Monday, July 23, 2012

Бурханы алдар

Бурханы алдар (Gloria Dei)
1. Өмнөх үг

Бурханы алдрын мэдлэгийн гэрэл бүх итгэгчдийн зүрх сэтгэлд, Монголын дээр гэрэлтэх болтугай...(2 Коринт 4:6)
Христитгэлийн түүхийн явцад “алдрын Бурхан”-ы тухай онцгой  ойлголт, ухаарал бий болох үед чуулганд шинэчлэл, сэргэлт явагдаж байсан түүхтэй. Чуулган, итгэгчид “алдрын Бурхан”-ы тухай ойлгож, Түүний алдарт хамтран оролцох баяр хөөрийн амтыг мэдрэн, басхүү үүнийг гэрчлэхэд бүхий л зүрх сэтгэлээ зориулан, хүчээ дайчлах үед Бурхан Өөрийн ард түмний амьдрал, сүнсийг элбэг хангалуун болгож басхүү чуулгануудыг энэ дэлхийн гэрэл, ерөөлийн суваг болгож байсан  билээ.
Гэвч чуулган, итгэгчид махан биеийн хүсэл болоод дэлхийн шунал хүсэлдээ автан “алдрын Бурхан”-ыг мартаж орхисноор Бурханыг  алдаршуулахын оронд “өсөлт, чуулганы эрх мэдэл”-ээр дамжуулан өөрөө алдарших үед, чуулган ялзрал завхралаараа манлайлж, энэ дэлхийн гутамшиг, элэг доог болж байлаа.
Чуулган болоод итгэгчид амьд оршигч Бурханы гэрч нь болж, сайн мэдээ тараах үүргээ биелүүлэн, энэ дэлхийд ерөөлийн суваг болж байхын тулд зөвхөн “алдрын Бурхан”-ыг эргүүлэн олж авч, Түүний алдрыг амтлан, баярлаж, Түүний давуу чанаруудыг тунхаглаж, тэрхүү алдрын Бурханаар бахархан сайрхахад бүх хүчээ дайчлах хэрэгтэй.
Бурханы ерөөлийг дамжуулдаг суваг нь болох уу? Эсвэл дэлхийн гутамшиг, элэг доог болох уу? Бурханы ерөөлийн суваг болно гэсэн шийдвэрийг бид хойш тавилгүй гаргах хэрэгтэй. Түүнчлэн бүхий л ерөөлийн үндэс болсон “Алдрын Бурхан” дээр өөрсдийн зүрх сэтгэл, бодол санаагаа төвлөрүүлэх хэрэгтэй билээ.

2. Юу ч хийсэн Бурханы алдрын төлөө бүхнийг хий!

Библид “Иймээс та нар идэж, уухдаа, эсвэл юу ч хийсэн Бурханы алдрын төлөө бүхнийг хий” (1 Коринт 10:31) гэсэн байдаг.
Энэ үгээр Есүс Христийн бие болох чуулган болон итгэгчдийн хамгийн анхаарлаа хандуулбал зохих зүйл нь юу болохыг маш тодорхой сурган өгүүлжээ. Өөрөөр хэлбэл, Бурханы хүүхэд болсон итгэгчдийн амьдралын шалтгаан, зорилго басхүү хөдөлгөх хүч нь “Бурханы алдар” гэдгийг тунхаглаж буй хэрэг аж. Бүр цаашилбал, “Бурханы алдар” нь онолын төдий  эсвэл цэвэр онолын талын асуудал бус, чуулган дотор итгэгчдийн хооронд үүсдэг асуудлуудыг шийдвэрлэхэд зориулсан маш бодитой сэдэв гэдгийг харуулж байна.
Коринтын чуулган халуун итгэлтэй байсан хэдий ч олон асуудлаас болоод замбараагүй байдалд орсон байв. Нэг үгээр хэлбэл, Коринтын чуулган Паулын, Аполын, Кефийн, Христийн зэрэг олон бүлэглэлд хуваагдан нэгэн нэгдмэл хамт олныг бүрдүүлж чадаагүй байлаа. Басхүү бэлгийн завхрал, завхайрал, итгэгчдийн хооронд үүссэн ашгийн зөрчилдөөний асуудлаар дэлхийн шүүхэд заргалдаж байсан, гэрлэлттэй холбоотой асуудал, хиймэл шүтээнд өргөсөн хоол хүнсийг идэж болох уу эсвэл болохгүй юу гэсэн асуудал, итгэгчид хиймэл шүтээн шүтэж, чөтгөрт мөргөж байсан, эмэгтэй хүн толгойгоо бүтээх тухай, ариун зоогийн ёслолын талаар, Ариун Сүнсний бэлэг авъяасны тухай асуудал зэрэг асуудлуудаас болоод итгэгчид өөр хоорондоо болон  нийгэмд ч тустай байж чадахгүй байлаа.
Ийнхүү асуудлыг шийдвэрлэх арга болгон Паул ингэж ятгажээ.
“Бүх юмс зөвшөөрөгддөг, харин бүгд тустай биш. Бүх юмс зөвшөөрөгддөг, харин бүгд босгон байгуулдаггүй. Хэн ч өөрийн ашгийг бүү эр, харин бусдынхыг эрэг” (1 Коринт 10:23-24)
Тэрбээр үргэлжлүүлэн “юу ч хийсэн Бурханы алдрын төлөө бүхнийг хий” (1 Коринт 10:31) хэмээн ятгажээ.
Хүмүүс өөрийн эрх ашигт анхаарсан байх үед хэрүүл, маргаан гардаг. Харин хүмүүс Бурханы алдарт анхаарлаа хандуулах үед асуудлыг шийдвэрлэх учгаас атган авдаг хуультай. Тиймээс “Бурханы алдар” гэдэг   сэдэв нь ялангуяа чуулганы асуудлыг шийдвэрлэх маш бодитой хариулт  болж чадах ба басхүү бодитой хариулт болдог байх хэрэгтэй.
Чуулган, итгэгчид “Бурханы алдар”-т нэн тэргүүнд анхаарлаа хандуулах нь мэдээжийн хэрэг билээ. Бас түүнчлэн бүх үйлчлэлийн эхлэл, төгсгөл төдийгүй асуудлыг шийдвэрлэх эхлэл, төгсгөлийн гол сэдэв нь ч бас Бурханы алдар байх хэрэгтэй.

3. Хуучин гэрээн дэхь алдар[1]

1) Алдар (кабод) гэдэг үгийн үндсэн утга
Хуучин Гэрээнд “алдар” гэдэг утгаар хамгийн өргөн хэрэглэгддэг   “кабод” (kabod, dwbk) гэдэг нэр үг байдаг ба “алдартай” гэсэн тэмдэг нэрийн хувилбар нь “кабед” (kabed, dbk) юм. “Кабод” нь хамгийн нэгдүгээрт “эд зүйлийн хүндийн хэмжээ”, “хүнд зүйл” эсвэл “их хэмжээний” гэсэн утгыг илэрхийлдэг. Тиймээс кабод нь хүнд зүйл, баялаг эсвэл их эд хөрөнгө, баян чинээлэг, баян тансаг, басхүү олон түмэн хийгээд олон цэрэг зэргийг заан хэлэхэд хэрэглэдэг үг аж.
“Ели.....өндөр настай хүнд  [кабед, kabed, dbk] биетэй байлаа” (1Самуел 4:18).
“......дээрээс нь хүндээр [кабед, kabed, dbk] дардаг байсан учир жил бүрийн сүүлчээр үсээ хусуулдаг байв” (2 Самуел 14:26).
“....бүхий л хөрөнгөөр [кабод, kabоd, dbk] ийм баян чинээлэг болжээ” (Эхлэл 31:1).
“Учир нь тэр үхэхдээ юу ч авч явахгүй. Түүний алдар [кабод, kabod, dwbk эд хөрөнгө, нэр хүнд гэсэн утгатай] ч түүний араас бууж ирэхгүй.” (Дуулал 49:17)
“...Ассирийн хаан ба агуу алдар хүндийг нь [кабод, kabod, dwbk олон гэсэн утгатай]” (Исаиа 8:7).
“Тэр түүний шигүү ойн сүр жавхлан, [кабод, kabod, dwbk баян чинээлэг гэсэн утгатай]” (Исаиа 10:18).

2) Алдар (кабод) гэдэг үгийг хүний тухайд зүйрлэлээр хэрэглэх үед
“Алдар (хүнд)” гэдэг үгийг хүн дээр зүйрлэлээр маш их хэрэглэдэг. Ийм тохиолдолд тэр үгийн утга өөрчлөгддөг.
Өөрөөр хэлбэл зүйрлүүлсэн утгаар “хэн нэгэн хүн алдартай (хүндтэй)” гэж хэлэх тохиолдолд тухайн хүний шилдэг гарамгай гэсэн үнэ цэнэ, чухал байдал, байр суурь, чадвар, түүнчлэн эд хөрөнгөнөөс нь үүдэн түүнд анхаарал хандуулах шаардлагатай гэсэн утгатай болдог. Тиймээс “Алдар (хүнд)”-ийг хүний хувьд зүйрлүүлсэн байдлаар хэрэглэх үед ихэвчлэн тухайн хүний  өндөр үнэ цэнэ, чухал байдал, байр суурь, чадвар, түүнчлэн эд хөрөнгө зэргийг илэрхийлсэн үг болгон хэрэглэдэг. Бүр цаашилбал, ийм хүн “нэр хүнд, хүндэтгэлийг хүлээвэл зохино” гэсэн утгатай болдог.
 “Та нар Египет дэх миний алдар хүндийн [кабод, kabod, dwbk асар их эд баялаг нэр хүнд, байр суурь, үнэлэмж зэрэг утгыг илэрхийлж байна] (Эхлэл 45:13).
“....өөрийн эд баялгийн сүр жавхланг [кабод, kabod, dwbk өндөр байр суурь, нэр хүндийг илтгэж байна ]” (Естер 5:11).
“...алдар [кабод, kabod, dwbk өндөр байр суурь, чухал шинж, үнэлэмжийг илтгэж байна ] ба үзэсгэлэнд зориулан ариун хувцас хий.” (Египетээс гарсан нь 28:2).  

3) Алдар (кабод) гэдэг үгийг Бурханы тухайд хэрэглэх үед
Бурхан бол бүх зүйлсийн Бүтээгч Эзэн, Захирагч, Шүүгч нь билээ. Тэрбээр түүхийг эхлүүлсэн, удирдсаар байгаа бөгөөд төгсгөх Нэгэн юм. Энэхүү Бурханы агуу байдал, юутай ч эгнэшгүй дээд үнэ цэнэ, байр суурь, хүч чадал, чухал байдал өөр ямар ч зүйлд дамжин очих боломжгүй байдаг.
Тиймээс “алдар” гэдэг энэ үгийг Бурханы тухайд хэрэглэх үед юутай ч эгнэшгүй цог жавхлангаар оршин байдаг Бурханы дотоод мөн чанарыг илэрхийлж буй хэрэг юм. Энэ утгаараа “Бурханы алдар” гэдэг нь “Бурханы ариун байдал”-тай гүнзгий холбоотой. Бурханы үндсэн дотоод мөн чанар болох “Бурханы алдар” нь хүмүүсийн оролцоогоор нэмэгдэж эсвэл хасагддаггүй. Бурхан бол “Өөрөөрөө оршин байдаг” (Ег.гарсан нь 3:14)-ийн хувьд “Алдрын Бурхан” (Дуулал 29:3, Үйлс 7:2) бөгөөд “Ариун Бурхан” билээ.
Тийм ч учраас Бурханы үндсэн мөн чанар болох алдар нь зөвхөн Ёхува Бурханд хамааралтай байх нь мэдээжийн хэрэг юм.
“Би тэнд Израилийн хөвгүүдтэй уулзах бөгөөд энэ газар Миний цог жавхлангаар [кабод, kabod, dwbk] ариусгагдана.” (Ег.гарсан нь 29:43).
"...Надад ойртон ирэгсдээр Би ариун [кабод, kabod, dwbk] хэмээн үзэгдэж, бүх ард олны өмнө Би хүндлэгдэн дээдлэгдэх болно" (Левит 10:3).
“...-Түмэн цэргийн ЭЗЭН ариун, ариун, ариун. Бүх л газар Түүний алдраар [кабод, kabod, dwbk] дүүрэн байна гэж байв. (Исаиа 6:3).
"Би чиний дотор алдаршуулагдах [кабед, kabаd, dbk]  болно. Би түүн дээр шүүлтийг буулгаж, Өөрийн ариун байдлаа түүнд үзүүлэх үед тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.” (Иезекиел 28:22).
“ЭЗЭН бүх үндэстнүүдийн дээгүүр өндөр байдаг. Түүний сүр жавхлан [кабод ,kabod, dwbk] ч тэнгэрүүдийн дээгүүр юм.” (Дуулал 113:4).
“Би бол ЭЗЭН. Энэ бол Миний нэр. Би Өөрийн алдрыг [кабод, kabod, dwbk] бусдад, Өөрийн магтаалыг сийлмэл хөргүүдэд өгөхгүй. (Исаиа 43:7).
“Би Өөрийнхөө төлөө, Өөрийнхөө тусын тулд л үйлдэнэ.
Учир нь Миний нэр яаж бузарлагдаж чадах юм бэ?
Би Өөрийн алдрыг [кабод, kabod,
dwbk] бусдад өгөхгүй. (Исаиа 48:11).
“Нэрд нь зохих яруу алдрыг [кабод, kabod, dwbk]  ЭЗЭНд өргөгтүн. Өргөлөө авчран Түүний өмнө ир. Ариун хувцастайгаар ЭЗЭНд мөргөгтүн. (Шастирын Дээд 16:29).
“Өөрийнх нь нэрд тохирох алдрыг [кабод, kabod, dwbk]  ЭЗЭНд өгөгтүн. Ариун хувцсыг өмсөн ЭЗЭНд хүндэтгэн мөргө.” (Дуулал 29:2).
  
4) Бурхан дэлхий дээрх бүх “алдар”-ын үндэс бөгөөд хуваарилагч[2]
Бурхан бол “Өөрөөрөө оршин байгч” учир “Алдрын Бурхан” билээ. Тэрбээр бүх дэлхийг Өөрийн алдраар хучиж, Өөрийн сайн тааллын дагуу, Өөрийн хүссэн хүмүүст Өөрийн алдрыг өгдөг. Энэ утгаар нь авч үзвэл Тэр Өөрөө бүхий л алдрын үндэс бөгөөд хуваарилагч нь байдаг. 
“Тэр ядуу нэгнийг шорооноос босгож, үгээгүй нэгнийг үнсэн овооноос өргөж, тэднийг ноёдын хамт суулган, тэдэнд алдрын [кабод, kabod, dwbk] суудлыг өвлүүлнэ. Учир нь ертөнцийн багана нь ЭЗЭНийх бөгөөд түүний дээр ЭЗЭН дэлхийг тогтоов.” (1 Самуел 2:8).
“Би бас чиний гуйгаагүй зүйлс болох баян тансаг байдал болон нэр хүндийг [кабод, kabod, dwbk] ч чамд өгсөн.” (Хаадын Дээд 3:13).  

5) “Кабод”-оос бусад “алдар” гэдэг утгаар хэрэглэгддэг үгс
Адерет(trda)-эрхэмсэг, ора(hr/a)- гэрэл, гаава(hWag) –шилдэг гарамгай, хадар (rdh)-сүр жавхлан, ход(dwh)-цог жавхлан, ипа(h[Py)-гэрэл, екар(rqy)-үнэ цэнэтэй, эрхэм нандин, типара(hraPt)-гоо үзэсгэлэн, шем(mv)-нэр, техилла(hlht)-магтаал, чеби(ybx)-чимэглэл.
Эдгээр нь алдар хэмээх энгийн үгийг илүү олон талаас нь баяжуулан тайлбарлаж өгч байна.
“Тэр бол чамд туслах бамбай, чиний сүр жавхлант [гаава, hWag) илд юм (Дэд Хууль 33:29).
“Иудейчүүдийн хувьд энэ нь гэрэл гэгээ [ора, hr/a] , баяр хөөр, баясгалан, хүндэтгэл байв.”  (Естер 8:16).
“ЭЗЭН, бидний Эзэн, Таны нэр бүх газар дэлхийд ямар суу алдартай вэ! Та Өөрийн цог жавхланг [ход, dwh]  тэнгэрүүдийн дээгүүр байрлуулсан билээ.” (Дуулал 8:1).
“Хаан минь. Хамгийн Дээд Бурхан нь таны эцэг Небухаднезарт улс гүрэн, хэмжээлшгүй эрх мэдэл, сүр жавхлан, нэр алдрыг [хадар, rdh] болон сүр хүчийг өгсөн.” (Даниел 5:18)
“...Түүний сүр жавхлан [техила, ,hlht] тэнгэрүүдийг хучин, дэлхий Түүний магтаалаар дүүрэн байна.” (Хабаккук 3:3).
“Давидын гэрийн алдар [типара, hraPt], Иерусалимын оршин суугчдын алдар [типара, hraPt] нь Иудагаас өндөрт өргөгдөхгүй байхын тулд...” (Зехариа 12:7).    
“Тэнгэрийн Бурхан танд хаанчлал, эрх мэдэл, хүч чадал ба алдрыг [екар, rqy] өгсөн билээ.” (Даниел 2:37)
“Хаан минь. Хамгийн Дээд Бурхан нь таны эцэг Небухаднезарт улс гүрэн, хэмжээлшгүй эрх мэдэл, сүр жавхлан, нэр алдрыг [хадар, rdh] болон сүр хүчийг өгсөн.” (Даниел 5:18)

4. Шинэ Гэрээн дэхь алдар     

Шинэ Гэрээнд хуучин гэрээний “кабод”-оос гадна “алдар” гэсэн утгаар хэрэглэгдсэн олон үгийг “докса”(dovxa) гэдэг үгээр орчуулсан байдаг.
“Докса”(dovxa) нь уулаас эртний грек хэлэнд “бодол”, “санал” гэсэн утгыг илэрхийлдэг үг байжээ. Энэхүү үгийг доор дурьдсан хэдэн шалтгааны улмаас шинэ гэрээнд “алдар” гэдэг утгаар хэрэглэх болсон  ажээ.
МЭӨ 3 зууны дунд үед Птолеми Филаделфус (МЭӨ 285-246) өөрийн алдартай номын санд байрлуулахын тулд еврей хэл дээрх хуулийн номыг грек хэлэнд хөрвүүлэх ажлыг эхлүүлжээ. Тэр үед энэ ажилд нийт 72 эрдэмтэн оролцсон гэдэг. Энэхүү шалтгааны улмаас грек хэлнээ хөрвүүлсэн библийг септуажинта (Septuaginta) хэмээн нэрлэх болсон ба септужинта гэдэг нь латинаар <70> гэсэн утгатай.  Үүнийг товчлон <LXX> гэж бичдэг.  Үүний дараа хуулийн номоос бусад хуучин гэрээний номуудыг үргэлжлүүлэн орчуулсаар МЭӨ 132 оны үед хуучин гэрээ бүхэлдээ грек хэлнээ хөрвүүлэгджээ. Үүнээс хойш энэхүү орчуулгын библи нь хуучин, шинэ гэрээний хооронд гүүрийн үүргийг гүйцэтгэж байсан ба христэд итгэгчид грек хэлээр шинэ гэрээг бичиглэх явцдаа хуучин гэрээн дэх еврей үгсийг энэхүү септуажинтад тулгуурлан грек хэлнээ буулгасан байна. Чухам энэ шалтгаанаар септуажинта нь христэд итгэгчдийн хувьд маш үнэ цэнэтэй библийн орчуулга байсан юм.[3]
<Септуажинта> орчуулагдсан тэр үеэс, хуучин гэрээний “кабод”(dwbk)–д байсан утгыг “докса”(dovxa)-гаар орлуулан хэрэглэх болсон ба шинэ гэрээнд  “алдар” хэмээх утгыг илэрхийлдэг төлөөлөл болохуйц,  нийтлэг үг болгон хэрэглэх болжээ. Басхүү хуучин гэрээнд “алдар” гэсэн утгаар хэрэглэгдэж байсан олон еврей үгсийг  “докса”(dovxa) хэмээх энэ үгээр орчуулсан байна.
Түүнчлэн шинэ гэрээ бичигдэх үед <Септуажинта>-д хэрэглэж байсны дагуу “докса”(dovxa)-г “алдар” гэсэн утгыг илэрхийлсэн үг болгон тэр хэвээр нь авч хэрэглэжээ. Шинэ гэрээнд “докса”(dovxa) нь Бурханы бурханлаг мөн чанар болох оршин байхуйн хэлбэр, Түүний агуу байдал, Түүний гайхамшигт хүч чадал, эрх мэдэл, нэр хүнд, мэргэн ухаан зэрэг утгыг илэрхийлдэг.
Шинэ гэрээнд “алдар”-тай холбогдуулан доорх зүйлсийг онцолсон байдаг.  Алдар бол Бурханы үндсэн, дотоод мөн чанар бөгөөд зөвхөн Түүнийх, зөвхөн Түүнд өргөвөл зохих зүйл байдаг. Тиймээс хүн алдрыг авах нь Бурханы нигүүлслээр Түүний алдарт хамтран оролцож байгаа хэрэг гэж үздэг. Хэрэв хүн өөртөө алдрыг авч, бусад хүмүүсээр алдаршуулагдахыг хүсэж байгаа бол эдгээр нь бүгд Бурханы өмнө нүгэл бөгөөд Түүгээр шүүгдэх шалтгаан нь болдог. 

1) Бурханы үндсэн дотоод мөн чанар болох алдар
“...хаанчлал, хүч чадал, алдар сүр үүрд Таных.” (Матай 6:13).
“Учир нь Түүнээс, Түүгээр, Түүнд бүх юм байна. Түүнд алдар нь үүрд байх болтугай. Амен.” (Ром 11:36).
“Үеүдийн Хаан, үхэшгүй, үл үзэгдэх цорын ганц Бурханд хүндлэл ба алдар нь үеийн үед байх болтугай. Амен.” (1 Тимот 1:17).
“-Бидний Эзэн ба Бурхан минь, Та алдар, хүндэтгэл, хүчийг авах нь зохистой. Учир нь Та бүх юмсыг бүтээсэн билээ. Таны хүслийн улмаас тэдгээр нь оршсон бөгөөд бүтээгдсэн юм.” (Илчлэлт 4:11).
“....-Халлелуяа! Аврал, алдар, хүч нь бидний Бурханд байдаг.” (Илчлэлт 19:1).

2) Есүс Христ болон алдар
Хуучин гэрээнд Бурхантай холбон хэрэглэж байсан “алдар”(dovxa)-ыг шинэ гэрээнд Есүс Христтэй холбон хэрэглэсэн байдаг. Энэ нь Есүс бол хуучин гэрээн дэхь Бурхантай яг адил Нэгэн гэдэгт итгэдэгтэй холбоотой. Тиймээс Ариун Эцэг Бурханы алдар нь Ариун Хүү Бурхан Есүсийн алдар билээ. Басхүү Ариун Эцэг Бурхан болон Ариун Хүү Бурханы харилцаа “алдар” хэмээх үгэнд тусгалаа олсон байдаг.
“...бид Түүний алдрыг харцгаасан. Энэ нь Эцэгийн цорын ганц Хүүгийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байсан юм.” (Иохан 1:14).
“Учир нь Хүний Хүү тэнгэр элч нарын хамт Эцэгийнхээ алдрын дотор ирж, хүн бүрд үйлсийнх нь дагуу хариуг өгнө. (Матай 16:27).
“Хүний Хүү алдраа дуурсган бүх тэнгэр элч нарынхаа хамт ирж Өөрийн сүр жавхлант сэнтийдээ залрах болно.” (Матай 25:31).
“Одоо, Аав аа, ертөнцийг бүтээхээс өмнө Тантай хамт Надад байсан сүр жавхлангаар Та Намайг Өөрийнхөө хамт алдаршуулаач.” (Иохан 17:5).
“...Хэрэв тэд үүнийг мэдсэн байсан бол алдрын Эзэнийг цовдлохгүй байх байсан.” (1 Кор 2:8).
“Харин Ариун Сүнсээр дүүрсэн Стефан тэнгэр өөд ширтэн Бурханы суу алдрыг болон Бурханы баруун талд зогсож буй Есүсийг хараад,” (Үйлс 7:55).
“иймд Эцэгийн алдраар Христ үхэгсдээс амилуулагдсаны адил, бид мөн шинэ амийн дотор явахын тулд үхэл уруу баптисм хүртсэнээр Түүнтэй хамт оршуулагдсан юм.” (Ром 6:4).
“Та нар Түүгээр дамжуулан Бурханд итгэгчид юм. Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулж, Түүнд алдрыг өгчээ.” (1Петр 1:21).
“...-Сэнтийд Залрагчид ба Хурганд магтаал, хүндэтгэл,алдар, сүр хүч нь үеийн үед байх болтугай” (Илчлэлт 5:13).
“Хүү нь Түүний алдрын туяа, Түүний мөн чанарын бодит илэрхийлэл...” (Еврей 1:3).

3) Хүний алдар болон Бурханы алдар
Өөртөө алдрыг авах эсвэл бусдаас алдрыг авах нь Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн унаган төрх нь байдаг. Хүн Бурханд алдрыг өргөхгүй байх нь “Бурхан бол Бурхан” гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэрэг учир шүүлтэнд орох шалтгаан нь болдог.
“Тиймээс та нар өглөг өгөхдөө, хүмүүсээр хүндлүүлэхийн тулд синагогт ба гудамжинд хоёр нүүрт хүмүүсийн үйлддэгтэй адил өөрсдийн өмнө бүрээ бүү тат. Үнэнээр Би та нарт хэлье. Тэд шагналаа бүрэн авсан юм.” (Матай 6:2).
“ Учир нь тэд хүний алдрыг Бурханы алдраас илүү таалсан юм.” (Иохан 12:43).
“Та нар цорын ганц Бурханаас алдрыг хайдаггүй атлаа бие биеэсээ алдрыг хүлээн авдаг. Тийм байж та нар яаж итгэж чадах юм бэ?” (Иохан 5:44).
“Бурханд алдрыг өргөөгүй тул түүнийг Эзэний тэнгэр элч тэр даруй цохижээ. Тийнхүү тэр өтөнд бариулж, үхэв.”  (Үйлс 12:23).
“Яагаад гэвэл тэд Бурханыг мэдсэн атлаа Бурхан хэмээн Түүнийг алдаршуулсан ч үгүй, Түүнд талархал өргөсөн ч үгүй...” (Ром 1:21).
“үл муудагч Бурханы алдрыг мууддаг хүн, шувууд, дөрвөн хөлт амьтад хийгээд мөлхөгчидтэй адил дүрээр сольжээ.” (Ром 1:23).
“Хүмүүс шатам халуунаар төөнөгдсөн ч эдгээр гамшгуудыг захирах эрхтэй Бурханы нэрийг доромжиллоо. Тэд Түүнд алдрыг өргөе хэмээн гэмшсэнгүй.” (Илчлэлт 16:9).

4) Зөвхөн Бурханд алдрыг өргө
Бурхан дэлхий дээрх бүх алдрын үндэс бөгөөд хуваарилагч нь байдаг учир бүхий л алдрыг зөвхөн Бурханд өргөх хэрэгтэй.
“Учир нь Түүнээс, Түүгээр, Түүнд бүх юм байна. Түүнд алдар нь үүрд байх болтугай. Амен.” (Ром 11:36).
“Учир нь та нарыг үнээр худалдан авсан юм. Тиймээс биеэрээ Бурханыг алдаршуулагтун.” (1 Кор 6:20).
“Иймээс та нар идэж, уухдаа, эсвэл юу ч хийсэн Бурханы алдрын төлөө бүхнийг хий.” (1 Кор 10:31).
“Бидний Бурхан Эцэгт алдар нь үеийн үед байх болтугай. Амен.” (Филиппой 4:20).

5) Бид Бурханы нигүүлслээр Түүний алдарт хамтран оролцдог
“Харин бид бүгд бүтээлэггүй нүүрээр Эзэний алдрын тусгалыг хардаг. Бид энэхүү Түүний дүрд алдраас алдарт өөрчлөгддөг. Энэ нь Эзэний Сүнсээр болдог.” (2 Кор 3:18).
“Яагаад гэвэл "Харанхуйгаас гэрэл гэрэлтэг" гэж айлдсан Бурхан бол Христийн нүүрэн дэх Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн Нэгэн мөн.” (2Кор 4:6).
“[Та нарын] зүрхний мэлмийг гийгүүлэх болтугай! Ийнхүү та нар дуудлагын найдварыг хийгээд ариун хүмүүс дотор Түүний өв дэх алдрын баялгийг,” (Ефес 1:18).
“Ингэснээр өөрсдийг чинь Өөрийнхөө хаанчлалд болон алдарт дууддаг Бурханд та нар зохистойгоор явах юм.” (1Тес 2:12).
“Үүний тулд Тэр бидний сайн мэдээгээр дамжуулж та нарыг дуудсан. Ингэснээр та нар бидний Эзэн Есүс Христийн алдрыг хүртэх юм.” (2Тес 2:14)
“Тэр бүх юмсыг Өөртөө захируулж чадах хүчээрээ бидний дорд биеийг Өөрийнхөө цог жавхлант биетэй адил болгон өөрчилнө.” (Филиппой 3:21).

5. Өөрийн “алдар”-ыг илэрхийлдэг Бурханы сувгууд

1) Оршихуй
“Тэгтэл хурлын майхныг үүл бүрхэн, ЭЗЭНий цог жавхлан асрыг дүүргэлээ.” (Египетээс гарсан нь 40:34).
“Харин чуулган Мосе, Аарон нарын эсрэг цуглаж, хурлын майхан уруу эргэтэл, харагтун, майхныг үүл бүрхэж, ЭЗЭНий цог жавхлан үзэгдэв.”(Тооллого 16:42).
“ЭЗЭНий цог жавхлан ЭЗЭНий өргөөг дүүргэсэн учраас тахилч нар үйлчлэлээ хийж чадахгүй байлаа.” (Хаадын Дээд 8:11).
“Соломоныг залбирч дуусахад тэнгэрээс гал буун ирж, шатаалт тахил болон өргөлүүдийг шатаасан бөгөөд ЭЗЭНий яруу алдар өргөөг дүүргэв.” (Шастирын Дэд 7:1).
“ЭЗЭН, би Таны өргөөний оршихуй болон Таны сүр жавхлангийн орших газарт хайртай.” (Дуулал 26:8).
“ Үг нь махан бие болж бидний дунд оршин, бид Түүний алдрыг харцгаасан. Энэ нь Эцэгийн цорын ганц Хүүгийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байсан юм.” (Иохан 1:14).

2) Есүс Христийн байр суурь болоод үйлчлэл
“Цорын ганц мэргэн Бурханд, Есүс Христээр алдар нь үүрд мөнх байх болтугай. Амен.” (Ром 16:27).
“Учир нь Бурханы бүх амлалт Түүний дотор "За" гэдэг. Тиймд бид Бурханы алдрын тулд Түүгээр дамжуулан "Амен" гэдэг.” (2Кор 1:20).
“Мөн бүх хэл Бурхан Эцэгийн алдрын төлөө Есүс Христ бол Эзэн гэж хүлээн зөвшөөрөх ёстойн учир ажээ.” (Филиппой 2:11).
“Олон хөвгүүдийг алдар уруу авчрахдаа тэдний авралын Зохиогчийг нь зовлонгоор дамжуулан төгс болгох нь Түүнд зохистой байжээ. Бүх юмс Түүний төлөө бөгөөд Түүгээр бүх юмс байдаг.” (Еврей 2:10).
“Бидний Аврагч болох цорын ганц Бурханд, бидний Эзэн Есүс Христээр алдар суу, сүр жавхлан, ноёрхол, эрх мэдэл нь бүх цагаас өмнө, эдүгээ болоод мөнхөд байх болтугай. Амен.” (Иуда 1:25).

3) Гайхамшиг, тэмдгүүдийг үйлдсэн нь
“Хэн Мосегийн баруун гарт байхаар Өөрийн цог жавхлант мутрыг явуулсан бэ? Өөртөө мөнх нэрийг бий болгохын тулд тэдний өмнө усыг хувааж,” (Исаиа 63:12).
“Есүс Өөрийн тэмдгүүдийн эхлэлийг Галилын Кана хотод үйлдэж, алдраа илэрхийлсэнд шавь нар нь Түүнд итгэсэн юм.” (Иохан 2:11).
“ Даруй өнөө хүн (саа өвчтэй хүн) тэдний өмнө босож, дээр нь хэвтэж байсан юмаа аваад, Бурханыг алдаршуулсаар гэрийн зүг явжээ. Тэд бүгдээрээ мэл гайхаж, Бурханыг алдаршуулж эхэлсэн бөгөөд -Бид өнөөдөр мөн ч гайхалтай зүйлс харлаа гэцгээн бүгд айдаст автсан байлаа.” (Лук 5:25-26).
“ үхсэн хүн босоод ярьж эхлэв. Ингээд Есүс түүнийг эхэд нь эргүүлэн өгөв. Тэд бүгдээрээ айдаст автаж, Бурханыг алдаршуулж эхлэн: -Бидний дунд агуу эш үзүүлэгч гарч ирлээ, мөн -Бурхан Өөрийн ард түмэн дээр ирлээ гэцгээж байлаа.”(Лук 7:15-16).
“түүн дээр мутраа тавихад, даруй тэр дахин цэх болж, Бурханыг алдаршуулж эхлэв.”(Лук 13:13)
“Үүнийг сонсоод Есүс: -Энэ өвчин үхэл уруу биш, харин үүгээр Бурханы Хүү алдаршуулагдахын тулд, Бурханы алдрын төлөө юм гэлээ.” (Иохан 11:4)

4) Сайн мэдээний үг
“...Эзэний үг та нарын хувьд ямар байсан шиг, тийнхүү түргэн тарж, алдаршуулагдах болтугай” (2Тесалоник 3:1).

5) Дайснуудаа хөөж, шүүсэн нь
“Би Фараон болон түүний тэрэгнүүд, түүний морин цэргүүдээр дамжуулан алдаршихад египетчүүд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно гэж айлдав.” (Ег. Гарсан нь 14:18).
“Өө, ЭЗЭН, Таны баруун мутар хүч чадал дотор сүр жавхлантай билээ.” (Ег. Гарсан нь 15:6).
“ "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Сидон оо. Харагтун, Би чиний эсрэг байна. Би чиний дотор алдаршуулагдах болно...” (Езекиел 28:22).
“Би үндэстнүүдийн дунд Өөрийн цог жавхланг илэрхийлнэ. Бүх үндэстэн Миний хэрэгжүүлсэн шүүлтийг болон тэдний дээр тавьсан Миний мутрыг харах болно.” (Езекиел 39:21).

6) Аврал, нигүүлслээ буулгадаг
“...Тэр бол чамд туслах бамбай, чиний сүр жавхлант илд юм.
Тиймээс дайснууд чинь чамд захирагдаж, чи тэдний мөргөлийн өндөрлөгүүдийг гишгэчнэ” (Дэд Хууль 33:29).
“ Би бас чиний гуйгаагүй зүйлс болох баян тансаг байдал болон нэр хүндийг ч чамд өгсөн. Чиний бүх өдрүүдийн туршид хаадын дунд чамтай адил хүн байхгүй болно.” (Хаадын Дээд 3:13).
“Бид чиний ялалтад баярлан дуулж, Өөрсдийн Бурханы нэрээр тугаа бид мандуулах болно. ЭЗЭН чиний бүх гуйлтыг биелүүлэх болтугай!” (Дуулал 20:5).
“Бидний авралын Бурхан, Өөрийн нэрийн алдрын төлөө бидэнд туслаач. Өөрийн нэрийн төлөө биднийг аварч, бидний гэмийг уучлаач.” (Дуулал 79:9).
“Бидний газар нутагт алдар оршихын тулд Түүний аврал Түүнээс эмээгчдэд үнэхээр ойр байна.” (Дуулал 85:9).

7) Элбэг дүүрэн хангадаг 
“Учир нь чи түүний тайвшруулагч мээмнээс хөхөж цадна.
Чи хөхөж элбэг хангалуун энгэрт нь баярлана". Учир нь ЭЗЭН үүнийг айлдаж байна. "Үзэгтүн. Би түүнд гол мэт энх амгаланг өгч, үндэстнүүдийн алдрыг үерийн урсгал мэт болгоно. Та нарыг тэжээж, гар дээрээ өргөн, өвдөг дээрээ энхрийлнэ.” (Исаиа 66:11-12).
“Ингэснээр Тэрээр алдрын төлөө урьдаас Өөрийн бэлдсэн өршөөлийн савнуудад,...Өөрийн дуудсан бидэнд хүртэл Өөрийнхөө алдрын баялгийг мэдүүлэх юм.” (Ром 9:23).
“ [Та нарын] зүрхний мэлмийг гийгүүлэх болтугай! Ийнхүү та нар дуудлагын найдварыг хийгээд ариун хүмүүс дотор Түүний өв дэх алдрын баялгийг, мөн итгэдэг бидэнд хандсан Түүний хүч чадлын хэмжээлшгүй сүр жавхланг мэдэх болтугай. Энэ хүч нь Түүний чадлын хүчний нөлөө билээ.” (Ефес 1:18-19).
“Миний Бурхан Өөрийн алдар дахь баялгаар Христ Есүс дотор та нарыг хэрэгтэй бүхнээр тань хангана.” (Филиппой 4:19).

6. “Бурханд зохистой алдар”-ыг өргөх арга

1) Хүндэтгэл: Бурханыг Бурхан гэдгээр нь хүлээн зөвшөөрөх
Хүндэтгэл(мөргөл)-ийг англиар “Worship” гэж хэлдэг. Worship гэдэг нь “worth”(үнэ цэнэ) болон “ship”(байр суурь зэрэг дэвтэй хүн эсвэл оршихуй) гэсэн хоёр үгээс бүтсэн нийлмэл үгийн хувьд нэн тэргүүнд “үнэ хүндтэй Нэгэн, чухал Нэгэн, Бурханлаг оршихуй” гэсэн утгатай. Бүр цаашилбал, “үнэ хүндтэй Нэгэнд хүндлэл үзүүлэх” гэсэн утгыг агуулж байдаг. Тиймээс “хүндэтгэл гэдэг нь Бурхан болохын хувьд үнэ хүндтэй, чухал Нэгэнд хүндэтгэл үзүүлэх” гэсэн үг хэмээн хэлж болох юм. Бурханыг Бурхан гэдгээр нь хүлээн зөвшөөрч, хүндэтгэж буй зүрх сэтгэлээ илэрхийлэхийг хүндэтгэл гэнэ.[4] 
“Нэрд нь зохих яруу алдрыг ЭЗЭНд өргөгтүн. Өргөлөө авчран Түүний өмнө ир. Ариун хувцастайгаар ЭЗЭНд мөргөгтүн.” (Шас, Дээд 16:29).
“Өөрийнх нь нэрд тохирох алдрыг ЭЗЭНд өгөгтүн. Ариун хувцсыг өмсөн ЭЗЭНд хүндэтгэн мөргө.” (Дуулал 29:2).
“ЭЗЭНд нэрийнх нь алдрыг өгөгтүн. Өргөл авчирч, Түүний өргөөний хашаанд ирэгтүн.” (Дуулал 96:8).

2) Талархал, магтаал
“ЭЗЭНээс эмээгчид ээ, Түүнийг магт. Иаковын үр удам болох та бүгд Түүнийг алдаршуул. Израилийн үр удам болох та бүгд Түүнийг хүндэтгэ.” (Дуулал 22:23).
“Зүрх минь бат байна, Өө, Бурхан, зүрх минь бат байна. Би дуулна, би магтан дуулна. Зүрх минь, сэрээч! Босоо ятга болон ятга аа, сэрээч!
Би үүрийн гэгээг сэрээнэ. Өө Эзэн, би хүмүүсийн дунд Танд талархал өргөнө. Би үндэстнүүдийн дунд Таныг магтан дуулна. Учир нь Таны хайр энэрэл тэнгэрт тулам агуу бөгөөд Таны үнэн үүлсэд тулам агуу билээ. Өө Бурхан, тэнгэрүүдээс дээгүүр өргөмжлөгдөөч. Таны сүр жавхлан бүх дэлхийн дээгүүр байг.” (Дуулал 57:7-11).
“Түүний нэрд сүр жавхланг дуул. Түүний магтаалыг сүр жавхлантай болго.” (Дуулал 66:2).
“Тэд ЭЗЭНий замуудын тухай дуулна. Учир нь ЭЗЭНий сүр жавхлан агуу их билээ.” (Дуулал 138:5).
“Тэднээр ЭЗЭНий нэрийг магтуул. Учир нь Түүний нэр л ганцаараа эрхэм дээд билээ. Түүний сүр жавхлан газар ба тэнгэрийн дээгүүр байдаг.” (Дуулал 148:13).
“ Учир нь бүх юмс та нарын төлөө байдаг билээ. Энэ нь нигүүлсэл улам олон хүнд нэмэгдэж, Бурханд алдар хийгээд талархлыг бялхсанаар өргөхийн тулд юм.” (2Кор 4:15).

3) Сайн үйлс, зөвт байдлын үр жимс
“Дараа нь чиний бүх ард түмэн зөв шударга болж,
газрыг мөнхөд эзэмшинэ. Тэд бол Намайг алдаршуулахын төлөө Миний тарьсан мөчир, Миний мутрын бүтээл юм.” (Исаиа 60:21).
“Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.” (Матай 5:16).
“Та нарын их жимс ургуулснаар Эцэг минь алдаршуулагдана. Ийнхүү та нар Миний шавь нар байх болно.” (Иохан 15:8).
“Учир нь та нарыг үнээр худалдан авсан юм. Тиймээс биеэрээ Бурханыг алдаршуулагтун.” (1Кор 6:20).
“Харь үндэстнүүдийн дунд биеэ зөв авч яв. Ингэснээр тэд та нарыг хорон мууг үйлдэгчид хэмээн гүтгэвч, эцэст нь та нарын сайн үйлсийг хараад Түүнийг ирэх өдөр Бурханыг алдаршуулах болно.” (1 Петр 2:12).

4) Бурханаар сайрхан, тунхаглах
“Сайрхах”(boast) гэдгийг еврейгээр “халал”(llh) гэдэг ба “магтан дуулах, алдрыг өргөх” гэсэн утгатай. Грекээр “сайрхах” гэдгийг “каукаомай”(ka¬caomai) гэж хэлдэг ба “баярлах, алдрыг өргөх” гэсэн утгатай. Эдгээр үгс бүгд “алдрыг өргөх” гэсэн утгыг илэрхийлдэг.
“Тунхаглах” гэдгийг еврейгээр сафар(rps), грекээр “апангело”(apaggellw) гэдэг ба “сафар” нь “нарийн тодорхой ярих” гэсэн утгатай, “апагелло” нь “мэдээ дамжуулах” гэсэн утгатай.
Тиймээс “Бурханаар сайрхах” эсвэл “Бурханы үйлдсэн үйлсийг тунхаглах” гэдэг нь өөрийнхөө итгэдэг Бурханы тухай бусдад ярьснаар Түүнд алдрыг өргөх гэсэн утгатай.
“Түүний яруу алдрын талаар үндэстнүүдийн дунд хэлж,
Түүний гайхамшигт үйлсийн талаар бүх ард түмнүүдийн дунд яригтун.” (Шас. Дээд 16:24).
“Түүний алдрыг үндэстнүүдийн дунд, Түүний гайхамшигт үйлсийг бүх ард түмнүүдийн дунд тунхаглагтун.” (Дуулал 96:3).
“ Зарим нь морин тэргэнд, зарим нь моринд найддаг. Харин бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэрийг санах болно.” (Дуулал 20:7).
“Миний сэтгэл ЭЗЭНээр сайрхана. Даруу хүн үүнийг сонсон баярлана.” (Дуулал 34:2).
“Түүний ариун нэрээр сайрх. ЭЗЭНийг эрэн хайгчдын зүрх баяртай байх болтугай.” (Дуулал 105:3).
“ЭЗЭНий дотор Израилийн бүх үрс зөвтгөгдөж, алдаршина.” (Исаиа 45:25).
“Харин сайрхагч нь Эзэн дотор сайрхагтун.” (2Кор 10:17).
“Харин бидний Эзэн Есүс Христийн загалмайгаар сайрхахаас өөр нь надад бүү байг. Түүгээр дамжуулан надад ертөнц, би ертөнцөд цовдлогдсон юм.” (Галат 6:14).
“Учир нь махан биедээ түшиглэдэггүй, Бурханы Сүнсээр мөргөж, Христ Есүсээр сайрхдаг бид бол жинхэнэ хөвч хөндүүлэгсэд билээ.” (Филиппой 3:3).
“Таны нэрийг Би Өөрийн ах дүү нарт тунхаглана, Чуулганы дунд Таныг Би магтан дуулна” (Еврей 2:12).

7. Шашны шинэчлэлээс өмнөх нийгмийн хийгээд чуулганы нөхцөл байдал
Католик судлаач эрдэмтэн Ханс Кюн дундад зууныг[5] христитгэлт үзэл баримтлал үнэ цэнэ ноёрхсон мөрөөдлийн цаг үе биш байсан хэдий ч “харанхуй үе” (dark Age) ч биш байсан хэмээн онцлон хэлсэн байдаг. Дундад зуун гэдэг нь эртний үе хийгээд өнөө үеийн дунд  үе гэсэн утгатай бөгөөд эрт үе болон орчин үетэй харьцуулахад харьцангуй үнэ цэнэгүй, чухал биш цаг үе гэсэн ойлголт энэ үгэнд агуулагдаж байдаг.   
“Дундад зуун”-ыг харанхуй үе хэмээн үзэх болсон нь Сэргэн мандлын[6] хөдөлгөөнийг өрнүүлж байсан хүмүүнлэгийн үзэлтнүүдээс (humanists) уламжлан иржээ. Шашны шинэчлэгчдийн хувьд дундад зууныг пап төвтэй санваартнууд жинхэнэ христэд итгэх итгэлээс урвасан цаг үе хэмээн үздэг бол 19-20 зууны протестант чуулганы түүхчид энэ үеийг чуулган хийгээд теологийн талын ямарваа нэгэн үр жимсгүй цаг үе байсан хэмээн үздэг учир “харанхуй үе” гэжээ.[7] 
Гэвч дундад зуунд, ялангуяа 14 зууны сүүл үе буюу дундад зууны төгсгөл үеийн улс төр, эдийн засаг, нийгэм, шашин зэрэг олон талбарт өөрчлөлтүүд бий болж, асуудлууд үүсч байсан хэдий ч эдгээрийн дотор төрөл бүрийн амийн хүч, бүтээлч чадварууд эрчлэн буй хүчээр ундран гарах хэлбэр төрхөө олж байсан цаг үе байсан билээ.
Дундад зуунд чуулганы ноёрхлоор дамжуулан өрнө дахин улс төр, үзэл санаа, соёл, шашны хувьд нэгдмэл болж байсан цаг үе байв.[8] Гэвч дундад зууны сүүл үеэр энэхүү нэгдмэл байдал нуран унаж эхэлсэн байна. Үүнийг авч үзвэл доорх хэдэн шалтгаанаас үүдэлтэй ажээ.[9]    
1095 онд эхэлж 1291 онд дуусгавар болсон “загалмайтны аян дайн” нь папын эрх мэдэл улс төрийн хувьд хамгийн хүчээ авсан үйл явдал байсан юм. Гэвч загалмайтны аян дайны улмаас христитгэлийн ертөнц дэх хагарал улам нэмэгдэж папын эрх мэдэл ноцтой аюул заналд өртөхөд хүрчээ. Нэг үгээр тайлбарлавал, энэхүү дайны улмаас өрнө дахины дэлхий ертөнцийг харах хараа нь тэлэгдсэн учир сэтгэлгээний олон талт байдал болоод урлаг, судалгааны хөгжлийг шаардсан  сэргэн мандлын болон хүмүүнлэгийн хөдөлгөөнүүд өрнөхөд хүрчээ. Ялангуяа “эх сурвалж уруу” хүмүүнлэгийн хөдөлгөөн нь эрт цагийн сурвалж бичгүүдийн баттай эх сурвалжийг олж мэдэх “эх бичгийн шүүмжлэл” гэсэн судалгааны салбарыг шинээр бий болгосон ба үүнээс үүдэн библийн эх сурвалжуудыг судлах судалгаа ч хүчтэй өрнөж, энэ нь шашны шинэчлэл хийгдэх гол шалтгаан болсон байна.   
Загалмайтны цэргүүд цаасан мөнгөн тэмдэгтээр худалдаа наймаа хийж   байсан ба үүгээр дамжуулан 12-13 зуунд хөгжиж байсан цаасан мөнгөн тэмдэгтийн эдийн засаг нь хөрөнгөтний давхаргыг бий болгожээ. Тэд хөдөө тосгодын язгууртнууд, газар эзэмшигчдийг эсэргүүцэн улсынхаа эзэн хааныг санхүүжүүлж байсан ба эдгээр хөрөнгөтнүүдийн дэмжлэгтэйгээр өөрийн улс орны эрх ашгийг хамгаалсан орчин үеийн улс орнууд хөгжин, бие дааж эхэлсэн байна. Үүний дүнд бий болсон үндсэрхэг үзэл нь хүмүүсийг нэг улсын иргэн гэж бодоход хүргэснээр бүх дэлхий ертөнцийг захирах эрхийг олж авахыг санаархаж байсан папын байр суурийг улам бүр сулруулжээ.
Үүнээс гадна загалмайтны аян дайн Европын нийгэмд шийдвэрлэх нөлөөг үзүүлсэн ба эерэг талаас нь авч үзвэл энэ дайнаар дамжуулан европчууд дорнын дарь, шил, нүдний шил, луужин, цаас болон хэвлэх технологи, алт тунгаах технологи, анагаах ухаан зэргийг нэвтрүүлснээр нийгмийг өөрчлөх хүч хийгээд бүр цаашилбал шинэ тивийг нээн олох технологийг хөгжүүлэхэд түлхэц болжээ. Түүнчлэн лалын ертөнцтэй соёл иргэншлийн харилцаатай болж, худалдаа арилжаа хөгжин, хөрөнгөний хуримтлал бий болсноор хөрөнгөтний нийгмийн үндэс суурь тавигджээ. Гэвч сөрөг талаас нь харвал, энэхүү дайнаас үүдэн лалын шашинтнуудад авралын зар тараах илгээлтийн үүд хаалга хаагдахад хүрч, бие биетэйгээ харилцан дайсагналцсан харилцаа гүнзгийрэхэд хүрсэн билээ.
1453 оны 5 сарын 29-ний өдөр дорнын христитгэлт чуулганы төв болж байсан Константинопол хот султан 2 Мохаммедийн (Sultan Mohammed II)  удирдаж байсан лалын шашинтнуудад эзлэгдсэнээр христитгэлийн ертөнц улам бүр хүрээгээ хумисан байна.
1437 онд тархсан тахал 3 жилийн дотор Европын нийт хүн амын тоог 1/3-ээр багасгасан ба бараа бүтээгдэхүүнээ гадаадад худалдаж, худалдан авах зах зээлийг устгасан нь эдийн засагт хүнд цохилт болжээ. Ялангуяа энэ  тахлаар залуус олноороо үхэж үрэгдэн, хүн бүр нүднийхээ өмнө буй үхлийг цаг ямагт харж амьдрах шаардлагатай болж байсан учир халдварт өвчин, үхэл болон там, Бурханы шүүлтээс эмээх айдас хүмүүсийн дунд түгээмэл байв. Үүний дүнд хүмүүс шашны ариун газруудад эргэл мөргөл хийх, ариун гэгээнтнүүдийн эд зүйлсийг тахин шүтэх, басхүү ид шид, мухар сүсэг зэрэг зүйлсээр зүрх сэтгэлийн тайвшралыг олохыг хичээж байсан учир орон нутгийн шинжтэй өвөрмөц ёс заншил бүхий мухар сүсэгтэй христитгэл нэгдэн, уусах хандлага улам бүр хүчтэй болжээ.
Энэ явцад папаар толгойлуулсан католик чуулган олон улс орнуудын дунд улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан  зоргоороо авирлаж байв. Италийн  улс төрийн нөхцөл байдлын улмаас өөрийн аюулгүй байдал, эрх ашгийн тусын тулд пап 1309 оноос 1377 он хүртэл хугацаанд папын зөвлөлийг Францын Авенион (Avigno) хот руу шилжүүлэн Францын Эзэн хааны мэдэлд оруулсан ба тухайн үед ард олон энэ үеийг иудейчүүд Вавилонд боолчлогдож байсан 70 жилтэй адилтган “папын зөвлөл Вавилонд олзлогдсон нь” ”(Papal Babylonian Captivity) хэмээн нэрлэж байсан байна. Үүний дараа 1378 оноос 1409 оны хооронд 3 өөр пап сонгогдон өөр хоорондоо папын эрхийг булаалдсан хачирхалтай үзэгдэл ч хүртэл гарч байжээ.        
Түүнчлэн католик чуулганд папаасаа авахуулаад арчбишоп, бишоп, санваартнуудын дунд албан үүргийн наймаа, бэлгийн завхрал, ёс суртахууны завхралаас үүдэлтэй замбараагүй байдал гаарч байлаа. Чуулган өөрийн уг дуудлага, чадварыг алдахад хүрч зах хязгааргүй далай мэт дэлхий ертөнцөд дэлхийлэг үнэ цэнэ, заншлын дагуу ийш тийш туугдан явсаар байв.
Ийм үед папууд өөрийн үүрэг гүйцэтгэх хугацаанд хамгийн сайхан, сүрлэг том сүмийг барьж урлагийн бүтээлүүдээр чимэглэхийг үр дүн, ололт амжилтаа гэж үзэн олон зүйлээр шалтаглан төрөл бүрийн татвар хурааж, аравны нэгийн өргөл, онцгой өргөл, нүглээс хэлтрүүлэх бичгийг зарж борлуулах зэргээр өөрсдийн шунал хүслийг дүүргэхэд хамаг анхаарлаа хандуулсан байлаа. Даруй шашин болоод нийгмийн бүхий л талбарт гарцаагүй шинэчлэл хийх нөхцлийг бүрдүүлж өгсөн хэрэг байв.     
8. Бурханы алдар: чуулганыг шинэчилж, нийгмийг өөрчилсөн хүчний эх сурвалж

   Зохиогч миний бие шашны шинэчлэл хийсэн олон хүмүүсийн дотроос Лютер, Калвин нарыг онцлон авч үзсэнээр шашны шинэчлэлийн хамгийн чухал үнэ цэнэ, үзэл баримтлал нь “Бурханы алдар” байсан гэдгийг өгүүлэхийг хүсэж байгаа юм.

1) Мартин Лютер ба Бурханы алдар[10]
Лютер шашны шинэчлэл хийхээс өмнөх үеийн Германы ард иргэдийн итгэлийн талаар Роланд Бэйнтон ийнхүү дүрслэн өгүүлсэн байдаг:
“Ой, салхи, усанд байдаг дагина, бирд, лусын дагина, эмгэн шулмууд тэдний бодол санаанд эргэлдэж байв. Хүчтэй шуурга, усан үер, халдварт өвчинд нэрвэгдүүлэн, хүмүүсийг нүгэл үйлдэхэд хүргэж, сэтгэл санаагаар унагаах зэрэг бүхий л зүйлс нь муу сүнсний үйлс байлаа. Лютерийн ээж ч бас эдгээр муу чөтгөрүүд өндөг, сүү, цөцгийн тосыг нь хулгайлж, тэднийг шоглодог гэдэгт итгэдэг байсан ба Лютер ч ийм итгэлээс салж байсан удаагүй.”[11]  
Гэвч Лютер библи уншиж судалснаар сайн мэдээний талаар ойлгожээ.  Христийн гаргасан золиосонд итгэх итгэл, хүн зөвхөн итгэлээр зөвтгөгднө гэдэг нь сайн мэдээ болохыг тэрбээр ухварлан ойлгосон байна. Хүн зөвтгөгдөхөд өөрийнх нь хичээл зүтгэл өчүүхэн төдий ч тус болж чадахгүй ба зөвхөн нигүүлслийн Эзэн Бурханы зүгээс бидний дотор оруулсан итгэлээр л боломжтой байдаг. Энэ нь хүн Бурханы өмнө ёс суртахуунлаг байхыг хичээх хэрэгтэй гэсэн дундад зууны чуулганы теологийг эсэргүүцсэн, хүн дээр төвлөрсөн байсан аврал, теологийн тухай ойлголтыг Бурхан руу хандуулсан Коперниктэй дүйцэх хувьсгал байсан билээ.”[12]    
Лютерийн шашны шинэчлэл нь ийнхүү эхний ээлжинд теологитой холбоотой байв. Гэвч түүний “Бурхан төвтэй теологи” нь теологийн шинэчлэлийн үйлс төдийгүй чуулган, нийгмийг шинэчлэх хөтөлбөр болон өргөжсөн байна.[13]
Лютер “95 асуулга”-аараа завхарч, ялзарсан чуулганд хандан уриалга хуудсаа гаргахад түүнийг Ромын Эзэнт Гүрэний харъяа Германы “Вормсын парламент”-д дуудан ирүүлж өөрийн үзэл бодлоос няцахыг зарлиг болгожээ. 
Гэвч 1521 оны 4 сарын 18-ны өдөр эзэн хаан 5 Чарльз өөрийн биеэр заларсан Вормсийн парламентийн хуралдаан дээр тэрээр амь насаа ч үл хайхран эдгээр үгсийг хэлжээ:[14]
“Би энд зогсож байна. Надад өөр яах ч арга алга. Бурхан минь ээ, надад туслаач. Амен.”
Лютерийн уриа нь “зөвхөн Бурханд алдрыг” байсан хэмээн Ватсон хэлсэн байдаг.[15] Тэрвээр “Бурханыг Бурхан байлга!” (Let God be God!) гэдэг зохиолдоо Лютер папын тогтолцооны систем бүхий шашныг бүхэлд нь буруушааж, өөрийн шинэчлэлийн үзэл бодлыг хөгжүүлэх болсон шалтгаанаа тэрхүү папын тогтолцоо нь “Бурханы алдрыг” халхалж, Бурханы бурханлаг чанарыг хулгайлан, Бурханыг Бурхан болгож чадахгүй байсантай холбоотой хэмээн тэрээр бичсэн байна.[16]
Ватсон үргэлжлүүлэн,
“Бурханд алдрыг өргөн, Бурханыг үнэхээр Бурхан байлгана гэдэг нь Лютерийн бодлоор чухам юу байсан бэ?” гэсэн асуултанд ийнхүү хариулсан байна: “Энэ асуудлыг түүний хэлснээр “нигүүлслээр зөвтгөгдөх итгэл” буюу <зөвхөн итгэлээр!> эсвэл <зөвхөн ивээлээр!> гэсэн авралын онолоор товчлон хэлэх боломжтой бөгөөд учир нь эдгээр нь яг ижил зүйлс юм. Бурханы алдар гэдэг нь Түүний ивээлийг хэлж буй хэрэг. Энэ нь туйлын шүүлт хийгээд басхүү Христийн дотор байх тасралтгүй нигүүлслээр бидний өмнөөс төлөөсийг төлсөн  Түүний хайр билээ...Тиймийн учир Бурханы нэрэнд зохистой алдрыг нь   өргөхийн тулд Түүний бидэнд илчилсэн алдрыг санаж байхаас өөр  бидний хийж чадах зүйл нэгээхэн ч үгүй юм. Бидний Бурханыг Бурхан байлгаж чадах цорын ганц арга зам нь Тэрбээр Христийн дотор бидэнтэй  Өөрийнхөө арга замаар харьцахад нь дагах явдал бөгөөд Лютерийн хэлснээр Бурхан “Өөрийн ажлыг гүйцэтгэж” чадахаар байх явдал юм.”[17]        
Лютерийн теологи, итгэлийн талаар ажигласан Ватсоны ажиглах чадварт бид гүн талархах хэрэгтэй. Учир нь эмх замбараагүй байдал, зөрчилдөөн дундаа шинэ амь нас, эмх журмыг хайн атиралдаж байсан тухайн цаг үеийн тэр их хүчийг Лютер хэрхэн оргилуулан гаргаж ирснийг бидэнд харуулж өгсөн юм. Ватсон чуулган болоод итгэгчид “Алдрын Бурхан”-ыг ширтэн харах үед буюу бид “Алдрын Бурхан”-ы төлөө амьдрах шийдвэр гаргах үед нийгэм болон чуулганы өмнө шинэ зам нээгдэж байсан болохыг бидэнд ойлгуулж өгдөг.  
“Зөвхөн Бурханд алдрыг” гэдэг нь Калвинизмээс л уламжилж ирсэн зүйл бус Лютерийн хувьд ч бас яг адил теологи, итгэлийн зарчим нь байсан хэмээн Ватсон өгүүлжээ.  Зөвхөн Калвины хувьд “Бурханы алдар” гэдэг нь Бурханы дээд эрх мэдлийн тухай хэлж буй зүйл байсан бол Лютерийн хувьд “Бурханы алдар” гэдэг нь Бурханы дээд эрх мэдлийг үндсэнд нь шийдвэрлэж байдаг “Бурхан Аавын хайр”-ын талаар хэлж буй хэрэг хэмээн онцолжээ.[18]      
1535 онд хэвлэгдсэн <Галат номын лекцүүд>-дээ Лютер ийнхүү бичжээ:
“Миний онол зарчмууд нь зөвхөн Бурханы ивээл болоод алдрын тухай  заан сургаж буй хэрэг бөгөөд басхүү авралын тухай миний зарчмууд нь хүний хүсэл эрмэлзэл, мэргэн ухааныг буруутгадаг. Би үүнийг эсэргүүцэж чаддаггүйн учир нь Бурханд болоод хүнд хамаатай зүйлсийг Бурханд болоод хүмүүст өргөх нь мэдээжийн хэрэг хэмээн үздэгтэй минь холбоотой.”[19]  
“Бурханы алдар” гэсэн сэдэв нь Бурханы авралыг ойлгоход туслах хамгийн дээд үнэ цэнэ нь болдог гэдэг үнэнийг “чөлөөт хүсэл эрмэлзэл”-ийн талаар Эрасмустай хийсэн мэтгэлцээнээрээ Лютер ийнхүү нотлон өгүүлжээ:
“Энгийн бөгөөд тодорхой ялган салгахын тулд байгалийн гэрэл, нигүүлслийн гэрэл, алдрын гэрэл гэсэн гурван төрлийн гэрэл байдаг гэж үзэцгээе. Зөвт сайн хүн зовлонд орж, бузар муу хүн дэгжин дээшилж буй нь яагаад шударга хэрэг вэ гэдгийг байгалийн гэрлээр  шийдвэрлэх аргагүй асуудал. Гэвч энэ асуудлыг нигүүлслийн гэрлээр шийдвэрлэдэг. Өөрийн хүчээр зөвхөн нүгэл үйлдэхээс өөр юу ч хийж чадахгүй хүмүүсийг Бурхан хэрхэн буруутгадаг вэ гэдэг асуудлыг нигүүлслийн гэрлээр шийдвэрлэх боломжгүй. Энд байгалийн гэрэл болон нигүүлслийн гэрэл нь энэхүү азгүй хүмүүний буруу бус харин шударга бус Бурханы буруу гэж хэлдэг. Учир нь тэд гавъяа зүтгэлийг нь огтхон ч харгалзалгүй ёс журамгүй хүнд хааны титмийг зоргоороо зүүлгэсэн бол эсрэгээрээ арай ёс журамтай, ядаж л ёс журамгүй байх нь арай бага өөр хэн нэгнийг  буруутгадаг Бурханы талаар өөрөөр тайлбарлах боломжгүй билээ. Гэвч алдрын гэрэл бидэнд өөр зүйлийг өгүүлдэг. Түүний гаргасан шийдвэрүүд нь бидний  энэ насандаа хэрхэвч ойлгох аргагүй, зөвт байдлын нэг болсон Бурхан, хамгийн төгс төгөлдөр бөгөөд ил тод зөвт байдлын Бурхан гэдэг нь бидний хойд насанд илэрхий болно хэмээн өгүүлдэг. Тэр үеийг хүртэл бид зөвхөн байгалийн гэрэлтэй харилцах харилцаагаар дамжуулан алдрын гэрлийн маш төстэй загвар нь болох нигүүлслийн гэрлээс сургамж авч,  тэндээс ухаарал, ойлголт, нотолгоог олсноор зөвхөн үүнд л итгэх төдий байх билээ.”[20] 
Жон Калвины шашны шинэчлэл ба “Бурханы алдар”
Жон Калвин нь Францын хойд хэсгийн Нормандын ойролцоо байрлах
Пикарди мужийн Ноёон хотод 1509 онд мэндэлжээ. “Жон Калвин” (John Calvin) гэдэг нь англи нэр нь бөгөөд түүний уг франц нэр нь “Жан Ковин” (Jean Cauvin) юм. Бидний олонтаа хэрэглэдэг “Жан Калбен” (Jean Calvin) нь Жан Ковины латин нэр аж.
   Калвин өөрийн шашныг шинэчлэх мөрөөдлөө Швейцарийн Женевд төвтэйгээр бодит байдал болгон хэрэгжүүлсэн байна. “Женев” хэмээх энэ хот нь Францад харъяалалтай хот биш байсан ба бүх талаар Швейцариас хамааралтай ч биш байдалтай байсаар 16 зуунд тусгаар тогтнон 1798 оныг хүртэл тусгаар байдлаа хадгалсаар байсан хот билээ.[21]         
Шашны шинэчлэлийн хоёр дахь үе хэмээн нэрлэгддэг Калвин анхдагчдын тоонд багтдаг Лютер болон бусад шинэчлэгчдийн теологийн өвийг өвлөсөн байв. Энэ талаар Виллинстон Валкер доорх зүйлсийг онцолжээ:
“Шашны шинэчлэлийн хоёрдугаар үеийн шинэчлэгч Калвин “бүтээлч” сэтгэгч болохыг хүсээгүй юм. Хэрэв Лютер байгаагүй бол түүний бүтээлүүд ч бас байх боломжгүй байсан гэдгийг тэрбээр бүрэн хүлээн зөвшөөрдөг байлаа. Тэр Лютерийн итгэлээр зөвтгөгдөх  онол болон Бурханы амлалтын тэмдэг болсон ариун ёслолын тухай ойлголтуудыг авч хэрэглэж байв. Тэрбээр Бучерээс олон зүйлийг сурчээ. Жишээлбэл, (бүх зүйлс Бурханы алдрын төлөө бүтээгдсэн) Бурханы алдар, христитгэлт хүний баттай итгэлийн зарчмууд болох ёс журмууд, Бурханы сонголтын үр дүнд Бурханы хүслийн дагуу хичээн амьдрахын төлөө чармайн зүтгэх зэрэг байлаа. Гэвч эдгээр  зүйлсийг зохион байгуулалттай, илүү тодорхой болгосон нь Калвины өөрийнх нь чадвартай холбоотой.”[22]        
Гэвч шашны шинэчлэлд Калвин чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг дутуу үнэлэх хэрэггүй юм. Түүний шашны шинэчлэлд хэр чухал үүрэг гүйцэтгэсэнтэй холбогдуулан Тимоти Жорж ийнхүү хэлсэн байдаг: 
“Звингли хэдийн тэнгэрт хальж, Эрасмусийн үхэл ойртож, Лютер хэдий бүрмөсөн дуугаа хураачихаагүй ч үйл ажиллагаа нь намжин, Ромын католик дахин сэргэж, асар хурдацтай явагдаж байсан шинэчлэлийн үйл ажиллагаа Мюнстерийн цус урсгасан хүчирхийллээс үүдэн тарж бутран,  цаашлаад улам бүр итгэл алдрахад хүрч байсан яг тэр мөчид Калвин шинэ хөдөлгөөний удирдагч бөгөөд шинэ теологийн зохион байгуулагч нь болон дахин гарч ирсэн билээ.”[23]   
Калвины теологи Бурханы алдрыг зорилгоо болгосон байсан тухай Тимоти Жорж үргэлжлүүлэн тайлбарлах явцдаа Калвины амьдралыг ийнхүү дүрслэн өгүүлжээ:
“Түүний амьдралын зорилго нь Бурханы үгийн итгэмжит боол болох явдал байв. Түүний гэрчлэн өгүүлсэн үгсээс цацардаг гэрэл нь түүний өөрийнх нь нүд гялбам байдлын тусгал бус харин хүмүүсийг Есүс Христийн нүүр царайнаас тод харагддаг жинхэнэ Бурханы алдрыг хүндэтгэхэд чиглүүлдэг гэрэлтүүлгийн хэрэгсэл - харанхуйн цаад  гэрэл болон урьдын адил гэрэлтсээр л байна.     
Калвины теологийн цөм нь “Бурханы алдар” гэдэгтэй ихэнх судлаачид санал нэгддэг. Вилхелм Нийзел (Wilhelm Niesel) ийнхүү хэлсэн:
“Бурханы алдар гэсэн үзэл Калвины теологид бүхэлд нь нэвт шингэсэн байдаг ба энэ нь Калвины теологийг ойлгох гол  түлхүүр нь болдог. Энэхүү Бурханы тухай ойлголттой холбоотой ёс журмын зарчмууд түүний теологийн ертөнцийн оргил нь болдог бөгөөд бусад бүх зүйлс нь эндээс урган гарсан байдаг”.[24]   
Эрнст Троелц (Ernst Troeltsch) Калвины үзэл санааг ийнхүү дүгнэсэн байна:
“Калвины хувьд хамгийн чухал зүйл нь бүтээлүүдийн өөр дээрээ  төвлөрсөн хувийн шинжтэй аврал эсвэл бурханлаг хайранд тэмүүлэх   түгээмэл шинж бус, харин Бурханы алдар байв. Энэ нь сонголтын ариун үйлсээр болон  олиггүй амьтдын ямар ч ашиггүй уур хилэнгээр ч яг адилхан магтагдаж байдаг.”[25]  
Калвины теологи, итгэл бишрэл түүнчлэн амьдралд нь Бурханы алдар  чухал байр суурь эзэлдэг байсан нь католик судлаач “Луи Буиэр”-ийн хэлсэн үгсээр бас дахин нотлогдож байгаа юм:  
“Протестант үзэл санаанд Калвины оруулсан хамгийн чухал хувь нэмэр нь түүний Бурханы алдрын тухай ойлголт байсан юм. Бүр тодруулбал,  Бурханыг алдаршуулахыг христитгэлийн туйлын зорилго болгосон явдал билээ.”[26]     
Үнэхээр Калвин өөрийн бүх амьдралаар дамжуулан зөвхөн Бурханы алдар л харагддаг байгаасай хэмээн хүсдэг байлаа. Тэрбээр христчин хүний амьдралын зорилго, зарчим нь “Бурханы алдар” хэмээн хэлжээ:
“Зөвхөн Түүний алдрын төлөө бодож, ярьж, тунгааж, үйлддэг байхын тулд бид Бурханд ариунаар тусгаарлагдан, өргөгдсөн билээ.”[27]
Калвин библийн лекц унших бүртээ доорх агуулга бүхий үгсээр товчхон залбирдаг байв:
“Эзэн минь! Үнэхээр итгэл бишрэлээр өссөн зүрх сэтгэлээр Таны ариун, гайхамшигтай мэргэн ухааныг тунгаан бодож, бид Эзэн Таньд алдрыг өргөн, суралцсан байхад минь туслаач.”[28]
Тэгвэл Калвины теологи, амьдрал, зүрх сэтгэл нь зөвхөн Бурханы алдарт төвлөрсөн байсан нь санамсаргүй зүйл байсан юм болов уу? Эсвэл Калвины зорилго байсан юм болов уу? Бид энэ асуултын хариултыг түүний 1539 онд Ромын католик чуулганы кардинал Садолетод (Cardinal Sadolet) бичсэн захидлаас нь олж авч чадна:
“Хүн бодлоо зөвхөн өөрөөрөө хязгаарлан, Эзэний өмнө Бурханы алдрыг тодоор харуулах гэсэн хичээл зүтгэлээ өөрийн оршин буйн хамгийн чухал зүйл болгохгүй байгаа нь тийм ч эрүүл теологи биш юм.  Юун түрүүнд бид өөрсдийнхөө төлөө бус харин Бурханы төлөө төрсөнд учир нь оршиж байгаа юм. Бүх зүйл Эзэнээс бөгөөд Эзэнийх хэмээн Паулын (Ром 11:36) хэлсэнчлэн бүх зүйл зөвхөн Түүнд байх ёстой.”[29]
Магадгүй бид ийнхүү хэлж ч болох юм: “Калвин теологийн талаас    Бурханы алдрын тухай хэлсэн нь юугаараа тийм гайхалтай байгаа юм бэ? Тэртэй тэргүй л дэлхий дээрх зүйлс өөр өөрийн зарчмын дагуу Бурханы үгнээс хамааралгүйгээр явагдсаар л байдаг шүү дээ!”
Гэвч бид Бурханы алдарт анхаарлаа төвлөрүүлэн, Түүний алдрын төлөө бүхий л хүч чадал, зүрх сэтгэлээ зориулах үед нийгмийн шинэчлэл хийгдэх боломжтой болдог гэдэг түүхэн үнэнийг ухааран ойлгох болно. Тэгвэл Калвин ийнхүү бүх хүч чадал, зүрх сэтгэлээрээ Бурханы алдрыг хүсэмжлэх үед нийгэм хэрхэн Бурханы мутарт дахин шинээр бүрэлдэж байсныг харцгаая. [30]  
Эхлээд Калвин христэд итгэгчдийг зөвхөн Бурхан төвтэй, Бурханы алдрын төлөө амьдрах ёстой гэх тэр үед энэ нь аяндаа л ажил хөдөлмөрийг дахин үнэлэх үнэлэмж болон үргэлжилсэн байна. Тэгснээр “ажил мэргэжил бол Бурханы өгсөн дуудлага” гэсэн баттай итгэл дээр сайныг  үйлдэх  хичээл зүтгэл нэмэгдэн улам бүр дүрэлзэн асахад хүрэв. Ийнхүү жижиг үйлдвэрлэл, худалдаа наймаа эрхлэхийг нэр хүндтэй ажил хэмээн үзэх болж, орчин үеийн хөрөнгөтний нийгмийн суурь тавигджээ. Энэ нь эдийн засгийн нөхцөл байдал шашны байр суурийг бүрдүүлдэг гэсэн Карл Марксын (Karl Marx) эсрэг онол болдог бөгөөд шашны байр суурь эдийн засгийн хөгжлийг бүрдүүлэх боломжтой гэдгийг тодорхой харуулдаг.     
Басхүү Калвины зөвшилцлийн систем бүхий ахлагчдын тогтолцоотой   чуулган(Presbyterian Church) нь бие даасан, өөртөө засах нийгмийг бүрдүүлэхэд түлхэц болсон ба орчин үеийн ардчилсан нийгмийн хөгжилд ч шууд бус байдлаар харьцангуй их хувь нэмэр оруулсан билээ. Энэ нь Бурханы алдарт анхаарлаа төвлөрүүлсэн итгэл эцсийн дүндээ нийгмийг үл ойшоох эсвэл хойд насанд хандуулдаг зүйл биш бөгөөд харин ч нийгмийг эрс өөрчилж чаддаг гэдгийг харуулж буй хэрэг юм.
“Бурханы алдар”-т анхаарлаа төвлөрүүлж, басхүү “Бурханы алдрыг давуу тал, зорилгоо болгосон Калвины теологийг олон онолын нэг нь гэж үзнэ гэвэл дэндүү чухал бөгөөд том сэдэв билээ. Чуулган болоод итгэгчид “Алдрын Бурхан”-ыг ширтэн харж, “Бурханы алдар”-т оролцох найдварыг өвөртлөн, “Бурханы алдар”-ын төлөө амьдардаг амьдрал болон итгэл нь чуулганы бүхий л сургаал, үйлчлэлийн хувьд цаг ямагт хамгийн гол зүйл нь байх хэрэгтэй байдаг. “Бурханы алдар”-т төвтэй энэхүү итгэл, теологийг бид Калвинизм(Calvinism) гэж үздэг. 
Жоел Бики (Joel R. Beeke) энэхүү калвинизмийн онцлогийг маш тодорхой дүрслэн өгүүлжээ:
“Хүмүүний бүхий л амьдрал Бурханы алдар болохын тулд огторгуй хийгээд түүхэнд оршин байдаг бүх нөхцөл байдлыг Христийн захиргаанд оруулахыг Калвин хичээж байлаа. Үүнд л калвинизмыг жирийн нэг суурь онол, эсвэл калвинизмын таван тулгуур онол, арван тулгуур онол, хорин тулгуур онолоор хязгаарлан тайлбарлаж болдоггүйн гол учир нь оршдог.  Калвинизм нь амьдрал бүхлээрээ багтаж байдаг нэгэн цул зүйл билээ.”[31]
9. Чуулганы итгэлийн тунхгаас харагдах Бурханы алдар
   Эрин үе бүрд чуулган өөрийн шаардлагын дагуу библид бичигдсэн Бурханы үгэнд үндэслэн итгэлийнхээ агуулгыг дахин шалган нягталж, өөрсдийн итгэлээ өмгөөлөн, тайлбарлаж, тунхаглан, сургаж байлаа.  Энэхүү зорилгын үүднээс “итгэлийн өчлийн тунхаг” болон катекизм(онолын товч асуулт хариулт) бий болсон юм. Эдгээр нь итгэгчдийн боловсрол, сургалт зэрэг дотоод хэрэгцээ шаардлагаас үүдэлтэй байсан хэдий ч чуулганы жинхэнэ итгэлийг сүйтгэж байсан гаж буруу урсгалаас итгэгчдээ хамгаалж, тэднийг эсэргүүцэх шаардлагатай байсан гадна хэрэгцээ ч бас байсан юм. 
Бид чуулганы катекизмуудын дотроос ч тэр “зөвхөн Бурханд алдрыг!” гэсэн сэдэв огтхон ч өөрчлөгдөхгүй үргэлжилсээр байгааг олж харах боломжтой.    
1) Женевийн катекизм[32]
Женевийн онолын асуулт хариултыг 1536 онд Калвин анх зохиосон ба 1538, 1541, 1546 онд шинэчлэн найруулжээ.
Багш – амьдралын нэн тэргүүний зорилго юу вэ?
Суралцагч – хүнийг бүтээсэн Бурханыг мэдэх явдал.
Багш – ингэж хариулж буйн учир нь юу вэ?
Суралцагч – Тэр биднийг бүтээж, биднээс алдрыг авахын тулд энэ         дэлхийд амьдруулж байгаад гол учир нь оршдог. Түүнчлэн    Тэр бидний амьдралын эхлэл учир Түүний алдарт өөрсдийнхөө амьдралыг зориулах нь жинхэнэ зөв зүйл юм.                
Багш – хүний хамгийн эрхэм сайн нь юу вэ?
Суралцагч – дээрхтэй ижил.
Багш - үүнийг хамгийн эрхэм сайн гэж бодож байгаагийн учир нь юу вэ?
Суралцагч- тэр зүйл л байхгүй бол бид адгуусан амьтанд ч хүрэхээргүй болох учраас тэр юм.      
 .........................................
2) Вестминстерийн товч катекизм[33]
Вестмистерийн катекизмийг 1647 онд Английн Вестминстерийн пуританчууд бичжээ.
Асуулт 1. – амьдралын нэн тэргүүний зорилго юу вэ?
Хариулт – амьдралын нэн тэргүүний зорилго нь Бурханыг алдаршуулж, Түүнд үүрд мөнх баярлах явдал байдаг.
...............................
10. Төгсгөлийн үг
Библид “Бурханы мунхаглал нь хүмүүсээс илүү ухаалаг, Бурханы мөхөс байдал нь хүмүүсээс илүү хүчирхэг юм” (1 Коринт 1:25) гэсэн байдаг.
Бид Бурханыг Бурхан гэдгээр нь мэдэж, бүхий л алдрыг тэрхүү алдрын эзэн болсон Бурханд өргөх үед Бурхан бидний бодол санаа, чадвараас илүү агуу мэргэн ухаан, хүч чадлаар биднийг удирддаг.
Монголын чуулган болон итгэгчид Бурханы алдрын дотор улам бүр өссөн байгаасай хэмээн ерөөж байна.   


[1]“Алдар” гэдэг үгтэй холбогдуулан доорх эх сурвалжуудаас материал авч судлан, агуулгын дагуу дахин шинээр цэгцлэн оруулсан болно.
Gerhard Kittel, ed., Theological Dictionary of the New Testament, trans. Geoffrey W. Bromiley, Vol. II.
William L. Holladay, A Concise Hebrew and Aramaic Lexicon of the Old Testament.
R. Laird Harris, ed., Theological Wordbook of the Old Testament, Vol. 1, Vol. II, Index Vol.
Солонгосын Ариун Бичээс Судлалын Хүрээлэн ,
Судрын Хуучин Гэрээний эх хэлний үгсийн теологийн толь бичиг Vol. I.
Судрын Шинэ Гэрээний эх хэлний үгсийн теологийн толь бичиг, Vol. II.
Encyclopedia of the Bible, Vol. 8.
Жонатан Эдвардс, Тэнгэр газрыг бүтээсэн Бурханы зорилго.


[2] Бид Даниел номон бичигдсэн доорх үйл явдлуудаар дамжуулан бүхий л яруу алдар нь Бурханых бөгөөд Бурхан Өөрийн биеэр тэрхүү алдраа хүмүүст өгч байдаг гэдгийг тодорхой мэдэх боломжтой.
1. Небухаднезар хаан үхэр мэт өвс идэн долоон үеийг өнгөрөөж  сая Хамгийн Дээд Бурхан хүмүүсийн улс орнуудыг захирч, Өөрийн хүссэн хүндээ түүнийг өгдөг гэдгийг ойлгодог (Даниел 4:1-37).
2. Небухаднезарын хүү Белшазар хаан Иерусалимын сүмээс авчирсан алт, мөнгөн жүнзэнд архи уух үед гарын хуруу гарч ирэн “мене, мене, текел, уфарсин” гэдэг үгсийг бичсэн үйл явдал байжээ. Энэ үгсийн утга нь Белшазар Бурханы хэмжүүрт хүрээгүй учир түүний хаанчлал дуусгавар болсон гэсэн үг байв (Даниел 5:1-31).

[3] F. L. Cross, E. A. Livingstone, ed., The Oxford Dictionary of the Christian Church; Revised нэмж үзнэ үү.

[4] Webster’s New Collegiate Dictionary.

[5] Дундад зууны үеийг нарийвчлан тогтоох нь тийм ч хялбар зүйл биш. Гэвч дундад зууны үеийн чуулганыг хэлбэр төрхөнд нь оруулсан пап Грегориусын гарч ирсэн 590 оноос эхлэн шашны шинэчлэл хийгдэж эхэлсэн 1517 оныг хүртэлх үеийг зохиогч дундад зууны үе хэмээн нэрлэсэн байна. 
[6] “Дахин амилалт, дахин сэргэлт” гэсэн утгатай бөгөөд 14-16 зууны хэл яриа, урлагийн салбарт эртний грек, ромын соёлыг дахин сэргээхийг оролдож байсан хөдөлгөөн байв.  Renaissance (ренессансе- сэргэн мандлын үе) нь франц гаралтай үг бөгөөд англи хэлэнд ч тэр хэвээр нь авч хэрэглэсэн байдаг ба италиар Rinascimento (ринассименто) гэдэг.
[7] Hans Küng, Das Christentum Wesen und Geschichte, trans. И Жун Хань, Христитгэлийн мөн чанар хийгээд түүх, 366 тал.
[8] Kurt Dietrich Schmidt, Kirchengeschichte, trans. Жон Бён Шиг, Амьд түүх болох чуулганы түүх, 264 тал.
[9]Шашны шинэчлэлийн өмнө үеийн дундад зууны сүүлийн үеийн нөхцөл байдлын талаарх тайлбарыг доорх материалуудаас нэмж үзнэ үү.
Justo L. Gonzalez, The Story of Christianity, Vol. II, trans. Со Ён Иль, Дундад Зууны чуулганы түүх , 170-190 тал.
Williston Walker, A History of the Christian Church. 4th edition, trans. Сун Ин Сол, Христитгэлт чуулганы түүх, Нэгдүгээр боть, 417-444 тал.
Thomas M. Lindsay, A History of the Reformation, Vol. I. trans. И Хён Ги,  Ча Жун Сүн, Шашны шинэчлэлийн түүх (I), 15-127 тал.
Ча Жун Сүн, Чуулганы түүх, 200-209 тал.
И Хён Ги, Дэлхийн чуулганы түүх, Vol. I, 655-712 тал.

[10] Энэхүү бичвэрийн онцлог, агуулгаас шалтгаалан Лютерийн хэрхэн гэмшин, сайн мэдээний талаар мэдэх болсон тухай түүхийг оруулаагүй болно.
[11] Roland H. Bainton, Here I Stand: A Life of Martin Luther, trans. И Жун Тэ, Мартин Лютерийн амьдрал, 27 тал.
[12] Patrick Collinson, The Reformation. Trans. И Жун Инь, Шашны шинэчлэл, 29-30 тал.
[13] Alister E. McGrath, Reformation Thought: An Introduction, trans. Пак Жун Сүг, Шашны  шинэчлэлийн үзэл баримтлалын үндэс, 24-25 тал.

[14]  Heiko Augustinus Obermann, Luther: Mensch zwischen Gott und Teufel, trans. И Ян Ху,  Хуан Сон Гүг, Бурхан, муу сүнсний дунд зогсогч Лютер, 68 тал.
[15] Philip S. Watson, Let God be God!: An Interpretation of the Theology of Martin Luther, trans. И Жан Шиг, Протестант итгэлийн зарчмууд , 112
[16]  Ibid., 49
[17] Ibid., 115-116.
[18] Ibid., 60-61
[19] Ibid., 36
[20] E. Gordon Rupp, ed., The Library of Christian Classics. Ichthus Ed.: Luther and Erasmus on Free Will, 331-332.
[21] Patrick Collinson, op. cit., 123-124
[22] Williston Walker, A History of the Christian Church, 4th ed., Vol. II. Trans. Сун Ин Сол, Христитгэлт чуулганы түүх, 2 боть, 531-532.

[23] Timothy George, Theology of the Reformers, trans. И Ин Сон, Пи Ён Мин, Шинэчлэлийн теологи, 201
[24]  Wilhelm Niesel, Die Theologie Calvins, trans. И Жун Соб, Калвины теологи, 15 тал.  “Бурханы алдар”-ын тухайд Лютер, Калвины хоорондын ялгааны талаар Kurt Dietrich Schmidt, op. cit., 383-384 талаас нэмж үзнэ үү.
[25] Ernst Troeltsch, The Social Teaching of the Christian Churches, Vol. 2, 583.
[26] Louis Bouyer, A History of Christian Spirituality, vol. III, p.93.
[27] John Calvin, Institutes of the Christian Religion, III-VII-1.
[28] Ford Lewis Battles, ed., The Piety of John Calvin, trans. И Хён Ги, Калвины итгэл бишрэл,  177.
[29] Calvin, “Reply by John Calvin to the letter by Cardinal Sadolet to the Senate and People of Geneva”, in J.K.S. Raid, ed., The Library of Christian Classics. Ichthus Ed.: Calvin: Theological Treatises, 228.

[30] Калвины “зөвхөн Бурханд алдрыг” гэсэн үзэл санаа эдийн засагт хэрхэн нөлөөлсөн тухай Ханс Кюины материалыг доор нэмж оруулав.; Hans Küng, op. cit., 715-723.
Түүхийн талаасаа Калвинизм болон хөрөнгөтний нийгмийн хоорондын харилцааны тухай маргаан байсан гэдэг нь бодитой үнэн билээ. Гэвч хөрөнгөтний нийгэм калвинизмд үндэслэн бий болоогүй хэдий ч калвинизмын зарчим, сэтгэлгээ нь хөрөнгөт нийгмийн хөгжилд хэсэг хувь нэмрээ оруулсан гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Доорх номнуудаас нэмж үзнэ үү.  Max Weber, Die protestantische Ethik und der Geist des Kapitalismus, trans. Ким Дог Ён, Протестанизмын зарчмууд болоод хөрөнгөт нийгмийн сэтгэлгээ. William Stanford Reid, Was John Calvin the Founder of Capitalism?, trans. Хун Чи Мо, Жон Калвин хөрөнгөт нийгмийг үндэслэгч мөн үү?.
[31] Joel R. Beeke, Living for God’s Glory: An Introduction to Calvinism, trans. Шин Ху Соб, Бурханы алдрын төлөөх амьдрал-Калвинизм, 22.
[32] John Dillenberger, ed., John Calvin: Selections from His Writings, 249.
[33]  И Хён Ги, Дэлхийн шинэчлэгдсэн чуулганы итгэлийн тунхаг, 330

No comments:

Post a Comment