-Жон Пайпер Пастор
Миний хувьд хоёр асуултанд хариулт өгөхийг зорьж байгаа
бөгөөд энэ нь: Бүтээлийн эхэн үеэс авахуулаад шинэ тэнгэр, газар бий болох тэр
үед дээд оргилдоо хүрэх хүн төрөлхтний
түүхийн явцад тавьсан Бурханы зорилго, зорилт нь юу юм бол? Басхүү тэр зорилгод
бид ямар хариулт өгөх ёстой вэ?
Энэ
асуултыг яагаад тавьж байна вэ?
Энэ нь Бурханы хүүхэд болно гэж юу гэсэн утгатай вэ
гэдэгтэй холбоотой асуудал учир миний
хувьд энэ зүйл маш чухал. Аавынхаа хамгийн нандигнан үзэж, сэтгэлдээ хадгалж
буй тэр зорилгод мэдрэмжтэй байж, анхаарлаа хандуулдаггүй хүн бол маш бардам
бөгөөд ивээл нигүүлслийг мэддэггүй хүү гэсэн үг. Итгэмжтэй хүү өөрийн бүх бодол
санаа, сэтгэл догдлол, үйл хөдлөлөө Аавынхаа хамгийн гүн гүнзгий зорилготой
нийцүүлэхийн тулд түүнийг нь мэдэж, ойлгохыг хичээдэг.
Эсвэл өөрөөр хэлбэл, хэн нэгэн хүний зүрх сэтгэлийг
хамгийн их хөдөлгөдөг зүйл нь юу вэ гэдгийг мэдэх хүртлээ та тухайн хүнийхээ
тухай үнэхээр мэддэг болоогүй байна гэсэн үг. Бид Бурханы хамгийн халуун хүсэл хийгээд Түүний бүхий л үйл хөдлөлөө
хийхэд хүргэсэн зорилгыг нь мэдэхгүй байтлаа яаж Түүнийг мэддэг гэж яриад
байдгийг би огт ойлгодоггүй юм. Гэвч хэрэв бид Түүнийг мэдэж чадахгүй бол бид
Түүнийг хүндэтгэн, Түүнийг дуурайж чадахгүй. Дахин хэлэхэд, хэрэв бид тэнгэр
дэхь Эцэгтээ хүндэтгэл өргөж, басхүү Түүнийг дуурайн, Түүний итгэмжит хүүхэд нь
болохыг хүсэж байгаа л бол бид заавал энэхүү асуултанд хариулт өгөх хэрэгтэй
болно. Энэ асуулт бол: түүхэн дэхь Бурханы хамгийн эрхэм зорилго юу вэ?
Үндсэн
ойлголт
Энэ асуултанд хүн өөрөө шударга байх ёстой бөгөөд басхүү
библиэр нотлогдсон байх ёстой гэсэн үндсэн ойлголтонд тулгуурласан байдаг. Би
энэ асуултыг тавих үедээ Бурхан энэ
дэлхий ертөнц дээр явагдаж байгаа бүхий л үйл явдлуудыг захиран удирдаж, түүх
хэмээгдэх энэхүү агуу киноны зохиогч, найруулагч нь Тэр Өөрөө байдаг бөгөөд
Тэрбээр Өөрийн туйлын зорилгыг биелүүлэхийн тулд бүх зүйлийг зохицуулан, байршуулж байдаг гэдгийг тайлбарлан хэлэхийг
хүсэж байна. Би хэзээ ч билээ Хьюстоны Их Сургуулийн Клаид Калбины ийнхүү хэлж
байхыг нь сонсож байсан удаатай.
Би энэ дэлхий ертөнцийг мунхаг
биш гэж үздэг ба эзгүй байгч хэн нэгнээр удирдуулдаг ч биш бөгөөд яг энэ өдөр
Өөрийгөө Альфа ба Омега хэмээн өгүүлж буй тэрхүү архитектор, миний лавтайяа
мэдэх огторгуй хэмээх зургийн тавцан
дээр Өөрийн мутрын бүтээлдээ бас нэгэн зураасыг чадамгай гэгч нь нэмэн татаж
байгаа гэсэн төсөөлөлд өөрийн амь насаар
дэнчин тавьсан ч чадна.
Энэ ойлголт нь библид сайтар тулгуурласан зүйл юм.
Исаигийнхаар бол Бурхан бол Бурхан гэдэг тэрхүү үнэн нь Тэрээр ертөнцийн сууриас
урьд түүхийн дотор тодорхой төлөвлөгөөг
гаргасан ба энэхүү зорилгоо огтхон ч үгүйсгэх боломжгүй гэсэн утгатай.
“Өнө
эртний, урьдын зүйлсийг санагтун. Учир нь Би бол Бурхан, өөр
байхгүй. Би бол Бурхан. Надтай адил өөр
байхгүй. Би эхлэлээс төгсгөлийг тунхаглаж,
хийгдээгүй байгаа зүйлсийг өнө эртнээс
мэдүүлсэн. "Миний зорилго хэрэгжинэ.
Би Өөрийн тааламжит бүхнийг гүйцэтгэнэ" гэж
айлдаж байна.” (Исаиа 46:9-10).
Иерусалимд хандан бичсэн
гашуудлын номдоо Иеремиа улс орнуудыг Өөртөө ашигладаг Бурханы хүч чадлын
талаар эргэцүүлэн тунгааж, хэрэв Эзэн тогтоогоогүй л бол хэний ч тушаал
биелэгдэх боломжгүй гэсэн дүгнэлтэнд хүрчээ.
“Эзэн
тушаагаагүйсэн бол хэн хэлэхэд тэр нь болж өнгөрдөг вэ? Сайн болон муугийн аль аль нь Хамгийн Дээд Нэгэний амнаас гардаггүй гэж
үү?” (Иеремиагийн гашуудал 3:37, 38. Исаиа 45:1-7 нэмж үз).
Есүст тохиолдож байсан бүхий
л зүйлүүд Бурханы ямар нэгэн төлөвлөгөө, зорилго байсан гэдгийг бид Шинэ
гэрээнээс олж хардаг. Анхны чуулган Иерусалимд цугларан ийнхүү залбирсан
байдаг:
Таны тосолсон,
Таны ариун зарц Есүсийн эсрэг Херод, Понти Пилат нар харь үндэстнүүд болон
израильчуудын хамтаар үнэхээр энэ хотод цугласан билээ. Энэ нь Таны мутар ба урьдаас
тогтоогдсон [Таны] зорилго бүхэн биелэгдэхийн тулд болой. (Үйлс 4:27,28).
Бурханы дайснууд Бурханы тогтоосон төлөвлөгөөг
үгүйсгэж чаддаггүй, тэд зөвхөн Түүний тогтоосон хүслийг л хэрэгжүүлж байдаг.
Яг үүний адил, Шинэ Гэрээнд бичигдсэн төгсгөлийн
үе болон Илчлэлт номон дахь төгсгөлийн цаг үе биелэгдэх тэр үед бид дайныг
өдөөж буй бүхий л хаадыг Бурхан нэг бүрчлэн захирч байгааг мэдэх болно. Илчлэлт
17 бүлэгт Иохан арван эвэртэй араатан бас янхны тухай өгүүлсэн байдаг. Тэд бол
арван хаад, Христийг эсэргүүцэгч бас Ром
юм. 16, 17 ишлэлийн үгс:
Чиний
харсан арван эвэр ба араатан нь янхныг үзэн ядаж, түүнийг хоосруулж, нүцгэлж,
махан биеийг нь идээд, түүнийг галаар шатаах болно. Учир нь Бурханы үгс биелэгдэх хүртэл
нийтлэг зорилготой байснаар болон араатанд тэдний хаанчлалыг өгснөөр Бурхан
Өөрийнхөө зорилгыг биелүүлэхийн тулд тэдний зүрхэнд үүнийг хийсэн юм.
Энэ нь Сургаалт үгс 21:1-ийн
үгтэй адилхан” Хааны зүрх ЭЗЭНий мутарт атгаастай байгаа усны урсгал мэт юм.Тэр хүссэн цагтаа урсгалыг өөрчилдөг.”
Гэвч бид эдгээр ишлэлүүдээс
Бурхан зөвхөн хаад, ноёд, цэргийн удирдагчдын ажил үйлсийг л удирдаж байдаг
гэсэн бодолтой байж болохгүй. Үгүй, Тэрээр улс орнуудыг захирч байдаг шигээ хувь хүмүүсийг ч бас захирдаг Бурхан.
Иосеф боол болон зарагдаж, Египетэд тодрон гарч ирсэн түүхийн төгсгөлд Иосеф ах
нартаа ингэж хэлдэг “Та нар намайг хорлох гэсэн боловч Бурхан өнөөдрийнх шиг үй олон хүний амийг аврахын төлөө түүнийг сайнаар
эргүүлсэн юм” (Эхлэл 50:20). Хүмүүсийн бузар муу зорилго ч Бурханы
тогтоосон хүслийг нурааж чадахгүй.
Сургаалт үгс номын
зохиогчийг “Хүмүүний зүрхэнд олон санаа байдаг боловч ЭЗЭНий зөвлөгөө байсаар байх болно” (Сургаалт үгс 19:21) хэмээн өчихөд
хүргэсэн зүйлс нь эдгээртэй адил түүхүүд эсвэл өөрийн амьдралаасаа олж авсан олон бодит туршлагууд
байсан нь лавтай.
Өөр ишлэлд тэрбээр ийнхүү
өгүүлжээ. “Шавга хаявч шийдвэр бүр нь ЭЗЭНээс
ирдэг”(Сургаалт
үгс 16:33, нэмж үзэх 16:9, Иеремиа 10:23, Ефес 1:11, Матай 10:29).
Нэгтгэн хэлбэл, миний хариулт өгөхийг хүсэж буй эхний
асуулт нь “түүхэн дэхь Бурханы хамгийн эрхэм зорилго юу вэ? гэсэн асуулт юм.
Гэвч энэ асуултад миний нотлохыг хичээж байгаа зүйл бол энэ нь библийн дагуу
байдаг буюу Бурхан түүхийн явцад үнэхээр ямар нэгэн зорилго, төлөвлөгөөтэй
байдаг бөгөөд үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Өөрийн онцгойлон удирдах чадвар,
мэргэн ухаанаа ашиглаж байдаг гэсэн санааг агуулж байгаа юм.
Түүхэн
дэхь Бурханы хамгийн эрхэм зорилго
Бурханы тууштай хэрэгжүүлж ирсэн бүхий л үйлчлэлийн
туйлын зорилго нь Бурханы алдрыг харуулах явдал гэж библид сургамжилдаг.
Тасралтгүй үргэлжилсэн авралын түүхийн хамгийн чухал цаг үеүүдэд би анхаарлаа
хандуулснаар түүний утга учрыг гаргаж ирэхийн зэрэгцээ үүнийгээ нотлохыг хүсэж
байгаа юм.
Бид тэдгээр ишлэлүүдийг авч үзэхийн өмнө эхлээд Сударт
хэрэглэгддэг үг хэллэгтэй холбогдуулан хэдэн үг хэлэхийг хүсэж байна. Библид бичигдсэнээр “Бурханы алдар” гэдэг үг нь
ерөнхийдөө Бурханы олон талт бүрэн
төгөлдөр байдлын үзэсгэлэнт сайхан байдалтай холбоотой байдаг. Энэ нь Агуу сүр
жавхлантай бөгөөд цэвэр ариун байдал дотор оршигч Тэрхүү Бурхан чухам ямархуу
байдаг вэ гэдгийг үгээр илэрхийлэхийг оролдож байгаа хэрэг. Энэ нь Түүний зөвт
хийгээд бүхий л зүйлээр бялхам дүүрэн байдаг гэдгийг өгүүлж буй хэрэг. Энэ үг
нь зарим үед Түүний хүч чадал, мэргэн ухаан, энэрэл, шударга зөв байдал зэрэг
Түүний өөр өөр мөн чанаруудад анхаарлыг маань хандуулдаг. Учир нь эдгээр нь тус
бүрдээ өөр өөрийн чухал шинж чанар, зан араншинг агуулж Түүнийг хүндэтгэх
сэтгэлийг төрүүлдэг учиртай. Гэвч Бурханы алдар гэдэг нь ерөнхийдөө нэгэн
туйлын үзэсгэлэнтэй бодгаль дотор шингэсэн Түүний бүхий л дотоод мөн чанарын
төгс зохицлыг хэлнэ.
Дээрхтэй бараг ижил утгыг агуулдаг бас өөр нэг үг бол
“Бурханы нэр” юм. Жишээлбэл, библид Түүний нэрийн төлөө ямар нэгэн зүйлийг
хийсэн талаар ярих үед энэ нь үнэн хэрэгтээ Түүний алдрын төлөө ямар нэгэн
зүйлийг хийх гэдэгтэй ижил утгыг агуулж байдаг. “Бурханы нэр” гэдэг нь Түүний
бүхий л төгс төгөлдөр байдлын дотор оршин буй Түүний нэрийг дурьдаж буй хэрэг.
Басхүү Түүний алдрыг дурьдаж байгаа хэрэг бөгөөд “алдар” гэдэг нь зөвхөн
Бурханы оршихуйн мөн чанарыг илүү тодорхой
харуулдаг бол эсрэгээрээ “нэр” гэдэг нь Түүний мөн чанарыг тодорхой
илэрхийлэн харуулдаггүй. Бидний зайлшгүй мэдэж байвал зохих чухал зүйл бол Бурханы алдрын төлөө эсвэл Бурханы
нэрийн төлөө ямар нэгэн зүйлийг хийж байгаагийн зорилго нь адилхан байдаг
гэсэн үг юм.
Эдгээр зүйлсийн талаар эргэцүүлэн бодонгоо бид Аврагч байх
нь чухал гэдэг талаас нь Бурханы зорилгыг харуулж буй хэд хэдэн ишлэлийг
нягталж үзэцгээе. Исаиа 43 бүлэгт Бурхан Өөрийн сонгосон ард түмэнд хандсан
Өөрийн агуу хайрыг илэрхийлжээ. 6-7 ишлэлд тэрээр ийнхүү айлдсан байна.
Би
умардад хандан "Тэднийг гаргаж өг" гээд, өмнө зүгт хандан "Тэднийг буцахад нь бүү саатуулагтун" гэж
айлдана. Миний хөвгүүдийг алс холоос,
Миний охидыг газрын хязгаараас, Миний нэрээр дуудагдсан хүн бүрийг авчрагтун. Учир нь Би тэднийг Өөрийн алдрын төлөө бүтээж,
буй болгож, хийсэн юм.
Миний охидыг газрын хязгаараас, Миний нэрээр дуудагдсан хүн бүрийг авчрагтун. Учир нь Би тэднийг Өөрийн алдрын төлөө бүтээж,
буй болгож, хийсэн юм.
Энэ ишлэлд бичсэнээр бол Бурханы бүтээлийн зорилго нь
Түүний алдар байна. Үүнийг бид Бурхан тэнгэр газрыг бүтээхээс өмнө Түүнд алдар
нь хангалтгүй байсан эсвэл Бурхан биш байсан гэсэн утгатай гэж ойлгож болохгүй.
Үйлс 17:25 ишлэлд Паул ийнхүү хэлсэн байна: “Тэр Өөрөө амь, амьсгал хийгээд хамаг юмсыг бүгдэд өгдөг
учраас ямар нэгэн юмаар дутагдсан мэт хүний гарыг Тэр Өөртөө үйлчлүүлэхгүй.”
Бурхан хүнийг бүтээхдээ Өөртөө дутагдаж байгаа алдрыг
авахаар тэднээс гуйсан хэрэг биш. Харин ч Тэр Өөрийгөө илэрхийлэх, харуулах
гэсэн хандлагын үүднээс үйлдсэн билээ. Усаар дүүрсэн булаг халин урсаж горхи
болдог шиг Бурхан Өөрөөсөө хальж Өөрийн алдрыг өргөжүүлэх гэсэн хандлагатай
байдаг. Тиймээс Бурханы зорилго нь бүтээсэн хүндээ, түүнчлэн хүнээр дамжуулан
Өөрийн алдрыг харуулах явдал байдаг.
Хүнийг бүтээснийхээ дараа, Бурхан Израиль хэмээх нэгэн
үндэстнийг сонгон тэр үндэстнээр дамжуулан Өөрийн төгс алдрын төлөө Өөрийн
онцгой авралын үйлсийг хэрэгжүүлэхийг хүссэн. Бурхан Исаиа 49:3 ишлэлд ийнхүү
айлдсан байна: “Тэр Надад
"Израиль аа. Чи Миний Зарц. Чиний дотор
Би Өөрийгөө алдаршуулна" гэж
айлдав.
Түүнчлэн Хуучин Гэрээнд Бурхан Өөрийн алдрын төлөө,
Өөрийн нэрийн төлөө Израильд хэрхэн давтан үйлдсээр байсан тухай нэгд нэгэнгүй
өгүүлсэн байдаг. Жишээлбэл, Израилийг Египетийн боолчлолоос авран гаргах үеийн
Бурханы зорилго юу байсан талаар Иезекиел бидэнд хэлж өгчээ. Езекиел 20:8-9
ишлэлээс харвал, Египетэд байхдаа Израильчуудын хиймэл шүтээн шүтэж байсанд
Бурхан доорх байдлаар хандаж байсныг
өгүүлжээ.
Гэвч
тэд Миний эсрэг тэрсэлж, Намайг сонсохыг хүсээгүй. Тэд өөрсдийнхөө нүдний өмнөх
бузар юмсыг зайлуулахгүй, Египетийн шүтээнүүдийг ч орхисонгүй. Тэгээд Би
Египетийн нутгийн дунд тэдний эсрэг хандсан Өөрийн уурыг гүйцээхийн тулд
Өөрийнхөө хилэнг тэдний дээр цутгахаар шийдсэн. Дунд нь тэдний сууж буй үндэстнүүдийн
нүдний өмнө Өөрийн нэрийг бузарлуулахгүйн тулд Би Өөрийн нэрийн төлөө үйлдэв. Би үндэстнүүдийн нүдний өмнө тэднийг
Египетийн нутгаас гаргаснаараа тэдэнд Өөрийгөө мэдүүлсэн.
Ийнхүү Израилийг Египетээс авран гаргасан Бурханы
зорилго нь Түүний нэрийг алдаршуулахын тулд байсан байна. Энэ нь Египетээс
гарсан нь 14:4 ишлэлд Түүний айлдсан үг билээ: “Ийнхүү Би
Фараоны зүрхийг хатууруулж, тэр тэдний хойноос хөөнө. Би Фараон болон түүний бүх цэргээр дамжуулан алдаршиж, египетчүүд
Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно гэв. Тэд тийнхүү хийв.”
Цөлд байхдаа Израиль Бурханы тушаалыг зөрчин,
Түүний амралтын өдрийг бузарлах үед тэдэнд үзүүлсэн Бурханы нигүүлсэнгүй байдлын
талаар ч бас адилхан зүйлийг нотолж байна.
Гэвч
Израилийн гэр цөлд Миний эсрэг тэрслэв. Тэд Миний тогтоолоор явсангүй. Хэрвээ
хүн тэдгээрийг сахивал амьдрах ёстой Миний зарлигаас ч татгалзсан. Миний
амралтын өдрийг тэд ихэд бузарлав. Тэгээд Би тэднийг устгахын тулд Өөрийнхөө
хилэнг тэдний дээрээс цөлд асгана хэмээв. Гэвч
тэднийг дагуулан гаргахыг харж байсан үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийн нэрийг
бузарлуулахгүйн тулд Би Өөрийн нэрийн төлөө үйлдэв. Учир нь тэд Миний зарлигууд болон
Миний тогтоолуудаас татгалзаж тэднийг үл дагасан. Тэд Миний амралтын өдрийг
бузарласан. Учир нь тэдний зүрх нь үргэлжид шүтээнүүдийн араас дагав. Гэвч Би мутраа татаж, тэднийг дагуулан
гаргахыг харж байсан үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийнхөө нэрийг бузарлуулахгүйн
тулд Би Өөрийн нэрийн төлөө үйлдсэн. (Езекиел
20:13-14, 16, 22).
Яг үүнтэй адил, Өөрийн нэрийн төлөө үйлдэж байсан
Бурханы нигүүлсэл байсан учир Израиль Канааныг эзлэн, мандан бадарч байсан
билээ. 2Самуел 7:23 ишлэлд Давид ийнхүү залбирчээ.
Таны ард
түмэн Израиль шиг ямар үндэстэн газар дээр байна вэ? Бурхан ирж, Өөрийн ард
түмнийг өөртөө зориулан аварч, Өөртөө нэр
алдрыг авч, Өөртөө зориулан Египетээс буюу бусад улс үндэстнүүд, тэдний
бурхдаас аварсан Өөрийн ард түмний өмнө Та Өөрийнхөө төлөө агуу үйлс бүтээн
Өөрийн газар нутагтаа сүрдмээр зүйлсийг хийв.
Бусад холбогдох хэсгүүдийг алгасаад Израиль
Вавилонд эзлэгдэн явж байгааг олж харах Хуучин Гэрээний түүхийн төгсгөл рүү
очиж үзье. Эндээс харахад Бурхан Өөрийн сонгосон ард түмнээс холбоогоо бүрэн
тасалсан мэт санагдана. Гэхдээ хэрэв тэгсэн бол Түүний нэр юу болох вэ? Бас
Түүний алдар юу болох вэ? Бурхан дахин
нигүүлсэн энэрэхээр шийдэж, Өөрийн уур хилэнг барьдаг. Исаиа 48:9-11 ишлэлд
үүний учрыг ийнхүү тайлбарлажээ.
Өөрийнхөө нэрийн төлөө Би уур хилэнгээ хойшлуулж, Өөрийгөө алдаршуулахын тулд
Би чамайг тасталгүй тэвчсэн юм. Үзэгтүн, мөнгө шиг биш ч гэсэн Би
чамайг цэвэршүүлсэн. Би чамайг зовлонгийн
зуухан дотор шалгасан. Би Өөрийнхөө
төлөө, Өөрийнхөө тусын тулд л үйлдэнэ. Учир нь Миний нэр яаж бузарлагдаж чадах
юм бэ? Би Өөрийн алдрыг бусдад өгөхгүй.
Түүнчлэн үүнийг Исаиа хэт онцлон авч үзсэн мэт сэтгэгдлийг
бидэнд төрүүлэхгүйн тулд Езекиел ч бас үүнтэй яг адилхан Бурханы шийдвэрийн талаар
тэмдэглэн бичсэн байгааг анхаарвал зохино.
Тиймийн тул Израйлийн гэрт өгүүл.
“Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. Израйлийн гэрээ. Би үйлдэл хийх гэж байгаа нь
та нарын төлөө бус, харин та нар очсон үндэстнүүдийнхээ дунд бузарласан Мийний
ариун нэрийн төлөө юм. ...Мийний агуу нэрийн ариун байдлыг Би хамгаалах болно.
Би үүнийг та нарын төлөө үйлдэж байгаа юм биш гэж Эзэн БУРХАН тунхаглаад Энэ нь
та нарт мэдүүлэгдэг. Израйлийн гэрээ, өөрсдийн замуудын төлөө ичиж, зовогтун (Езекиел
36:22, 23, 32).
Энэхүү ишлэлд тулгуурлавал Бүтээлийн үеэс эхлэн Вавилонд
эзлэгдсэний дараа Израилийг дахин сэргээх хүртэлх түүхийн явцад Бурхан Өөрийн
яруу алдрыг харуулж, Өөрийн нэрэнд тохирох хүндэтгэлийг авах зорилготой байсан
гэдэг нь тодорхой байна.
Одоо бүгдээрээ Христээр дамжуулан биелэгдсэн Бурханы
авралын үйлчлэл руу шилжин очиж, энэ үйлчлэлд Бурханы зорилго нь юу байсан бэ
гэсэн асуултыг тавьж болох юм. Паул бидэнд маш тодорхой тайлбарласан бөгөөд
үүнийг нь бид Ефес 1:5-6 ишлэлээс олж харж болно.
Тэр
Өөрийн хүслийн сайн тааллын дагуу, биднийг Есүс Христээр Өөрийнхөө хөвгүүд
болгон үрчлэн авахаар урьдаас тогтоожээ.
Энэ нь хайрлагдсан Түүний дотор бидэнд соёрхсон Түүний нигүүлслийн алдрыг
магтуулахын тулд болой.
Юуны учир Бурхан биднийг
сонгож, Христээр дамжуулан биднийг аварсан юм бол? Түүний нигүүлслийн алдар нь
тодорхой харагдаж, магтаалыг хүлээн авахын тулд юм.
Түүний нигүүлсэл магтаалыг
хүлээн авах нь биднийг аврахын тулд
Өөрийн Хүүг илгээсэн Бурханы агуу зорилго юм. Есүс энэ зорилгыг мэдэж байсан учир Түүний энэ халуун хүслийг Өөрийн
дэлхий дээрх үйлчлэлээ болгосон билээ. Түүний үхэл ойртсон үед Тэрбээр ийнхүү
айлджээ.
Одоо
сэтгэл минь шаналж байна. Би юу гэж хэлэх юм бэ? "Аав аа, энэ цагаас
Намайг авраач" гэх үү? Гэвч Би энэ зорилгын төлөө энэ цагт л ирсэн. Аав аа, нэрээ алдаршуулаач гэв. Тэгтэл
тэнгэрээс Би нэрээ алдаршуулсан. Дахин
алдаршуулна гэсэн дуу гарлаа. (Иохан
12:27,28, нэмж үзэх 13:31).
Түүнчлэн Иохан 17 бүлэгт
бичигдсэн байдаг сүүлчийн залбиралдаа Есүс ийнхүү өгүүлжээ. “Хий гэж Надад
өгсөн ажлыг тань гүйцэтгэн Би Таныг газар
дээр алдаршуулав.”(Иохан 17:4). Түүний энэ дэлхийд ирсэн зорилго, Түүний
хийх ёстой байсан үйлчлэл нь Эцэгээ алдаршуулах явдал байсан.
Илчлэлтийн номд бичигдсэн түүхийн
оргил үетэй холбоо бүхий сүүлийн тайлбар болох 21 бүлэгт Иохан шинэ Иерусалимыг
дүрслэн бичсэн байдаг ба энэ нь нилээд зүйрлэлийн шинжтэй бөгөөд магадгүй
алдарт хүрсэн чуулганы талаар дурьдаж байгаа мэт байдаг(Илчлэлт 21:2). 23
ишлэлд шинэ Иерусалимыг ийнхүү дүрсэлсэн байна “Хотод дээрээс нь гэрэлтүүлэх
нар, сар хэрэггүй ажээ. Учир нь Бурханы цог жавхлан түүнийг гэрэлтүүлсэн бөгөөд
дэнлүү нь Хурга байлаа. ”
Паул итгэгчдийн хамгийн агуу
найдвар нь Бурханы алдар гэдгийг урьдаас хэлсэн байдаг (Ром 5:2, 8:18, 2Коринт
4:17). Бурхан болоод Христийн талаар үүрд мөнхөд Түүний дотор амьдрах гэрэл
гэсэн гайхалтай зүйрлэлээр дүрсэлсэн байгааг бид харж байна. Сонгогдсон хүмүүст
алдраа харуулна гэсэн энэхүү үгээр түүхийн явцад Бурханы агуу зорилго оршин
байсан гэдгийг Есүсийн залбирлаар нотолж байгаа юм.
“Аав аа,
Таны Надад өгсөн хүмүүс бас Миний байх газарт Надтай хамт байж, Миний сүр
жавхланг үзээсэй гэж Би хүсэж байна. Тэр сүр жавхланг Та Надад өгсөн билээ.
Учир нь ертөнцийн сууриас өмнө Та Намайг хайрласан.” (Иохан 17:24)
Христ Өөрөө Бурханы дүр төрх
учир Түүнд байсан тэрхүү алдрыг харах нь христчин хүний хувьд бидний агуу найдвар, хувь
зохиол бөгөөд (1Иохан 3:2) хайр, магтаалаар Бурханд эргүүлэн өргөж буй тэрхүү
алдарт оролцох явдал юм.
Ийнхүү түүхийн туршид, бүр
эхнээс нь эцсийг нь хүртэл Түүний үйлдсэн бүхий л зүйлсийн хувьд Бурханы туйлын
зорилго нь Өөрийн алдрыг харуулж, Түүний агуу нэрэнд алдар хүнд, магтаалыг
өргүүлэх явдал байсан юм.
Түүхийн явц дахь Бурханы зорилгод өгсөн хүмүүсийн
хариулт
Бид Эцэгийнхээ зорилгын
талаар мэддэг болсон зүйлсээрээ өөрсдийгөө тольдон харвал Түүний итгэмжтэй
хүүхэд нь болсон бидний хариулт ямар байх ёстой вэ? Вестминстерийн товч катекизм-д “хүний
нэн тэргүүний зорилго юу вэ?” гэж асуудаг. Өөрөөр хэлбэл, Бурханы зорилгоор
тольдон харахад бидний хариулт ямар байх ёстой вэ? гэсэн үг юм. Хариулт нь энэ
байна. “Хүний нэн тэргүүний зорилго нь Бурханыг
алдаршуулан, мөнхөд Түүнд баярлах явдал.” Мэдээж энэ өгүүлбэрийг өөрчлөх,
шинэчлэх боломжгүй. Учир нь энэ нь библийн сургаал болохоор тэр юм. Гэвч
Бурханыг алдаршуулна гэж ямар утгатай гэдгийг болон хүн түүнийг хэрэгжүүлэх
арга зам нь бүх хүмүүст тодорхой байдаггүй.
Бурханыг алдаршуулах гэдэг
үгийн утгыг дэндүү буруу ойлгоход хүргэдэг
нэг зүйл бол хэрэв бид ингээд хариулчихвал Бурхан илүү алдаршуулагдаж, харин тэгээд хариулчихвал бага
алдаршуулагдах болно гэсэн бодол байдаг. Бурхан Өөрийн алдрыг бүрэн төгс
харуулахын тулд хүмүүст түшиглэдэггүй. Энэ нь хэн нэгэн хүн Бурханыг доромжлон
гутаах, басамжилж чадахгүй гэсэн үг биш (Ром 2:23). Энэ нь итгэгч бус хүмүүсээр
Бурханы нэр хүнд, Түүний нэр гутаагдан хохирч байгаа нь зөвхөн түрхэн зуурын
үзэгдэх төдий зүйл гэсэн үг. Бурханыг гутаан доромжилж, басамжилж байгаа бүх
зүйлс, Түүний алдрыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа нь, басхүү эдгээрийг
магтан, ийм зүйлсийг бодитоор нүдэнд харуулж байгаа зэрэг бүх зүйлүүд төлөөсөө
төлөх болно. Энэ цаг үед үгүйсгэгдэж байсан бүхий л алдраа Тэрээр шүүлтийн үед
Өөртөө эргүүлэн авах болно.
Жишээлбэл, ялалтын алдарт
хүрэх болно гэсэн эцсийн зорилгыг өөртөө агуулсан нэгэн ухаалаг, чадвартай
жанжин дайны тактик хэрэглэн өөрийн цэргүүдийг чимээгүй ухрааж ч болох юм.
Гаднаас нь харахад ялагдаж байгаа мэт харагдах тэр үед дайсны талын жанжнууд
түүнийг дооглон тохуурхаж ингэж ярилцах болно: “нөгөө нэг их нэр алдартайгаараа
гайхуулаад, дайны эрлэг гээд байсан жанжин хаачив аа?”. Тэгэхэд нь шөнөөр ирэх
хулгайч мэт гэнэтхэн довтолж уухайн дуугаар өөрийн дайснаа дарах болно. Тэгэхэд
нь бүх дэлхий тэр жанжны ухаан, тэвчээрийг гайхан бишрэх болно. Тэрээр хэсэгхэн
зуур гаднаас нь харахад ялагдлыг зөвшөөрсөн учир илүү агуу алдрыг олж авсан.
Бурхан ч бас яг ийм л байдаг. Хэн ч Түүний алдар Түүнд буцан очихыг саатуулан
үгүйсгэж чадахгүй. Эцэст нь дуулгаваргүй байдал хүртэл Бурханы алдар болон
өөрчлөгдөх болно. (Ром 3:5-7).
Тэгвэл хэрэв бид Бурханы
алдрыг нэмж эсвэл хасч чадахгүй юм бол Бурханыг алдаршуул гэж биднээс шаардсан
байдаг библийн үг нь юу гэсэн утгатай юм бол? (1Коринт 10:31). Эхлээд Ром
1:20-23 ишлэлийг харцгаая.
Ертөнц
бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурханлаг
төрх нь бүтээгдсэн зүйлсээр дамжуулан ойлгогдон, илэрхий харагдаж байгаа.
Иймээс тэдэнд шалтаг байхгүй. Яагаад гэвэл тэд Бурханыг мэдсэн атлаа Бурхан хэмээн
Түүнийг алдаршуулсан ч үгүй, Түүнд талархал өргөсөн ч үгүй. Харин тэд бодол
санаандаа хоосорч, мунхаг зүрх сэтгэл нь харанхуй болжээ. Мэргэн гэж хэлдэг атлаа тэд мунхаг
болсон бөгөөд үл муудагч Бурханы
алдрыг мууддаг хүн, шувууд, дөрвөн хөлт амьтад хийгээд мөлхөгчидтэй адил дүрээр
сольжээ.
Энэ ишлэлээс харвал хүмүүний
гол нүгэл нь Бурханыг алдаршуулж чаддагггүйд оршиж байна. Тэгвэл магадгүй үүний
эсрэг зүйл нь Бурханыг алдаршуулах эсвэл нэр хүндийг нь өргөх явдал байх юм.
Энэ алдаршуулах гэдэг үгийн
утгатай холбогдуулан дээрх ишлэлд хоёр болзлыг тавьсан байна. Нэг болзлыг нь
“Бурханд талархах” хэмээн 21 ишлэлд дурьдсан
байна. Паул энэ сэдвийг “талархлын тахилыг өргөгч нь Намайг хүндэлдэг” хэмээн
бичсэн Дуулал 50:23-с иш татан хэрэглэжээ. Өөрөөр хэлбэл Бурханд талархах,
Бурханыг алдаршуулах гэдэг нь өөр хоорондоо ялгаатай зүйлс биш гэсэн үг. Түүнд
талархах нь Түүнийг алдаршуулах үндсэн арга байдаг. Таны сэтгэл зүрх Бурханд
хандсан талархлаар бялхан дүүрсэн байх үед та бүхий л сайн сайхан зүйлсийг
өгдөг Түүний алдар бялхан дүүрсэн байгааг хүлээн зөвшөөрч, үүнийг нь нотолж буй
хэрэг билээ.
Энэ ишлэлд Бурханыг
алдаршуулах гэдэг үгийн утгын хоёрдугаар болзол нь 23 ишлэлд дурьдсан “өөрчлөх” гэдэг үг байна. “Үл муудагч
Бурханы алдрыг мууддаг хүн, шувууд, дөрвөн хөлт амьтад хийгээд мөлхөгчидтэй
адил дүрээр сольжээ.” Өөрөөр хэлбэл, хүмүүс Бурханы алдрыг дорд үнэлж, Бурханы
бүтээлүүдэд Бурханаас илүү хандсан гэсэн үг. Хэрэв энэ нь “мунхаг” хүмүүсийн үйлдэл юм бол “ухаалаг”
хүмүүс үүнээс эсрэгээр үйлдэх болно, өөрөөр хэлбэл тэр Бурханы алдрыг юунаас ч
илүү өндөр үнэлэх болно. Энэ нь л Бурханыг алдаршуулах хамгийн үндсэн арга зам
бөгөөд та өөрийнхөө хайрладаг өөр ямар ч зүйлээс илүүтэй Бурханы алдрыг хайрлах гэсэн утгатай. Энэ хайр нь Түүний алдарт
баярлаж, өөр ямар ч зүйл түүнээс илүүгээр сэтгэлийг нь татахаар харагдахгүй
байх гэсэн утгыг ч бас агуулдаг.
Үүнтэй адил Ром 1:20-23
ишлэлээс харахад Бурханыг алдаршуулах хамгийн үндсэн арга нь Бурханы алдарт
үзүүлэх бидний оюун ухааны хийгээд зүрх сэтгэлийн хариултанд байдаг гэдгийг
мэдэж болохоор байна. Бид Бурханы алдрыг хайрлаж, түүнд баярлаж, талархах нь
энэхүү хариулт билээ. Тэгэхээр бид Дуулал номын зохиогчийн өгүүлэн хэлсэнтэй
адил Түүний өмнө сэтгэл хангалуун байснаараа Бурханыг алдаршуулах юм.
Тэнгэрт
Танаас гадна надад хэн байгаа вэ? Танаас өөр юуг ч газар дээр би
хүсдэггүй. Махан бие ба зүрх минь үгүй
болж болно, Харин Бурхан бол мөнхөд
зүрхний минь хүч болон миний хувь юм. (Дуулал 73:25-26).
Ийм зүрх сэтгэл хийгээд оюун
ухааны хандлага нь Бурханд Өөрт нь байдаг хангалттай сайхан, шагшим үзэсгэлэнтэй
байдлыг магтаал хэмээх толиор Өөрт нь
буцаан өргөж байгаа хэрэг учраас Бурханыг алдаршуулж байгаа хэрэг юм. Энэхүү
суурь-Бурханы алдрын дотор баяр хөөрөөр бялхан дүүрсэн талархлын зүрх сэтгэл
хэмээх суурь тавигдсаны дараа үйл хөдлөлөөрөө Бурханыг алдаршуул гэж Шинэ Гэрээ
бидэнд сургадаг. Тэгвэл үүний учир нь юу юм бол?
Бурханы алдрыг хайрлах зүрх
сэтгэл нь Бурханы алдрыг гэрчилж буй үйл хөдлөлийн үр жимсийг ургуулж байгаа нь,
сайн мод сайн үр жимсийг ургуулж байгааг мэдээжийн зүйл гэж үздэгтэй л адил
хэрэг билээ. Миний мэдэж байгаагаар энэ нь ийм учиртай: Бурхан бидний гол
мөчир болсноор бидний зүрх сэтгэл
Бурханы нигүүлслийн алдарт баярлан сэтгэл ханамжтай байх үед (Ефес 1:6), бид
нэгэн хаалт саадыг даван гарч бусдыг хайрлан, өөрөөр хэлбэл тэдний эрх ашгийн
төлөө байж чаддаг болно. Тиймээс Бурханы алдраас үүдэн та зүрх сэтгэлдээ ханамжтай байгаагаа мэдрэх нь золиос гарган
бусдыг хайрлаж чаддаг хүн болох арга юм. Түүнчлэн хайр бол бидний Бурханы алдрыг
хэрэгжүүлэн харуулах хамгийн тод, гадна харагдах нотолгоо гэсэн утгыг агуулж
байгаа юм.
Бид үүнийг Шинэ Гэрээний хэд
хэдэн ишлэлээс олж харж болно. Бурханыг алдаршуулах бидний хүлээсэн үүрэгтэй
хамгийн ойр бөгөөд нягт холбоотой ишлэл
бол 1Коринт 10:31-33 ишлэл билээ.
Иймээс та
нар идэж, уухдаа, эсвэл юу ч хийсэн Бурханы
алдрын төлөө бүхнийг хий. Иудейчүүдэд
ч, грекчүүдэд ч, Бурханы чуулганд ч хэрэг төвөг бүү учруул. Яг надтай адил байгтун. Хүмүүсийг
аврагдаасай гэсэндээ би өөрийн ашгийг бус, харин олны ашгийг хайн, бүхний дотор
бүх хүний таалалд нийцүүлдэг.
Хүн яаж “Бурханы алдрын
төлөө” идэж чадах вэ? Энэ санаа нь Паулын хэлэхийг хүсэж байсан зүйлийг маш тод
харуулж өгч байгаа юм. Ерөнхийдөө энэ нь ийм утгатай байлаа - хэрвээ та идэх
юмнаас болоод бусдын итгэлийг хохироохоор байвал эсвэл тэдний мөс чанарыг
сэвтүүлэх, саад учруулахаар байвал тэр зүйлийг бүү ид. Хэдий энэ нь өөрсдийнх
нь цэвэр биш байгааг илэрхийлж байгаа боловч бусдын ашиг тусыг хар. Энэ нь
түүний 24 ишлэлд хэлснээр “хэн ч өөрийн ашгийг бүү эр, харин бусдынхыг
эрэг.”
Энэ зүйл нь Ром 13:10 ишлэлд
Паулын хайр гэж нэрлэсэн зүйл юм. Тиймээс идэж, уухдаа ч Бурханыг алдаршуул
гэдэг нь хайр дотор идэж, уух гэсэн утгатай. Ингэснээр Бурханыг алдаршуулж байгаагийн
учир нь та өөрийн хувийн ашиг сонирхлыг үгүйсгэхийн тулд таны итгэдэг Бурхан
таны хүслийг биелүүлж чадахуйц алдрыг авах зохистой Нэгэн гэдгийг бусдад
тодорхой ойлгуулдагт учир нь байгаа юм.
Хүн Бурханыг алдаршуулах
аргын талаар харуулдаг өөр нэг ишлэл бол Филиппой 1:9-11 ишлэл билээ.
Та нарын
хайр жинхэнэ мэдлэг ба бүх ойлгоцоор улам бүр бялхсаар байх болтугай гэж би
залбирдаг. Ингэснээр та нар
Христийн өдрийг хүртэл цэвэр, гэм зэмгүй байхын тулд аль нь сайн болохыг ялгах
чадвартай болох юм. Ингэхдээ
Бурханы магтаал болоод алдрын төлөө Есүс Христээр ирэх зөвт байдлын үр жимсээр
дүүрэн байгтун.
Энд гарч байгаагаар Бурханыг
алдаршуулах нь христэд итгэгчид зөвт байдлын үр жимсээр дүүрэн байх үеийг
хэлжээ. Энэ нь хайр мэдлэг хийгээд ойлгоцоор дүүрэн байх үед боломжтой болдог.
Тиймээс жинхэнэ ажиглах чадвар бүхий онцгой хайр Бурханыг алдаршуулдаг учиртай.
Иохан 15 бүлэгт Есүс
Өөрийгөө усан үзмийн мод, харин Өөрийн дагалдагчдаа мөчир гэж хэлэхдээ үүнтэй
адил үгийг хэрэглэсэн байна. Паул “зөвхөн Есүс Христээр дамжуулан” зөвт байдлын
үр жимсийг ургуулж чадна гэж хэлсний адил, Есүс ч бас “Би бол усан үзмийн мод,
та нар бол мөчрүүд. Хүн Миний дотор байж, Би мөн түүний дотор байвал, тэр хүн
их жимс ургуулна” хэмээн айлджээ (Иохан 15:5).
Басхүү бид зөвт байдлын үр
жимсээр дүүрэн байх үед Бурхан алдаршуулагддаг гэж Паул хэлсэн байдгийн адил 8 ишлэлд Есүс “Та нарын их жимс
ургуулснаар Эцэг минь алдаршуулагдана. Ийнхүү та нар Миний шавь нар байх болно”
хэмээн айлджээ. Бас 12 ишлэлд Бурханыг алдаршуулдаг энэхүү үр жимс нь юу вэ
гэдгийг ойлгоход хялбар байхаар тайлбарласан байна: “Би та нарыг яаж хайрласан
шиг та нар бие биеэ хайрлагтун. Энэ бол Миний тушаал.”
Эцэст нь хайр хийгээд
Бурханыг алдаршуулахтай холбоотой Есүсийн үгсийн талаар нэмж хэдэн үг хэлэхэд
Матай 5:16 ишлэлд хэлсэнчлэн “Хүмүүс та
нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулахын тулд та нарын
гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг” (1Петр 2:12 нэмж үз). Бусдад Бурханы алдрыг
харуулсан сайн үйлс гэж юуг хэлэх вэ? Уулан дээрх сургаалийн бусад хэсэгт энэ
талаар тодорхой тайлбарласан байна. Миний бодлоор энэхүү сайн үйлсийн оргил нь
Матай 5:44 ишлэл болж чадна. “Харин Би та нарт хэлье. Дайснуудаа хайрла, та
нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир.”
Хүмүүсийн өмнө Түүний гэрлийг гэрэлтүүлнэ гэдэг нь эцсийн дүндээ өөрийн найз
нөхөд, дайснаа ч хайрлах явдал юм. Бурханы дүр төрх болох Христийн алдрын сайн
мэдээний гэрлийн тусгалаар таны зүрх сэтгэл баттай болж, сэтгэл хангалуун болж
чадсан үед л та үүнийг хийж чадах билээ (2Коринт 4:4).
Агуулгын
товчлол
Эхнээс эцсийн үе хүртэлх бүх түүхийн явцад Бурханы
хамгийн дээд зорилго нь Түүний яруу алдрыг илэрхийлэн харуулах явдал байв. Энэ
нь басхүү бидний ч зорилго байх хэрэгтэй. Энэхүү зорилгын дагуу Бурхантай нэг
болон нэгдэхийг “Бурханыг алдаршуулах” гэж хэлж байгаа юм. Бурханыг алдаршуулах
гэдэг нь эхлээд өөр юунаас ч илүүгээр Түүний алдарт баярлаж, Түүнд талархахыг
хэлнэ. Тэгвэл Бурханд хандсан энэхүү баяр хөөрийнхөө хүчээр бид хувиа хичээсэн
байдлаасаа чөлөөлөгдөж, бусдын эрх ашгийг хайдаг хүн болох үр дүнд аяндаа хүрч
чаддаг. Бид Бурхантай нэг болон нэгдэж, Түүний алдрыг яруу тод илтгэн харуулж,
түүхийн явцад Түүний зорилгыг хэрэгжүүлэх гол арга бол хайр билээ.
By
John Piper. ©2012 Desiring God Foundation. Website: desiringGod.org
No comments:
Post a Comment