- John Calvin
Жон Кальвин (1509-1564)
нь протестант шашны шинэчлэлийн үеийн Францын гарамгай теологч байсан бөгөөд
Калвинизм гэж нэрлэгдэх болсон теологийн урсгалын эцэг нь билээ. Мартин Лютер,
Калвин нар шашны шинэчлэлийн хамгийн гол үүсгэн байгуулагчид гэдэг нь
дамжиггүй. “Хэрэв Лютерийг шинэчлэлийн бүрээг үлээсэн гэж үзвэл, Калвин аялгууг
нь симфони найрал хөгжмийн аялгуу болгон өөрчилсөн ба түүгээр шашны шинэчлэл
өрнийн соёлын нэг хэсэг нь болж чадсан билээ.”
Харин бидний Эзэн Есүс
Христийн загалмайгаар сайрхахаас өөр нь надад бүү байг. Түүгээр дамжуулан надад
ертөнц, би ертөнцөд цовдлогдсон юм. Учир
нь хөвч хөндөх ба хөвч хөндүүлэхгүйн аль аль нь юу ч биш, харин шинэ бүтээл нь
л чухал юм. Энэ зарчмаар явагч
хүмүүс болон Бурханы Израилийн дээр амар тайван, өршөөл нь байх болтугай. Үүнээс хойш надад хэн ч гай зовлон бүү авчраг. Учир нь
би биедээ Есүсийн оромнуудтай билээ. Ах
дүү нар аа, бидний Эзэн Есүс Христийн нигүүлсэл та нарын сүнстэй хамт байх
болтугай. Амен. (Галат 6:14-18)
Хүсэж буй зүйл нь зөвхөн энэ дэлхийд баяр
хөөртэй байн, хавчлагаас амиа хоохойлохын тулд саравчинд хоргодохоос өөр зүйл
хийдэггүй хүмүүсийг Паул урьд нь буруушааж байсныг бид мэднэ. Учир нь тэд
ийнхүү үйлдсэнээрээ сайн мэдээг гажуудуулж байсны адил өнөө үед ч бид иймэрхүү бодит жишээг олноор нь харж
байна. Цэвэр онол хийгээд Бурханы үнэнийг энэ дэлхий хүлээн авахын аргагүй зүйл
байдаг бөгөөд хорон муу хүмүүс түүнийг эсэргүүцэн, уурлан
хилэгнэж байгааг харсаар ирэхдээ, иймэрхүү хүмүүс муухай сэтгэгдэл төрүүлж,
үзэн ядалт бий болгохгүйн тулд бас бус арга замыг эрэлхийлэхийг хичээж байдаг
гэдгийг батлан хэлэхийг хүсэж байна. Нөхцөл байдал ийм учир, хэрэв бид ямартай
ч сайн талаас нь хүмүүстэй ярилцлаа гэхэд, зуун хүнээс ганцын төдий нь л папын
тогтолцоонд буруу зүйлс байна гэдгийг арай ядан хүлээн зөвшөөрдөг гэдэг үнэнийг
олж хардаг. Олонх нь тэднийг бүх зүйлээ хая хэмээн хүчлэн шаардаж болохгүй гэж
бидэнд хэлэх болно. Басхүү тэд хичнээн бусад олон олон завхарсан үйлдлүүдээ
үргэлжлүүлсээр байсан ч, хэрэв зохисгүй, гажуудсан мухар сүсгийн шинжтэй үйлдлүүдээсээ
хэдийг нь ч болтугай хаяна гэвэл тэр л хангалттай хэмээн хэлэх байх. Яагаад
ингэж байгаа юм бол? Яагаад гэвэл өмнө нь хэлсэнчлэн, тэд хүндэтгэл болоод асар
их итгэл найдвар хүлээсэн байхыг хүсдэг. Бас тэд сайн мэдээний цэвэр байдлыг
үгүйсгэх ч бай, хавчлагад өртөлгүй амьд үлдэх ч бай ямартай ч тэдний хувьд бүгд
адилхан байдагтай холбоотой. Тэгвэл тэдэнд ийнхүү үйлдэх шалтгаан болж буй зүйл
нь юу байдаг вэ? Тэд хүндэтгэл хүлээж, гарамгай гэсэн нэр хүнд олохыг хүсдэг
учраас тэр юм болов уу? Паулын цаг үеэс хойш өнөөг хүртэл муу ёрын сүнс энэ
төрлийн тэмцлийг өдөөсөөр ирсэн билээ. Тиймээс бид энэ онолоор зэвсэглэх
шаардлагатай байгаа юм. Түүний эсрэг авах хамгийн шилдэг арга нь Паулын энд
санал болгож буй арга аж. Энэ нь өөрсдийн бүхий л сайрхлаа үгүйсгэж, зөвхөн
бидний Эзэн Есүс Христээр сайрхах явдал ажээ.
Үүнийг тодорхой сайн ойлгоё гэвэл бид эхлээд
Иеремиа номонд бичигдсэн байдаг Паулын энд нотлон өгүүлсэн зүйлийг санаж байх
хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, алдрыг авах зохистой Бурхан өргөмжлөгдсөн байхын тулд
хүний бүхий л алдар дорд болгогдсон байвал зохино (Иеремиа 9:23, 24). Үүний
нэгэн адил, хүн өөрт байгаа гэж итгэж буй бүх мэргэх ухаан нь үнэхээр юу ч биш
бөгөөд ямар ч ашиггүй зүйл хэмээн бичигдсэн байдаг. Өөрийнхөө дотор бүх сайныг элбэг
дүүрэн агуулж байдаг Бурханд найдахын тулд тэр зүйлээ устгах хэрэгтэй (Исаиа
29:14, 1Кор 1:19). Бүх мэргэн ухаан нь Бурханы нигүүлслээс хамаарч, бид Ариун
Сүнсээр сургагдаж, сул дорой байх үедээ Бурханы хүчээр хүчтэй болдог гэдгээ
хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна. Бид бохир заваан, зохисгүй байдлаар дүүрсэн
байдаг хэдий ч, Бурхан Өөрийн нигүүлслийн бэлгээр бидний дотор зөвтгөлийг
сэргээж өгөх болно.
Одоо тэрхүү арга замын талаар бодож үзэцгээе.
Бурхан бол бидний гэрэл, бидний зөвтгөл, бидний мэргэн ухаан, бидний хүч гэдгийг
мэдэх явдал, өөрөөр хэлбэл, Түүний дотор төгс амьдрал, баяр хөөр, бүх ерөөл
байдаг гэдгийг мэдэх нь хангалттай бус. Тэр болоод бидний хооронд асар их зай
байдаг учир зөвхөн үүгээр хангалтгүй. Бид хэрхэн, ямар аргаар, Бурхан дотор
байдаг тэр бүхий л ивээлүүдийг олж авч чадах вэ гэдгийг урьдынх шигээ л мэдэх
хэрэгтэй байна. Есүс Христ бидний төлөө энэ доод газарт буун ирж, Өөрийгөө
хоослон, бүр загалмай дээр цовдлогдон нас барсан учир, тэдгээр зүйлс бүгд Есүс
Христийн дотор бидэнд өгөгддөг. Тиймээс бид өөрсдийн дутагдаж буй бүхий л
зүйлсээ Эзэн Есүс Христээс хүлээн авах ёстойн учир, Паул яагаад “бидний Эзэн
Есүс Христээр л сайрхах болно” хэмээн хэлсний учрыг ойлгох болно. Яагаад вэ?
Яагаад гэвэл, Тэрбээр маш харгис хэрцгий,
тэвчихэд хэцүү үхлээр нас барж, бүр цаашлаад бидний төлөө бидний авах ёстой
байсан бүх хараалыг Өөртөө авч, Өөрийгөө Бурханы шүүлтэд өгсөн учраас тэгж буй
хэрэг. Ийнхүү Тэр бидний мэргэн ухаан, зөвтгөл, ариусгал, хүч, бас бидэнд
хэрэгтэй бүх зүйл минь болсон билээ.
Тиймээс бид эхлээд, бүх сайрхлаа зогсоогоод,
Эзэн Есүс Христийн дотор оршин байхын тулд өөрсдийгөө хэн гэдгийг мэддэг байх
хэрэгтэй. Учир нь олон хүмүүс ямар ч үндэслэлгүй бардамналаар дүүрсэн байдгийг
бид олж хардагтай холбоотой. Тэд жинхэнэ өөрийгөө хэмээн төсөөлж буй бүх зүйлс
нь салхи, манан төдийгөөс хэтрэхгүй. Тийм хэдий ч, хүмүүс өөрсдийнхөө жинхэнэ
төрхийг сайтар шалгаж үзээгүй байдаг учир Есүс Христийг хүлээн авдаггүй. Ийм
хүмүүс нь хоёр нүүртэй, луйварчид байдаг бөгөөд
өөрсдийн байгуулсан “гавъяа”-ны учир мундаг царайлдаг хүмүүс байдаг.
Тиймээс дээр дурьдсанчлан, бид өөрсдийн байдлаа шинжих хэрэгтэй ба хэр
хөөрхийлэлтэй гэдгээ олж харж байж л эцэст нь Эзэн Есүс биднийг өрөвдөн
нигүүлсэх болно. Энэ нь бид өөрсдийгөө Христээр удирдуулахад бэлтгэх арга юм.
Энэ бол эхний гол зүйл билээ.
Гэхдээ энэ бол бүх зүйл биш. Учир нь өөрийгөө
нүгэлтэй, үнэ цэнэгүй, хоосон гэдгийг улайн хэлсээр байгаа мөртлөө урьдынхаа л
өөрийн нүхэндээ өнхөрсөөр байдаг хүмүүс байдаг. Яагаад тэгдэг вэ? Учир нь тэд
Бурханы шүүлтийн талаар урьдаас нягтлан дүгнэдэггүй ба тэдний зүрх сэтгэл
дэлхийн унтаа байдалд автагдсан байдагтай холбоотой. Зугаа цэнгэл хөөцөлддөг
бүх хүмүүс архинд согтуурах, завхайрах зэрэг зүйлсэд өөрийгөө даатгаж, өөрийн
бузар хорон байдлын төлөө уучлал хүсдэггүй, чин үнэнээсээ ичгүүрийг
мэдэрдэггүй, зүрх сэтгэл нь хатуурч нүглийн цэнгэлийг үргэлжлүүлэн хүсэмжилсээр
буй нь харагддаг. Яагаад ингэдэг вэ? Тэд дэлхийг эзэмшиж, муу сүнс тэдний
нүдийг хааж, өөрсдийнхөө талаар тайлбарлах ёстой болох тэр өдрийг харж
чаддаггүйд гол учир оршдог. Тэд бузар муу зүйлийг хийсээр байгаа мөртлөө
өөрсдийгөө үргэлж тэр хэвээрээ байна гэдэгт итгэдэг, яг л албаар Бурханыг
жигшин зэвүүцэж буй мэт инээн, санаа алдах юм уу айдаст автан чичрэх огтхон ч
шаардлагагүй гэдэгт итгэн мунхаглаж байдаг. Ийнхүү, хүмүүс Есүс Христ дээр
ирэхээс хэрхэн саатуулагдаж байдгийг бид мэдэж чадна (үнэхээр тэд ямар ч
чадваргүй болсон юм). Хүмүүс өөрсдийгөө мэргэн ухаантай гэж бодох юм уу, сатан
тэдний зүрх сэтгэлд суулгасан худал хуурмаг ойлголтуудад түшиглэх ч юм уу,
эсвэл Есүс Христгүй байсан ч өөрсдийгөө хангалттай ухаалаг гэж боддогт учир нь
оршиж байдаг. Энэ бол тэдний Есүс Христийг жигшин зэвүүцдэг гол шалтгаан нь аж. Яагаад тэгдэг вэ? Учир нь энэ ертөнц
тэднийг барьж байгаа болохоор тэр. Тэд дэлхийд атгагдсан байдаг учир Есүс
Христийн дотор өгөгддөг эдгэрлийг авахын
тулд өөрсдийн нүд, зүрх сэтгэлээ өргөж чаддаггүй.
Тиймээс бид өөрсдийн бүх бардам байдал,
таамаглалыг арилган Эзэн Есүс Христийн доторх авралыг олж харах хүртлээ
үргэлжлүүлэн асар их ичгүүрийг мэдрэх хэрэгтэй гэдэг талаар сайтар эргэцүүлэн
тунгаах бэлтгэлээ хангасан байх хэрэгтэй гэж би хэлэхийг хүсэж байна. Бидний
нүд нээгдэн өөрсдийн завхралыг олж харан, түүнээсээ ичгүүрийг мэдрээсэй хэмээн
хүсэж байна. Зөвхөн үүгээр ч үл барам, энэ насны амьдрал бол юу ч биш бөгөөд Түүнийг
дагах эсэхийг шалгахын тулд Бурхан биднийг энэ дэлхийд тэнүүчлэгч болгосон
гэдэг үнэнийг ойлгож мэдэрдэг байгаасай хэмээн хүсэж байна. Тэгснээр бидний хүн
нэг бүр өглөө орой бүр өөрийн бүх зүйлээ хойш нь тавиад, өөрийн нүглийн талаар
эргэцүүлэн тунгааж, басхүү тэр нүгэл биднийг хатган, өдөөх цочроогч нь болж биднийг Бурхан дээр аваачдаг байгаасай
хэмээн хүсэж байна. Бид адгуусан амьтантай адил биш байн, энэ дэлхийд
хүлэгдэлгүй, өөрсдийн сул дорой байдлын улмаас Эзэн Есүс Христээр удирдуулсан
байгаасай хэмээн хүсэж байна. Энэ нь л Эзэн Есүс Христийн загалмайгаар сайрхаж
буй хэрэг билээ.
Паул өнөөдрийн эх дээр хүний дотор буй бүхий
л бардам занг нураан унагаж, дэвслэн хаяад, захирагддаг байлгахыг хичээж буй
тул загалмайн тухай онцгойлон өгүүлжээ. Учир нь бид цаг үргэлж мөн чанарынхаа
хувьд болоод өөрөө өөртөө “мундаг хүн” болохыг хүсэж байдаг ба тэрхүү агуу
байдлаа хадгалахыг эрмэлзэж байдаг билээ. Тиймээс бид өөрсдийн энэ бузар хүслээ
арилгахын тулд Бурханы Хүү болох Есүс
Христ бидний төлөө загалмай дээр өлгөгдсөн учир зөвхөн Тэр л бидний цорын ганц
сайрхал байх хэрэгтэй гэдгийг Паул харуулсан байна. Зөвхөн бидний Эзэн Есүс
Христээр дамжуулан орж чадах болсон Бурханы нигүүлслээр сайрхахад суралцаж чадсан үед л бид энэ ертөнцийн
хувьд загалмайд цовдлогдож, ертөнц бидний хувьд цовдлогддог гэдгийг тэр
үргэлжлүүлэн хэлжээ. Ертөнцийн хувьд загалмайд цовдлогдож чадаагүй хүмүүс буюу
харьцангуй эрх мэдэлтэй байр сууринд шунахайрч, чухал хүн болохыг хүсэж, нэр
хүнд, албан тушаал ахихыг хүсдэг хүмүүс, өөрөөр хэлбэл эдгээр зүйлсэд анхаарлаа
хандуулж, махан биеийн нүдээр ийш тийш тойруулан ажиглаж байдаг хүмүүс Есүс
Христийн загалмайгаар сайрхана гэж юу болохыг баттай ойлгож чаддаггүй. Учир нь
тэд буруу эхлэлийг тавьсан юм. Тэд өөрсдийн зүрх сэтгэлдээ будилан самуурсан
байгаа хэрэг.
Тиймээс Эзэн Есүс Христийн загалмайгаар
сайрхах явдалд суурилсан байх үед л ертөнцийг орхисон гэж Паул баттай хэлж чадах
юм. “Ертөнц” гэдэг үгээр тэрбээр бидний махан бие, Бурханы тухай боддог ч үгүй,
мөнх амийн тухай ч боддоггүй хүмүүс, шунал хүсэлдээ автагдах зэрэг бүх зүйлийг
багтаан илэрхийлжээ. Эдгээр нь хүн тус бүрийг төрөлх мөн чанарынх нь дагуу
хөдөлгөж байдаг. Бас түүнчлэн энэ ертөнцийн зүйлээс өөр зүйлийг олж харж
чаддаггүй. Хүн өөрийн хандлагыг дагах үедээ, басхүү Бурхан Өөрийн Ариун Сүнсээр
хүмүүст хүрэх юм уу эсвэл тэднийг Өөр рүүгээ удирдахгүй байх үед, хэдий буруу
замаар орж төөрөлдсөн ч тэдний шуналын дотор агуу өөрчлөлт бий болсон хэмээн
хэлдэг нь дэндүү үнэн зүйл байдаг. Бид энэ асуудлыг ажиглах үедээ зарим нь тогтсон нэг чиглэлд явж байхад зарим
нь огт өөр чиглэлд явдаг болохыг олж харна. Ийнхүү хүмүүс өөр хоорондоо огт өөр
мэт харагдана. Гэвч тэд нэг зүйлээрээ адилхан байдаг буюу хүмүүс дэлхийн нүдээр
харахад чухал хүн болохыг хүсэж, хувийн ашиг сонирхол, зугаа цэнгэлд бүх
хүчээрээ махран зүтгэдэг. Өөрөөр хэлбэл, хүмүүс энэ ертөнцийн дорд зүйлсэд
автагдан, Бурханаас таслагдах вий гэдэгт сэтгэл зүрхээ хандуулдаггүй. Гэвч Есүс
Христ Өөрийн загалмайгаар биднийг Ариун Эцэг Бурхандаа хүлээлгэн өгч, бидэнд
тэнгэрийн хаанчлалын баталгааг гаргаж өгсөн гэдгийг мэдсэнээр бидний бүхий л
сайрхал Есүс Христ хэмээн Паул хэлжээ. Тэгвэл бид ертөнцөөс гарч, дэлхийтэй бүх
харилцаагаа таслахад ч хялбар байх болно. Яагаад тийм байна вэ? Амьд байгсдаас
холдон, өөрийн нүгэлтэй гэдгийг мэдэрснээр дарамтанд байсан хүн Есүс Христийн
дотор өгөгддөг Бурханы ивээлийг хүсэмжлэх нь тодорхой бөгөөд дэлхий түүнд ямар
ч үнэ цэнэгүй санагдах учраас тэр билээ.
Үнэндээ Бурхан юу ч биш мэтээр бидэнд ивээлээ
буулгаж өгсөн ба биднийг урин оруулсан тэрхүү бүхий л сүнслэг баялаг байдлыг
бид эзэмшиж байгаа билээ. Сатаны хууран мэхлэлт, уруу татлагатай харьцуулахад
түүний үнэ цэнийг нь бид огтхон ч үнэлэх боломжгүй. Энэ ертөнцийг байгаагаар нь
эргэцүүлээд үзвэл ер нь энэ ертөнц гэж юу вэ? Бидний хэн нь ч амьдрал маань
хичнээн утга учиргүй болохыг мэддэггүй. Энэ нь хэсэгхэн зуур байгаад арилах
утаа манан төдий л зүйл. Хүмүүс урьдынхаараа л шунал хүсэлдээ шатаж амьдарч
байгаад л замхардаг. Бурхан чанга дуугаар хашгиран дууддаг: “Хөөрхийлэлтэй
хүмүүс минь ээ! Та нар ялгах чадвараараа балчир хүүхдэд ч хүрэхээргүй байна гэж
үү! Яахаараа сүрэл мэт зүйлд, ямар ч утгагүй хог мэт өчүүхэн зүйлээс зууран
барьж, яагаад тиймхэн зүйлсэд зүрх сэтгэлээ булаалгана вэ! Би та нарт төгс
ерөөлийг өгсөн байтал та нар түүнийг үгүйсгэсэн. Чухал биш гэж үзсэн.” Тиймээс
Бурханы бидэнд өгсөн тэр элбэг хангалууныг тийм хүйтэн, тийм удаан хүлээн
авдгийн учир нь энэ дэлхийн зүйлс бидэнд эхлээд байр сууриа эзэлсэн байдагтай
холбоотой. Бид үнэхээр энэ ертөнцийг
дэндүү өндөр үнэлдэг. Биднийг юу ингэхэд хүргэдэг вэ? Энэ нь Бурханы хангаж өгч
буй тэр эрхэм баялаг юу болохыг бид мэдэж чаддаггүйд оршиж байдаг.
Тиймээс эдгээр хоёр зүйлийг нэгтгэж үзэцгээе:
ө.х бид ертөнцийн хувьд загалмайд цовдлогдсон ба ертөнц бидэнд тийнхүү үйлдсэн
учир зөвхөн загалмайд өлгөгдсөн Есүс Христээр л сайрхацгаая. Одоо ийнхүү хэлж
байгаа нь үйлдэхээс хамаагүй хялбар. Гэвч бидний хүн нэг бүр хаана ч байсан
тийнхүү үйлдэхийг хичээх хэрэгтэй. Бид энэ онолыг сонссон учир үйл хөдлөл
болгох хэрэгтэй. Учир нь хэрэв бид Бурхан болоод Түүний тэнгэр элч нарын өмнө
христэд итгэгч гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдөн, онцгой харагдахыг хүсэж байгаа
бол, Паулын энэхүү ишлэлд бидэнд хэлж буй зүйлийг даган, дуулгавартай байх
хэрэгтэй. Үнэхээр, хэрэв бид өөр бодолтой байгаа биш л бол, миний урьдаас та
бүхэнд хэлсэнчлэн бидэнд ийнхүү үйлдэх олон боломж байгааг олж харах болно.
Зөвхөн тэдний дотоодыг ажиглан харж, тэдний жинхэнэ төрхийг тунгаан эргэцүүлж,
урьдынхаараа л Есүс Христээс салангид байгаа цагт өөрсдийн байгаа байдлыг
эргэцүүлэн бодсон хүн бүр Бурханаас хүртвэл зохих уур хилэнг мэдэрч, айн
эмээхэд хүрэх болно. Тэд өөрсдийн хараал хүртсэн байдлаас болоод сүйрэлд хүрсэн
гэдэг зүйл болон энэхүү хараалын дор Бурханы мутраас зугатан зайлах аргагүй,
Бурхантай дайсагнан нэг өдөр амьд байхын оронд газар тэднийг зуун удаа залгих
нь илүү дээр гэдгийг тэд мэдрэх болно. Тиймээс бид өөрсдийгөө шалгах аргад
суралцацгаая. Энэ ертөнцийн дагуу өөрийгөө гоёхыг хүсдэг хүмүүс, ялангуяа
эмэгтэйчүүд асар их сониуч зангаар, анхааралтайгаар толинд харах болно. Гэвч
Бурханы өмнө биднийг үнэхээр даруу болгож, бидний сайрхаж байгаа зүйл юу болох
талаар эргэцүүлэн бодоход хүргэдэг бидний дутагдал, бохир байдал тэр толинд
харагддаггүй. Өөрийн ичгэвтэр байдал, ичгүүрт үйлсээ хүлээн зөвшөөрдөг хүн,
Бурханы Ариун Сүнс үнэхээр өөрийнх нь дотор ажиллаж (дээр дурьдсанчлан) сатанд
эзлэгдээгүй л байгаа бол тэрхүү эмчилгээний аргыг эрэлхийлэх нь эргэлзээгүй. Тиймээс
чихэнд чимэгтэй үг яриагаа зогсоож, өөрсдийгээ нухацтай шалгаж үзэх аргыг
сурцгаая. Түүнчлэн өөрсдийнхөө дутагдал, эмгэнэлтэй байдлыг хүлээн зөвшөөрсөн
бол Эзэн Есүс Христ дээр очицгооё. Загалмай дээр бүхий л бардам байдал,
өөрөөрөө бахархах үзэл, сайрхлаа буулган тавьцгаая. Ертөнцийн хувьд үнэхээр
загалмай дээр цовдлогдвол ертөнц бидний хувьд юу ч биш болох болно.
Паул ертөнц түүний хувьд загалмайд
цовдлогдон, тэр ертөнцөд цовдлогдсон гэж хэлснээр адилхан утгыг илэрхийлж
байгаа нь тодорхой байна. Бид энэ ертөнцийн хувьд загалмайд цовдлогдсоноор
үнэхээр энэ ертөнцийг үгүйсгэж чадах ба ертөнцөөс тусгаарлагдаж чадна гэдгийг
тэр онцлон хэлэхийг хүсчээ. Энэ нь
бидний дотор хүчтэй ажиллаж, асан дүрэлзэх гал мэт шатаан, биднийг ийш тийш нь
төөрөгдүүлж байдаг жигшил төрүүлэм бүхий
л шунал хүслээ эзэмддэг байх хэрэгтэй гэсэн утгатай. Учир нь Бурханы Хүү тэр
ичгүүрт үхлийг бидний төлөө үүрсэн
гэдгийг бид мэднэ. Тэнгэр элч нарын Тэргүүн бөгөөд бүхий л яруу алдар, сүр
жавхлан, эрх мэдэл бүхий Нэгэн бидний төлөө загалмайд өлгөгдсөн гэдгийг
мэдсэнээр энэ ертөнцөд ялалт байгуулж,
зоригтой үйлдлийг хийхээр хичээж буй тэр нэгэн нь хэн бэ? Ийм аргаар өөрсдийн бүх махан биеийн шунал
хүслээ эзэмдэх хэрэгтэй. Тиймээс Эзэн Есүс Христийн зовлон, үхэл бидний зүрх
сэтгэлд үр дүнтэй ажиллан, бидний хүсэл урьдных шигээ бидний дотроос яарч адган
ганхуулахгүй байгаасай хэмээн хүсэж байна. Энэ бол эхний гол асуудал юм.
Басхүү энэ ертөнц бидэнд цовдлогдсон байх
хэрэгтэй. Энэ яавал боломжтой вэ? Есүс Христийн бидэнд өгсөн тэрхүү сүнслэг
баялаг болон Түүгээр дамжуулан бидний хэрэглэдэг зүйлстэй харьцуулахад энэ
ертөнцийн зүйлс нь сүрэл мэт бөгөөд
завхарсан зүйлс билээ. Учир нь тэдгээр нь бүгд хялбархан ялзарч мууддаг. Бүр
цаашилбал, хүмүүсийн тэгтлээ их хичээж, тасралтгүй шунан хүсэж, басхүү
гарцаагүй бүх зүйлд нь саад болж байдаг тэдгээр зүйлс нь бүгд хүмүүсийг барихын
тулд сатаны тавьсан торноос хэтрэхгүй зүйлс байдаг. Тэдгээр нь хий хоосон зүйл, хууран мэхлэлт
биш гэж үү? Тийм ээ, тийм гэдэг нь үнэхээр баттай. Тийм учраас ертөнц бидний
хувьд ямар ч үнэгүй байх хэрэгтэй гэдгийг мэдэцгээе. Түүнчлэн Бурхан бидэнд энэрэнгүй ханддаг
бөгөөд Өөрийнхөө хүүхэд, өв залгамжлагч болгон хүлээн зөвшөөрдөг гэдэг үнэнийг
сайтар ухаарч, бат итгэцгээе. Бурхан бидэнд ерөөлөө өгсөн. Тэр ерөөл байхгүй
бол бид хамгийн эмгэнэлтэй болох болно. Тиймээс бид энэ дэлхийд хүлэгдэлгүй,
ертөнцөд хялбархан өнгөрөөх хэрэгтэй. Энэ зүйл үргэлж бидний зорилго болсон
байх хэрэгтэй. Бурханы дуудсан тэр газар руу яаравчлан явах хэрэгтэй гэдгийг
бид мэддэг. Хэрэв бид энэ ертөнцийг хайрлах хайранд автвал, бид Бурханаас
холдоход хүрнэ. Энэ бол бидний өнөөдрийн ишлэлээс тогтоож авбал зохих зүйл
билээ.
Одоо, Паул “Христ Есүсийн дотор
хөвч хөндөх ба хөвч хөндүүлэхгүйн аль аль нь юу ч биш, харин шинэ бүтээл нь л
чухал юм” хэмээн үргэлжлүүлжээ. Тухайн үед чуулганыг замбараагүй болгож байсан
хүмүүс зөвхөн шуналынхаа улмаас ингэж байсан хэмээн Паул хэлж буй бололтой.
Учир нь чуулган өсөхгүй, тэдний үүсгэсэн их хэрүүл тэмцлийн үр дүнд ашиг олж
буй нэг ч хүн байхгүй байгаа бол тэд Эзэн Есүс Христийг орлох гэж байсан гэдэг
нь баттай нотлогдож байгаа хэрэг юм. Бурханы Хүү бидний чин зүрхний голоос
биднийг захирч байхыг харах, бид тэр сайн мэдээний үгэнд захирагдах, Түүний
хүчийг бодитоор мэдэрч мэддэг байх,
тэгснээр бид бүгд агуу нэгэн ч бай, өчүүхэн нэгэн ч бай өөрсдийн бүх найдвараа
Христэд тавьсан байхаас өөр ямар зорилго бидэнд байх хэрэгтэй билээ? Ингэж
чадсанаар бидний бүх л амьдрал өөрчлөгдөн, Бурханд дуулгавартай амьдарч, Түүний
үгэнд захирагдахыг зорилгоо болгодог. Бурханы сүнслэг сүм итгэл болон шинэ амин
дээр сүндэрлэдэг. Бурханы бүхий л баялаг байдлын дагуу Түүнийг хүндэтгэн, бүх
найдвараа Бурханд тавьж, Түүнийг магтахыг итгэл гэдэг ба бид хамтдаа цугларах
үедээ Түүний ариун нэрийг дуудсаны дагуу Тэр биднийг удирддаг. Энэ нь л бид
Бурханы ариун сүм болон байгуулагдаж буй хэрэг ажээ.
Гэхдээ, бидний амьдралын хэв маяг ч бас
шинэчлэгдэх хэрэгтэй. Өөрийгөө тасралтгүй үгүйсгэн, Бурханд амьдралаа даатгахад
суралцах хэрэгтэй. Энэ нь заах үүрэг хүлээсэн хүмүүсийн дамжуулдаг үг байх
хэрэгтэй. Эдгээр зүйлсийг зорилгоо болгоогүй хүмүүс Эзэн Есүс Христэд үйлчлэх
бодолгүй гэдгээ харуулж байгаа юм. Үүнээс үүдэн, Есүс Христ доторх шинэ бүтээл
болох нь л цор ганц чухал зүйл хэмээн тунхаглажээ. Өөрөөр хэлбэл, хэрэв “Есүс
Христийн дотор” (2Коринт 5:17) байгаа гэж тооцогдохыг хүсэж байвал 2Коринт
дээрх “шинэ бүтээл” хэмээн хэлсэн үгийн гол санааг сайтар ойлгох хэрэгтэй. Учир
нь хэн нэгэн хүн өөрийгөө хамгийн цэцэн цэлмэг гэдэг ч юм уу, эсвэл маш
ухаантай, агуу судлаач, эсвэл гайхалтай соёлтой хэмээн бахархан сайрхаж буй
зүйлс нь бүгд хоосон зүйл байдаг. Тиймээс бид өөрсдийгөө болон энэ ертөнцийг
хаяж, бидний үнийг төлж худалдан авч чөлөөлсөн Түүнд өөрийгөө өргөхөд
суралцацгаая. Учир нь асар их үнийг төлж биднийг аварсан Есүс Христ л биднийг эзэмшин,
баярлаж байх нь зохистой. Бид өөрсдийгөө үгүйсгэн, биднийг хүмүүсийн дотор
барьж буй бүхий л зүйлээ үгүйсгэхгүйгээр үүнийг хэрэгжүүлэх боломжгүй.
Паул энд хөвч хөндүүлэх болон хөндүүлээгүйн
талаар хэлсэн байгаа ба энэ нь (бидний дээр дурьдсанчлан) түүний нүүр тулаад
буй маргаан мэтгэлцээн нь ёслолын тухай хуультай холбоотой байсны учир ажээ.
Тэрбээр хөвч хөндөлтөөр жишээ татан ёслолтой холбоотой хуулийн талаар
тайлбарласан байна. Учир нь иудейчүүд урьд нь түр зуур хүлээн авсан байсан бүх
хэлбэр маягаа хадгалахыг хичээж байсантай холбоотой. Тиймийн учир Паул эдгээр
бүх зүйлсийг тохуурхан, Эзэн Есүс Христ биднээр урьдын зүйлсийг сахиулахын тулд
ирсэн бус, сүмийн хөшгийг хоёр хэсэгт хуваахын тулд, хуулийн доор байсан бүх
сүүдрүүдийн мөн чанар нь Өөрийнх нь дотор оршин байдаг учир бид одоо зөвхөн
Түүгээр сэтгэл хангалуун байх ёстойн учир ирсэн хэмээжээ. Хөвч хөндөлт нь
цаашид ямар ч үнэ цэнэгүй зүйл билээ.
Хэрэв энэ ишлэлийг өнөөдөр бид харагдах зүйл дээр
хэрэгжүүлнэ гэвэл энэ ишлэлээс хамаагүй их ашиг тусыг хүртэх болно. Папын
тогтолцооны системд хүмүүс ариусгагдахын тулд бүх талаар найдаж байсан утга
учиргүй олон ёслолууд байв. Бид папын үзлийг баримтлагчдаас Бурханы ивээлийг
хэрхэн хүний гавъяа зүтгэл мэт сайрхаж, нүглээс хэлтрүүлдэг юм бэ
гэж асуувал тэд ариун ус болон лаа, хүж, орган, найрал дуу, ариун газрын эргэл
мөргөл зэрэг бас бус зүйлсээр гайхуулдаг. Бас тэд шатнаас шатанд, нэг сүмээс
нөгөө сүм рүү алхан явдаг мунхаг залбирлаар залбирдаг. Мэдээж тэд энэ үедээ
нүглээс хэлтрүүлэх олон массыг өргөдөг. Товчхондоо, папын үзлийг баримтлагчдын
Бурханд өргөх өргөл хэмээж буй зүйлс нь тэдний толгойдоо зохион бий болгосон
төөрөгдөл, ёроолгүй ангал, мухар сүсгээс хэтрэхгүй зүйлс юм. Тэгвэл иймэрхүү
зүйлс нь ямар үнэ цэнэтэй байдгийг авч үзэцгээе. Бурхан эдгээр зүйлсийн талаар
айлдаагүй байтал тэд Бурханд өргөх жинхэнэ хүндэтгэлийг бохирдуулахыг хүссэн
сатаны хууран мэхлэлтийн дагуу тэдгээрийг санаачлан гаргажээ. Гэвч папын үзлийг
баримтлагчид хуулийн ёслолуудын талаар ярихдаа тэдгээр нь юу ч биш гэж хэлдэг.
Яагаад тэгдэг хэрэг вэ? Хэрэв бид цэвэр мөс чанараар хүндэтгэл өргөж, Түүнийг
дуудан, Түүнд найдаж, Түүнээс ирдэг бүх сайн сайхныг мэддэг байвал Бурхан сэтгэл хангалуун байдаг учиртай. Бид
хайр бол бүх төгс байдлын нотолгоо бөгөөд хуулийн зорилго нь гэдгийг мэдэж бие
биеийнхээ өмнө зөв, шударга амьдарцгаая. Түүнчлэн Тит номонд бичигдсэнчлэн
бидний Эзэн Есүс Христийн дахин ирэхийг хүлээн, өөрсдийгөө Бурханд өргөн, цэвэр
ариун амьдарцгаая (Тит 2:12-13). Энэ бол Бурханы айлдсан ариун, төгс байдлын
эхлэлийн цэг билээ.
Гэвч папын үзлийг баримтлагчид үүний эсрэг
зүйлийг хэлэх болно: “ Юу гэнээ! Тэгвэл бидний гайхалтай залбирлууд яах болж
байна? Бүгдийг нь байхгүй болгох гэж үү? Тэрний оронд Бурханыг тэнгэрээс
буулгаж ирсэн нь дээр!” Үүгээр чуулганы үзлийг баримтлагчдын мунхаглал илэрхий
болдог. Бид эндээс Паулын тайлбарыг харцгаасан. Хэдийгээр хүмүүс Бурханд шилдэг
зүйлсээ өргөнө хэмээгээд олон буруу зүйлсийг санаанаасаа зохиож, тэдгээр
шалихгүй зүйлдээ хүлэгдсэн байсан ч тэдгээр
нь бүгд ямар ч үнэ цэнэгүй. Хэн үүнийг айлдсан бэ? Паулын амаар дамжуулан
Бурхан айлдсан. Бид ямар хүн болох хэрэгтэй вэ? Шинэ бүтээл болох хэрэгтэй.
Шинэ бүтээл гэж юу вэ? Бид амьдралаа шалган цэгнэж мөн чанарынхаа хувьд болон
өөрийгөө хэн ч биш гэдгийг мэдэхээс эхлэх хэрэгтэй. Тэгвэл бид Бурханд өргөвөл
зохих сүнслэг тахилыг Түүнд өргөх болно. Өөрийгөө Бурханд өргөвөл, Бурхан
бидний хөөрхийлэлтэй байдалд энэрэл нигүүлслээ буулган, бидэнд тусламж
үзүүлдэг. Дуудагдсан дуудлагынхаа дагуу Бурханыг дагах бэлтгэлээ хангасан
байгаасай хэмээн хүсэж байна. Түүний үгнээс өөр мэргэн ухааны үндэс байхгүй.
Бурхан хоосон хэлбэр төдий эсвэл ертөнцөд нийцсэн ганган тансаг, гял цал гадаад
байдлаар өргөсөн хүндэтгэлийг хүсдэггүй.
Бид худал хуурмаггүй, өөрийн бодол, хайраа өргөвөл Бурхан үүнд сэтгэл хангалуун
байдаг. Бүр цаашилбал, энд Паулын хэлж буй зүйлийг ойлгон, хэрэгжүүлэх нь
бидний хүлээх хариуцлага. Учир нь нүглийнхээ дунд сагсууран онгирдог байдлаа
үгүйсгэн, Бурханыг ширтэн харж, Түүний шүүхийн өмнө зогсох болно гэдгээ мэддэг
хүмүүс өөрийнхөө талаарх бүх сайрхлаа орхих болно.
Бүр цаашилбал, Бурхан Өөрийн үгээр дамжуулан юу
шаардаж байдаг болохыг, хэрхэн хүндэтгэлийг хүлээж авдаг вэ гэдгийг, юунд
баярлан таашаадаг вэ гэдгийг мэдэж, хоёр нүүртнүүдийн шаардаж байдаг утгагүй
зүйлсэд хууртагдах аюулд цаашид орохгүй байх болно. Учир нь (бидний мэдэж
байгаачлан) папын үзлийг баримтлагчид Бурханд үйлчлэх гэж өөрсдийгөө зовоох үед
Бурхан түүнийг нь ариун гэж тооцон, өөрсдийг нь уур хилэнгээс зайлуулж, Бурханы
тушаасны дагуу Түүнд үйлчилсэн хэмээн эвгүйцэн хандахгүй учраас тийнхүү үйлддэг
гэдэг нь ч тодорхой. Гэвч энэ нь тэд хуулийг бүхэлд нь жигшин үздэгтэй нь
холбоотой. Бас тэдний хувьд чухалд тооцон, Бурхан хүлээн аваасай хэмээн хүсэж
байдаг олон зүйлүүд байдаг. Гэхдээ (дээр өгүүлсэнчлэн) Бурханд хандсан тэдний
үүрэг бүрэн биелсэн гэдэгт итгэн, Бурханы зүгээс ирэх шахалтанд орохгүй байх нь
тэдний гол зорилго байдаг. Үүний зэрэгцээ, өөрсдийн ёс журмын дагуу өөрсөддөө
эрхийг нь олгож, өөрсдийнхөө бүх нүглийг уучлах явдал байдаг. Тэд өөрсдөө
Бурханд ямар нэгэн зүйлийг (буюу ердийн л нэг сүүдэр) авчирсан учир Бурхан
тэднийг эсэргүүцэхгүй, дуугүй байх болно хэмээн сэтгэдэг. Бид сая энэ ишлэлээс
Паулын зорилгыг олж харцгаасан.
Эцэст нь Паул ийнхүү өгүүлжээ: “Энэ зарчмаар
явагч хүмүүс болон Бурханы Израилийн дээр амар тайван, өршөөл нь байх
болтугай.” Энэ “зарчим” гэж хэлснээрээ Паул хүмүүс өөрсдийн сонгосон зүйлдээ
итгэдэг гэдгийг сануулжээ. Гэхдээ Бурхан
тэдэнд бууж өгөхгүй. Бурхан өөрчлөгддөггүй, худал хуурмагтай нийцэх эсвэл
ухралт хийдэггүй. Паул иймэрхүү өөрчлөлт байх боломжгүй гэдгийг хэлжээ. Ямар ч
зүйл тохиолдсон Бурханы тогтоосон зарчмууд нь өөрчлөгдөхгүй тэр хэвээрээ
байдаг. Энэ нь бид бүгд эд зүйлийн гадаад байдлыг хүлээн авч буй хэрэг юм.
Бурхан биднээс илүү шилдэг гэдэг үнэнийг хэн баяртай хүлээн авахгүй байх билээ?
Бид үүний эсрэг ярьсан зүйлсийг Бурханыг доромжилж байна гэж хүртэл үздэг.
Ийнхүү бид бүгдээрээ Бурхан захирах ёстой, Түүний хууль бидний амьдралын зарчим
болсон байх ёстой гэдэгт баттай итгэдэг. Гэвч үүний зэрэгцээ хүмүүс хэрхэн
захиргаагүй амьдарч байгааг хараарай. Хүн болгон янз бүрийн зүйлийг зохиож, бүх
хүмүүс өөрсдийнх нь зохиосон зүйлийг биелүүлдэг байхыг хүсдэг. Хүн бүр өөр
өөрийн гэсэн зарчимтай байхыг хүсдэг. Папын үзлийг баримталдаг хүн Францисын
зарчим эсвэл Доминикийн зарчмыг баримталдаггүй бол эсрэгээрээ өөрийн гэсэн
амьдралын зарчимгүй нэг ч тэнэг байдаггүйн адил папын урсгалд өөрийн гэсэн
зарчимгүй нэг ч хөгшин, зөрүүдлэгч байдаггүй. Учир нь бүгд л “энэ бол миний
залбирах арга” гэж хэлдэг. Тэд бас
“зориулалт” гэдэг үгийг хэрэглэхдээ үнэндээ “би өөрийн сайн гэж үзсэнээ хийх
эрхтэй учир Бурхан түүнд сэтгэл хангалуун байх ёстой” гэж хэлснээрээ бодит
байдал дээр Бурханыг хойш тавидаг.
Энэ хичнээн чөтгөрийн шинжийг агуулсан ёс
журамгүй байдал вэ? Тэд энэ тэр байдлаар зохицон нийтэд тарааж орхиод,
түүнээсээ энэ тэр аргаар зайлсхийдэг. Яг л өөрсдөө муруй тахир зам хийж орхиод,
тэр замаа дахин муруйлган байхдаа Бурхан Өөрийнхөө зарчмыг өөрчлөн, тэдний үзэл
бодолд тааруулах хэмжээнд уян хатан байгаасай гэж хүсдэг. Тиймээс хүмүүс
өөрсдийнхөө хүссэнээр өөрсдийгөө зовоодог гэсэн энэ ишлэл дэхь үгсийг улам бүр
гүнзгий ажиглан харах шаардлагатай. Бурханы зарчим нь хувиршгүй бөгөөд цаг
үргэлж өөрийн зарчмын дагуу байдаг.
Энэ зарчим нь юу вэ? Энэ нь бидний Эзэн Есүсийн
сайн мэдээний дотор илчилсэн төгс байдлыг зорилгоо болгосон байдаг. Тэрхүү төгс
байдлыг бид насан туршдаа олж авч чаддаг зүйл бус, баруун тийш ч, зүүн тийш ч
хазайн өөр замаар орж болохгүй бөгөөд Бурханы бидэнд илчилж өгсөн зүйлийг
зорилгоо болгосон байхыг хэлнэ. Энэ нь бид өөрсдийгөө үгүйсгэн, бүх талаар
Бурханд өөрийгөө зориулснаар хэрхэн шинэ бүтээл болж болох вэ гэдэг зүйл. Үнэн байдал
ийм учир энэ зарчимд захирагдах шийдвэр гаргацгаая. Бас энэ зарчимд өөрсдийн
амьдралаа нэгтгэцгээе. Учир нь бидний хүн бүр аль нэг талд нь хөлөө даруй тавих
хэрэгтэй билээ. Гэхдээ буруу замд орохгүйн тулд Бурхан Өөрийн үгээрээ илчлэн,
зааж өгсөн зүйлээс бат зуурах хэрэгтэй. Паул одоо тэдгээр хүмүүст амар тайван,
нигүүлслийг ерөөж байна. Хэдийгээр дэлхийн бүх зүйлс мунхаглан биднийг
шүүмжиллээ ч бид тиймэрхүү шүүмжлэлийг үл хэрэгсэн өөрсдийнхөө аргаар урагшлах
болно гэдгээ тунхаглах хэрэгтэй. Хэрэв Бурхан бидний төлөө байвал тэр нь л
хангалттай. Хэрэв ертөнцийн мунхаг шүүлт, тэдний гаргасан үгэнд ганхаж байвал
бид алдрыг авах зохистой Бурханд алдрыг өргөж чадахгүйд хүрнэ. Хүмүүс бидний
тухай “тэд гайхалтай амьдралаар амьдрахгүй байна” гэж хэллээ гээд бид самгардан
тэдний сонирхолд нийцүүлэхийг хичээвэл бид Бурханаас гарцаагүй холдох болно.
Тиймээс Паулын энэ ишлэлд өгүүлж буй зүйлд
анхаарлаа хандуулцгаая. Хэрэв хүмүүс биднийг шүүмжлэн, бидний хийж буй зүйлсийн
дотроос шүүмжлэх зүйлсийг олж харлаа ч (ертөнц Бурхантай хэзээ ч нийцтэй
байдаггүй нь тодорхой зүйл) тэр нь бидний хувьд ямар ч утгагүй зүйл билээ. Бурхан
биднийг энэрэн нигүүлсэж, биднийг ерөөж, “амар тайван” дотор бүрэн аз жаргалыг
өгнө гэвэл бид хичнээн хөөрхийлэлтэй, хичнээн олон хүн бидний нүүр рүү нулимж
байсан ч бид сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Хэдийгээр биднээс шаардаж буй тэр
бүх ёс суртахуун бидэнд байхгүй байсан ч хэрэв бид Бурханыг дагахыг хүсэж
байвал бид энэрэнгүй Бурханыг цаг үргэлж олж харах болно. Биднийг сул дорой
байхад Тэр бидэнд хүчийг өгч, бидний хөөрхийлэлтэй байдалд тусалдаг. Энэ нь л
бидэнд хангалттай. Үүнээс эсрэгээр, хэдий Ариун Сүнс Бурханы зарчмуудад
захирагддаг хүмүүсийг ерөөдөг ч гэлээ, буруу замаар явж, өөрийн үзэл бодлоо
хууль болгосон хүмүүсийг Бурхан харааж, жигшин зэвүүцэж, үнэхээр дургүй байдаг
гэдгийг бид мэддэг. Тэд өөрсдөдөө зөв харагдаж л байвал юу ч байсан дагах
эрхтэй байдаг ба Бурханы үгэнд зүрх сэтгэлээ хатууруулж байдаг. Тэд ертөнцөд
хичнээн үнэтэй байлаа ч, бардам зан таамаглалдаа хичнээн согтуурч байлаа ч, тэд
үргэлж тийм чухал хүмүүс байсаар байх болно гэж бодож байсан ч, Бурхан урьдын л
хэвээр тэднийг жигшин зэвүүцсээр байх болно гэдгийг бид мэднэ. Бид энэ зүйлийг
санаж байх хэрэгтэй: бидний дагаж амьдрах ёстой, сайн мэдээнд агуулагдаж байдаг
зарчим нь ганцхан л зүйл байдаг.
Энэ зарчим биднийг хааш нь удирддаг вэ? Бид
нүдэндээ зөв гэж харагдаж буй зүйл эсвэл бидний толгойдоо бий болгосон зүйлийг
Бурханд өргөх боломжгүй гэдэг нь тодорхой. Үүнийхээ оронд өөрсдийгөө бүх талаар
Бурханд болон Түүний үгэнд захируулах хэрэгтэй. Бид Есүс Христийн дотор бүх
төгс төгөлдөр байдлыг хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрөх болно. Тиймээс бид
зөвхөн Түүгээр сэтгэл хангалуун байна. Ялангуяа тэр энэрэнгүй учир бидэнд
нигүүлслээ буулгана гэдгийг мэддэг учир Түүний дуудсан газар руу Түүнийг даган
явбал бидний амь нас Түүний хүчээр ерөөлийг авч, аз жаргалтай болох болно.
Эсрэгээрээ Паулын энэ ишлэлд өгүүлсэн зарчмыг дагахгүй л бол, бүх дэлхий бидэнд
ямар ч бодлоор хандаж байсан, бүр дэлхий биднийг хичнээн магтаж байсан ч бид
хараагдах болно.
Бурханд сүнслэг мөргөл өргөдөг хүмүүсийг Паул
“Бурханы Израиль” хэмээн батлан өгүүлсэн байна. Бурхан Өөрийн ард түмнээ хүлээн
авахдаа үргэлж баяртай байдаг. Яагаад гэвэл энэхүү захидлаараа бүхэлд нь
мэтгэлцэж буй түүний дайснууд яг л өнөөгийн папын үзлийг баримтлагчид ариун тос
зэрэг бас бус зүйлийг хэвээр нь хадгалан үлдээхийг хичээж байгаа шиг, жинхэнэ
чуулганы бэлэг тэмдэг хэмээн тооцогдож буй бүх ёслолуудыг тэр хэвээр нь
үлдээхийг хүсэж байв. Гэвч Паулын дайснууд нь папын үзлийг баримтлагчдаас
хамаагүй илүү хүчтэй үндэслэлтэй байлаа. Тэгсэн хэдий ч Паул тэр бүхий л
зүйлийг эсэргүүцэж, Бурхан ийм зүйлүүдтэй ямар ч хамаагүй гэж байв. Бурхан
хуулийн сүүдрийг түр зүр тогтоон өгч, тэдгээрээр дамжуулан хүмүүсийг Эзэн Есүс
Христ рүү зааварлах хүч чадлыг өгсөн хэдий ч, одоо бид Есүс Христийн дотор
Түүний мөн чанар, үнэнийг олж авсан учир тэдгээр бүх зүйлээ хаях хэрэгтэй.
Тиймээс бид Бурханы Израиль хэмээгдэн хүмүүсийн нүдийг гялбуулан гарч ирдэг
хүмүүс бус жинхэнэ Бурханы билэг тэмдэгтэй болсон хүмүүс гэж хэлж болох илүү
тодорхой шалтгаантай болсон билээ. Папын үзлийг баримтлагчид бидэнд чуулганы
тухай хэлэх үедээ, пап болон түүний гурвалжин титэм, жүжгийн тоглолтонд
зориулан зүсээ хувиргасан епископуудыг заавал оруулан хэлэх хэрэгтэй болдог.
Тэд хүндэтгэл хүлээж буй амьтадтай адил байдаг ба тэдэнтэй холбоотой бүх
зүйлүүд гялалзаж байдаг учир тэдний дунд байдаг приестүүд болон санваартнуудын
цэвэр нүдээр тэднийг харахад дэндүү гял цал байдаг. Папын үзлийг
баримтлагчдынхаар Бурханы чуулган оршин байх арга гэдэг нь хоосон хэлбэр төдий,
ямар ч бодлогогүй, огт хэрэггүй дэмий зүйлүүд. Ариун ёслолын хувьд юу гэх вэ?
Үгүй ээ, тэр ч бас бас бус онцгой зүйлс
хэрэгтэй болдог - нэг үгээр хэлэхэд тэдгээр нь бүхэлдээ тэдний сэтгэлд нийцсэн
тэдний бэлэг тэмдэг байдаг.
Харин бидний хувьд сайн мэдээг ширтэн харах
хэрэгтэй. Бид сайн мэдээнээс юуг олж хардаг вэ? Маш хялбархан. Бурхан Өөрийнх
нь үгийг номлодог хүмүүс эсвэл мэргэжлийн хувцсаар хувцаслаад, хоосон дүр
үзүүлдэг ариун ёслол гүйцэтгэгчдийг хүсдэггүй. Бас хүмүүсийн зохион бий болгож,
бузарласан ариун ёслолыг ч Тэр хүсдэггүй. Эдгээр нь бүгд Бурханд үнэ цэнэгүй
байдаг. Тийм учраас энэ ишлэлд Паулын санал болгож буй жинхэнэ чуулганы тухай
тодорхойлолтыг баримталцгаая. Тэгвэл хүмүүс бидэнд “хараач, энд бидэнд сайхан
зүйл их байна” гэж хэлсэн ч ганхахгүй байх болно. Хэрэв бид төрөлх
ойлголтуудынхаа дагуу дүгнэлт хийвэл, бид махан биеийн шунал хүсэлтэй,
дэлхийлэг гэдэг нь үнэн. Тийм учир өөрсдийн ойлголтын дагуу гоё сайхан
харагдах зүйлийг даган явах хандлага нь илүү
хүчтэй байдаг. Гэвч Бурханд хэрхэн хүндэтгэл өргөх вэ гэдэг нь бидний
шийдвэрлэх асуудал биш. Бид Бурханы тунхагласан зүйлийг бат сахих хэрэгтэй.
Түүний тушаалуудыг олж мэдэхийн аргагүй ба бид өөрсдийн бүх мэргэн ухааныг Есүс
Христийн дотроос олж авах хэрэгтэй байдагт учир нь оршино. Бид Христэд
дуулгавартай байх үедээ л үүнийг олж авдаг. Түүнээс наана олдохгүй. Ийнхүү бид
хуулийн цаг үед Бурханы тогтоосон гаднах зүйлс дээр өөр ямар нэгэн зүйлийг
дахин нэмэх боломжгүй гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй ч бид зөвхөн Есүс Христийн
дотор байх төгс байдалд сэтгэл хангалуун байх хэрэгтэй.
Энэ талаар Паулын хэлж буй үгэнд анхаарлаа
хандуулцгаая: “Бидний Эзэн Есүс Христийн нигүүлсэл та нарын сүнстэй хамт байх
болтугай.” Паул энэ ишлэлдээ дэлхий ертөнц нигүүлслийг орхин урваснаараа Есүс
Христийн дотор өгөгдсөн баялаг сайхны талаар боддоггүй гэдгийг илчилжээ. Зарим үед сайн мэдээ хангалттай
тунхаглагдсан ч, бид бүгд сайн мэдээнээс холдон, тоохгүй орхидог. Яг л авралд
хүргэх зөв замыг орхин явах шийдвэр гаргасан мэт хөнгөмсөг хандан, сүйрэл болон
тамд өөрийгөө шидэж орхидог. Үүний шалтгаан нь юу вэ? Бидний оюун ухаан хоосон
байдагтай холбоотой. Басхүү чөтгөрүүд тэрхүү сувгийг үргэлж хааж байдагтай
холбоотой. Муу сүнс биднийг уруу татаж, зовоож, шийдвэр гаргаж чадахгүй
төөрөлдөхөд хүргэдэг. Үнэхээр Бидний Эзэн Есүс Христийн нигүүлсэлд хүрэх
хүртлээ бид тогтворгүй найгах зэгс мэт байдаг. Энэ бол бид зорилгоо тодорхойлж,
хичээх ёстойн гол шалтгаан билээ. Тэгж байж Бурхан бидэнд Өөрийн нигүүлслийг
буулгаад зогсохгүй, бид ч бас өөрийн оюун ухаан, зүрх сэтгэлдээ тэр нигүүлслийг
хүлээн авна. Бидний оюун ухаан
нигүүлслийн хаан сэнтий болох хэрэгтэй ба нигүүлсэл үндэслэж байдаг газар болох
хэрэгтэй. Тэгснээр бид энэ ертөнцөд хүлэгдэлгүй, өөрсдийн хайр, оюун ухаанаа
Бурханд өргөж чадах юм.
Одоо, энэ онолыг эсэргүүцэх эсэргүүцлээс хэрхэвч
зайлсхийх аргагүй учир Паул энэ ишлэлд түүнийг эсэргүүцэхийг хүмүүст уриалжээ.
“Үүнээс хойш надад хэн ч гай зовлон бүү авчраг. Учир нь би биедээ Есүсийн
оромнуудтай билээ.” Паул Есүс Христийн оромнуудын талаар хэлэхдээ, тэдгээрийг
эзэн хааны бүх эрх мэдэл, хааны ордон, очирт таяг, тэдний чухал хэмээн үзэж буй
бүх зүйлс, басхүү бүх хүмүүсийн хүндэтгэл магтаалыг хүртэх зүйлтэй харьцуулсан
байна. Хаан хүн өөрийн газар нутгийг захирч байгаагаа харуулахыг хүсэх үедээ,
нүд алдан, айдаст автсандаа харж ч зүрхлэхээргүй тийм байдлаар хувцаслах
хэрэгтэй байдаг. Эзэн хаад анхаарал татахуйц үнэ хүндтэй ямар ч зүйлгүй байх
үедээ улам бүр ийм байдлаар хувцасладаг. Тэдний хувьд ийм башир аргад түшиглэх
шаардлагатай байдаг. Энэ нь өөрийгөө хоосон хэлбэр, гял цал байдлаар гоёод,
мундаг гэсэн үнэлгээ авахыг хүсдэг дэлхийн хүмүүсийн хувьд ч адилхан үнэн
байдаг гэдгийг хэлж буй хэрэг. Нэг үгээр хэлбэл, дэлхийлэг хүмүүсийн хувьд өөртөө
анхаарал татах бүх аргыг хэрэглэдэг боловч эдгээр нь түүний мөн чанар болон
өөрийнх нь тухайд хоосон зүйлс билээ. Гэвч Паул, бидний Эзэн Есүс Христийн ором
нь бидний сайн мэдэж байгаачлан, дэлхийн нандигнаж үздэг тэр бүх зүйлээс ч илүү
үнэ цэнэтэй, илүү эрхэм нандин, мөн чанарын хувьд гоо үзэсгэлэнтэй гэжээ.
Гэвч бид “ором” гэж юуг хэлж байгаа талаар
эргэцүүлэн бодож үзэх хэрэгтэй. Паул урьд нь хэд хэдэн удаа ташуурдуулж байх
үедээ энэ талаар бидэнд тайлбарласан. Тэр зарим газарт чулуугаар шидүүлж,
өлсөх, цангахын зовлонг ч туулж байсан (2Коринт 11:23-27). Өөрөөр хэлбэл, тэр
хэрэггүй хүн гэж үзэгдэн, үгүйсгэгдэж байв. Ертөнцийнхөөр бол бид ийм гутамшигт
байдлаас заавал гарах хэрэгтэй. Харин Паул эдгээр ором нь хүмүүсийн эдэлдэг
ямар ч нэр хүнд, гял цал байдлаас ч илүү үнэтэй гэж хэлж байна. Паул ийм
оромнуудтай учир өөрийн явах зам болон дуудлагаа тасралтгүй үргэлжлүүлэхийн
тулд бусдад “намайг бүү зовоо” хэмээн хэлж байна.
Энэхүү ишлэлд Паулын хэлж буй зүйлийн санаа нь
нэгдүгээрт, хэрэв бид Христийн хүмүүс бөгөөд жинхэнэ Бурханы чуулган мөн бол,
Бурханы тушаалд дуулгавартай байн бие биетэйгээ нэгдэх хэрэгтэй. Хэрхэн? Өөрийн
үзэл бодлыг дагадаг хүмүүстэй нэгдэх биш, учир нь тэд гажуудсан оюун ухаантай байдаг учир бусадтай огт
нэгдэх боломжгүй болсон олон хүмүүс байдаг. Тийм хүмүүс зэрлэг адуу шиг бусад
бүх хүмүүсээс хол байхыг хичээдэг. Тиймээс чуулганд өгөгдсөн тушаалын дагуу
бусадтай нэгдэхийг эсэргүүцдэг тийм хүмүүст санваартнууд л хамгийн тохиромжтой.
Ийнхүү бардамнан, итгэгчдийн хамт олноос өөрийгөө тусгаарладаг учир тэд үнэхээр
муу сүнсний үйлчлэгчид ч болох боломжтой. Ямар ч тохиолдолд, яагаад тэд хүмүүсээс дөлөн нуугдаж байдгийн учрыг бид мэднэ.
Учир нь муу сүнс тэднийг эзэмдсэнтэй холбоотой. Муу сүнс тэднийг бусдаас
салангид амьдруулснаар эцэст нь тэднийг Бурханаас бүрмөсөн нүүр буруулахад
хүргэдэг.
Хоёрдугаарт, энэ ишлэлд Паул энэ “зарчмыг” сахих
хэрэгтэй гэдгийг бидэнд харуулсан байна. Эзэн Есүс бидний үлгэр дууриал болж,
бид Түүний дүр төрхтэй адилхан болохыг хичээх хэрэгтэй. Бид Түүний сургаалиудад
захирагдан, бидний хүн нэг бүр Түүний тушаалуудыг биелүүлдэг байгаасай гэж Тэр хүсдэг. Бас бие биедээ тусалцгаая. Учир нь
бид хавчлагын тухайд бас бус зүйлсээр сайрхах боломжтой. Бид бүгд л сайрхах
дуртай боловч бусдын ахиц дэвшлийн төлөө сүнслэг сүмээ барихад нь туслах гэж
хичээхгүй байгаа бол бид урьдынхаараа л сатанд үйлчилж буй хэрэг бөгөөд сатаны
бузар захиргаан дор боолчлогдож буй лугаа адил юм. Бид Эзэн Есүст захирагддаг
шигээ өөр хоорондоо нэг сэтгэлтэй байх аргад суралцацгаая. Бүр цаашилбал,
Бурхантай хамт явдаг, хувиа хичээгээгүй, итгэмжтэй хүмүүсийн хувьд бардам зүрх
сэтгэлээр энэ тэрийг тайлбарлан, өөрийгөө өргөмжлөхийг хүсдэг иймэрхүү омголон хүмүүсийг
жигшдэг байгаасай гэж хүсэж байна. Учир нь Есүс Христ Өөрийн оромнуудыг бид үргэлж
мэдэрч байдаг. Өөрөөр хэлбэл, ертөнцийн нүдэнд бид хичнээн дорд харагдлаа ч,
Бурханы Хүү биднийг хэзээ ямагт хүлээн зөвшөөрдөг болохоор тэр билээ. Тиймээс
хувирч өөрчлөгдөлгүй энэ замаар алхацгаая. Басхүү дээр авч үзсэнчлэн (Галат
5:12) бидэнд саад учруулж буй хүмүүст Бурхан тэднийг нураах болно гэдгийг
мэдүүлцгээе. Хэрэв хүмүүс чуулганы нэгдмэл байдлыг сүйтгэн нурааж, Есүс Христийн
захиргаа нэмэгдэж байхуйцаар өөрийн чадварын дагуу үйлчлэхийг эсэргүүцэж байвал,
тийм хүмүүс ичгүүрт орж, тарж бутрах нь зохистой. Бурхан тэдний бардам зан,
таамаглалын улмаас тэднийг сүйтгэх нь тодорхой. Хэрэв бид Эзэн Есүс Христийн үхэл,
зовлон гэдэг асар их үнээр олж авсан, басхүү сайн мэдээгээр дамжуулан өдөр бүр
бидэнд өгөгдөж байдаг энэхүү баялаг сайхныг үргэлж эдэлж байхыг хүсэж байвал
үүнийг л бид энэ ишлэлээс тогтоож авах хэрэгтэй зүйл билээ.
Бид өөрсдийн нүглээ улайн, тэр нүглүүд биднийг
айн чичрүүлж, Бурханаас өршөөл гуйхад хүргэн, бидний сэтгэл зүрхийг өвтгөж
байсныг санан залбирч, өөрсдийн агуу Бурханы сүрлэг байдлын өмнө өвдөг
сөгдөцгөөе. Ингэх үедээ бид жинхэнэ гэмшлээр дамжуулан өөрчлөгдөх бөгөөд Есүс
Христ биднийг бүх нүглээс минь чөлөөлөх хүртэл өөрсдийн махан биеийн бүхий л ёс
суртахуунгүй байдал, завхралыг эсэргүүцэн тэмцэлдэх бөгөөд ингэх үед Есүс Христ
бидэнд зөвтгөлийн хувцсыг өмсгөж өгөх болно. Тэр үед бид бүгд ийнхүү хэлэх
болно: “Бүх хүч чадлын дээд Бурхан минь! Тэнгэр дэхь бидний Аав минь!
Online:
http://www.reformedsermonarchives.com/cal16.htm
No comments:
Post a Comment