийг нь төлсөн бүх сайн сайхны нэгдэл билээ. Бурхан бол итгэгчдийн өв, Бурхан бол тэдний сүнсний өв хөрөнгийг өвлүүлэгч нь. Бурхан тэдний баялаг, эрдэнэс бөгөөд тэдний хүнс хоол, тэдний амь нас, тэдний орших газар, тэдний чимэглэл, хааны титэм, түүнчлэн тэдний үүрдийн нэр хүнд, алдар нь байдаг. Итгэгчид тэнгэрийн хаанчлалд Бурханаас өөр юуг ч ээзмшихгүй байх болно. Аврагдсан хүмүүс нас барах үедээ, басхүү дэлхийн төгсгөлд дахин амилахдаа агуу сайн зүйл болох Бурханыг өвлөн авах болно. Эзэн Бурхан тэнгэрийн дээрх Иерусалимын гэрэл бөгөөд “амийн усны гол”, “Бурханы хаанчлалын голд ургадаг амийн мод” билээ. Алдар хүндтэй Бурханы онцгой гойд байдал, үзэсгэлэнтэй сайхан нь итгэгчдийн зүрх сэтгэлийг үүрд мөнх баярлуулах ба Бурханы хайр тэдний үүрдийн найр хурим болох болно. Аврагдсан хүмүүс үнэхээр өөр зүйлсэд баярлан хөөрөх болно. Тэд тэнгэр элч нарт баярлан, бие биенээ хараад баярлах болно. Гэвч тэд тэнгэр элч нарт баярлах, бие биедээ баярлах эсвэл тэднийг баярлуулж, аз жаргалтай болгож буй бусад бүхий л зүйлс нь Бурханаас ирж, тэдний дотор оршин байх болно.
2. Аврал авсан хүмүүст байгаа бүхий л төрөлх сайн зүйлс нь Бурхан дотор байдаг.
Төрөлх сайн зүйлс нь хоёр төрөл байдаг ба энэ нь агуу дээд байдал мэт боловч баяр хөөртэй зүйл байдаг. Аврал авсан хүмүүст байдаг эдгээр зүйлс нь Бурханаас эхлэлтэй байдаг учир Бурхан  эхлүүлсэн төдийгүй Түүний дотор байдаг. Тэд нэг талаар Бурхантай хамтарснаар сүнслэг агуу байдал, баяр хөөрийг хүлээн авдаг. Тэд Бурханы агуу дээд байдал, нөхөрлөлөөр агуу шилдэг болдог. Бурхан Өөрийн гоо үзэсгэлэн буюу Түүний үзэсгэлэнтэй төрхийг тэдний сүнсэнд хуваан өгдөг. Тэд Бурханы зан чанар, эсвэл Бурханы ёс суртахуунлаг төрхийг хуваалцагчид болдог. 2Петр 1:4 ишлэл: “бурханлаг мөн чанарын хуваалцагч болох юм.” Түүнчлэн Еврей 12:10 ишлэлээс харвал, сар болон гариг эрхэс нарны гэрлээр гэрэлтэж байдаг шиг итгэгчид Бурханы ариун байдал хийгээд баяр хөөрийн нөхөрлөлөөр үзэсгэлэнтэй, ерөөлтэй болдог. Нэг ёсондоо Бурханаас гарсан зүйлсээс итгэгчид сүнсэндээ баяр хөөрийг хүлээн авдаг. Эдгээрийн дотроос аврагдсан хүмүүс Бурхантай дотно нөхөрлөж, Бурханы зан чанарт оролцон, Түүнтэй хамт байдаг.
Итгэгчид Ариун Сүнсний дотоод оршихуй, билэг авъяасаар өөрсдийн сүнслэг агуу байдал, ерөөлийг бүгдийг нь хүлээн авдаг. Тэд Ариун Сүнсээр эхлүүлсэн төдийгүй тэрхүү зарчим болсон Бурхан дотор байдаг. Дотоодод оршин байгч Ариун Сүнс сүнсний амийн зарчим нь байдаг. Сүнсэн дотор, сүнсний тухайд, сүнстэй хамт үйлдэж байдаг Тэрээр  амийн усны ундарга болдгийн хувьд Өөрийн хичээл зүтгэл, өргөжүүлэлтээр жинхэнэ ариун байдал баяр хөөрийн эх сурвалж болдог.
“Харин өөрт нь Миний өгөх уснаас уугч хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх аминд хүртэл оргилох булаг болно.” (Иохан 4:14)
Энэ үгийг Иохан 7:38-39 ишлэлийн үгтэй харьцуулж үзэцгээе:
“Надад итгэдэг хүн "Түүний дотроос амийн усны гол урсах болно" гэж Сударт хэлсэнчлэн байх болно гэв. Есүст итгэсэн хүмүүсийн хүлээн авах Сүнсний тухай Тэр үүнийг хэлжээ. Учир нь Есүс хараахан алдаршуулагдаагүй тул Сүнс өгөгдөөгүй байлаа.”
Христ бидний төлөө төлөөсийг нь төлсөн зүйлийн нийлбэр нь тэрхүү амийн булаг бөгөөд урьд нь ч бас энэ талаар дурьдаж байсан ба сүүлд нь ч бас амийн гол хэмээн хэлсэн байдаг. Аврал авсан хүмүүсийн тэнгэрийн хаанчлалд хүлээн авах ерөөлүүдийн нийлбэр нь Бурхан болон нялх хурганы хаан сэнтийнээс урсан гарч буй амийн гол билээ. Илчлэлт 22:1-т Иохан 7:38-39 ишлэлд тайлбарласан байдаг амийн гол гэсэн утгатай нь ямар ч эргэлзээгүй ба үүнийг өөр газарт “Бурханы баяр хөөрийн гол” гэж нэрлэсэн байдаг. Энд итгэгчид Христээс хүлээн авдаг сайн сайхан зүйлсээр бялхан дүүрсэн байдаг. Энэ нь Ариун Сүнстэй нөхөрлөснөөр Христийн бялхам дүүрэн байдлын дотор Христтэй нөхөрлөхийг хэлнэ. Бурхан арга хэрэгсэл болгохоор Ариун Сүнсийг өгөөгүй. Итгэгчид Түүний бялхам дүүрэн байдлын дотор ивээлийн дээд ивээлийг хүртдэг. Энэ бол итгэгчдийн өвлөн авдаг зүйлсийн нэгдэл юм. Тиймээс итгэгчдийн энэ дэлхийд хүлээн авдаг Ариун Сүнс нь бага хэмжээтэй барьцаа гэж үздэг.
Бас Тэр биднийг тамгалсан бөгөөд бидний зүрхэнд Сүнсийг барьцаа болгон өгсөн аж.” (2Коринт 1:22)
 “Эдүгээ биднийг энэхүү зорилгын төлөө бэлдсэн нь бидэнд Сүнсийг барьцаа болгон өгсөн Бурхан мөн.” (2Коринт 5:5)
 “Түүний дотор та нар ч бас үнэний үгийг буюу та нарын авралын сайн мэдээг сонссоны дараа, мөн Түүнд итгээд, амлалтын Ариун Сүнсээр тамгалагдсан байв. Тэр нь Бурханы эзэмшлийн золилт хүртэл бидний өвийн батлан даагч болж Түүний алдрыг магтуулахын тулд өгөгдсөн юм.” (Ефес 1:13-14)
Ариун Сүнс болон хамгийн сайн зүйл гэдгийг библид адилхан зүйл хэмээн өгүүлсэн байдаг ба хүний сүнсэнд дамжуулан өгдөг хамгийн сайн зүйлс Бурханы Ариун Сүнсэнд бүгд багтсан байдаг.
“Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэнгэр дэх Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст илүү сайныг өгөх нь дамжиггүй бус уу?” (Матай 7:11)
 Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол, тэгэх тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй гэв.” (Лук 11:13)
Энэ нь Христ үхсэнээр өгөгдсөн ерөөлүүдийн нэгдэл бөгөөд сайн мэдээний бидэнд өгсөн амлалтын гол сэдэв нь билээ.
“Христ бидний төлөө хараал болсноороо .......бид итгэлээрээ Сүнсний амлалтыг хүлээн авах юм.” (Галат 3:13-14)
Бурханы Ариун Сүнс нь Ариун Эцэг Бурханы агуу амлалт юм.
“Харагтун, Би Эцэгийнхээ амласныг та нарт илгээнэ.” (Лук 24:49)
Тиймээс Бурханы Ариун Сүнс бол “амлалтын Ариун Сүнс” гэж хэлдэг (Ефес 1:13). Энэхүү амлалтын Ариун Сүнсийг Христ Өөрийн мутраар хүлээн авч, авралын үйлчлэлээ дуусгамагц Өөрийн аварсан бүх хүмүүстээ өгсөн билээ.
“Тиймээс Бурханы баруун гарт өргөмжлөгдөж, Эцэгээс амласан Ариун Сүнсийг аваад, Тэр та нарын үзэж, сонсоцгоож байгааг цутгасан юм.” (Үйлс 2:33)
Тиймээс аврал авсан хүмүүсийн бүх ариун байдал, аз жаргал нь Бурхан дотор байдаг. Энэ зүйл Бурханы Ариун Сүнсний харилцаа, дотоод оршихуй, үйлчлэлийн дотор байдаг. Аврагдсан хүмүүсийн дотор Бурхан оршин байдаг учир тэд Бурханы дотор байдаг ба тэдний ариун байдал, аз жаргал нь өнөөгийн болон дараагийн амьдралд нь Ариун Сүнсний үр жимсний дотор байдаг.
Ийнхүү Бурхан бидэнд Аврагчийг өгч, бидэнд буй хамгийн сайн зүйлс тэрхүү Аврагчийн хүчээр бий болсон. Тиймээс Бурхан бол тэр Аврагч бөгөөд төлөөсийг нь төлсөн үнэ нь болдог. Басхүү Бурханы үнийг нь төлөн худалдаж авсан хамгийн сайхан зүйлс нь тэдгээр зүйлс юм. Тиймээс бидэнд байгаа бүхий л зүйлс Бурханаас ирсэн, зөвхөн Түүгээр, Түүн дотор байдаг.
“Учир нь Түүнээс, Түүгээр, Түүнд бүх юм байна.” (Ром 11:36)
Энд гарч буй Түүнд байдаг гэдэг илэрхийлэл нь грек хэлний Түүн дотор байдаг гэдэгтэй адил байдаг. (1Коринт 8:6).
II. Бурхан авралын үйлчлэлээсээ алдрыг авдаг гэдэг нь аврагдсан хүмүүс Бурханд найдан түшиглэдэг байх нь тэр хэмжээгээр агуу, түгээмэл зүйл байдаг гэдгийг хэлж байгаа хэрэг.
1.Хүний хувьд Бурханы төгс байдал, бялхам дүүрэн байдалд анхаарлаа хандуулж, мэдэрч байх илүү их боломж, үүрэг оногдсон байдаг.
Бурханы төгс байдалд бүтээл нь илүү түшиглэн найдах тусам түүний төгс байдалд анхаарлаа улам илүү хандуулж, тэр хэмжээгээр төгс байдалд анхаарал хандуулах боломж нь ч бас нэмэгдэх болно. Зарим хүмүүс Бурханы хүч чадал, нигүүлсэлд илүү анхаарлаа хандуулан, түүнд түшиглэх тусам түүний Бурханы хүч чадал, нигүүлсэлд анхаарах боломж нь илүү нэмэгдэж  байдаг. Бурханы ариун байдалд илүү их, илүү бодитой түшиглэн найдах тусам тэрхүү ариун байдалд анхаарлаа хандуулан, мэдрэх боломж нь улам бүр нэмэгддэг. Бид Ариун Гурвалын Нэгдлийн зан чанар тус бүрт агуулагдаж буй Бурханы төгс төгөлдөр байдалд илүү их, илүү туйлбартай түшиглэх тусам Ариун Гурвалын шинж чанар тус бүрт агуулагдаж буй Бурханы алдрыг бид анхаарч, эзэмших боломж нь улам бүр нэмэгддэг. Бид хамгийн их анхаарал  хандуулдаг зүйлдээ илүү их анхаарч, сонирхох нь тодорхой. Бас ямар нэгэн зүйлд хандуулсан энэ төрлийн анхаарал буюу түшиглэсэн байдал нь онцгой анхаарал хандуулахыг шаардан хүчлэх хандлагатай байдаг. Бид нэг их анхаарал хандуулаад байдаггүй зүйлсээ хялбархан үгүйсгэж орхидог. Харин бид ихээр анхаарч түшиглэж байгаа зүйлээсээ өөр зүйлд нэг их анхаарлаа хандуулж чаддаггүй. Бид Бурханд дэндүү олон зүйлсээр, дэндүү их найдан түшиглэж байдаг учир бид харцаа хааш нь ч хандуулсан Бурхан болоод Бурханы алдар улам бүр илүүгээр бидний харцанд өртөж байдаг.
Ийнхүү бидний бүхий л бялхам байдал Бурханаас ирэх үед бид Бурханы бялхам байдалд илүү анхаарлаа хандуулах боломжтой болдог. Хязгааргүй сайн зүйл болон хамгийн сайхан зүйлийн эх сурвалж болох Бурханы тухай тунгаан бодох илүү олон боломж бидэнд гарч байдаг. Энэхүү  Бурханд түшиглэсэн байдал нь Бурханы бялхам байдлыг нотолдог. Бүтээлийн Бурханд түшиглэсэн найдвар их байх тусам, бүтээлийн өөрийн хоосрол улам бүр тод харагддаг. Бүтээлийн хоосрол их байгаа хэмжээгээр түүнд хэрэгтэй зүйлийг нь ханган өгч буй оршихуйн бялхалт ч бас их байхаас өөр аргагүй. Бид бүх зүйлээ Бурханаас хүлээн авдаг гэдэг нь Түүний хүч чадал, нигүүлслийн бялхам байдлыг харуулж байгаа юм. Бид бүх зүйлээ Түүгээр дамжуулан авдаг нь Түүний гавъяа зүтгэл, үнэ цэнийн бялхам байдлыг харуулж байдаг. Бид бүх зүйлээ Түүний дотор олж авдаг нь Түүний гоо үзэсгэлэн, хайр, аз жаргалын бялхам байдлыг нотлон харуулж байдаг. Тийнхүү аврагдсан хүмүүс Бурханд түшиглэсэн найдвар нь асар их байх тусам тэр хэмжээний их боломж гарах төдийгүй Бурханы алдар, бялхам байдлыг тунгаан бодох үүрэг нь ч бас нэмэгддэг. Хэрэв бид туйлбартайгаар, шууд байдлаар, түгээмэл байдлаар түшиглэн найддаг Бурханы бялхам байдал, алдрын талаар бодож чадахгүй гэвэл бид хичнээн мунхаг, талархахыг мэдэхгүй байх бол оо!       
2. Ингэснээр тэрхүү агуу Бурханы алдар хэрхэн харьцангуй байдлаар ойлгогддог болох, бүтээлийн алдартай харьцуулагддаг эсэх нь нотлогдож байгаа юм.
Ийнхүү бүтээл бол юу ч биш харин Бурхан бол бүх зүйл гэдэг нь бүтээл бүх талаар Бурханд түшиглэснээс харагддаг. Бурханы хүч, мэргэн ухаан, ариун байдал нь бидний тэдгээр зүйлсээс хязгааргүй агуу. Гэвч бүтээл нь Бурханыг хэр агуу, алдартай хэмээн ойлгож байгаагаас үл хамааран Бурхан, өөрийнхөө хоорондын ялгааг мэдрэхгүйгээр өөртэйгээ харьцуулснаар Бурханы алдар хичнээн агуу болохыг харж чадахгүй бол Түүний нэрэнд зохистой алдрыг Бурханд өргөе гэсэн зүрх сэтгэл түүнд төрдөггүй. Хэрэв бүтээл ямар нэгэн байдлаар өөрийгөө Бурханы байр суурин дээр гарган тавивал, эсвэл өөрийгөө өргөмжлөн Бурхантай өрсөлдөх гэвэл тэр хичнээн Бурханд харъяалагддаг агуу алдар сүр,  асар их хүндлэлийг хүлээх ёстой гэсэн мөн чанарын ялгааг мэддэг байлаа ч тэр өөрийгөө Бурханаас ирсэн гэдгийг мэдэрч чадахгүй л байх болно. Хүн өөрийгөө өргөмжлөх тусам тэр хэмжээгээр Бурханыг бага өргөмжилдөг. Хүмүүсийн хандлага авралд хүрсэн байхыг Бурхан Өөрийн тодорхой зорилгоо болгосон байдаг.
(Хэрэв бид библийг Бурханы зүрх сэтгэлээ илчилсэн ном гэдгээр нь хүлээн зөвшөөрдөг бол), авралаас Бурхан бол бялхам дүүрэн, хүн хоосон байдаг нь илрэн харагддаг ба Бурхан бол бүх зүйл, хүн бол юу ч биш гэдэг нь харагддаг. Өөр оршихуй “Бурханы өмнө алдаршуулагдаж  болохгүй” гэдэг нь Бурханы тунхагласан төлөвлөгөө билээ. Энэ нь харьцангуй байдлаар үнэлэгдэж буй Түүний алдрыг дээшлүүлэх явдал бол Бурханы төлөвлөгөө байсан гэсэн утгатай. Хүн Бурханы өмнө алдаршуулагдах тусам Бурханд буцан очих байсан алдар тэр хэмжээгээр багасдаг.
3.Ийнхүү хүн хэрэв бүх талаар, түгээмэл байдлаар Бурханд түшиглэдэг байх тушаалыг авсан оршихуй юм бол Бурхан бид бүгдийн сүнсийг эзэмшиж, бидний хүндэтгэлийг хүлээсэн Нэгэн байх ёстой гэдгийг таамаглаж болох юм.
Хэрэв бид Бурханд хэсэгчлэн найдаж, бас өөр   зүйлд хэсэгчлэн найдвал хүний хүндлэл түүний найдаж буй өөр бусад зүйлсийн улмаас сарнихад хүрнэ. Хэрэв бид зөвхөн өөрсдийн ашиг тусын төлөө л Бурханд найдан түшиглэж, өөр бусад зүйлсийн хувьд өөрөө өөртөө эсвэл өөр ямар нэгэн зүйлд найдна гэвэл эсвэл Бурханаас зөвхөн сайн сайхныг л хүлээн авч, Бурхан биш өөр бусад зүйлсээр дамжуулан бусад зүйлүүдийг хүлээн авч, бас өөр зүйлээр дамжуулан өөр ямар нэгэн зүйлийг авч байдаг гэвэл сайн зүйл гэж буй тэр зүйл болон бид ямар нэгэн зүйлийг  авч байдаг Бурхан болоод Бурхан биш зүйлүүдийн хооронд бидний зүрх сэтгэл хуваагдмал болох болно. Гэвч одоо тэгэх хэрэггүй. Бурхан бидэнд буй хамгийн сайн зүйлсийн эх сурвалж, суваг нь, сайн зүйл Өөрөө бөгөөд бид Түүнээс, Түүгээр дамжуулан хүлээн авдаг. Тиймээс бидний хүндэтгэлийг хүлээж буй ямар ч зүйл байсан түүний хандлага Бурханыг чиглэсэн байдаг ба бүх зүйл түүний цөм нь болсон Бурханы дотор нэгдмэл болсон байдаг.
Хэрэгжүүлэлт 
I. Бид авралын үйлчлэлээс Бурханы гайхалтай мэргэн ухааныг олж хардаг.
Хүмүүс завхарснаас болоод тэдэнд бий болсон хоосрол, эмгэнэл, дорд орсон, алдагдсан зэрэг сүйтгэгдсэн байдлыг  Өөрийн алдрыг нэмэгдүүлэх боломж болгосон юм. Бусад тохиолдлуудын нэгэн адил онцгой энэ тохиолдолд ч бас хүн улам бүр илүү, илүү баттайгаар Бурханд түшиглэж байна. Хүмүүс завхарсны улмаас нүгэл, зовлонгийн эмгэнэлтэй нүхэнд унасан байхад нь түүнийг Бурхан татан гаргаад, шилдэг гарамгай, нэр хүнд, алдар, аз жаргалын өндөр газарт хүргэхдээ хязгааргүй баярлаж байсан хэдий ч бүтээл нь болох хүмүүсийн хувьд аль ч талаасаа тэрхүү алдрыг эдлэх ямар ч эрхгүй билээ. Бүх л алдар нь Бурханд харъяалагддаг нь тодорхой бөгөөд бүх зүйл энгийн басхүү хамгийн туйлын байдлаар Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнс Бурханд түшиглэдэг. Түүнчлэн Ариун Гурвалын Нэгдлийн бүрэлдэхүүн нэг бүр энэхүү үйлчлэлд эн тэнцүү алдрыг хүлээн авч байдаг. Ийнхүү Бурхан бүх зүйлийн дотор, бүх зүйлээр авралын үйлчлэлийнхээ дотроос харагдаж байдаг. Авралын үйлчлэлийн хувьд Өөрөө оршин байгч Нэгэн бөгөөд Түүнээс өөр ямар ч Бурхан байхгүй ба Бурхан Альфа ба Омега, эхэн ба эцэс, бүх зүйл болон цорын ганц зүйл байх нь зохистой.
II.Тиймээс ямар ч талаар Бурханд туйлаас, бүх зүйлдээ найдан түшиглэхийг эсэргүүцдэг онол эсвэл теологийн систем нь Бурханы алдрыг бусниулан, бидний авралын төлөвлөгөөнд саад учруулдаг.
Бас тэдгээр зүйлс нь ямар ч хэлбэрээр байсан Бурханыг бүтээлээр орлуулж буй хэрэг бөгөөд бидний авралтай холбоотой ямар нэгэн зүйлээр хүнийг Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнс Бурханы байр сууринд өргөмжилж буй хэрэг. Ингэж буй хүмүүс аврагдсан хүмүүс Бурханд түшиглэдэг гэдгийг зарим нэг талаар хүлээн зөвшөөрөх боловч, тэгтлээ туйлбартайгаар, бүх талаар түшиглэхийг үгүйсгэдэг. Тэд зарим нэг зүйл дээр Бурханд бүх талаар түшиглэдэг боловч бусад зүйл дээрээ тэгж чаддаггүй. Тэд Аврагчийг хүлээн авах болон Түүний бэлгийн тухайд Бурханд түшиглэхийг хүлээн зөвшөөрдөг хэдий ч, Аврагчийн дотор байх тус дэмжлэгийг хүртэх тухайд Бурханд туйлаас найдан түшиглэх явдлыг  үгүйсгэдэг. Тэд цорын ганц хүүгээ өгсөн Ариун Эцэг Бурхан болон биднийг аврахын тулд ажилладаг Ариун Хүү Бурханд туйлаас түшиглэхийг хүлээн зөвшөөрдөг боловч, биднийг гэмшүүлж, Христийн дотор оруулан, Бурханы нигүүлслийг шаардах эрхийг өгсөн Ариун Сүнсэнд бүх талаар түшиглэхийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэд ивээлийн арга хэрэгслийн тулд Бурханд түшиглэхийг хүлээн зөвшөөрдөг боловч тэрхүү арга хэрэгслүүдийн ач тус, үр дүнгийн тухайд хүлээн зөвшөөрдөггүй. Басхүү ариун байдлыг хүртэж, дасгалжуулах тухайд Бурханы хүч чадлыг хэсэгчилсэн байдлаар хүлээн зөвшөөрдөг боловч
Бурханы туйлын дээд ивээлийн хувьд бүх талаар түшиглэдэггүй. Тэд Бурханыг хүлээн авсны хувьд ямар ч гавъяа байгуулаагүй, Түүний чин сэтгэлийн ивээлд түшиглэдэг гэдгийг хүлээн зөвшөөрдөг боловч, Бурханы гайхалтай байдалд татагдах эсвэл сэтгэл нь догдлон хөдөлдөггүй. Христээр дамжуулан бид амийг авч, Христ шинэ амийн үнийг төлсөн тухайд Түүнд хэсэгчилсэн байдлаар найддаг боловч бид  амийг хүлээн авсан бидний зөвтгөл нь анхны гэрээн доор байсны адил бидний төрөлхийн зүйл гэж үздэг. Бүхий л зүйл дээр Бурханд бүрэн найдан түшиглэх хийгээд бүх зүйл Бурханаас, Түүгээр дамжуулан, Түүн дотор бий болдог гэдэгтэй нийцдэггүй теологийн систем нь тэр зүйл өөрөө юу ч байсан сайн мэдээний төлөвлөгөө болон үндсэн зорилготой зөрчилддөг бөгөөд Бурханы айлдсан сайн мэдээний туяа, алдрыг хулгайлж буй хэрэг юм.
III.Тиймээс бид энэхүү итгэлийн улмаас энэ авралд анхаарал хандуулах болсон шалтгаанаа мэдэж чадна.
Шалтгаан нь авралын хувьд Бурханд туйлаас найдан түшиглэхтэй холбоотой ялган салгах чадвар бүхий ойлголт итгэлийн мөн чанарын дотор багтсан байдагтай холбоотой. Энэхүү авралын ач тусыг хүртэхийн тулд Бурханд түшиглэх хэрэгтэй гэсэн ялгах чадвар болон ойлголт шаардлагатай байдаг нь дэндүү мэдээжийн хэрэг билээ. Бурхан эдгээр арга хэрэгслүүдээр дамжуулан авралын үйлчлэлээр Өөрийгөө алдаршуулдаг. Түүнчлэн Бурхан энэ авралын үйлчлэлийн объект нь болж, түүний ач тусыг хүртэж буй хүмүүсээс багаар бодоход ийм алдрыг хүлээн авах зохистой гэдэг нь мэдээжийн хэрэг юм. Итгэл гэдэг нь авралын үйлчлэлийн хувьд бодитой зүйл нь юу вэ гэдгийг ухаарахыг хэлнэ. Басхүү итгэлтэй сүнс бүх зүйлийн талаар Бурханд түшиглэн, тэр зүйлийг ойлгож, үйлддэг. Итгэл хүнийг дорд болгож, Бурханыг өргөмжилдөг. Итгэл авралын үйлчлэлийн бүхий л алдрыг зөвхөн Бурханд өргөдөг. Итгэлээ сахихын тулд өөрийгөө зайлшгүй хоослох хэрэгтэй бөгөөд өөрийгөө хөөрхийлэлтэй, эмгэнэлтэй, ядуу, сохор, чармай нүцгэн байгаа гэдгээ зайлшгүй ухаарч ойлгох хэрэгтэй байдаг. Даруу байдал бол жинхэнэ итгэлийн чухал элемент байдаг. Жинхэнэ аврал авсан хүн түүнийг балчир хүүхэд мэт хүлээж авдаг.
Үнэнээр Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээж аваагүй хэн боловч тэнд орохгүй гэж айлдлаа.” (Марк 10:15)
Өөрийгөө дорд болгон, зөвхөн Бурханыг өргөмжлөх нь итгэлтэй сүнсний баяр хөөр байдаг:
“Бидэнд биш, Өө, ЭЗЭН, бидэнд биш, Харин Таны хайр энэрэл, Таны үнэний улмаас Өөрийнхөө нэрд л алдрыг өргө.” (Дуулал 115:1)

IV. Зөвхөн Бурханыг өргөмжлөн, бүхий л авралын алдрыг Түүнд өргөцгөөе.
Бид Бурханд асар их түшиглэж байгаагаа ухааран ойлгож, түүнийгээ нэмэгдүүлэхийн төлөө хичээцгээе. Харцаа зөвхөн Бурхан дээр тогтоож, өөртөө түшиглэн, өөрөөрөө зөвтгөгдөхийг хичээдэг хандлагаа захирдаг байхыг хичээцгээе. Хүн өөрийн мөн чанартаа өөрийгөө хэт өргөмжлөн, өөрийн хүч чадал, сайн үйлсэд түшиглэхийг хичээдэг. Хүн өөрөөсөө л аз жаргалыг олж авах ёстой гэж боддог мэт байдаг. Хүн Бурхан болон Түүний Ариун Сүнстэй огт холбоогүй баяр хөөрийн дотроос аз жаргалыг олж чадах мэт санадаг ба түүндээ анхаарлаа хандуулах хандлагатай байдаг. Гэвч итгэж, түшиглэснээр, магтан дуулснаар, зөвхөн Бурханыг өргөмжил гэдгийг энэ онол бидэнд заан сургаж байна. Сайрхаж буй нэгэн нь Эзэнээр сайрхаарай. Хэн нэгнийг гэмшээд сэтгэлээ эргүүлэхийг хүсэж, ариун болгохыг хүсэж, түүний сэтгэлд жинхэнэ агуу дээд байдал, сүнслэг гоо үзэсгэлэн байгаасай гэж хүсэж байна уу? Түүний нүгэл уучлагдан, Бурханыг хүлээн авч, Бурханы хүүхэд болох нэр хүнд, ерөөлийг авч, мөнх амийг өвлөн авсан байгаасай гэж хүсэж байна уу? Түүгээр бүх алдрыг Бурханд өргүүлээрэй. Зөвхөн хэн түүнийг энэ дэлхийн хамгийн бузар муу хүмүүс болон тамаас хамгийн хөөрхийлэлтэй хараагдсан хүмүүсээс эргүүлж өгсөн бэ? Хэрэв хэн нэгэн маш их тайтгарал, мөнх амийг авна гэсэн хүчтэй найдвартай байгаа бол тэр найдвараараа өөрийгөө өргөмжлөлгүй, харин ч өөрийгөө улам бүр дорд болгон, Бурханы ивээлийг авах ямар ч эрхгүй гэдгээ эргэн нэг хараад зөвхөн Бурханыг өргөмжилсөн байхад нь түүнд туслаарай. Хэн нэг нь ариун байдлаараа гаргууд, бас олон сайн үйлсийг үйлдэж байгаа бол өөртөө ямар ч алдрыг авалгүй, зөвхөн Бурханыг алдаршуулахад нь туслаарай.
“Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн...” (Ефес 2:10).
Online at http://www.jonathan-edwards.org/Dependence.html

No comments:

Post a Comment